Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0333

 

  “Ө” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/425 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/16 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/16 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Ө” ХХК-ийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн ажлын хэсэг “Ө” ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/16 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэж заасан ба 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 2-д “аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд 16.2.4-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 16.2.10-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд 17.2.4-д нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, 17.2.8-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй.

Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна.

Энэ заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Өмнөговь аймгийн Засаг дарга санал, дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж байгаа, эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм.

Шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/16 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцээгүй тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэр мөн хууль зүйн үндэслэлгүй. Мөн “Ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдэх үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүй” гэжээ.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 430 дугаар шийдвэр гарсан болно.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны 1/2103 тоот албан бичгээр тус аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ө” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/16 дугаар бүхий дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “Ө” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул ашигт малтмалын ашиглалтын MV-021252 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүргүүлэлгүй цуцалсан шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт хуулийн заалтуудыг дурдсан болно.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зүгээс анхан шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй гэж заасан. Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч нотлох баримтаа хавсарган ирүүлээгүй гээд хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байлцуулахгүйгээр хийж шийдвэрээ гаргасан байна.

Ингэснээр нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, урьд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа дэлгэрэнгүй танилцуулах, асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоогүй нь Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.2, 21.2, 21.2.1, 21.2.2, 21.2.3, мөн хуулийн 31 дүгээр зүйл, 34 дүгээр зүйл, 36 дугаар зүйл, 96 дугаар зүйл, 98 дугаар зүйлийг тус тус зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны тов тухайн 7 хоногийн шүүх хуралдааны зар дотор тавигдаагүй, шүүхийн мэдэгдэх хуудас ирүүлээгүй бөгөөд шүүгчийн туслах утсаар хэлэхэд ажлын хэсгийн хуралдаантай байгаагаа, хойшлуулах хүсэлтэйгээ, өмнө нь манайхаас шалтгаалж хурал хойшлуулж байгаагүй байдлаа хэлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/09, А/36 тоот “К” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээт газрын тосны хайгуулын Богд IV талбайг бүхэлд нь, Онги V талбайгаас хэсэгчлэн буцаан авахад дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/06 тоот жилийн ажлын уулзалт зохион байгуулах үүрэг бүхий Алжын хэсгийн гишүүнээр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/16 тоот “Газрын тосны салбарт 2027 он хүртэл төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн 2.2.6, 2.3.1.1-т заасан газрын тос уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг Бүтээгдэхүүн хуваах гэрээ, татвар-роялти, бусад гэрээний зарчмаар явуулах заалтуудыг хэрэгжүүлэх, санал танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд тухайн өдөр талбай буцаах ажлын хэсгийн хуралдаантай байжээ.

Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчтай холбоотой зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/16 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/16 дугаар дүгнэлтийг үндэслэн, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн эзэмшлийн MV-021252 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019/16 дугаар дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд тус дүгнэлтээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаар албан бичгийг үндэслэж, “Ө” ХХК-ийн эзэмшдэг MV-021252 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасан байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг “дүгнэлт” нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй “зөрчил гаргасан” болохыг тогтоосон, захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуцлуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээхээр хуульчилсан байдаг. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь түүний хуульд нийцээгүй “буруутай үйл ажиллагаа” нь зохих журмын дагуу тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/16 дугаар дүгнэлт нь “зөрчил тогтоосон” захиргааны актын хувьд агуулга болон хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй байна гэж үзлээ.  

Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “...мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэх үндэслэлгүй юм.

Тус дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх үндэслэлгүй.

 “Ө” ХХК-ийн эзэмшлийн MV-021252 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд хайгуул эрэх, хайх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой байна.

Хариуцагчаас сонсох ажиллагаа хийгээгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-д “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.2-д “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна. Үүнээс үзвэл захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны акт гаргасан нь буруу байна.

Мөн анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-д 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байжээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 1982 дугаар шүүгчийн захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт шүүх хуралдааныг зарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэж, Ч.А-гаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүрэгтэй гэж тодорхойлсон бөгөөд 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөрчөөгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын төлөөлөгчийн “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн” гэх гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг”-ийг хариуцагч гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж тодорхойлсоноос үзвэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг бус бөгөөд хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам байна.

Иймд шийдвэрт хариуцагчийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Ажлын хэсэг...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

    ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

          ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН