Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0439

 

 

 

“Д-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.А, өмгөөлөгч З.Н нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор “Д-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасныг тус тус баримтлан “Д-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, “Х т” ХХК-ийн өмчлөлийн, хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 сарын 06-ны өдрийн Y-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х т” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, “Д-О” ХХК-ийн Y-0614006321 дугаарт бүртгэсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулж 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбай болгож бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд “Х т” ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Тус шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасныг тус тус баримтлан “Д-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х т” ХХК-ийн өмчлөлийн хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х т” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, “Д-О” ХХК-ийн Ү-0614006321 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулж 1209.88 м.кв  710 м.кв-ыг хасч 499.88 м.кв талбай болгож бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болон тогтоох хэсэгт баримталсан хэм хэмжээ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулна”, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: -үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн улсын бүртгэлийн дугаар олгон бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох” гэсэн зохицуулалтыг баримталж, маргаан бүхий захиргааны актыг шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх хэм хэмжээ нь нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэл болгож буй маргаан бүхий харилцааг шууд зохицуулаагүй, ерөнхий агуулгын шинжтэй хэм хэмжээ байна.

Нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэл буюу маргаан бүхий бүртгэл, гэрчилгээ нь хууль бус болохыг:

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.9, 14.1.1, 14.6-д заасныг тус тус зөрчсөн тул хууль бус бүртгэл, гэрчилгээ байна гэж маргасан. Энэхүү хэм хэмжээ нь тухайн маргааныг зохицуулж байгаа хамгийн нарийвчилсан хэм хэмжээ юм.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан энэхүү саналд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Мөн гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, санал гаргасан ч энэ асуудалд мөн хууль зүйн дүгнэлт өгөөгүй, бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудаас маргааныхаа үндэслэл болгож буй гол нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “... Техник туслалцаан барилга трестийн даргын 1990 оны 123 дугаар сарын 26-ны өдрийн 314 дүгээр “Анги контор зохион байгуулах тухай” тушаалаар Барилга трестийг анги конторын зохион байгуулалтад оруулан ... өөрчлөн байгуулсан байдаг. ... Уг тушаалын 2 дугаар хавсралтад ... Барилга угсралтын 3 дугаар ангид Л.А-ны нэр байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б-ын нэр байхгүй байна”, “...“О” ББХК-ийн өмч хувьчлалын материалаас харахад ... өөрчлөн байгуулах гэрээ хийсэн гишүүдэд Л.А-ны нэр байна “ гэх зэргээр нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, оролцогчид маргаагүй асуудлаар хэт нэг талыг баримталсан дүгнэлт хийхдээ ашиглажээ.

Харин дээрх баримтуудыг дүгнэхдээ “... “Х т” ХХК нь маргаж буй объект болох складыг өмч хувьчлалаар авсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. ... 1990 оноос өнөөдрийг хүртэл маргаан бүхий улаан тоосгон складыг эзэмшиж барилгын материал хадгалан, бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан нь хавтас хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг, зээлийн барьцаанд тавьж байсан тухай холбогдох баримт”-аар тогтоогдож байна” гэж хууль бус, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Уг склад дээрх “Х т” ХХК нь 2005 онд гэрчилгээ гаргуулан авсан тул зээлийн барьцаанд тавих зэргээр ашигласан байж болно.

Харин энэхүү ашигласан үйлдэл нь дээрх бүртгэлийн хууль бус эсэхийг тогтооход нотлох баримт болгон, шийдвэрийн үндэслэл болгон хэрэг шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.

Нэхэмжлэгч талаас шүүхийн бүх шатуудад маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг нотлох баримтын хэмжээнд ярихдаа “Х т” ХХК-ийн 2005 онд Улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгсөн баримтуудыг албан ёсоор гаргуулж, энэхүү бүрдэлд хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл өөр байршилд байгаа газрын гэрчилгээг ашигласан гэж үзэж нотлох баримтын хэмжээнд авч үздэг. Мөн энэ асуудлаар шинжээчийн дүгнэлт ч гаргуулсан.

Гэтэл маргаан бүхий актыг хууль бус болох тухай эдгээр хамгийн гол баримтуудад ямар ч дүгнэлт хийгээгүй, дурдалгүй орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах бас нэг шалтгаан болжээ.

Гурав. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Шүүхийн шийдвэрт “Х т” ХХК-иас “... Миний хувьд бие даасан шаардлага өөрчилж, “Д-О” ХХК-ийн Ү-0614006321 дугаарт бүртгэсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасч, 499.88 м.кв талбай болгож бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэж тайлбар гаргасан гэж бичиж, шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

“Х т” ХХК-иас тус шүүхэд бичгээр гаргаж өгсөн бие даасан шаардлагадаа ““Д-О” ХХК-ийн Ү-0614006321 дугаарт бүртгэсэн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаа ихэсгэх, багасгах, тодруулах, өөрчлөлт оруулах талаар ямар ч санал хүсэлт гаргаагүй.

Гэтэл шүүхээс ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар өөрчилж, нэхэмжлэгчийг шаардлагаа өөрчилсөн мэтээр илт худал, нэг талыг баримталсан шийдвэр гаргаж байгааг хууль бус төдийгүй, мэргэжлийн бөгөөд ёс зүйн ноцтой алдаа гэж үзэж байна.

Даргалагч шүүгчээс асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийг илтэд хөтөлж “... “Д-О” ХХК-ийн Ү-0614006321 дугаарт бүртгэсэн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага байгаа юм уу, өөрийнхөө 710 м.кв-ыг хасуулж, өөрчлөлт оруулах юм биш үү” гэж давтан асууж байсан хэдий ч гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.А асуултын учир холбогдлыг ойлголгүй, “өмнө гаргасан шаардлагаа дэмжинэ” гэж хариулж байсан.

Ийнхүү асуултыг ойлгохгүй байсан тул өмгөөлөгчөөс нь асууя гээд, З.Нямсүрэн өмгөөлөгчөөс асуухад “тэгье тэгье, тэгж өөрчилье” гэж ганц л үгээр хариулсан.

Өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй бөгөөд өөрийн үгээр тодорхой байдлаар өөрчлөх хүсэлт зоригоо ч илэрхийлээгүй. Шүүхээс шаардлагыг өөрчилж өгч байгааг нь хуралдаан дуустал ойлгоогүй юм.

Нэхэмжлэл, бие дасан шаардлагынхаа хүрээг нэхэмжлэл гаргагч тал өөрөө тодорхойлно. Хэрэв шаардлага өөрчлөгдвөл нэхэмжлэл хүлээн авах журмын дагуу өөрчлөгдсөн шаардлагыг гардуулж, тайлбар авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх ёстой.

Гэтэл оролцогчид өөрсдөө ч мэдээгүй байхад, шүүхээс амаараа шаардлагыг нь өөрчилж өгч, түүндээ нийцүүлэн шийдвэр гаргах нь бүдүүлэг, ноцтой алдаа төдийгүй, хэт нэг талыг баримталсан үйлдэл гэж харж байна.

Ийнхүү шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг санаатайгаар зөрчсөн хууль бус үйлдлүүдийн улмаас хэрэг маргааныг буруу шийдвэрлэж, хууль зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хянав.

Уг хэргийг өмнө нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 32 дугаар шийдвэр гаргаж байжээ. Дээрх шийдвэрийг тус шүүх давж заалдах журмаар хянаад 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 529 дүгээр магадлал гаргаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Уг магадлалд тодорхой үндэслэл заасан бөгөөд нотлох баримт цуглуулах шаардлагатай талаар дурджээ.

Дээрх магадлалын дагуу зарим нотлох баримтыг анхан шатны шүүхээс цуглуулсан боловч шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулсан, тодруулах шаардлагатай нөхцөл байдал, үйл баримтыг бүрэн шалган тогтоосон гэж дүгнэх боломжгүй байна.

Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн “өмчлөх эрх” зөрчигдсөн гэж маргаж байгаа ажээ. Тодруулбал ““Х т” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар, 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Y-0611003858 дугаартай бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрвээ “Д-О” ХХК-д тухайн складыг өмчлөх эрх байхгүй бол улсын бүртгэлийг ямар баримтын үндсэн дээр хийсэн болох зэрэг нь “Д-О” ХХК-д хамааралгүй, энэхүү бүртгэл хууль бус байлаа ч “Д-О” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй юм. Иймд “Д-О” ХХК-ийн тухайд өмчлөх эрхтэй эсэх талаар, өмчлөх эрх нь зөрчигдсөн эсэх талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байна.

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 529 дугаар магадлалд “... гуравдагч этгээдээс өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан баримт дотор түүнийг маргаан бүхий складыг өмчлөх эрхтэйг баттай нотолсон баримт байхгүй, мөн нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, эдгээр компаниудын хэнд нь өмчлөх эрх үүссэн болох нь тодорхойгүй ...” гэж заасан нөхцөл байдал арилаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 314 дүгээр “Анги контор зохион байгуулах тухай” тушаалаар Барилга трестийг анги конторын зохион байгуулалтад оруулж Төвийн барилга угсралтын контор /тушаалд Төсвийн гэж алдаатай бичигдсэн/, Барилга угсралтын 1 анги, Барилга угсралтын 2 анги, Барилга угсралтын 3 анги, Сантехникийн угсралтын анги, Барилгачдад үйлчлэх орон сууц ашиглалтын анги гэсэн зургаан анги, контор болгон өөрчлөн байгуулсан байна.

Барилга угсралтын 3 анги нь “О” ББХК болон зохион байгуулагдсан байх бөгөөд тус компанийн өмч хувьчлалтай холбоотой баримтууд хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 86-102 дугаар хуудсанд “О” ББХК ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН МАТЕРИАЛ 1992 он гэсэн нэртэйгээр авагджээ.

Гэтэл Төвийн барилга угсралтын контор /хожим “Дорнод барилга” компани болоод, мөн “Д-О” ХХК-д нэгдсэн гэх/-ын талаарх ийм баримт авагдаагүй байна. Иймд энэхүү баримтыг нотлох баримтаар гаргуулан авах нь зүйтэй. Хэрвээ байхгүй, хадгалах хугацаа дуусаж устгалд оруулсан зэрэг нөхцөл байдал байгаа бол  тэрхүү нөхцөл байдлыг тогтоосон баримтыг авах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс “Төвийн барилга угсралтын конторын үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн тухай акт” гэсэн нэртэй баримтыг ирүүлсэн байна. Тухайн баримтад “Тоосгон склад Тоо 1, нэг бүрийн үнэ 190000, ... ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдэл 95000, Үлдэгдэл өртөг 95000 төгрөг, Үлдэгдэл өртгийг өсгөх бууруулах итгэлцүүр 0.5, үнэлсэн үнэ 47600 төгрөг” гэжээ. Энэхүү баримт нь өмч хувьчлал явуулахтай холбогдуулан дахин үнэлгээ хийсэн эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулан, бусад баримтыг гаргуулан авах нь зүйтэй.

Мөн адил “О” ХК-ийн тухайд ч гэсэн “Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн тухай акт” 1992-2-20 гэсэн огноо бүхий баримтад Склад 1, нэг бүрийн үнэ 70000 төгрөг, .... ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдэл 147000 төгрөг, Үнэлсэн үнэ 15000 төгрөг гэж тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл 2 компанийн тухайд хэн алинд нь Склад бүртгэгдэж, тоологдож, дахин үнэлгээ хийгдэж байжээ.

Анхан шатны шүүх “О” ХК-ийн өмч хувьчлалын материалд дүгнэлт хийгээд ... склад хувьчлан авсан байна гэж үзжээ. Гэтэл мөн адил “Д-О” ХХК ч гэсэн склад хувьчлан авсан гэж маргаж байгаад дүгнэлт хийгээгүй байна.

“Х т” ХХК-иас тус шүүхэд бичгээр гаргаж өгсөн бие даасан шаардлагадаа ““Д-О” ХХК-ийн Ү-0614006321 дугаарт бүртгэсэн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаа ихэсгэж, багасгаж, өөрчлөөгүй байна. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн асуулт хариулт авснаар бие даасан шаардлагыг өөрчлөн шийдвэрлэжээ. Иймд бие даасан шаардлагаа өөрчилж байгаа бол бичгээр авч, талуудад гардуулан өгч, хариу тайлбар авах нь зүйтэй байна.

“Д-О” ХХК-ийн тухайд газрын маргаан шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар шийдвэрийг нотлох баримтаар иш татаж байгаа боловч тухайн шийдвэрээр складын өмчлөлийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, харин ч хэрвээ маргаан бүхий складыг “Д-О” ХХК болон “Х т” ХХК-иуд өмчлөлийн маргаанаа эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд эзэмшил газрын асуудлыг өөрчлөн шийдвэрлэх боломжтой гэж дурдаж шийдвэрлэсэн байна.

Мөн “Д б” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хөрөнгийг үнэлсэн “Б” хөрөнгийн үнэлгээний компанийн 2001 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн тайланд “... 3.2 Агуулахын барилга нь 360 м.кв талбай бүхий тоосгон ханатай, гулдмай суурьтай, бетонон хучилттай, хар цаасан дээвэртэй 1 давхар барилга юм ...” гэж тэмдэглэсэн байгаа, харин гуравдагч этгээдийн агуулах 710 м.кв /360+710=1070 м.кв/ болж байгаад дүгнэлт өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл анхнаасаа нэхэмжлэгч өөрийн агуулах 1209 м.кв биш гэдгээ мэдэж байсан эсэх талаар нь дүгнэлт хийх шаардлагатай.