Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1760

 

Б.Мөнхзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00459 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Баярсүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Мөнхзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр М.Баярсүрэнд 5 000 000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, тус өдөр гэрээний дагуу Хаан банк дахь түүний эзэмшлийн 5006546026 тоот дансанд зээлийг шилжүүлж улмаар сар бүр тохирох хүүг авдаг байсан. Дараа нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр М.Баярсүрэн нь дахин 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, тухайн өдөр түүний Хаан банкны дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх хоёр зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.Бяарсүрэн нь 3 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүйгээр 14 хоногийн хугацаатай зээлсэн.

Нийт 13 000 000 төгрөгийн хүү, алдангийг төлөөгүй. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5 000 000 төгрөг, алданги 2 150 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 16 840 000 төгрөгийн хэмжээнд бууруулж байна гэжээ.

Хариуцагч М.Баярсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Мөнхзоригоос өмнө нь гэрээтэй болон гэрээгүй мөнгө зээлж авч байсан. М.Баярсүрэн өөр хүнд зээлтэй байсан учраас энэ мөнгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 100 000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үүний дараа 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2 зээлийн гэрээ байгуулсан. Нэг зээлийн гэрээнээс 1 200 000 төгрөг төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлж авсан 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй үүнийг өгнө.

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2 зээлийн гэрээний хугацаатай гэрээнээс 2015 оны 07 дугаар сарын 29, 08 дугаар сарын 26, 09 дүгээр сарын 20, 09 дүгээр сарын 26-ны өдөр нийт 300 000 төгрөгөөр 3 удаа, 350 000 төгрөгөөр 1 удаа, 10 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 10 дугаар сарын 27-ны өдөр 350 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 650 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 800 000 төгрөг, нийт 3 350 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнээс төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөг дээр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 1 650 000 төгрөг, нийт 4 650 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгнө гэж үзэж байна. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хугацаагүй гэрээг зөвшөөрөхгүй. Тэр өдрөө мөнгө аваагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Баярсүрэнгээс 10 230 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх    7 420 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 178 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхзоригт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн     246 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн /9-11 хуудас/ нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх уг баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч талаас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлдүүлсэн гэх         5 000 000 төгрөг дээр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Хариуцагч талаас уг зээлийн гэрээг гэрээ биш гэж үзэж маргасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ талууд уг гэрээ байгуулсан талаар маргаагүй гэж дүгнэсэн, мөн нөхөж байгуулсан зээлийн гэрээнээс хүү, алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Талууд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч талын зүгээс дээрх мөнгөнөөс 8 удаагийн үйлдлээр нийт 3 350 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 1 650 000 төгрөг, мөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 3 000 000 төгрөг, нийт 4 650 000 төгрөгийг төлөөгүй болно. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр тохирсон хүү болон алданги нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу хүү, алдангийн хэмжээг багасган тооцож өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхзориг нь хариуцагч М.Баярсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр амаар тохиролцож, нэхэмжлэгч         5 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр тэдний хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Уг 5 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны дансанд нэхэмжлэгч шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон.

Амаар тохиролцсон уг зээлийн гэрээг талууд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичгийн хэлбэрт шилжүүлж байгуулахдаа хэн аль нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан ба уг гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг, хугацаагүй, сарын 6 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

Энэ зээлийн гэрээгээр тохиролцсон дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Зээлдэгч нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5 000 000 төгрөгөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаагүй зээлийн гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд нийт 2 880 000 төгрөгийг буцааж төлсөн, зээлдүүлэгч нь 2015 оны 11 дүгээр сараас зээлийг шаардсанаар 2015 оны 12 сараас зээлдэгчид зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн тул шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг 2 120 000 /5 000 000 – 2 880 000/ төгрөгөөр тооцож, алдангид 1 060 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн талууд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлдүүлэгч нь 5 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн, нэхэмжлэгч зээл болон хэлэлцэн тохиролцсон зээлийн хүүг, хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нь энэ гэрээний дагуу 3 350 000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн ба шүүх үүнээс 3 сарын зээлийн хүү болох 1 050 000 төгрөгийг, үлдэх 2 300 000 төгрөгийг үндсэн зээл болох 5 000 000 төгрөгөөс хасч зээлийн үлдэгдлийг 2 700 000 төгрөгөөр тодорхойлж, уг үнийн дүнгээс алдангийг 50 хувиар хязгаарлаж 1 350 000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Мөн зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлж авсан ба гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийг буцааж төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүй байна.

Иймд шүүх нийт 3 зээлийн гэрээний үндсэн зээлд 7 820 000 /2 120 000 + 2 700 000 + 3 000 000/ төгрөг, алдангид 2 410 000 /1 060 000 +1 350 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баярсүрэнгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА