Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 457

 

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор О.Пүрэвсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраа, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг,

ялтан Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Оюун,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, С.Оюун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201526011982 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Гайри овогт Дэмбэрэлжавын Мөнх-Эрдэнэ, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Бор хөндий гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9 дүгээр гудамж, 19 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙГ 88112337/,

Д.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9-16а тоотод иргэн Б.Энхтуяатай бэлгийн харьцаанд орох санал тавьсан боловч Б.Энхтуяаг дургүйцэн гэрээсээ хөөлөө гэж үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр, Б.Энхтуяаг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, Б.Энхтуяагийн хамрын нурууны дунд хэсэг, зүүн шууны дотор хэсэг, баруун бугалганы дотор доод хэсэг, зүүн бугалганы дотор доод хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэгт олон тооны шарх гэмтэл үүсгэж, хоолойг цагаан өнгийн уяагаар боож амьсгалын хурц дутагдалд оруулж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Мөнх-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнэд 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнэд  оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Мөнх-Эрдэнийн урьдчилан хоригдсон 553 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Саарал өнгийн “DSOUARED” гэсэн бичигтэй куртик 1 ширхэг, “XXL Eveliner” бичигтэй гоо сайхны хэрэгсэл 1 ширхэг, “Punch” гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, “Вива” гэсэн шошго бүхий 750 гр хэмжээтэй лонх 1 ширхэг, хөндлөвч модноос зангилаагүй сул үлдээсэн цагаан, хар өнгийн үдээс 1 ширхэг, “Пепси” гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, “Пепси” гэсэн бичигтэй хоосон лааз 3 ширхэг, ягаан өнгийн хүүхдийн куртик 1 ширхэг, цагаан шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цагаан, цэнхэр өнгийн хөшиг 1 ширхэг, улаан, шар өнгийн хүүхдийн өрөөсөн бээлий, улаан өнгийн “Вест” тамхины хоосон хайрцаг, “Вест”, “Парламент”, “Эссэ” тамхины иш, “Хараа” архины лонх 1 ширхэг, хохирогчийн хүзүүг боомилсон улаан, шар өнгийн бээлий, үдээсний хамт, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, бор хүрэн өнгийн ноосон өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй куртик 1 ширхэг, бор цоохор өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, амь хохирогчийн гарын хумс, үснээс авсан дээж, өмсөж байсан хувцаснаас илрүүлсэн 3 ширхэг хялгас, хэргийн газраас хураан авсан үс мэт зүйл, Д.Мөнх-Эрдэнийн хувцаснаас авсан үс мэт хялгасууд, Д.Мөнх-Эрдэнийн бэлэг эрхтэний үс, гарын хумснууд, сэжигтнээр тооцогдсон Ц.Зоригтбаатар, С.Энхболд, М.Наранхүү нарын толгойн болон бэлэг эрхтэний үс, хумс, Т.Сахъяа, Л.Батдорж нарын хумс, П.Баяраагийн толгойн үс, хумсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Мөнх-Эрдэнээс 3.976.100 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраад олгох, Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Ялтан Д.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тухайн хэрэг болсон өдөр би хохирогчтой огт уулзаагүй. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө гэрээс гараад нутгийн ах Ихбаяртай хамт гадуур явсан бөгөөд орой нь Хишиг-Очиртой хамт гадуур явж байгаад гэрт нь очиж хоночихоод 2015 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ ирэхэд энгийн хувцастай, эрүүгийн төлөөлөгч нар авч яваад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст  2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эрүүдэн шүүж, зодож нүдээд, цахилгаан бороохойдож, маш их айлгаж, цочроож шоконд оруулсан бөгөөд хэлж ярьж өгснөөр нь гар утсан дээр бичлэг хийж аваад, энэ байцаалтаа доошоо орж өг гэсэн. Энэ дагуу би байцаалт өгөөд гарч ирээд Цэрэндулам өмгөөлөгчтэй уулзахад “энэ хэргийг үнэхээр хийсэн үү” гэж асуухад нь би “үгүй, зодож нүдэхээр нь хүлээсэн” гэж хэлсэн. Би уншиж бичиж чаддаггүй, бага боловсролтой. Мөн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид нэг өрөөнд байсан С.Энхболд “чи хүн алсан хэргээ хүлээ, бэлгэвчтэй хийсэн үү, гарын хээ чинь таарсан, хохирогч ийм байдалтай байсан гэж ярьж сүрдүүлсэн ба Наранхүү, Энхболд нар нь сэжигтнээр хоригдож байсныг байцаалтан дээр байхдаа ойлгосон. Энэ хүмүүсийг шалгаж өгнө үү. Энэ хэргийг би үйлдээгүй тул энэ бүхнийг харгалзан үзэж үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Н.Цэрэндулам гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ дээрх гэмт хэргийг шууд үйлдсэн гэх үйл баримтаар хангалттай тогтоогдоогүй, мөн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

            1. Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэн хэдийд, хаана, яаж, үйлдсэн, мөн уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийн нотлож, тогтоож чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар хэт нэг талыг барьж, гүйцэд биш хийсэн гэж үзэж байна. Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн болон бусад байдал мөн гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг нарийн шалгаж тогтоож чадаагүй юм. Миний үйлчлүүлэгч Д.Мөнх-Эрдэнэ энэ хэргийг үйлдээгүй, талийгаач Энхтуяагийн гэртэй ойролцоо байдаг, гэмт хэрэг гарахаас нэг хоногийн өмнө 2015 оны 10 дугаар сарын 10-ны өглөө дэлгүүр дотор таарч архи уусан байдаг. Үүнээс хойш дахин уулзаагүй. 2015 оны 10 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед Д.Мөнх-Эрдэнийг гэртээ ирэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийнхэн барьж саатуулан хэрэг тулган хүлээлгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны орой 19-20 цагийн үед өмгөөлөгч намайг дуудаж, хэргээ хүлээсэн сэжигтний байцаалтад нэг удаа суугаад өгөөч, таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих шаардлага гарсан гэж дуудсан. Намайг очиход мөрдөн байцаагч Галбадрах биеийн байцаалтаас эхлээд аваад явж байсан. Би уг хүнтэй уулзаагүй, байцаагч өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах боломж ч олгоогүй. Тухайн үед би гэрээ хэлцэл хийгээгүй, мөрдөн байцаагчийн гуйлтаар очсон юм. Байцаалт өгч дуусаад чи энэ хэргийг үйлдсэн юм уу гэж асуухад Д.Мөнх-Эрдэнэ эрүүгийн төлөөлөгч цагдаа нар “чи энэ хэргийг хүлээ, гавтай гараар ямар нэгэн үйлдэл үзүүл гэх мэтээр хэлээд, намайг шахаад миний бие рүү газаар хатгаад, цохиж зодоод байсан” гэж хэлсэн. Би айж сандраад, сэтгэл санааны гүн хямралд ороод мөн цагдаа нар ингэж хэл гэж шахаад байхаар нь би худал мэдүүлэг өгч хэргийг хүлээсэн. Би дээрх хэргийг үйлдээгүй юмаа гэж хэлсэн.

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хавтаст хэрэг дотор Д.Мөнх-Эрдэнийг дээрх онц хүнд гэмт хэргийг үйлдсэн гэх ямар ч баримт байхгүй зөвхөн Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэж яллаж байгаа. Д.Мөнх-Эрдэнэ бичиг үсэг мэдэхгүй байхад мэдүүлэг шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

Талийгаач Энхтуяа архи уудаг, Энхболд, Наранхүү, Сахъяа, Зоригтбаатар, Түвшинтөгс, Батдорж гэх хүмүүс байнга гэрт нь очиж, архи ууж, хонож өнждөг. Энхболд Наранхүү нар талийгаач Энхтуяагийн нөхөр Ганбаатартай садан төрлийн холбоотой боловч талийгаачтай таарамж муутай, агсам согтуу тавьж, цохиж зоддог, ална, дуусгана гэх мэтээр заналхийлдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн хэрэг болоход дээрх хүмүүс хамт байсан, Энхболд талийгаач Энхтуяатай хамт гэрт нь хоноод архи уугаад нас барах хүртэл нь хамт байсан. Энэ тухайгаа дуудлагаар ирсэн цагдаад бүгдийг хэлсэн байхад үүнийг огт шалгаагүй. Тэр ч байтугай хүү Анхбаяр нь хэргийн газар дээр уйлан “та нар манай ээжийг алчихлаа” гээд Шонбоохой буюу Түвшинтөгс гэгч рүү сүх шидээд онохгүй болохоор нь барьж авахад Энхболд хажуугаас нь “...битгий наадахдаа гар хүрээрэй, ээж нь нас барчихсан...” гэх мэдүүлэг /1хх-124/ авагдсан байгаа. Хохирогч Баяраа мэдүүлэхдээ “...Наранхүү талийгаач Энхтуяаг их зоддог. 2015 оны зун бага охин Энхтунгалаг, эгч Энхтуяагийнд очиход Наранхүү Энхтуяаг энэ мууг гүйцээгээд алаад хаячихая гээд зодоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-122/,

Гэрч Энхтунгалаг 2015 оны 10 дугаар сарын 14-нд “... Намайг Энхтуяа эгчийнд байхад Наранхүү орж ирээд үг хэлэлгүйгээр шууд гартаа савхин бээлий өмсөж байгаад Энхтуяа эгчийн нүүр лүү цохих гээд дайраад байснаа, чамайг алж байж санаа амармаар байна гээд байн байн хэлээд байсан гэж мэдүүлдэг /хх-130/,

Гэрч Энхжаргалын “... Нөхрийн дүү Наранхүү, Энхболд, Зоригоо нар архи авчирч өгөөд тасарчихсан үед нь байнга ашигладаг байсан гэж удаа дараа Энхтүвшин дүүгээсээ сонсож байсан...”/хх-131/ гэх мэдүүлэг,

Гэрч Лхагвадоржийн “... дуудлагаар очиж шалгахад талийгаачийн хэвтэж байсан гал тогооны өрөөнд “Вива” нэртэй 0.75 литрийн архины шил, лаазтай ундааны савнууд, пивоны лааз, тамхины иш хөглөрсөн байдалтай байсан... Харин Энхболд, Наранхүү, Сахъяа нар согтуу байсан. Та нар хаана байдаг хүмүүс вэ гэхэд Энхболд би өчигдрөөс хойш талийгаачтай хамт байгаа, би хамт архи уусан гэж ярьж байсан. Харин Наранхүү нь намайг өглөө 11 цаг өнгөрч байхад дуудсан. Би архи уусан гэж байсан...” /хх-136,137/ гэх мэдүүлгүүдээр дээрх хүмүүс хамт байсан нь тогтоогддог. Гэрч нарын мэдүүлгээс харахад талийгаач маш их дарамтад байсан, амь насыг нь хохироохоор заналхийлж байсан нь тодорхой харагддаг.

3. Гэрч Наранхүүгийн “... “Вива” нэртэй, 0.75 литрийн архи ууж байгаад Зоригтбаатар 11 цаг 40 минутад гэр лүүгээ явсан. Наранхүү би 12 цаг болж байхад явсан. Энхболд ах талийгаач Энхтуяатай хамт үлдсэн...” /хх-168/ гэх мэдүүлэг,

С.Энхболдын сэжигтнээр өгсөн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө “Баянзүүн салаа” дэлгүүрээс 0.75 литрийн, Вива нэртэй архи авсан. Мөн 3 лааз ундаа, сүү, бохь зэргийг аваад Энхтуяагийнд очсон. Тэднийхээс үдээс хойш Наранхүүгийн хамтаар гарсан...” /2хх-240/ гэх мэдүүлэг,

Наранхүү нь “... Энхболд талийгаачтай хамт үлдсэн...” гэж мэдүүлсэн байдаг /хх-168/. Энхболд сэжигтнээр мэдүүлэхдээ “... үдээс хойш гарсан, яг хэдэн цагийг санахгүй байна...” /хх-242/ гэж мөн мэдүүлдэг.

Энэ хэрэгт Наранхүү, Энхболд нарын оролцоо байгаа гэдгийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, гэрч, сэжигтэн нарын өгсөн 2015 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрийн мэдүүлгүүдээр нотлогдоод байна. Гэтэл үүнийг шалгахгүйгээр Д.Мөнх-Эрдэнийг энэ хэргийг үйлдсэн гэж ял тулгаад байгаа нь хуульд нийцэхгүй. Гэрч Сахъяа нь “... Энхболд, Наранхүү, Түвшинтөгс /Шомбоохой/ бид нар архи уухаар Энхтуяагийнд ороход Энхболд түрүүлж очин Туяа эгч яасан дэлбэрсэн юм бэ гээд шувтарсан өмдийг нь дээш татаж өгсөн. Намайг харахад хамраас нь цус гараад, хацар дагаж урссан байхаар нь “яагаад цус гарсан юм бэ” гэхэд Энхболд “Наранхүү цохио биз дээ” гэж хэлсэн. Би Наранхүүгээс “Энхтуяа яасан юм бэ, их сонин болсон байна шүү дээ” гэхэд Наранхүү “Би яаж мэдэх вэ дээ. Өмнө нь 2-3 удаа ийм болсон байсан, би нэг их тоодоггүй шүү дээ” гэж хэлсэн. Эхэлж 14 цагийн үед очсон. Дараа нь 15 цагт дахин очсон. “Ийм газар яаж архи уух вэ гаръя” гээд гараад Наранхүүгийн хашаанд архиа уусан. Энэ үед Энхболд дахин архи уумаар байна. Би үнэмлэхээ тавьчихъя гээд байсан...”/1хх-173, 174/,

Сэжигтэн Сахъяагийн “... 14 цаг 30 минутад Энхтуяагийнд ороход нэг сонин эвгүй болчихсон харагдсан. Нүүр нь цус болчихсон харагдсан. Энхболд Түвшинтөгстэй уулзаад хоорондоо яриад жолооны үнэмлэх дөрвөн ангилал даруулсан. Одоо Чех явна гэх зэрэг зүйл яриад байсан...” /3хх-1/,

Сэжигтнээр Түвшинтөгс /Шомбоохой/ “... Туяа эгчийн нүүр ямар аймаар болчихоо вэ гэхэд Энхболд Наранхүү цохисон юм гэж хэлж байсан. Нөхөр нь цохичихсон юм уу гэхэд нөхөр Ганбаа ах байхгүй, Наранхүү нэг цохисон гэж хэлээд өнгөрсөн би дахиж асуугаагүй...” /3хх-6/ гэх мэдүүлэг.

Сэжигтэн Батдорж “... Энхболд нь талийгаач Энхтуяатай бэлгийн харьцаанд ордог байсан гэж би өөрөө боддог. Талийгаач Энхтуяа, Энхболд хоёр архи уухаараа байнга маргалдаж, муудалцдаг байсан. Намайг сарын өмнө Энхтуяагийнд очиход Энхболд зодоод нүдийг нь хөхрүүлчихсэн байсан...” /3хх-10/ гэж мэдүүлсэн байдаг.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1807 тоот дүгнэлтээр “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уруулын шарх, хүзүү, хамрын нуруу, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэний зулгаралт, хүзүү, уруул, баруун зүүн бугалага, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн...” гэж гарсан байдаг. Тэгэхээр дээрх гэмтлүүдийг талийгаачтай хамт хоносон Энхболд учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг шалгаагүй. Маш олон тооны /12/ гэмтэл учирсан байхад огт шалгахгүй зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ энэ хэргийг хүлээсэн, гарцаагүй гэх байдлаар хандаж байгаа нь туйлын хариуцлагагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг болон хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ хэргийг нотолж тогтоож чадаагүй. Ял халдааж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн ч гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал нотлох үндэслэл болно гэж заасан. Хавтаст хэрэгт Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр өгсөн өөрийнх нь мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байдаггүй.

5. Д.Мөнх-Эрдэнэ намайг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах үед би өмгөөлөгч аваагүй, сэтгэл санааны хямралтай үед мөн өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзуулахгүйгээр хэрэг хүлээлгэж байцаасанд гомдолтой байна гээд Д.Мөнх-Эрдэнэ түүний ар гэрийнхэн удаа дараа гомдол гаргаж ЦЕГ, Ёс зүйн хороо, Хяналтын прокурор, Сонгинохайрхан дүүргийн прокурорт, Нийслэлийн прокурор зэрэгт удаа дараа гомдол гаргаж ирсэн. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт бүгд авагдсан. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэх, яллагдагчийг хөтлөх, тулгах аргаар байцаасан, аль нэг талыг барьсан эсэхийг нарийвчлан шалгасан байх шаардлагатай. Хэрэв нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдана гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчингүй болох үндэслэл болно. Иймээс Д.Мөнх-Эрдэнэд холбогдох дээрх хэрэг нотлогдож чадахгүй байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар уг хэрэгт хамааралтай бүх нотлох баримтыг шалгасан боловч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу нотлох ажиллагаа хийх ёстой байхаар заасан хуульд заасан нотлох ажлыг хийгээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг зэргээс харахад Д.Мөнх-Эрдэнэд таамаг төдий дотоод итгэлээр ял шийтгэл оногдуулж байгаа явдал өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

2. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд байна. Үүнд:

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж өмгөөлөгчгүйгээр гарын үсэг шууд зуруулсан. Гэрч, сэжигтэн нарын мэдүүлгүүд зөрүүтэй, анхан шатны шүүхээс мэдүүлгийн зөрүүг арилгах, мөн хэргийн талаар яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, бүдүүвч зураглал хийх даалгавартайгаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад уг даалгаврыг биелүүлэхгүйгээр буцааж шүүхэд шилжүүлсэн. Талийгаачийн бие махбодид шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1807, 1029 тоот хоёр удаагийн актаар олон тооны хуучин, шинэ шарх гэмтлүүд тогтоогдсон байдаг. Дээрх гэмтлүүдийг хэн хэрхэн яаж учруулсан болохыг ялгаж, салгаж тогтоож шалгаагүй орхисон. Мөн талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийн тогтоож өгөөгүй задлан шинжилгээний дүгнэлтээр 13-14 цагийн хооронд гэж, 14-16 цагийн хооронд гэж хоёр янзын дүгнэлт гарсан нь хэргийн үнэн бодит байдлыг тогтооход саад учруулж байгаа.

Талийгаачийн хоолойг 5 удаа ороосон гэх цагаан өнгийн үдээс мэт материал дээрээс 1 дүгээр бүлгийн цус илэрсэн. Талийгаач болон сэжигтнээр тооцогдож хамт архи уусан Энхболд нар 1 дүгээр бүлгийн цустай байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Үүнийг нарийвчлан тогтоогооггүй орхисон. Ялтан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчин улмаар ял шийтгэл оногдуулсан. Дээрх гэмт хэргийг Д.Мөнх-Эрдэнэ үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Оюун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн тогтоол нь хэт нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Танхайн сэдэлтээр хүнийг алсан гэдэгт  “Бэлгийн харьцаанд орох санал тавьсан боловч гэрээсээ хөөлөө гэж үл ялих зүйлээр шалтаглан” гэж тайлбарлаж байгаа. Гэтэл танхайн сэдэлт бол бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих болон нийгмийн хэв журмыг санаатай зөрчих хэлбэрээр илэрдэг. Д.Мөнх-Эрдэнэ хохирогч нарын хооронд үл ялих маргаан болсон, энэ зүйл нь хохирогчийн амь насыг хохироох шалтгаан болсон талаар үйл баримт огт тогтоогдоогүй. Бэлгийн харьцаанд орох санал тавьсан гэдгийг сэжигтний өөрийнх нь надад хүч хэрэглэн, айлган сүрдүүлж авсан гэх мэдүүлгээс өөрөөр нотлогдсон зүйл хавтаст хэрэгт болон яллах дүгнэлтэд байхгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Онц харгис хэрцгий аргаар гэдэгт: Хохирогчийн биед олон тооны хөнгөн гэмтэл үүссэн гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэл болгож байгаа боловч хохирогчийн биед хуучин, шинэ олон гэмтлүүд тогтоогдсон бөгөөд энэ гэмтлүүдийг Д.Мөнх-Эрдэнэ үүсгэсэн гэдгийг хэн, хэрхэн, ямар баримтаар нотлов. Гэрч, хохирогч нарын хэрэгт авагдсан ийм мэдүүлгээр нотлогдсон гэж хэлэх ямар ч баримт нотолгоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж зүйлчилсэн. Д.Мөнх-Эрдэнэ талийгаачийг биеэ хамгаалах чадваргүй байгааг яагаад мэдсэн гэж үзээд байна вэ. Ямар үндэслэл, хэрэгт ямар баримт авагдсан юм бэ гэх асуултуудад хариулт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйлчлэлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотолж чадахгүй атлаа энэ хүнд зүйл ангиар Д.Мөнх-Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн үндэслэлгүй, эргэлзээтэй байхад үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Харин хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсэн гэх хүмүүс бол талийгаачтай хонон өнжин хамт байж, хамт архи уусан хүмүүс мэдсэн байх боломжтой нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан. Хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоосон байдаг.

2. Тухайн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн явагдсан эсэх, хуульд нийцсэн эсэх, сэжигтэн, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн бодитой хангасан эсэх талаар: Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгааг дурдах нь зүйтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж хуульчилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, 80.1.2 уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоож чадаагүй тул сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар ярих ямар ч үндэслэл энэ хэргийн хувьд байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.8 дахь хэсэгт өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах эрхтэй гэсэн байхад энэхүү эрхүүдээс зөвхөн өмгөөлөгч авах эрхийг хэлбэрийн төдий хангаж сэжигтний мэдүүлэг авсан нь Д.Мөнх-Эрдэнэд хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг бүрэн эдлүүлсэн гэж үзэхээргүй байгаа юм. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнээс авсан дээрх мэдүүлгийн талаар өмгөөлөгч Н.Цэрэндулам хэлэхдээ: байцаалт авсан тэр орой Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч залгаад, хэргээ хүлээсэн хүн байна, байцаалтад сууж өгөөч гэхээр нь очиж суусан. Би байцаалтаас өмнө Д.Мөнх-Эрдэнэтэй ганцаарчлан уулзаагүй гэж анхан шатны шүүх хуралдаан дээр удаа дараа илэрхийлсээр байсан боловч шүүх Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдсөн байдлыг анзаараагүй. Иймд Д.Мөнх-Эрдэнээс сэжигтнээр 2015 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед өмгөөлөгчийг суулцуулан авсан гэх сэжигтний мэдүүлэг, нотлох баримт нь хууль зөрчиж авсан тул нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх нь хуульд нийцнэ. Сэжигтний өмгөөлөгчөөр оролцсон Н.Цэрэндуламыг Д.Мөнх-Эрдэнэ өөрөө болон түүний гэр бүлийнхэн өмгөөлөгчөөр сонгоогүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно, 39.4 дэх хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй гэснийг зөрчсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно.

Д.Мөнх-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар намайг цахилгаан бороохойгоор цохиулж, зодож хэрэг хүлээлгэсэн гэж холбогдох газарт удаа дараа хандсан өргөдөл болон Д.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 13-ны цээжний баруун хэсэгт 2х1.5 см хэмжээтэй 2 хэсэг цусан хураатай гэх /хх-60/, Д.Мөнх-Эрдэнийн гэрэл зураг: уруул баруун талд ил цустай, нүдний зүүн дээд хэсэгт хөхөлбөр туяатай гэх зэрэг баримт нь түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн байж болох талаарх баримтыг үнэлээгүй нь шүүх хөндлөнгийн байр суурьнаас хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байгаа юм.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэх яллах нотлох баримтын хувьд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Мөнх-Эрдэнэд холбогдох Онц хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаагч болон прокурор нь түүний өмгөөлүүлэх эрхийг бүдүүлгээр зөрчин фото зураг авч, тэмдэглэл үйлдэн уншиж, бичих чадваргүй төдийгүй өөрийн нэрээ бүрэн бичиж чадахгүйг нь мэдсээр байж хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан, бүрдүүлсэн ноцтой зөрчил гаргасныг шүүх анзаарсангүй.  Тэрчлэн заавал өмгөөлөгч оролцуулах заалтыг зөрчиж, яллагдагчаас мэдүүлэг авсан бол энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчилд тооцогдож, улмаар шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно гэжээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан байхад анхан шатны шүүх анхаарал хандуулсангүй. Яллах дүгнэлтэд Д.Мөнх-Эрдэнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх боловч тэрээр хэр зэргийн согтолттой байсан талаарх дүгнэлт байгаа эсэх, яллах тал юуг үндэслэн түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болохыг тогтоохгүй орхигдууллаа. Хэрэв холбогдох баримтгүйгээр зөвхөн сэжигтний өөрийнх нь архи уусан гэх мэдүүлгээс өөр нотлох баримтгүй бол согтуугаар үйлдсэн гэх үндэслэл үгүйсгэгдэхийг ч шүүх анзаарсангүй. Түүнчлэн хэргийн газраас бэхжүүлж авсан гарын хээний мөр болон цусны шинжилгээгээр Д.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэх гарын мөр болон цус илрээгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4866 тоот дүгнэлтийг ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.

3. Яллах үндэслэл болсон сэжигтний гэмт хэрэг үйлдсэн гэх мэдүүлгийг бусад нотлох баримтаар хангалттай тал бүрээс нь, бүрэн бодитой хөдөлбөргүйгээр тогтоосон эсэх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан үүсгэсэн Эрүүгийн 201526011982 тоот 5 хавтаст хэрэгт болон яллах дүгнэлтэд түүнийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон хөндлөнгийн ямар ч нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх түүнийг шийтгэсэн нь үндэслэлгүй юм.

Шийтгэх тогтоолд дурдсан 13 гэрчийн мэдүүлэгт ч Д.Мөнх-Эрдэнэ хохирогч Б.Энхтуяагийн амь насыг согтуугаар, онц хэрцгий аргаар, санаатайгаар бүрэлгэсэн гэх мэдүүлэг байхгүй байхад анхан шатны шүүх хэрэгт шууд хамааралгүй болон эргэлзээтэй гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийг яаран шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, энэрэнгүй ёсны, гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмууд болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конценцийг зөрчсөн үйлдэл болжээ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн тайлбарт “Эрүүдэн шүүгдсэн” гэдэгт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүргээ гүйцэтгэж буй бусад хүнийг өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл”-ийг ойлгоно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 5 дугаар зүйлд хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй. 11 дүгээр зүйлд 1.Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлүүлэх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй. Монгол улсын Олон улсын гэрээ Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенци 4 дүгээр зүйлд 1. Оролцогч улсууд эрүүдэн шүүх бүх үйлдлийг эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг хэмээн үзнэ. Энэ нь эрүүдэн шүүх бүх үйлдлийг эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг хэмээн үзнэ. Энэ нь эрүүдэн шүүхийг завдах, түүнд оролцох, хамтран оролцоход хамаарна. 15 дугаар зүйл оролцогч улсууд эрүү шүүлтийн улмаас хийсэн гэж тогтоогдсон мэдэгдлийг шүүн таслах аливаа ажиллагаанд нотлох баримт болгохгүй гэж тус тус заажээ.

4. Энэ хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдүүдэд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх. /хх-184-228/ М.Наранхүү, Л.Батдорж, П.Баяраа, Түвшинтөгс, Сахъяа, С.Энхболд нарын хэргийг Шүүх эмнэлгийн болон биологийн шинжилгээ хийлгэхэд гэмт хэрэг үйлдсэн болох нь ул мөр илрээгүй, уг хэргийг Д.Мөнх-Эрдэнэ үйлдсэн гэдгээ хүлээн мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон, уг хэрэгт дээрх нэр бүхий хүмүүс оролцсон болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4866 тоот дүгнэлт: Сахъяа зүүн гарын эрхий хуруу, мөр, зүүн гарын дунд хуруугаар, С.Энхболдын зүүн гарын ядам хуруугаар, /хх-29/ Энхболдын цусны ДНК тогтоцтой тохирч байна, West тамхин дахь, /хх-43/ Цагаан өнгийн уяа дээрх цус илэрсэн 0/1 харъяалалтай хүнийх, /хх-70/С.Энхболдын цус 0/1 харъяалалтай байна, /хх-67/ С.Энхболдын биед баруун гуяны цус хуралт тогтоогдлоо, /хх-79/ Зоригтбаатарын баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болох ул мөр бүхий нотлох баримт байсаар байхад Шүүх эмнэлгийн болон биологийн шинжилгээ хийлгэхэд гэмт хэрэг үйлдсэн болох ул мөр илрээгүй гэж илэрхий баримтыг үгүйсгэсэн, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй орхигдуулсан, нөгөө талаас хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан асуудалд мөн л анхаарал хандуулсангүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг анхнаасаа хуулийн хүрээнд явуулаагүй, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоох, шаардлагатай ажиллагааг түргэн шуурхай оновчтой шийдэл гаргаж хийж чадаагүйгээс хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж, хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, бусдад ял завших нөхцөл, боломжийг олгосон байхыг үгүйсгэх аргагүй юм.

5. Мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн талаар шүүх хуралдааны үеэр улсын яллагчаас асуусан боловч тэрээр энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгч чадахгүй байхад мэдсээр байж нэг мөр бүрэн хянаагүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь хуулийн хүрээнд үнэлээгүй түүнчлэн Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагчийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би талийгаачийн эцэг нь юм. Д.Мөнх-Эрдэнэ “би алаагүй, энэ хэргийг үйлдээгүй” гэж Цагдаагийн байгууллага, талийгаачийн ах, дүү нарт буруугаа чихэж, хэргийг удаашруулж байна гэж үзэж байна. Энэ хэрэг 3 удаа Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж, хүлээн зөвшөөрч байна. Манай охин ах, дүү нартайгай нийлж архи уусан нь үнэн. Гэхдээ ах, дүү нарт нь талийгаачийг алах өс хонзон байхгүй гэдгийг баттай хэлмээр байна. Оршуулгын зардалд 3.976.100 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баяраагийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих асуудлыг бүгдийг шалгаж тогтоосон гэж үзэж байна. Д.Мөнх-Эрдэнэ энэ хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Ялтны давж заалдах гомдолд тухайн өдөр талийгаачийн гэрт очоогүй, Ихбаяр, Хишиг-Очир нартай хамт явж байсан гэх боловч энэ нь Хишиг-Очир, Ихбаяр нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Ихбаяр нь анхан шатны шүүх хуралдаан 2 дахь удаагаа болоход мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ буцсан. Ихбаяр мөрдөн байцаалтад “тухайн өдөр Д.Мөнх-Эрдэнэтэй хамт явж байсан” гэдэг боловч энэ мэдүүлгээс нь шалтгаалж хэрэг мөрдөн байцаалтад буцахад мэдүүлгийн зөрүү арилж “буруу мэдүүлэг өгсөн” гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хишиг-Очир нь Д.Мөнх-Эрдэнийн багийн найз юм. Д.Мөнх-Эрдэнэ “би тухайн өдөр Хишиг-Очиртой хонь зарсан” гэдэг боловч Хишиг-Очир “тухайн өдөр би Д.Мөнх-Эрдэнэтэй хонь зараагүй” гэж хэлсэн. Д.Мөнх-Эрдэнийн анхны сэжигтнээр өгсөн мэдүүлгийн талаар яригдаж байна. Тухайн үед хойшлуулашгүй ажиллагаа хийхийн тулд Д.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчөө сонгож аваагүй байсан тул Цэрэндулам өмгөөлөгчийг дуудаж ирүүлэн, байцаалтад байлцуулсан. Цэрэндулам өмгөөлөгч “би мэдүүлэг эхэлсний дараа орсон. Мэдүүлэг өгснийх нь дараа энэ хэргийг хийсэн үү гэж Д.Мөнх-Эрдэнээс асуухад хийгээгүй гэж хэлсэн” гэх мэтээр давж заалдах гомдолдоо бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд ч энэ талаар ярьдаг. Цэрэндулам өмгөөлөгч тухайн мэдүүлэг авах үйл явдлыг гэрчилж байгаа мэт ярьж байна. Гэтэл өмгөөлөгч бол мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж буй хүн юм. Хойшлуулашгүй ажиллагаанд өмгөөлөгч оролцож байцаалтад суух тохиолдол байдаг. Хэрэв үнэхээр өмгөөлөгч очиход байцаалт эхэлсэн байвал байцаалтыг зогсоогоод тухайн хүнтэй ганцаарчилж уулзах боломж бий. Энэ мэдүүлгийг авсны дараа Цэрэндулам өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн хууль ёсны өмгөөлөгчөөр сонгогдож оролцсон ба ингэхдээ “Д.Мөнх-Эрдэнэ надад энэ хэргийг хийгээгүй гэж хэлсэн. Цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулж өгнө үү” гэсэн хүсэлт, гомдол гаргаж болох байсан. Гэтэл ийм хүсэлт, гомдол мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа гаргаагүй. Иймд ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энхболд, Сахъяа, Наранхүү гэх мэт нэр бүхий хүмүүсийг мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгтэй холбогдуулан хангалттай шалгасан боловч холбогдолгүй болох нь тогтоогдсон тул үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Талийгаач 3 хүүхэдтэй, ар гэрийнх нь амьдрал сайнгүй тул үлдэж буй 3 хүүхдийн амьдрал бүрхэг, хэцүү байна. Холбогдогч оршуулгын зардалд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Иймд нотлогдож буй хэмжээндээ оршуулгын зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Цэрэндулам өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанууд дээр гэрч, өмгөөлөгчийн аль нь болох нь мэдэгдэхгүй байр суурьнаас оролцсон. Н.Цэрэндулам өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр байцаахад анхнаасаа байсныг нотлох баримт 1 дүгээр хавтасны 96 дугаар хуудсанд авагдсан СиДи бичлэг юм. Энэ бичлэгт мөрдөн байцаагч, шүүгдэгч, өмгөөлөгч 3 сууж байхад нь би орж ирээд албан ёсоор байцаалтаа эхлүүлж, камерын бичлэг хийсэн. Цэрэндулам өмгөөлөгч өөрөө шүүгдэгчид хууль тайлбарлаж өгөөд албан ёсны байцаалт эхэлсэн. Би энэ хэрэгт анхнаас нь хяналт тавьсан. Энэ хэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдсон. Д.Мөнх-Эрдэнэ сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд Цэрэндулам өмгөөлөгчийг оролцох уу гэхэд “би хүн үхсэн газар очихгүй” гэж хэлсэн. Ингээд прокурор би болон хөндлөнгийн хоёр гэрч оролцож мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хуулийн дагуу, фото зургаар баримтжуулан хийсэн. Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддог ...” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.

 

Д.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9-16а тоотод иргэн Б.Энхтуяаг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоолойг нь цагаан өнгийн уяагаар боож амьсгалын хурц дутагдалд оруулж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй гэрч Э.Анхбаярын “...2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн үед намайг сэрэхэд ээж босчихсон гадаа нохойд хоол өгөөд зогсож байсан. Энхболд ах мөн сэрчихсэн, ээжтэй юм яриад тамхи татаад сууж байсан. Тэгээд би 11 цагийн үед найз Баярмагнайгийн гэр лүү явсан. Тэгээд Баярмагнайтай хамт компьютер тоглоомын газар ПС тоглож байтал Баярмагнай ус авна гээд явсан. Би 104 дүгээр сургууль орж заал авч тоглож байгаад бөмбөггүй болчихоор нь өөр бөмбөг хайгаад сургуулийн хажуугаар явж байсан чинь найз Баярмагнай танай гэрт орсон чинь хүнгүй, ээж чинь хэвтэж байхаар нь дуудсан чинь дуугарахгүй, хариу хэлэхгүй байхаар нь чамд хэлэхээр ирлээ. Танай гэрийн гадаа Энхболд, Сахъяа, Шомбоохой, Наранхүү дөрөв согтуу зогсож байна гэж хэлэхээр нь би гүйгээд очсон чинь Энхболд, Шомбоохой, Сахъяа, Наранхүү нар байсан. Намайг гэртээ ороход ээж хоолойноосоо цагаан уяагаар боосон, хамраас нь цус гарсан байдалтайг хараад гэрээсээ гарахад гарт сүх баригдахаар нь тэд нар руу “та нар ээжийг ийм болгосон уу” гээд дайраад шидсэн чинь оноогүй. Тэгэхэд Энхболд “битгий наадахдаа гар хүрээрэй, ээж нь нас барчихсан байгаа” гэж хэлээд Шомбоохойг надаас салсан ба тэр 4 цаашаа явсан. Би гэртээ ороод хутга аваад олсыг таслах гэтэл араас Наранхүү ах орж ирээд 103-т дуудлага өгсөн байгаа, олс тасалж болохгүй гэж хэлсэн. Манай ээжийн хамар нь цохисон юм шиг цус гарсан байсан. Тэд нар руу дайрсан шалтгаан нь намайг гэрт очиход манай гэрийн гадаа зогсож байсан болохоор нь ээжийн үхэлд буруутай байх гэж бодсон...” /1хх-124-126/, “... Тухайн өдөр түргэн тусламжийн эмч ирээд ээжийг үзээд нас бараад удаагүй байна гэж хэлсэн...” /4хх-27-28/,

Насанд хүрээгүй гэрч Г.Анхзаяагийн “... 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би хичээлээ тараад 5 шард байдаг авга эгч Дөлгөөнномингийнд хоносон. Маргааш нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу хагас сайн өдөр манай анги аялалаар явах болоод өглөө 9 цагт сургууль дээр бэлэн байхаар зарласан байсан. Тэгээд би өглөө 08 цаг өнгөрөөгөөд автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 2 дугаар буудал гэж нэрлэгдэх газар явж байхад манай ээж Энхтуяа, дүү Номингийн хамт Арвайхээр дэлгүүрээс нэг эрэгтэй хүнтэй хамт гарч ирээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би дэлгүүр ороод явж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн. Манай аялал 14 цагт дууссан бөгөөд би аялалаа тараад шууд 5 шард байх авга эгчийндээ очиж хоносон. Тухайн өдөр ээжтэй уулзаж, холбогдоогүй. Ингээд маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 16 цагийн үед ирэхэд манай гэрийн гадаа цагдаа сэргийлэх болсон, ах Анхбаяр надад ээжийг нас барсан гэж хэлээд уйлаад байсан. Би учрыг нь сайн ойлгоогүй ба ээжийг нас барсан гэхэд итгээгүй, уйлаад сандраад тухайн үед сэтгэл санаа тогтворгүй байсан ...” /1хх-126/,

Гэрч Э.Лхагвадоржийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ачит 116 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байтал Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9-16А тоотод дуудлага ирсэн. Тэгээд би 16 цаг 05 минутад очиж, гэр лүү нь ороход талийгаач үүдний өрөөний орон дээр дээш харсан, зүүн гар нь доошоо унжсан байдалтай харагдаж байсан. Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч талийгаачийг үзээд “боож” нас барсан байна, нас бараад удаагүй 20-30 минут орчим хугацаа өнгөрсөн байна гэж хэлж байсан. Тэдний гэрт ороод нүдээр ажиглаж байхад унтлагын өрөөнд ямар нэгэн содон шинж тэмдэг харагдахгүй байсан. Харин талийгаачийн хэвтэж байсан гал тогооны өрөөнд Вива нэртэй 0.75 литрийн архины шил, лаазтай ундааны савнууд, пивоны лааз, тамхины иш хөглөрсөн байдалтай харагдаж байсан. Тухайн үед Энхболд, Сахъяа, Наранхүү нар согтуу байсан бөгөөд ухаан санаа нь эрүүл, өөрсдийгөө аваад явах чадвартай байсан. Би Энхболд, Наранхүү, Баяраа нараас “та нар хэзээнээс архи ууж байгаа юм бэ, хаана амьдардаг хүмүүс вэ” гэхэд Энхболд “би өчигдрөөс хойш талийгаачтай хамт байгаа, хамт архи уусан гэж ярьж байсан. Харин Наранхүү “намайг өглөө 11 цагийн үед дуудсан. Тэгээд би талийгаачийнд орж жаахан архи ууж байгаад гэрээс нь гарсан гэж хэлсэн. Баяраа нь би мэдэхгүй байна, энд байгаагүй шүү дээ гэж хэлж байсан...” /1хх-136-137/,

Гэрч Б.Лхагвацэрэнгийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед Мөнх-Эрдэнэ над руу залгаад Хишиг-Очиртой хамт Баянхошууны “Гарьд” бааранд байна, хүрээд ир гээд дуудсан. Би Мөнх-Эрдэнэд зав муутай явж байна, хальт очоод явна шүү гэж хэлээд орой 20-21 цагийн хооронд Баянхошууны “Гарьд” бааранд очсон. Намайг бааранд ороход Мөнх-Эрдэнэ, Хишиг-Очир хоёр хаалганы дэргэдэх ширээн дээр тус тусдаа нэг нэг шил пиво бариад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой юм ярихад Хишиг-Очир хагас сайн өдөр Өвөрхөнгай аймгаас ирлээ, хонь зарж байгаа, өнөөдөр Мөнх-Эрдэнэтэй уулзаад сууж байна гэсэн ба харин Мөнх-Эрдэнэ онц зүйл яриагүй надтай мэндлээд өнгөрсөн. Тэгээд би яаруу ажилтай явж байсан учраас удалгүй, 5 минут болоод гарч явсан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18-19 цагийн үед Хишиг-Очир залгаад Мөнх-Эрдэнэ бид хоёр явж байна, Тойрог дээр хүрээд ирээч, уулзъя гэхээр нь би гэрээс гараад Баянхошууны тойргийн автобусны буудал дээр ирэхэд Мөнх-Эрдэнэ, Хишиг-Очир хоёр хүлээж байсан тул бид нийлээд 20 цагийн үед Зүүн салааны хуучин эцсийн буудал орчимд байх нэрийг нь мэдэхгүй караокед орж 9 шил пиво аваад уугаад сууж байтал миний утас руу нэг хүн залгаад “цагдаа байна, хаана байна, уулзах хэрэгтэй байна” гэхээр нь надаар хүн тоглоод байгаа юм байхдаа гэж бодоод утсаа салгасан ба энэ үед утасны цэнэг бас дуусаад унтарсан. Би Мөнх-Эрдэнэ, Хишиг-Очир нарт над руу цагдаа байна, хаана байна гээд хүн тоглоод яриад байх юм гэхэд Хишиг-Очир хүн тоглож байгаа байлгүй гэж хэлсэн. Харин Мөнх-Эрдэнэ нэг их зүйл яриагүй, пиво уугаад сууж байхад гэнэт алга болсон. “Цагдаа байна” гэж хүн залгаад байна гэж хэлснээс хойш 10 орчим минутын дараа Мөнх-Эрдэнэ харагдахгүй болсон. Харин Хишиг-Очир бид хоёр шөнийн 00 цаг хүртэл сууж байгаад Хишиг-Очирын хадам ах Халзангийн гэрт очиж тэдний гэрт ганц, нэг шил пиво уусан. Халзан ахын гэрээс гараад шууд Хишиг-Очирын гэрт очиж тэнд хоносон...” /1хх-148-149/,

Гэрч Э.Хишиг-Очирын ... “2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ням гаригт хоёр дүүгийн хамт Баянхошууны тойргийн буудал дээр ирж хонь зарсан. Гэтэл 13-14 цагийн үед байх Мөнх-Эрдэнэ өөрийн дугаараас залгаад хаана байна, орой зав байгаа юу уулзах уу, хонь мал чинь юу болж байна гэхээр нь би яг одоо хонио зарж байна, завгүй байна гэж хэлсэн. Би хонио зарж байгаад 15-16 цагийн үед хоёр дүүгээ хонин дээрээ үлдээж машинаа засуулах гээд Сонсголонд байх мах маркет руу ах Пүрэвдоржийн хамт явсан. Ингээд машинаа засуулж байгаад 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн гудамжинд машинаа үлдээгээд шууд гэртээ очиж 19 цагийн үед машинаа 21 дүгээр хороололд байх цахилгаан тээврийн компаний зүүн талд байх ах Лхагвадоржийн гэрт очиж үлдээгээд буцаж гэр лүүгээ явган явсан. Гэртээ ирэхэд Мөнх-Эрдэнэ манай эмэгтэй дүүгийн утас руу залгаад надтай ярьсан. Мөнх-Эрдэнэ гэртээ байна хоёулаа тойрог юм уу, 2 дугаар буудал дээр уулзъя гэхээр нь би гэрээсээ 20 цаг өнгөрч байхад гараад автобусанд суугаад Зүүн салааны 2 дугаар буудал дээр буугаад Мөнх-Эрдэнэ рүү залгахад 10 орчим минут болоод Мөнх-Эрдэнэ гарч ирсэн. Би Мөнх-Эрдэнийн хамт Баянхошууны тойргийн замынхаа зүүн талд байх, нийтийн караокетэй “Гарьд” нэртэй пабад орж тус бүр 4-5 шил Боргио уусан. Мөнх-Эрдэнэ мөнгө гаргаагүй, би бүх пивоны тооцоог хийсэн. Бид хоёр ойр зуурын зүйл ярьж байхдаа Мөнх-Эрдэнэ би шөнө гэр лүүгээ явж байгаад гудамжинд согтуу танихгүй эмэгтэйтэй таарсан. Тэр хүүхэн махлагдуу бор царайтай хүүхэн байсан ба бид гудамжинд архи уугаад гэрт нь очсон. Очиход хоёр жоохон хүүхэд гэрт нь байсан. Тэр эмэгтэй архинд дуртай хүүхэн байсан. Би тэр хүүхэнтэй гэрт нь архи уугаад хурьцал үйлдсэн. Араас нь хурьцал үйлдсэн боловч тавихгүй байсан гэж яриад байсан. Тэгээд бид хоёр тус бүр 3 шил Боргио пиво уугаад 22-23 цагийн үед баарнаас гараад Зүүн салаа руу такси бариад, Зүүн салааны хуучин эцсийн орчим байрлах Дэлгэрэх нэртэй караокед орж дахин тус бүр 2 шил пиво ууж 2 дуу дуулаад 00 цаг өнгөрч байхад гарсан. Мөнх-Эрдэнэ бид хоёр караокенээс гараад манай гэр рүү 30 орчим минут алхаад шөнө 01 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн ба энэ өдөр бид хоёр манайд хоносон. Харин маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 08 цаг өнгөрч байхад Мөнх-Эрдэнэ бид хоёр манай гэрээс гараад Зүүн салааны автобусанд суугаад 21 дүгээр хороололд явж машин тавьсан газраа очиж өсгөгч, суурин “G mobile”-ийн утас зэргийг аваад 1 дүгээр хорооллын утас засдаг газраар явсан боловч засахгүй гэсэн тул бид хоёр бүтэн өдөржин гадуур алхаж байгаад Хархорин захын хойд талын “Мишээл” нэртэй пабад орж тус бүр нэг шил пиво уугаад 15 цагийн үед салаад гэр, гэр лүүгээ явсан. Ням гаригт Мөнх-Эрдэнэ надтай уулзах үед баруун билүү зүүн талын нүд дотор хэсэгт нь ягаан, гадна зах хэсгээр хөхөрсөн шархтай байсан. Түүнээс өөр зүйл харагдаагүй. Мөнх-Эрдэнэ хэд хоногийн өмнө ажлын хүмүүстэй архи ууж байгаад зодолдсон гэж тэр шархныхаа талаар надад тайлбарласан...” /1хх-150-151/,

“... Маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Даваа гаригт бүтэн өдрийн турш Мөнх-Эрдэнэ бид хоёр гадуур ажил хөөцөлдөж явсан. Орой 20-21 цагийн үед Мөнх-Эрдэнэ бид хоёр Лхагвацэрэн рүү залгаж дуудаад бид хамт “Дэлгэрэх” нэртэй караокед дахин орж пиво аваад дуу дуулаад сууж байхад Лхагвацэрэнгийн утас дугараад Лхагвацэрэн бид хоёрын дэргэд утсаар ярьсан. Цаана ярьж байгаа хүний яриа сонсогдохгүй байгаа бололтой Лхагвацэрэн утсаа салгаад цагдаа байна гээд хүн залгаад байна хэн нь тоглоод байгаа юм бол оо, би 00 ороод яриад ирье гээд явсан ба нэг их удалгүй Лхагвацэрэн буцаж ирээд цагдаа байна гээд байх юм, нэг нь тоглоод байх шиг байна гэж ярьж байтал Мөнх-Эрдэнэ энэ яриа болсноос хойш 1-2 минут болоод алга болсон. Лхагвацэрэн анх бидний дэргэд цагдаа байна гээд байх юм гэхэд Мөнх-Эрдэнэ царай нь их сонин болоод дуугүй болсон ба тогтож сууж чадахгүй байсан ба гэнэт алга болсон, явлаа гэдгээ ч хэлээгүй. Тухайн үед би гайхаад архи уугаагүй байж ийм хурдан согтоно гэж байхгүй дээ гэж бодож байсан. Ингээд Лхагвацэрэн бид хоёр баарнаас гараад манай хадам ах Халзангийн гэрт очиж дахин нэг шил пиво уугаад манай гэрт очиж хоносон...” /1хх-152-153/,

“... Мөнх-Эрдэнэ бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ням гаригийн 20 цагийн үед уулзаад хэдэн пиво ууж байгаад шөнө 01 цагийн үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 6-30 тоотод очиж хоноод маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өдөржин бид хоёр хамт байж байгаад Ихбаяр гэдэг хүнтэй уулзаад 1 шил архи хувааж уугаад тэр хүнээс 15 цагийн үед салаад Мөнх-Эрдэнэ бид хоёр Зүүн салаа орж манай гэрийн ойролцоо байх бааранд Лхагвацэрэн бид 3 орж пиво ууж байгаад цагдаа утсаар ярьснаас хойш Мөнх-Эрдэнэ гэнэт алга болчихсон. Тэгээд дахин түүнтэй уулзаагүй...” /4хх-32-33/,

“... Д.Мөнх-Эрдэнийн эцэг, эх, дүү нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт ирээд “чи мэдүүлгээ 24 цагаар ухрааж өг, 1 дэх өдрийн асуудлыг бүтэн сайн өдөр болсон гэж хэл, чамаас болж миний хүү зовж байна” гээд байсан. тэгэхээр нь би “үгүй, болсон юмыг болсноор нь хэлнэ, би хуулийн өмнө худлаа хэлж чадахгүй” гэсэн чинь “чиний мэдүүлэг л зөрөөд байна. Ихбаяр, Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг яг ижилхэн таараад байгаа. Чи мэдүүлгээ 24 цагаар ухраагаад  өөрчлөөд өгчихвөл манай хүү гарах гээд байна. хамт явснаараа чи л гэрч болоод байна гээд намайг баахан дарамталсан. Намайг бараг зодох нь холгүй байсан. Миний хүү гарч ирвэл чамайг ална гэх зэргээр дарамталсан. Тэр үед манай хадам аав Батсүх, хадам ээж Бадлай, эхнэр Сарангэрэл нар хамт байж байгаад салгаж явуулсан. Тэрнээс өмнө 8 дугаар сард Хархорин зах дээр эхнэртэйгээ явж байхад Дэмбэрэлжав, эхнэр, бага хүүхэдтэйгээ явж байгаад тааралдаад “чи мэдүүлгээ өөрчилж өг, чамд ерөөсөө асуудал байхгүй, чи өөрөө айгаад байна, цагдаа нар намайг зодсон, тэгээд би айж сандарсандаа худлаа мэдүүлэг өгсөн гэж хэл, чамайг 30 гаран насны, чиний үеийн хүүхэн асууна, асуухаар нь тэгсэн гэж хэлээрэй” гэхээр нь би буруу мэдүүлэг өгвөл өөрөө баларна” гэж хэлсэн...” /4хх-203-206/, 

Гэрч Б.Оюунзаяагийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу ням гаригт 11-12 цагийн үед намайг дэлгүүртэй ганцаараа байхад Баяраа, Энхболд нар орж ирээд Энхболд 3 ширхэг, 20.000 дэвсгэрт гаргаж ирээд 0.75 литрийн хэмжээтэй “Вива” нэртэй архи 1 шил, лаазтай пепси ундаа 3 ширхэг, зайрмаг зэргийг авч нийт 40 гаруй мянган төгрөгөөр юм авсан. Харин үүний дараа 15 цагийн үед шиг санагдаж байна. Энхболд өөр нэг залуугийн хамт орж ирээд нэг шил архи зээлээч гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгээд Энхболд нөгөө залуугаа дагуулаад гараад явсан. Тэгээд дахиж орж ирээгүй. Харин сүүлд цагдаа нартай орж ирдэг Мөнх-Эрдэнэ гэх залууг би олон удаа харж байгаагүй, гэхдээ хааяа нэг орж ирдэг байсан. Манай дэлгүүрээс 0.33 граммын “Стандарт” нэртэй архи нэг шилийг авсан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Даваа гаригт надад хойд дэлгүүрийн бичлэг үзүүүлээд энэ бичлэгт байгаа залууг таних уу, хаана байдаг хүн бэ гэж асуухад Мөнх-Эрдэнийн бичлэг байсан тэгээд би өөрийн мэдэх зүйлээ хэлээд явуулсан...” /1хх-157-158/,

Гэрч О.Сүхбатын “... 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бямба гариг байсан, би өглөө 07 цаг өнгөрч байхад дэлгүүрээ нээгээд ганцаараа сууж байтал, 08 цаг 30 минутын үед Мөнх-Эрдэнэ ганцаараа манай дэлгүүрт орж ирсэн. Энэ үедээ саравчтай хар малгай, хүрэн өнгийн цээжин хэсэгт хөндлөн цагаан өнгийн өргөн судалтай куртик, цэнхэр жинсэн өмд өмссөн байсан ба 1.200 төгрөг гаргаж ирээд 300 төгрөгийг нь дараа өгье нэг пиво өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд тэр надаас зээлчээч би дараа мөнгийг нь найдвартай өгнө гээд гуйгаад зогсож байхад манай дэлгүүрт хааяа орж ирдэг 30 гаруй насны махлагдуу бор эгч, бага хүүхдийнхээ хамт орж ирсэн. Тэгээд манай дэлгүүрээс 1 кг боорцог, 0.5 литрийн Хараа нэртэй архи, тамхи зэргийг аваад надад 20.000 төгрөг өгөхөөр нь би хариултыг нь өгсөн. Гэтэл тэр эмэгтэй манай дэлгүүрт зогсож байсан Мөнх-Эрдэнийг хараад танайх хаана байдаг бэ, 19 тоотод байдаг билүү гэх зэргээр яриа өдөөд тэгээд эрэгтэй нь би танай хөрш гэх зэргээр хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад хамт гарч явсан ...” /1хх-160-161/,

Гэрч Д.Гантөмөрийн “...2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед манай караокед Мөнх-Эрдэнэ нэг залуугийн хамт орж ирээд хоёр пиво аваад тус бүр нэг нэгийг уугаад тооцоогоо тэр доор нь хийгээд дахин хоёр пиво авсан. Хамт явсан залуу нь ганцаараа хоёуланг нь уусан. Харин Мөнх-Эрдэнэ гэдэг нь ширээн дээрээ тогтож суухгүй заал руу хараад хүн бүрийг ажиглаад өөр ширээн дээр хосоороо сууж байсан хүмүүсийн эрэгтэй нь 00 орох хооронд эмэгтэй дээр нь очиж яриа өдөөд хоргоогоод байсан ба миний харснаар хоёр ширээн дээр очиж хүмүүсийг хоргоогоод байхаар нь би очиж ширээн дээрээ суу, битгий хүн үймүүлээд бай гэж хэлэхэд ямар нэг зүйл хэлээгүй ширээн дээрээ очиж суусан. Гэтэл энэ хооронд Мөнх-Эрдэнэтэй хамт явж байсан залуу 2 пивоны тооцоо хийхгүй гараад явсан байхаар нь би Мөнх-Эрдэнэ дээр очиж танай хамт явсан залуу тооцоогоо хийхгүй гараад явчихлаа гэхэд би тэр залуутай хамт яваагүй. Зүгээр энд сууж байсан гээд байхаар нь би эргэлзээд нээрээ тэр залуу ганцаараа пиво уугаад байсан гэж бодоод Мөнх-Эрдэнийг чи наанаа хүлээж бай гэж хэлээд гал тогооны цонхоор очиж харахад нөгөө залуу ард талын гудамж дагуу явж байхаар нь би хойноос нь очиж тэр залуугаас тооцоогоо нэхэж авсан. Энэ үед нөгөө залуу араас хүрч ирээд тэд нийлээд цааш явсан...” /1хх-162/,

Гэрч С.Энхболдын “...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Хэнтий аймгаас ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай гэрт Баяраа эхнэр хүүхдийн хамт ирсэн байхаар нь би Баяраагийн хамт 23 цаг өнгөрч байхад гараад шууд Энхтуяагийн гэр рүү явсан. Биднийг очиход Энхтуяа согтуу унтаж байсан. Харин том хүү Анхбаяр дүү Номингийн хамт кино үзээд сууж байсан тул Баяраа бид хоёр хамт гарч нэрийг нь мэдэхгүй дэгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 2 шил, бэлэн хоол, талх зэргийг аваад 00 цаг өнгөрч байхад Энхтуяагийн гэрт орсон. Биднийг ороход Энхтуяа бас л сэрээгүй байсан тул Баяраа бид хоёр нэг шил архиа тал хүртэл нь уугаад сууж байхад Баяраагийн эхнэр залгаад Баяраа явсан. Харин би Энхтуягийн гэрт нэг шил архийг ууж дуусгаад дахин нэг шилийг нь задлаад ууж байгаад унтчихсан байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед сэрэхэд Энхтуяа босчихсон чиний урьд орой уугаад үлдээсэн архийг уучихсан гэж хэлсэн. Тэгээд би босоод өөрийн гэрт ирээд унтах гэж хэсэг хэвтэж байхад манай төрсөн дүү Сайнжаргал орж ирээд “Энхтуяа эгч таныг дуудаж байна” гэхээр нь би босоод хашаа даваад Энхтуяаг дуудахад гэрээсээ гарч ирээд “би өчигдөр уусан, шартаад байна, нэг шил архи аваад өгөөч” гэсэн тул би босоод Баяраагийн хамт 11 цагийн үед “Баян зүүнсалаа” дэлгүүр орж 0,75 литрийн “Вива” архи нэг шил, лаазтай ундаа зэргийг аваад гарч явахад Баяраагийн эхнэр дахин залгаад Баяраа манай гэр рүү харин би ганцаараа Энхтуяагийн гэрт ирсэн. Тэгээд бид хоёр архи задалж ууж байхдаа Наранхүү, Зоригтбаатар нар руу залгаж дуудсан. Гэтэл Зоригтбаатар 11 цаг 20 минутын үед орж ирсэн. Харин араас нь нэг их удалгүй Наранхүү орж ирсэн. Тэгээд бид хамт сууж байхад Зоригтбаатар байшин барьж байгаа гээд удалгүй буцаад явсан. Харин Наранхүү Энхтуяа бид гурав нөгөө архиа ууж дуусгаад 12 цагийн үед Наранхүү бид хоёр гараад дэлгүүр явах гэж байхад манай дүү Эрдэнэтуяа такси бариад гэрийн гадаа бууж байхаар нь Наранхүү бид хоёр таксийг аваад гудамжаар дээш өгсөөд явж байхад Анхаа гэх залуу таарсан. Анхаа хүүхдээ хүргэж өгөх гээд явж байна гэхээр нь хамт хүүхдийг нь хүргэж өгье гээд машинд суулгаад бид хамт шаттай дэлгүүр орж 0.75 литрийн нэг шил архи ундаа, хиам зэргийг аваад Анхааг хүүхдийнх нь хамт Баянхошууны эцсийн буудал дээр буулгаад буцаж нөгөө машинтайгаа Наранхүү бид хоёр шаттай дэлгүүр дээр очоод машинаа явуулчихаад Түвшинтөгстэй таараад гудамжинд зогсож байгаад Түвшинтөгс, Наранхүү, өөр хоёр танихгүй хүний хамт архиа хувааж уусан. Энэ үед цаг хэд болсон байхыг би ёстой санахгүй байна. Нэг их орой болоогүй 12 цаг өнгөрч байсан байх. Бид архи ууж дуусгаад Түвшинтөгс, Наранхүү бид гурав дэлгүүрээс дахин нэг шил архи аваад Наранхүүгийн гэр лүү явсан. Би энэ үед нилээн согтсон байсан тул хаагуур яаж явсан гэдгээ мэдэхгүй байгаа. Миний санаж байгаа зүйл гэвэл Наранхүүгийн хашаанд гэрийнх нь хаяанд архи уугаад сууж байсан ба намайг сэрэх үед Түвшинтөгс лав байсан. Би нилээн согтсон байсан тул нэг хэсэг юу болсныг санахгүй байгаа. Харин сүүлд Түвшинтөгсийн ярьж байгаагаар Наранхүүгийн гэрээс гараад бид хоёр хамт дэлгүүр орохоор явж байгаад Сахъяатай таараад бид гурав хамт архи аваад Энхтуяагийн гэрт Түвшинтөгс, Сахъяа бид гурав ороход Энхтуяа орон дээрээ хамраас нь цус гарсан хэвтэж байхаар нь бид нар буцаж гараад Наранхүүгийн хашаанд архи уусан байсан. Би энэ үйл явдлыг огт санахгүй байгаа. Би цагдаа ирсэн байхад ухаан орсон түүнээс өмнө хаана байсан гэдгийг огт санахгүй байна...” /1хх-163-165/,

Гэрч П.Баяраагийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Энхтуяатай огт таараагүй, уулзаагүй, харин хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 10-ны орой би эхнэр хүүхдийн хамт Энхболдын гэрт хонохоор ирсэн байхад Энхболд орой 23 цаг өнгөрч байхад Хэнтий аймгаас ирээд бид хамт гарч дэлгүүр орж 0.5 литрийн хараа нэртэй архи хоёр шил, бэлэн гоймон, ундаа зэргийг аваад Энхтуяагийн гэрт ирсэн. Биднийг Энхтуяагийн гэрт ороход хүү Анхаа, бага охиныхоо хамт байсан. Энхтуяа цаад өрөөндөө унтаж байсан. Харин Энхболд бид хоёр наана нь үүдний өрөөнд зурагт үзэж сууж байгаад нэг шил архийг нь хувааж уусан. Энэ үед манай эхнэр дуудаад байсан тул, би 00 цаг өнгөрч байхад Энхболдын гэр рүү явсан. Энхболд Энхтуяагийн гэрт үлдсэн, би түүнээс хойш Энхтуяатай уулзаагүй, гэрт нь ороогүй. Харин 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед Энхболд гэртээ ирсэн. Би Мөнх-Эрдэнэ гэх хүний талаар мэдэхгүй. Харин бид энэ хэрэгт холбогдож шалгагдаж байхад Сахъяа Энхтуяагийн гэр рүү явж байхад хашааны хойд талд Мөнх-Эрдэнэ гэх залуу бөөлжөөд сууж байсан гэсэн. Гэхдээ энэ яриа бид нарыг хоригдоод гарч ирсний дараа болсон юм...” /1хх-166-167/,

Гэрч Н.Наранхүүгийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ням гаригт би өглөө хоёр хүүхдийн хамт гэртээ байж байтал 11 цагийн үед Энхболд над руу залгаад чи Ганбатын гэрт ороод ирээч би ирсэн байна гэхээр нь би Энхтуяагийн гэрт орсон. Намайг гэрт нь ороход Зоригтбаатар, Энхтуяа нар 0.75 литрийн “Вива” нэртэй архи нэг шилийг задлаад дундаас дээш хүртэл уусан байхаар нь би хамт суугаад архи уусан. Архи ууж байхдаа би Өмнөговь аймаг руу хамт явж ачааны машин барих талаар ярилцсан ба харин Энхтуяа, Зоригтбаатар нар хоорондоо ойр зуурын зүйл яриад сууж байсан. Тэгээд архи дуусааүй байхад Зоригтбаатар 11 цаг 40 минутын орчим гарч яваад Энхтуяа, Энхболд бид гурав гэрт үлдсэн. Энэ үед Энхтуяа эгч одоо архи уухгүй гээд больсон тул Энхболд бид хоёр үлдсэн архийг нь ууж дуусгаад 12 цаг болж байхад би эхлээд гараад гэр рүүгээ орохоор хашаа давж байхад Энхболд ах араас гарч ирээд бид хамт манай гэрт орж хоёр хүүхдээ хараад гайгүй байхаар нь буцаад Энхболд ахын хамт гарч явсан. Биднийг гарахад Энхболд ахын дүү Эрдэнэтуяа такси бариад гадаа ирсэн байсан тул бид хоёр таксинд суугаад Завхан дэлгүүрт орж 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи нэг шил, том савтай пепси ундаа, хоёр хиам зэргийг аваад буцаж нөгөө таксиндаа суугаад Уулын 9-1 дүгээр гудамж орсон. Тэнд Түвшинтөгс буюу Шомбоохой болон түүний найз гэх залуу нартай таараад юм яриад зогсож байхад Анхаа гэдэг ах ирээд түүнийг Баянхошууны эцсийн буудал хүргэж өгсөн. Тэгээд буцаж ирэхэд Түвшинтөгс нөгөө залуугийнхаа хамт зогсож байхаар нь дэлгүүрээс авсан архиа гудамжинд хувааж уусан. Энэ үед ойролцоогоор 13 цаг өнгөрч байсан. Ингээд Түвшинтөгс, Энхболд бид гурав хамт хойшоо алхаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 9-11 тоотод байхад хашааны гадаа Түвшинтөгс, Энхболд нар үлдсэн харин би хиамаа хоёр хүүхэддээ аваачиж өгөхөөр гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд 14 цаг болж байсан. Үүнээс хойш нэг их удалгүй Түвшинтөгс, Энхболд, Сахъяа нар гаднаас орж ирсэн. Гаднаас нэг шил архитай орж ирээд тэр архийг нь манай хашаанд байх сандал дээр сууж байгаад бид дөрөв хувааж уусан. Архи дуусаад Түвшинтөгс, Сахъяа, Энхболд нар гарч явсан. Харин би гэртээ үлдсэн. Ингээд 15 цаг өнгөрч байтал хойд талын хашаанаас Энхболд, Түвшинтөгс, Сахъяа нар дуудаад намайг гарахад Энхболд чи ороод ир энд асуудал болсон байна, орж ирээд хараад өг гэхээр нь би хашаа даваад Энхтуяагийн хашаанд ороод байшинд ороход Энхтуяа байшин дотор баруун талын орон дээр дээш хараад хэвтсэн, өмд нь хагас шувтарсан, гуяны тал хэсэг гарсан хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би очиж биеийг нь барьж үзэхэд хөрсөн, бас хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь би нас барсан юм шиг байна гэж гараад 103-т дуудлага өгсөн. Энэ үед Энхтуяагийн 17 настай хүү Анхбаяр ирээд гэртээ орчихоод буцаж гарч ирээд бид нар руу дайраад хашгираад байсан. Энхтуяа архи их уудаг болохоор янз бүрийн хүмүүс тэднийхээр орж гардаг байсан. Яг тэр нь гэж хэлэх хүн санахгүй байна. Харин сүүлд Энхтуяаг эгч нас барахаас нэг хоногийн өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өглөө 10 цагийн үед бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн саравчтай малгайтай, 160-165 сантиметр орчим өндөр нуруутай, улаан бор гэх царайтай 27 орчим насны эрэгтэй Энхтуяагийн гэрт байсан. Тэр залуу цэнхэр тагтай хуванцар савтай айраг авчирсан байсан ба харин Энхтуяа эгч Наранхүү миний дүү наад залуугаа хөөгөөд гаргачих гэхээр нь би тэр залууд хандаж, хөгшөөн одоо ингээд явчих тэгэх үү гэхэд тэр залуу ямар нэг зүйл хэлэхгүй за гээд гараад явсан. Энэ залуу яагаад Энхтуяагийн гэрт байсан гэдгийг би мэдэхгүй, Энхтуяагаас ч тэр талаар асуугаагүй...” /1хх-168-169/,

Гэрч Ц.Зоригтбаатар “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ өнжсөн. Харин өглөө 11 цагийн үед худгаас ус авах гээд гээд худаг дээр байж байхад Энхболд залгаад Ганбат ахын гэрт байна хүрээд ир гэхээр нь би байшин бариад завгүй байна, харин чи завтай байгаа бол жоохон юм хийгээд өгчих гэхэд босож чадахгүй байна, харин чи хүрч ирээд авчих тэгээд хамт очоод юм хийе гэхээр нь явган яваад 11 цаг 15 минутын үед Ганбатын гэрт очсон. Намайг гэрт ороход Энхтуяа, Энхболд нар 0.75 литрийн “Вива” нэртэй архи, 3 лааз ундаа, тамхи зэргийг тавиад архи нь талаас бага зэрэг дээш хэмжээтэй уусан байхаар нь би буцаад гарах гэтэл 11 цаг 20 минутын үед Наранхүү гаднаас орж ирсэн. Тэгээд Энхболд надад архи хийгээд өгөхөөр нь би уухгүй гэхэд хөгшин нь маргааш 14 цагт Ховд руу онгоцоор гэр рүүгээ явлаа, чи суугаад ганц нэг татчихгүй гэж хэлсэн. Тэгээд би хоёр татаад 11 цаг 40 минутын үед Ганбат ахын гэрээс ганцаараа гарсан. Намайг гарахад Наранхүү, Энхтуяа, Энхболд нар архиа уугаад үлдсэн...” /1хх-170-172/,

Гэрч Т.Сахъяагийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ням гаригт 11 цаг өнгөрч байхад би гэрээсээ эхнэр хүүхдүүдийн хамт гарсан... Тэгээд 13 цаг өнгөрч байхад гэр лүүгээ буцаад явж байхад Энхболд залгаад Чех улс явлаа маргааш 04 цагт ниснэ, чи Энхтуяагийн гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд гэр лүүгээ явж байх замд би найз Алтанхүүтэй таараад авч явсан зүйлсээ гэрт аваачиж тавьчихаад Алтанхүүгийн хамт гэрээсээ гарч 14 цаг өнгөрч байхад би ганцаараа Энхболдтой уулзахаар явсан... Ингээд автобусны буудал дээр буугаад Энхболдын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь Энхтуяагийн гэр рүү очиход Энхтуяагийн гэрт хүн байгаагүй. Харин Энхтуяа байшингийнхаа баруун талын орон дээр дээш харсан хэвтэж байхаар нь үүдээр шагааж хараад буцаж гарч явсан. Намайг Энхтуяагийн хашааны хойд хаалгаар нь гараад жалга дагаад явж байхад жалганы ирмэг дээр буюу хүн явдаг зам дээр бор куртиктэй, куртикний арын хэсэгт хөндлөн судалтай, улаан гэхээр царайтай, намхан нуруутай 165-170 см орчим өндөртэй залуу тонгойгоод огиод сууж байхаар нь би нэг их ажиглаагүй хажуугаар нь гараад явсан. Ингээд би Энхтуяагийн гэрийн гудамжны баруун талаар урагш тойрон “Баялаг” дэлгүүрийн орчим явж байгаад Энхболд, Түвшинтөгс нартай таарсан ба надтай уулзах үед Энхболд, Түвшинтөгс нар архи уусан нилээн согтуу байсан. Биднийг уулзах үед 14 цаг 20 минутаас 14 цаг 30 минут болж байсан. Уулзаад Энхболд архи авна гээд зам хөндлөн гарч хоёр дугаар буудлыг замын баруун талын шаттай дэлгүүр рүү Энхболд ганцаараа орж удаагүй гарч ирэхдээ архи зээлээр өгөхгүй байна гээд гараад ирсэн. Тэгээд бид гурав зам дагж урагш явна, өөр нэг дэлгүүрт хамт орж нэг шил архи тамхи зэргийг авъя гэж лангуун дээр нь тавиулаад Энхболд түрүүвчнээсээ жолооны үнэмлэхийг гаргаж ирээд барьцаанд тавъя гэхэд худалдагч нь зөвшөөрөхгүй байсан тул би санаа зовоод дэлгүүрээс гарсан. Харин Энхболд Түвшинтөгс нар дэлгүүрт үлдсэн ба араас гарч ирэхдээ архи, тамхи авсан байсан. Тэгээд Энхболд гарч ирээд хэдүүлээ Ганбаа, Энхтуяа нарын гэрт очиж ууя гээд бид гурав хамт Энхтуяагийн гэрт очиход өмнө нь намайг орох үед Энхтуяа яаж хэвтэж байсан яг тэр хэвээр хэвтэж байсан. Тэгээд бид гурав гараад урд талын хашааг даваад Наранхүүгийн хашаанд орсон ба Наранхүү гэрээс гарч ирээд бид дөрөв Наранхүүгийн хашаанд архиа уусан. Бид архи ууж байхад Наранхүү, Энхболд хоёр хоорондоо Өмнөговь явж уурхайд нүүрс зөөдөг том тэрэг барина гэж яриад байхаар нь би Наранхүүгээс Энхтуяа яасан юм бэ, их сонин болсон байна шүү дээ гэж хэлэхэд Наранхүү би яаж мэдэх вэ дээ өмнө нь хоёроос гурван удаа ийм болсон байсан. Би нээх их тоодоггүй шүү дээ гээд уг нь Ганбаа ах их сайн хүн, харин эхнэр Энхтуяа нь даанч арчаагүй, та хүртэл мэдэж байгаа биз дээ Энхтуяагийн тогийг би таслаад түүнээс болж та надад агсам тавьсан биз дээ гээд Энхболдтой яриад байсан. Биднийг архи уугаад сууж байхад Наранхүүгийн утас дугарахад Наранхүү утсаа аваад нэг хүнтэй ярихад ээж нь архи уусан согтуу унтаж байна гэж хэлэхэд Энхболд хажуунаас нь наадахаа гэртээ ир гэж хэл гэхэд цаад хүн нь утсаа салгасан. Тухайн үед Энхтуяагийн охин Наранхүү рүү залгасан гэж ойлгосон. Ингээд бид архиа ууж дуусаад 15 цаг өнгөрч байхад Наранхүүгийн хашаанаас гараад Энхболд Түвшинтөгс бид гурав хамт явж байхад Энхболд архи уумаар байна гээд байхаар нь би өөрт байсан 10.000 төгрөгөө Энхболдод өгөөд чи архи авна уу, пиво авна уу өөрөө мэд, харин надад 500 төгрөг өг гээд 500 төгрөг авч үлдсэн. Түвшинтөгс “Баялаг” дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил архи, нэг ундаа аваад Энхболд одоо Энхтуяа эгч сэргэж байгаа байлгүй гээд Түвшинтөгс, Энхболд бид гурав Энхтуяа эгчийн гэрт ороход биднийг өмнө нь ирэхэд ямар байсан яг түүн шигээ хэвтэж байхаар нь Энхболд очиж хүүе энэ чинь яагаа вэ гээд нэрээр нь дуудаад хувцснаас нь татахад сэрэхгүй байсан ба Энхболд арай үхчихсэн юм биш биз дээ Наранхүүг дуудъя гээд бид хамт гэрээс гараад Наранхүүг дуудахад Наранхүү Энхтуяагийн гэрт ороод Энхтуяаг дуудаад гэдэс дээр нь дарж үзээд их эвгүй үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид гараад Наранхүү 103-т дуудлага өгсөн...” /1хх-173-174/,

Гэрч Э.Түвшинтөгсийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 09 цагт гэрээсээ гарч 3 дугаар хорооллын эцсийн буудалд байрлах ажил дээрээ ирсэн. Энэ өдөр ажил бага байсан учир би 12 цагийн үед гараад буцаад Баянхошуу явсан. Баянхошуун дээр Монх, Ууганаа нартай уулзаад бид гурав архи ууя гээд хайсан боловч мөнгө олдоогүй тул тараад гэр гэр лүүгээ явсан. Харин би дэлгүүрийн үүдэнд зогсож байхад Энхболд, Наранхүү нар машинтай явж байгаатай таарсан. Бид хамт дэлгүүрээс архи аваад хуучнаар бөөний бараа баазын гудамжний үзүүрт Наранхүү, Энхболд, өөр нэг танихгүй хоёр ах нарын хамт нэг шил архи хувааж уугаад Энхболд дахин нэг шил архи авъя гээд бид хамт Энхболдын гэр рүү явсан. Гэтэл замд Энхболдын дүү таарсан тул Наранхүү дүүтэй нь таарахгүй хэрүүл болно гээд гэр лүүгээ салаад явсан. Харин Энхболд бид хоёр Энхболдын гэрт очиж 30 орчим минут суусан ба энэ үед 12 цаг болж байсан байх. Ингээд Энхболдын гэрт сууж байхад Энхболд хоёулаа гарч ганц шил архи олж ууя, иргэний үнэмлэхээ тавъя гээд гарсан ба энэ үед цаг 12 өнгөрч байсан байх, би цаг хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр “Баян зүүнсалаа” гэх хүнсний дэлгүүрт очиход иргэний үнэмлэхээр архи өгөхгүй гээд байхаар нь бид хоёр хойшоо явж байгаад Энхтуяагийн гэрийн баруун талын гудамжны үзүүрт Сахъяатай таарсан. Сахъяа би та нарыг хайж Энхтуяагийн гэрт орлоо Энхтуяа согтуу хамраас нь цус гарсан орон дээрээ унтаж байна. Нөхөр нь зодсон юм байхдаа хашааных нь гадаа нэг залуу бөөлжөөд сууж байна, та нар хамт яваа юм уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамт нэрийг нь мэдэхгүй дэлгүүр ороод Энхболд халаасаа ухаж байгаад 10.000 төгрөг гаргаж ирээд нэг шил архи авсан. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Ойролцоогоор 13 цагийн үед гэж бодож байна. Ингээд бид гурав архиа аваад Энхтуяагийн гэрт очиход Энхтуяа гэрийнхээ жижиг өрөөнд баруун гар талын орон дээр дээшээ хараад хэвтсэн, өмд нь гуяны дээд хэсгээрээ үл ялих доош шувтарсан байдалтай хэвтэж байхаар нь би ойртож харахад нүүр нь цус болсон байхаар нь ийм газар яаж уух юм бэ, гарч ууя гээд бид нар байшингаас нь гараад Наранхүүгийн хашаанд орж архиа уусан ба ууж дуусаж байхад Наранхүү гэртээ үлдээд Сахъяа, Энхболд бид гурав гарч гудамжны үзүүрийн дэлгүүрээс Сахъяа мөнгөөрөө нэг шил архи авч буцаж Энхтуяагийн гэрт ороход биднийг өмнө ороход ямар байсан яг тэр хэвээрээ байхаар нь ер нь энд уугаад яах юм гадаа гарч ууя гэхэд Сахъяа бид хоёр гараад Энхболд үлдсэн ба Энхболд араас гарч ирэхдээ Энхтуяа нэг сонин болсон амьсгалахгүй байна гэхээр нь орж Энхтуяаг харсан чинь ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь гараад хүүхдүүдийг нь дуудъя гээд хүүхдийнх нь найз гэх банди Энхболдын гэрт байхаар нь Анхааг дуудаад ир гэсэн. Тэгээд Наранхүүг гэрээс нь дуудаад хэлэхэд Наранхүү 103-т дуудлага өгсөн. Харин энэ үед хүүхэд нь ирээд та нар манай ээжийг аллаа гээд орилоод байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд эмч нь нас барсан байна гэж хэлсэн ...” /1хх-175-177/,

Гэрч Д.Мөнх-Оргилын “... Д.Мөнх-Эрдэнэ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед Зүүн салааны Уулын 09-15 тоот гэртээ ирсэн. Тэгэхэд нь би Мөнх-Эрдэнэтэй уулзсан. Д.Мөнх-Эрдэнэ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирж хоноогүй...” /1хх-181-182/,

Гэрч Д.Мөнхсайханы “...2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 11 цаг өнгөрч байхад би Баянхошууны эцсийн буудал орж үсээ засуулаад 12 цаг болж байхад гэртээ иртэл Мөнх-Эрдэнэ ах байхгүй байсан, манай эгч Мөнх-Өлзий, Мөнх-Эрдэнэ ахыг ажилдаа явсан гэж хэлсэн. Манай ах ер нь байнга хар хөх өнгийн саравчтай малгай, цээжээрээ хөндлөн цагаан оруулгатай хүрэн өнгийн куртик, хүрэн өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд, хар улаан алаг өнгийн “Addidas” пүүз өмсөж явдаг. Гэхдээ тухайн өдөр Мөнх-Эрдэнэ ахыг гэрээсээ гарахад би байгаагүй болохоор ямар хувцастай гарсныг мэдээгүй. Тэр өдөр Мөнх-Эрдэнэ ах гэртээ ирж хоноогүй. Уг нь Мөнх-Эрдэнэ ах гэртээ хонохгүй байсан удаа байхгүй, согтуу байсан ч гэсэн гэртээ ирж хонодог. Би 2015 оны 10 дугаар сарын 11-ний орой хичээлдээ явах хувцсаа бэлдэж байтал миний өмсдөг хар өнгийн савхин куртик байхгүй байсан. Тэрийг өмсөж явсан байх. Манай аав, ээж хоёр 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хөдөөнөөс ирчихээд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буцаж явсан. Ирэхдээ хөдөөнөөс айраг авч ирсэн байсан. Мөнх-Эрдэнэ ахыг айраг авч явсан эсэхийг мэдэхгүй байна...” /1хх-183-184/, 

Гэрч Т.Энхтүвшингийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Баяраа ах, Бариа эгч, Эрдэнэтуяа нарын хамт тойрог орох гээд 9 дүгээр гудамжинд явж байгаад Энхболд, Шомбоохой, Зоригтбаатар нартай таарсан...” /1хх-190-191/,

Гэрч Ж.Анхбаярын “... Би 104 дүгээр сургуулиас хүүхдээ аваад явж байгаад зүүн салааны 1 дүгээр автобусны буудал дээр Энхболд, Наранхүү хоёртой таарсан. Энэ хоёр машинтай явж байсан. Тэгээд би тэр машинд суугаад Баянхошууны шинэ эцсийн буудал дээр буусан. Манай хүүхэд 12 цагт сургуулиасаа гарсан гэхээр 12-13 цагийн хооронд би Энхболд, Наранхүү нартай тааралдсан юм...” /1хх-193/,

Гэрч Ч.Амартүвшингийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өвчтөн дээшээ харсан байдалтай, хамраас нь цус гарч хавдсан, хоолой нь юугаар байсныг санахгүй байна, боолтын байдалтай байсан. Үзэхэд нас барсан байсныг тодорхойлж цагдаад бичиг хийж өгсөн. Намайг очиж үзэхэд нас бараад удаагүй, хөшилт доод эрүүнд үүсэж эхэлсэн, хүүрийн толбо ар нуруугаар нь үүсэж эхэлсэн, гарыг нь хөдөлгөхөд чөлөөтэй хөдөлж байсан. тэгэхээр нас бараад 20-30 минут болж байсан байх. Бид тухайн айлд 16 цаг 15 минутад очсон...” /4хх-218-219/,

Шинжээч Б.Долгормаагийн “... 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 00 цаг 30 минутад шүүх эмнэлгийн цогцосын гадна үзлэг хийхэд 10-12 цаг болсон байна гэж нэмэлт дүгнэлтэд тусгасан. Энэ нь шүүх эмнэлэг цогцосыг хүлээн авч, гадна үзлэг хийхдээ анхны үзсэн эмч тэмдэглэл хөтөлж, рапорт бичдэг. Рапортанд тэмдэглэснээр 10-12 цаг болсон байна гэж үзсэн байсан. Талийгаачийг нас барснаас хойш нилээн удсаны дараа цогцосны гадна үзлэг хийсэн учир нас барсан хугацаа зөрүүтэй гарч болно. Учир нь талийгаачийн нас барсан орчин, халуун хүйтэн байдал, мөн хэргийн газраас авч ирээд шүүх эмнэлгийн морогт хэр удаан байлгасан зэргээс хамаарч нас барсан хугацаа 1-2 цагийн зөрүүтэй гарсан байж болно. Яаралтай тусламжийн төвийн эмчийг очиход хүүрийн толбо ар нуруугаар нь үүсэж эхэлсэн, гарыг нь хөдөлгөхөд чөлөөтэй хөдөлж байсан гэснээс харахад талийгаач 103-ын эмчийг очиход нас бараад удаагүй буюу 30 минутаас 1 цаг орчим болсон байх боломжтой. Тэгэхээр талийгаач нь 14-16 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Хүний цус хамгийн хурдандаа ямар хэмжээгээр цус гарснаас хамаараад 30 минутаас 1 цагийн дотор хатна...” /4хх-221-222/,

Гэрч Б.Ихбаярын “... Би он, сар, өдрийг санахгүй байна Мөнх-Эрдэнийн гэрт хоночихоод өглөө 11 цагийн үед Мөнх-Эрдэнэтэй хамт Монлаагийн орчимд нэг айлд очоод Мөнх-Эрдэнэ дотогш ороод хамт ажилладаг хүнээсээ мөнгө аваад ирье гэсэн. Гарч ирэхдээ 20.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр мөнгөөр нь 0.33 граммын 1 шил архи аваад хувааж уусан. Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй уулзах ёстой гээд “Содон хороололд” очиход манай нутгийн Хишиг-Очир байсан. Тэндээсээ Хишиг-Очир хүнтэй уулзахаар, би хөдөө явах унаанд суухаар “Драгон” орсон ба Хишиг-Очирын уулзах хүнийг хүлээх зуур 1 шил, 0.5 граммын архи хувааж уусан. Тэгээд нөгөө хүн нь ирсэн гээд Мөнх-Эрдэнэ, Хишиг-Очир нар яваад, би “Драгон” дээр үлдсэн...” /4хх-31-32/,

“... Би он, сар, өдрөө санахгүй андуураад байсан ба Хишиг-Очирыг хэлэхээр санаж байна. Тэр өдөр Хархорин зах ажиллахгүй байсан. Би Хишиг-Очирт даавуу үзүүлсэн. Тэгэхээр Даваа гариг байсан юм байна...” /4хх-215-216/,

“... Миний өмнө өгсөн зарим мэдүүлгүүд буруу байсан байна. Жил гаран болчихсон асуудлыг мартаж санаад, хольж хутгаад байсан байна лээ. Хишиг-Очиртой нүүрэлдүүлэн байцаах үед түүнтэй ярилцаж байгаад болсон асуудлыг санасан....” /4хх-218/,

Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр өгсөн “... Би 2015 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Баян зүүн салаа нэртэй хүнсний дэлгүүрийн хойд тал байрлах ногоон өнгийн хүнсний дэлгүүрт ганцаараа очиж ундаа, архи аваад гэр лүүгээ харих гээд алхаж байтал үл таних эгч тааралдаад намайг Бамбуулайгийн хашаанд байдаг уу гэхээр нь би тийм гэтэл хоёулаа ганц юм хуваагаад уучих уу гэхээр нь би тэгье гэсэн чинь нөгөө эгч ногоон дэлгүүр рүү надтай хамт ороод 0.75 литрийн “Монгол Стандарт” нэртэй архи нэг шилийг аваад тэр эгчийн гэрт очиж уухаар болоод, жижиг өрөөнд нь сууж байгаад авсан архиа хувааж уугаад танилцсан. Би хөдөөнөөс айраг ирсэн гэсэн чинь эгч нь айрганд дуртай, эгчдээ айраг авчраад өгчих гэхээр нь би айраг авахаар гэртээ очиход манай гэрийнхэн бүгд байхаар нь 5 литрийн элсэн чихэрийн савтай айргийг нууцаар авч гараад Энхтуяа эгчийн гэрт очиход Энхтуяа эгч охин, мөн үл таних 25-30 орчим насны нимгэн бараан өнгийн куртик өмссөн залуутай юм яриад сууж байсан. Би гэрт нь ороод “Энхтуяа эгчээ айраг уу” гэхэд “за баярлалаа наанаа тавчих” гэж хэлэхээр нь би жижиг өрөөнд нь оруулаад зуухны хажуу талд нь тавихад үл таних ах “чи одоо яв” гэхээр нь би “за” гээд 11 цаг өнгөрөөд 12 цаг дөхөж байхад тэдний гэрээс ганцаараа гарч явсан. Ингээд Хишиг-Очир руу залгаад түүнийг хуучин эцсийн буудал дээр хүрээд ир гэж хэлчихээд Баянхошууны тойргийн цагдаагийн постны ар талын хүнсний дэлгүүрийн үүдэнд суугаад хүлээж байхад ойролцоогоор 20 орчим минутын дараа Хишиг-Очир цагаан өнгийн “Пронтер” загварын автомашинтай ирсэн. Тэгээд бид 2 “Баян зүүнсалаа” нэртэй дэлгүүрийн ард байрлах супермаркетаас хоёр шил пиво аваад машин дотор нь сууж юм ярьж байхдаа “хөгшин нь өглөө дэлгүүр орж байгаад гэрийнхээ ойролцоо байдаг нэг эгчтэй танилцаад тэр эгчтэй хамт архи уучихаад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уг газарт юм ярьж сууж байгаад 17-18 цагийн үед байх Мон Лаагийн гудамж руу очоод Хишиг-Очир уг газар хонь зарж байсан дүүдээ машнаа өгчихөөд бид хоёр алхаад тойргийн урд талд байрлах “Гарьд” нэртэй бааранд 17 цагийн үед ороод архи, пиво аваад уугаад байсан. Гэхдээ хэдэн шил авсныг нь санахгүй байна. Тэгэж байгаад бид хоёр шөнийн 00 цагийн үед Хишиг-Очир тооцоогоо хийгээд бид хоёр тойрог дээрээс такси бариад бид хоёр Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр байрлах кафе гэсэн бичигтэй газар ороод дахин архи, пиво авч уусан. Тэгээд би согтоод тасарчихсан байсан. Маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед сэрэхэд Хишиг-Очирын гэрт сэрсэн. Намайг урьд шөнө согтоод тасарчихаар нь Хишиг-Очир гэртээ дагуулж ирсэн юм байна лээ. Хишиг-Очир бид хоёр босоод гэрээс 09 цаг өнгөрч байхад гараад Хишиг-Очир 21 дүгээр хороолол орж хүнтэй уулзана гэхээр нь би тойрог орж Ихбаяр гэх ахтай тааралдсан чинь дотор муу байна гэхээр нь тойргийн дэлгүүрээс 0.2 граммын архи хоёр шилийг аваад тэрийгээ уугаад сууж байтал Хишиг-Очир 11 цагийн үед ирсэн санагдаж байна. Тэгээд Хишиг-Очиртой тойргийн дэлгүүрээс хоёр шил пиво аваад уусан чинь Хишиг-Очир ажилтай гээд явахаар нь би ганцаараа гэр лүүгээ харьсан. Тэгээд удахгүй буцаж гараад хуучин эцсийн буудал руу алхаж явсан чинь танихгүй хүн гудамжны үзүүрт суучихсан ахдаа ганц юм байна уу, ах нь үхлээ гэж хэлэхээр нь би ногоон дэлгүүр орж 0.75 литрийн “Монгол Стандарт” архи худалдан авч нөгөө ахтай гудамжны үзүүрт хувааж уугаад юм ярилцсан. Тэгээд давраад дахин дэлгүүр орж 0.33 граммын “Монгол Стандарт” архи авч түүнийгээ нөгөө ахтай бас хувааж уугаад буцаж гэр лүүгээ орсон. Тэгээд буцаж гараад Энхтуяа эгчийн гэрт очмоор санагдаад ганцаараа яваад ортол өдрийн 13 цаг болж байсан санагдаж байна. Энхтуяа эгч том өрөөнийхөө жижиг сандал дээр сууж байхаар нь мэндлээд юм ярилцаж байгаад архи ууснаасаа болоод хэсэг хугацаанд манарсан юм. Тэгээд Энхтуяа эгчтэй унтаж хэвтэх юм ярьж уурыг нь хүргэсэн чинь сууж байсан газраасаа босоод намайг яв гэж гэрээсээ хөөнгүүт нь зүгээр зогсож байгаад Энхтуяа эгчийн жижиг өрөө рүү оронгуут нь араас нь очиж том өрөөний газар байсан уяаг авч араас нь очиж хоолойг нь боож татаж унагаад эргэж харалгүй гэрээс нь гарч гүйгээд гэртээ харьсан. Тэгээд гадуур өмсөж явсан бор өнгийн хоёр канттай куртик, улаан өнгийн пүүзээ тайлаад өөр хар өнгийн мөр дээрээ зураастай куртик, хар өнгийн үдээстэй пүүзээр сольж өмсөөд гарч Хишиг-Очиртой уулзаад дахин нэрийг нь мэдэхгүй Зүүн салааны хуучин эцсийн буудлын хажуугийн бааранд орж нэг шил архи, пиво аваад тасарч унаад юу болсноо мэдэхгүй байна. Би бодохдоо архи ууснаасаа болоод эмэгтэй хүнтэй хурьцал үйлдэх бодол төрж танилцсан эгчийн гэрт очиж хурьцал үйлдэх гэж бодсон боловч бүтэхгүй болохоор нь боож алсан гэж бодож байна. Өөр бодол төрөхгүй байна. Би хоёр гартаа уяагаа чанга барьж байгаад хоолойг нь нэг ороогоод хүчтэй угзарч нэг татсан тэгээд хаясан юм. Би хашаанаас гараад зам руу чиглэн алхаж байтал огиод доошоо суугаад бөөлжих гэж оролдсон боловч бөөлжиж чадахгүй болохоор нь босож явсан. Би талийгаачийн бие рүү цохиж зодоогүй, зөвхөн хойноос нь боож газарт унагаж чирсэн. Тэгээд орон дээр унагаагаад гарч зугтаасан. Би ямар нэгэн зорилго агуулж худлаа ярихыг хүсэхгүй байна. Би тэр хүнийг боож алсан нь үнэн. Гэхдээ согтуу байсан болохоор цохиж, зодсон талаараа мэдэхгүй байна. Би их сандарсан байсан. Дээр нь архи их уусан байсан ...” /3хх-16-17/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уруулын шарх, хүзүү, хамрын нуруу, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэний зулгаралт, хүзүү, уруул, баруун, зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй байна. Дээрх гэмтлүүд талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 5.2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлтэд хамаарна. Талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй. Талийгаачийн үтрээ болон ануснаас үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй...” гэх 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1807 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-232-234/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачийн биед учирсан дээд уруулын дунд хэсгийн дотор салстад 0.5*0.5 см ангайж хонхойсон шархтай, шархны эргэн тойрон хөх цус хуралттай, доод уруулын дунд хэсгийн салстад хөх цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай. Хамрын нурууны дунд хэсэгт 0.5*0.4 см, 1.5*0.5 см, зүүн шууны дотор доод хэсэгт 1.2*0.4 см улаан хүрэн зулгаралттай, баруун бугалганы дотор доод хэсэгт 2*1 см, зүүн бугалганы дотор дунд хэсэгт 1.5*1.5 см хөхөлбөр ягаан цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба зүүн шилбэний ар дунд хэсэгт 5.5*3 см, 3*2 см хөхөлбөр хүрэн, захаараа шаргал туяатай хуучин цус хуралт, баруун өвдөгний гадна дунд хэсэгт 0.7*0.8 см, баруун шилбэний урд дунд хэсэгт 2*0.5 см зузаан тав бүхий зах ирмэг цайж хууларсан хуучин зулгаралт бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй өмнө нь үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь унах цохих үед аль алинд нь үүсэх боломжтой боловч унах, цохихын аль үйлчлэлд гэмтсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед учирсан хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь талийгаачийн хүзүү хоолойг боох үед үүсэх боломжтой...” гэх 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1029 тоот шинжээчийн дүгнэлт /4хх-36-38/,  

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Хохирогч Б.Энхтуяагийн хашааны арын хаалгаар орж байшинд нь ороход хохирогч Б.Энхтуяа том өрөөндөө түшлэгтэй сандал дээр сууж байсан тул би ороод дэргэд нь байх түшлэгтэй сандал дээр суусан. Тэгээд хохирогчтой юм ярьж байгаад хурьцал үйлдэх талаар хэлэхэд намайг гэрээсээ хөөсөн. Тэгээд өөрөө босоод жижиг өрөөндөө орох үед би араас нь очиж, газраас нарийн уяа аваад хохирогчийн араас хоолойг нь боогоод газар унахад нь гэрээс нь гарсан гэх тул сэжигтэн Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр хохирогч Б.Энхтуяагийн гэрт орж анх хаана суусан, нарийн уяа авсан газар, хохирогчийн араас хоолой боосон зэрэг газрыг дэс дарааллын дагуу гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа...” /1хх-98-102/, 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-23, 1хх-32-34, 1хх-43-44/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-24-31, 1хх-35-42, 1хх-45-48, 1хх-51-55/, цогцосны үзлэгийн тэмдэглэл /1хх-49-50/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-56-57/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-95-96/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-98-107/, камерын бичлэг хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-109-110/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-112-119/, хохирлын баримтууд /3хх-30-32, 4хх-71-81/, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /4хх-215-216/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Харин тухайн хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Д.Мөнх-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, Д.Мөнх-Эрдэнийг тухайн зүйл, хэсэгт заасан гэм буруутайд тооцож хэргийг  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Б.Мөнх-Эрдэнэ тухайн хэргийн хохирогч Б.Энхтуяатай бэлгийн харьцаанд орох санал тавьсан боловч дүргүйцэн гэрээсээ хөөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй, түүнчлэн хохирогчийн хамрын нурууны дунд хэсэг, зүүн шууны дотор хэсэг, баруун бугалганы дотор доод хэсэг, зүүн бугалганы дотор дунд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “...талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан...” нь тогтоогдсон байх тул  түүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэх үндэслэл болохгүй юм.

Харин шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 5.2 промилли, ходоодонд 6,4 промилли спиртийн агууламж илэрч тэрээр хүнд зэргийн согтолттой байсан байх тул хохирогч тухайн хэрэг учрал болох үед биеэ хамгаалж чадахгүй байсан байна гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

Иймд Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба” хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан” гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд өмгөөлөгч С.Оюуны зүйлчлэлийн талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

Ялтан Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Оюун, Н.Цэрэндулам нараас “... Д.Мөнх-Эрдэнэ нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаагаа зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Ялтан Д.Мөнх-Эрдэнэ нь сэжигтнээр анх байцаалт өгөхдөө үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгахад явсан замаа бүгдийг өөрөө биечлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      заасан /1хх-93/, энэ нь анхны мэдүүлэгтэй тохирч байгаа, мөн түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Хишиг-Очир, Лхагвацэрэн, Сахъяа нарын мэдүүлгээр зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул байцаан шийтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан, нотлох баримтууд нь нотлох чанараа алдсан гэж үзэх нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна.

Мөн өмгөөлөгч нар талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийн тогтоож өгөөгүй задлан шинжилгээний дүгнэлтээр 13-14 цагийн хооронд гэж, 14-16 цагийн хооронд гэж хоёр янзын дүгнэлт гарсан нь хэргийн үнэн бодит байдлыг тогтооход саад учруулж байгаа гэж байгаа боловч:

гэрч Э.Лхагвадоржийн “...түргэн тусламжийн эмч талийгаачийг үзээд “боож” нас барсан байна, нас бараад удаагүй 20-30 минут орчим хугацаа өнгөрсөн байна гэж хэлж байсан...”,

шинжээч эмч Б.Долгормаагийн “... 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 00 цаг 30 минутад шүүх эмнэлгийн цогцосын гадна үзлэг хийхэд 10-12 цаг болсон байна гэж нэмэлт дүгнэлтэд тусгасан. Энэ нь шүүх эмнэлэг цогцосыг хүлээн авч, гадна үзлэг хийхдээ анхны үзсэн эмч тэмдэглэл хөтөлж, рапорт бичдэг. Рапортанд тэмдэглэснээр 10-12 цаг болсон байна гэж үзсэн байсан. талийгаачийг нас барснаас хойш нилээн удсаны дараа цогцосны гадна үзлэг хийсэн учир нас барсан хугацаа зөрүүтэй гарч болно. Учир нь талийгаачийн нас барсан орчин, халуун хүйтэн байдал, мөн хэргийн газраас авч ирээд шүүх эмнэлгийн морогт хэр удаан байлгасан зэргээс хамаарч нас барсан хугацаа 1-2 цагийн зөрүүтэй гарсан байж болно...яаралтай тусламжийн төвийн эмчийг очиход хүүрийн толбо ар нуруугаар нь үүсэж эхэлсэн, гарыг нь хөдөлгөхөд чөлөөтэй хөдөлж байсан гэснээс харахад талийгаач 103-ын эмчийг очиход нас бараад удаагүй буюу 30 минутаас 1 цаг орчим болсон байх боломжтой. Тэгэхээр талийгаач нь 14-16 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Хүний цус хамгийн хурдандаа ямар хэмжээгээр цус гарснаас хамаараад 30 минутаас 1 цагийн дотор хатна...” /4хх-221-222/ гэх,

гэрч Т.Сахъяагийн “... 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ням гаригт 11 цаг өнгөрч байхад би гэрээсээ эхнэр хүүхдүүдийн хамт гарсан... Тэгээд 13 цаг өнгөрч байхад Энхболд залгаад чи Энхтуяагийн гэрт хүрээд ир гэсэн... Тэгээд  14 цаг өнгөрч байхад би ганцаараа Энхболдтой уулзахаар явсан... автобуснаас буугаад Энхболдын утас руу залгахад холбогдохгүй байхаар нь Энхтуяагийн гэрт очиход хүн байгаагүй. Харин Энхтуяа байшингийнхаа баруун талын орон дээр дээш харсан хэвтэж байхаар нь үүдээр шагайж хараад буцаж гарч явсан. Намайг Энхтуяагийн хашааны хойд хаалгаар нь гараад жалга дагаад явж байхад жалганы ирмэг дээр буюу хүн явдаг зам дээр бор куртиктэй, куртикний арын хэсэгт хөндлөн судалтай, улаан гэхээр царайтай, намхан нуруутай 165-170 см орчим өндөртэй залуу тонгойгоод бөөлжөөд сууж байхаар нь би нэг их ажиглаагүй хажуугаар нь гараад явсан. Ингээд “Баялаг” дэлгүүрийн орчим явж байгаад Энхболд, Түвшинтөгс нартай таарсан ба надтай уулзах үед Энхболд, Түвшинтөгс нар архи уусан нилээн согтуу байсан... Биднийг уулзах үед 14 цаг 20 минутаас 14 цаг 30 минут болж байсан...  Замдаа дэлгүүрээс архи аваад Энхболд хэдүүлээ Ганбаа, Энхтуяа нарын гэрт очиж ууя гээд бид гурав Энхтуяагийн гэрт ороход өмнө нь намайг орох үед Энхтуяа яаж хэвтэж байсан яг тэр хэвээр хэвтэж байсан ... Тэгээд яаж ийм газар уух вэ гээд Наранхүүгийн хашаанд архиа уусан. Ууж дуусаад 15 цаг өнгөрч байхад Наранхүүгийн хашаанаас гараад Энхболд Түвшинтөгс бид гурав хамт явж байхад Энхболд архи уумаар байна гээд байхаар нь би өөрт байсан 10.000 төгрөгөө Энхболдод өгч,  Түвшинтөгс “Баялаг” дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил архи, нэг ундаа аваад Энхболд одоо Энхтуяа эгч сэргэж байгаа байлгүй гээд бид гурав Энхтуяа эгчийн гэрт ороход биднийг өмнө нь ирэхэд ямар байсан яг түүн шигээ хэвтэж байхаар нь Энхболд очиж хүүе энэ чинь яагаа вэ гээд нэрээр нь дуудаад хувцснаас нь татахад сэрэхгүй байсан ба Энхболд арай үхчихсэн юм биш биз дээ гээд Наранхүүг дуудсан ...” /1хх-173-174/ гэх,

гэрч С.Энхболдын “... би Баяраагийн хамт 11 цагийн үед ...Баярааг эхнэр нь дуудаад, би ганцаараа Энхтуяагийн гэрт ирсэн. Тэгээд бид хоёр архи задалж ууж байхдаа Наранхүү, Зоригтбаатар нар руу залгаж дуудсан. Гэтэл Зоригтбаатар 11 цаг 20 минутаас 11 цаг 40 минутын хооронд орж ирсэн. Удалгүй Наранхүү орж ирсэн. Тэгээд бид хамт сууж байхад Зоригтбаатар байшин барьж байгаа гээд нэг их удаагүй буцаад явсан. Харин Наранхүү Энхтуяа бид гурав нөгөө архиа ууж дуусгаад 12 цагийн үед Наранхүү бид хоёр гараад дэлгүүр явах гэж байхад манай дүү Эрдэнэтуяа такси бариад гэрийн гадаа бууж байхаар хамт явсан...” гэх,

гэрч Ц.Зоригтбаатарын “... 11 цаг 15 минутын үед Ганбатын гэрт очсон. Намайг гэрт ороход Энхтуяа, Энхболд нар 0.75 литрийн “Вива” нэртэй архи, 3 лааз ундаа, тамхи зэргийг тавиад архиа талаас бага зэрэг дээш хэмжээтэй уусан байхаар нь би буцаад гарах гэтэл 11 цаг 20 минутын үед Наранхүү гаднаас орж ирсэн ба би хоёр татаад 11 цаг 40 минутын үед Ганбат ахын гэрээс ганцаараа гарсан....“ /1хх-170-172/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд цаг хугацааны хувьд зөрсөн байдал харагдахгүй байна.

Харин Д.Мөнх-Эрдэнэ нь яллагдагчаар байцаагдах үеэс эхлэн мэдүүлгээ өөрчлөн тогтворгүй мэдүүлэг өгч эхэлсэн ба уг зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэх, хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн ялтан Б.Мөнх-Эрдэнээс анх байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, өмгөөлүүлэх эрхийг бүрэн эдлүүлээгүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр тооцсон тогтоолын сэжигтний эрх үүрэг хэсэгт “...танилцав, өөрт нь уншиж өгөв...” өмгөөлөгч Н.Цэрэндулам гэж бичиж гарын үсгээ зурсан /3хх-15/, мөн сэжигтнээр байцаасан тэмдэглэлд сэжигтэн Д.Мөнх-Эрдэнэ гарын үсгээ зурсан байгаагаас  гадна “өөрт нь байцаалтыг уншиж танилцуулав” өмгөөлөгч Н.Цэрэндулам гэж бичиж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн анхны байцаалтыг авахдаа бичлэг хийж Сиди-д хадгалж баримтжуулсан байх ба прокурор тус байцаалтанд эхнээс нь биечлэн байлцсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байх тул ялтны өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах зэрэг эрхийг зөрчсөн гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ял шийтгэлд өөрчлөлт оруулж, ялтан Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Оюун, Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Гайри овогт Дэмбэрэлжавын Мөнх-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Гайри овогт Дэмбэрэлжавын Мөнх-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Цэрэндуламын нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, өмгөөлөгч С.Оюуны гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ГАНСҮХ

            ШҮҮГЧИД                                                                   Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН