Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 491

 

  Ц.Таванбаяр, Б.Батболд нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Д.Цолмон,

ялтан Б.Батболдын өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батболд, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн 201625014202 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Боржигон овогт Цолмонгийн Таванбаяр, 1994 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 40-298 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙЕ94092715/,

Хан хөхийд овогт Батбилэгийн Батболд, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 26-20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛЙ96100111/,

Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр Ди” пабад бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Баттулгын эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Ц.Таванбаяр, Б.Батболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт тус бүрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарын цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцох, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Таванбаяраас 156.800 төгрөгийг гаргуулж Д.Баттулгад олгох, Б.Батболд нь хохирогчид 920.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Баттулга нь хамрын мэс засалтай холбоотой гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ц.Таванбаяр, Б.Батболд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан Б.Батболд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор надад 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би найз Ц.Таванбаярт туслах зорилгоор хүнд гар хүрсэндээ маш их гэмшиж байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Баттулгад 920.000 төгрөг өөрийн зүгээс төлсөн ба хохирогчийг гомдолгүй болгосон. Би ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, айлын ганц хүү юм. Надаас өөр миний эцэг эхэд туслаж дэмжих хүн байхгүй. Би “Хар сүлд дохиолол” ХХК-д хамгаалагчийн ажил хийж байгаа, 21 настай залуу хүн учраас намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хохирогч надад гомдол саналгүй гэж байгаа, миний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үүХХХХХХХ ...” гэжээ.

Ялтан Б.Батболдын өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Батболд нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Баттулгад хохирол 920.000 төгрөгийг ганцаараа, сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч Д.Баттулга нь Б.Батболдод гомдол байхгүй, хохирол барагдуулсан, Б.Батболдын хувьд хохирол илүү төлсөн гэж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шүүхээс Б.Батболдод 3 жил 1 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүхээс Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа бол хохирогчид учирсан хохирлыг Ц.Таванбаяр, Б.Батболд нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж харж байна. Гэтэл Ц.Таванбаяр нь өөрт ногдох хохирогчид төлөх ёстой хохирлыг төлөөгүйгээс  анхан шатны шүүх хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй гэж хамтатган ял халдааж, Б.Батболдод хорих ял оногдуулж байгааг буруу гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирлын 156.800 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд Б.Батболдод оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү ...” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан ба шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. Ц.Таванбаярын хувьд оногдох хохирол төлбөрийг төлөөгүй. Хавтаст хэрэгт 313.300 төгрөгийн хохирлын баримт авагдсан. Хохирогч цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал хэрэгтэй гэж нийт 1.500.000 төгрөг нэхэмжилдэг. Үүнийг Б.Батболд бүрэн төлчихсөн байна. Иймд хохирогчийн нэхэмжлэл бүрэн төлөгдсөн гэж үзэж болохоор байна. Хохирогч хамраа яаж эмчлүүлсэн талаар мэдэхгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хамраа эмчлүүлээгүй байсан ... “ гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр Ди” пабад бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Баттулгын эрх чөлөөнд халдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Баттулгын “... Би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад найз Нээлт, Око, Дарьсүрэн, Болор нартай “Мөнх” худалдааны төвийн гаднах ногооны мухлагт 0.75 литрийн, 3 шил архи хувааж уучихаад уг газраас гарч Окогийн гэрт очиж хоол идсэн. Ингээд Нээлт бид хоёрыг харих болоход Окогийн нөхөр Ихбат бид хоёрыг таксинд суулгаж өгөхөөр зам гараад, эхэлж Нээлтийг суулгаж өгсөн. Тухайн үед би маш их согтсон байсан учраас Ихбат манай дүү Батхишиг рүү залгаад “... ах чинь нилээн согтуу байна, тосоод авах уу...” гэтэл дүү “... би Бэлхээс одоо гарч байна, удахгүй очлоо...” гэхээр нь бид хоёр даараад “Ди” караокед ороод сууж байя гээд уг газар ороод хүний нэг нэг пиво аваад суусан. Би пивоо ууж чадахгүй, нойр хүрээд, ширээгээ дэрлээд сууж байхад Ихбатын утас дуугарч, Ихбат караокены чимээнээс гарч ярьсан. Энэ үед би босоод хоёр сандал түрж хөдөлгөчихөөд эргээд ширээн дээр суухад үл таних залуу ирээд миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би урдаас нь барьцалдаад авсан. Гэтэл цаанаас нь дахин нэг залуу нэмэгдэж ирээд бид хоёрыг барьцалдсан байхад сүүлд ирсэн залуу нь намайг зодсон. Ингэж байхад Ихбат гаднаас орж ирээд “согтуу хүнийг яагаад зодоод байгаа юм бэ” гээд салгасан. Тэгэхээр нь би босч яваад текэн дээр очоод “та нар яагаад намайг зодох ёстой юм бэ” гээд текэн дээр байсан 4 ширхэг стаканыг гараараа татаж унагаагаад хагалчихсан. Гэтэл уг хоёр залуугийн өндөр нь над дээр ирж нүүр лүү цохисон. Гэтэл жижиг нь намайг унагаж, дэвсэлж зодсон. Ингэж байгаад тэр залуучууд намайг баарнаас чирч гаргаад, үүд рүү түлхэж унагаагаад, миний нуруу болон зүүн шанаа руу дэвссэн. Тэгэхээр нь би уг залуучуудаас зугтаж, цээж нүцгэн зам хөндлөн гараад такси барих гэтэл машин огт зогсохгүй, эмч дууд гэчихээд яваад байсан. Удалгүй манай дүү Батхишиг ирээд “Ди” баар луу орж камерын бичлэгийг шүүж үзэхэд би 2 сандал хөдөлгөөд буцаад суухад нэг залуу ирээд намайг зодож байгаа бичлэг байсан. Харин бусад бичлэгийг устгасан байсан...” /хх-16-17/,

гэрч Д.Батхишигийн “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Бэлхийн Хадат гэх зусланд нүүрс буулгаад байж байтал манай ахын дугаараас найз нь залгаад “... танай ах чинь их согтуу байна, хүрч ирээд авчих...” гэхээр нь би тэр дор зуслангаас гараад 16-ын “Содмонгол” шатахуун түгээх газар дээр 21 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд замын хажуу талд манай ах цээж нүцгэн, толгой болон цээж хэсэг нь цус болчихсон зогсож байсан. тэгэхээр нь би өөрийнхөө куртикийг тайлж өгөөд 102-т дуудлага өгөөд зогсож байтал “Ди” баарнаас ах Баттулгыг зодсон гэх 2 залуу, 2 хүүхэн, бас нэг залуугийн хамт гарч ирсэн. Тэгэхээр нь би очоод “та нар яагаад хүнийг ийм аймаар болгочихвоо” гэхэд зодсон гэх залуугийн өндөр нь надтай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би бааранд ямар учир шалтгааны улмаас манай ахыг зодсон болохыг харахаар хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай ах Баттулга босч зааланд явж байгаад хүнгүй сул ширээний сандлыг түлхсэн. Дахин хөдлөөд цаад талын ширээнийнх нь сандлыг түлхсэн байсан. Тэгээд эргээд өөрийнхөө ширээн дээр очоод сандал дээр суухад араас нь зодсон 2 залуугийн жижиг биетэй нь ирээд шууд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон байсан. Үүнээс өөр бичлэг үзүүлээгүй. Ингээд удалгүй цагдаа ирсэн. Ихбат болон Баттулга нарын ярьснаар Ихбатыг утсаар ярих гээд гарахад нь бааранд орилоон болсон гэсэн. Тэгэхээр нь Ихбат буцаад ороход 2 залуу Баттулгыг унагаагаад дэвсэж байхаар нь Ихбат салгах гэтэл өндөр залуу нь цохих гээд хөөхөөр нь буцаад зугтаасан гэсэн...” /хх-19-20/,

гэрч С.Ихбатын “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ирэхэд Баттулга, Нээлт нар 19 цагийн үед манайд нилээн согтуу ирсэн. Тэгээд манайд сууж байгаад би тэр хоёрыг таксинд суулгаж өгөх гэтэл Баттулга нилээн согтуу байсан тул Нээлтийг таксинд суулгаж өгчихөөд Баттулгын дүү Батхишиг рүү залгаад “... Баттулга нилээн согтуу байна, ирж авах уу...” гэтэл одоо очлоо байлгаж бай гэсэн. тухайн үед гадаа хүйтэн байсан болохоор Баттулга “хоёулаа бааранд ороод ганц ганц пиво уугаад сууж байя гээд бид хоёр “Ди” бааранд ороод пиво аваад сууж байхад Баттулга ширээгээ дэрлээд суугаад байсан. энэ үед миний утас дуугарахаар нь би кордиорт гараад утсаар ярьж байтал хүн зодолдож байгаа бололтой дуу чимээ гарахаар нь би эргээд ороход Баттулгыг хажуу ширээн дээр сууж байсан 2 залуу газарт унагаачихсан 2-уулаа зодож байсан. Тэгэхээр нь би очоод “та нар согтуу хүнийг яаж байна аа” гээд салгатал Баттулга текэн дээр байсан 5 ширхэг стаканыг гараараа татаад унагаачихсан. Гэтэл нөгөө хоёр залуу дахин ирээд намхан биетэй нь Баттулгыг газарт унагаагаад нэг удаа цохиод доошоо тонгойлгоод барьсан байхад өндөр залуу нь ирээд хажуугаас нь зодоод байсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдоход өндөр залуу нь “чи энэ залуугаа маллаад явж чадахгүй гээд босоод ирэхээр нь би гараад шатахуун түгээх газарт хүлээж байхад өндөр залуу нь 2 удаа баарнаас гарч ирээд эргэж орсон. Ингээд байж байтал намхан биетэй залуу Баттулгыг гаргаж ирээд цементэн дээр түлхээд унагаачихсан. Энэ үед Батхишиг ирээд, бид 2 цагдаа дуудсан. Тэгээд бид 3 бааранд орж хэргийн талаар зөөгчөөс асууж, камерын бичлэгийг шүүж үзэхэд Баттулга ширээн дээрээсээ босч яваад хажуудаа байсан 2 сандлыг түлхчихээд эргээд сандал дээрээ суухад намхан залуу ирээд Баттулгыг заамдаж аваад цээж болон нүүрэн тус газарт нь цохиод цаанаас нь өндөр залуу нь ирж байгаа бичлэг харагдсан. Бусад бичлэгийг нь устгасан байсан...” /хх-21-22/,

гэрч Б.Нэргүйгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад манай найз Таванбаяр, найз Батболд, Мөнх-Орчлон нарын хамт ирсэн. Тэгээд нэг нэг лааз пиво уусан ба Батболд, Мөнх-Орчлон нар дахин нэг нэг пиво авч уучихаад Мөнх-Орчлон яваад өгсөн. Тэгээд байж байтал зодуулсан гэх залуу нэг найзтайгаа нилээн согтуу орж ирээд 00-ын өрөө лүү явж байхдаа пабын сандлуудыг хөмрөөд байсан. Тэгэхээр нь би текнийхээ цаанаас “болиоч” гэтэл нөгөө залуу чамд ямар хамаатай юм бэ гэхэд Таванбаяр цаанаас нь босч ирээд “чи яагаад байгаа юм бэ” гээд согтуу залууг түлхсэн. Гэтэл хажуунаас нь Батболд босч ирээд “чи яагаад манай найзын пабад орж ирчихээд томроод байгаа юм бэ” гээд байж байтал Таванбаяр согтуу залууг цааш түлхээд цээжин хэсэгт нь нэг удаа цохисон. Босоод ирэхэд нь Батболд согтуу залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл тэр залуу зөрүүлээд Батболдыг цохисон. Тэр үед Таванбаяр тэр хоёрын дундуур ороод салгах гэтэл Батболд согтуу залууг цохих гэж байгаад Таванбаярын хамар луу цохиод цус гаргачихаад “миний найзын хамраас цус гаргадаг хэн бэ” гээд буланд шахаад хохирогчийг зодоод байсан. Энэ үед Таванбаяр салгах гэж оролдож байсан. Тэр үед хохирогч манай текэн дээр байсан бакалуудыг хагалсан болохоор би тэрийг нь цэвэрлэж байсан. Тэдгээр залуус салаад сууж байтал согтуу залуу “та нар хүнийг ингэж зоддог хэн юм бэ” гээд байхаар нь Таванбаяр, Батболд нар уг залууг гаргах гэж байхад согтуу залуу үүдний орчим халтираад уначихсан. Тэгэхэд Батболд тэр залуугийн дээрээс нэг удаа дэвсэж байсан. Ингээд би очиж салгаад гаргасан...” /хх-28/,

гэрч М.Мөнх-Эрдэнийн “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Ди” бааранд хүн зодуулсан байна гэсэн дуудлага 20 цагийн үед ирээд дуудлагын дагуу очиж шалгахад нэг залуу тухайн бааранд сууж байсан үл таних залуутай зодолдсон гээд байсныг зодсон гэх Таванбаяр гэх залууг саатуулах байранд хийж, зодуулсан гэх Баттулга гэдэг залууг тухайн өдрийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан дэслэгч М.Даваажавт хүлээлгэж өгсөн. Баттулгын хамар гэмтсэн, цус гарсан байдалтай байсан. Харин зодсон гэх залуусын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Таванбаяр болон хамт байсан гэх залуугийн хувцас цус болсон байсан...” /хх-30/,

Б.Батболдын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орой 18 цаг өнгөрч байхад Мөнх-Орчлон бид хоёр уулзаад Таванбаяртай утсаар ярьж, түүний найз охин Заяагийн ажилладаг “Ди” бааранд уулзахаар болсон. Уг газарт 19 цагийн үед уулзаад Таванбаяр бид хоёр нэг нэг пиво уугаад сууж байгаад Мөнх-Орчлон найз охинтойгоо уулзахаар явсан. Таванбаяр бид 2 дахин нэг нэг лааз пиво уугаад сууж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн ба нилээн согтуу залуу нь босч ирээд өөрийнхөө сууж байсан болон хажуу талдаа байсан сандал ширээг унагаагаад байхаар нь Заяа очоод “та яагаад байгаа юм бэ” гэхэд согтуу залуу текэн дээр очоод тэнд байсан архины бакалыг газарт унагаагаад хагалчихсан. Энэ үед Таванбаяр очоод “та яагаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу Таванбаярыг зайл гэсэн. Тэгэхэд Таванбаяр “чи хаана байгаагаа мэдэж байна уу” гэхэд согтуу залуу Таванбаярын хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон ба Таванбаяр зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл согтуу залуу намайг цохиод авсан ба би согтуу залууг заамдаж аваад нэг удаа хацар луу нь цохиход согтуу залуутай хамт явж байсан найз нь гараад зугтаачихсан. Тэгсэн хохирогч намайг зөрүүлээд миний мөрөн дээрээс бариад авахаар нь би тэр залуугийн нүүрэн тус газарт нь цохисон. Гэтэл тэр залуу надтай зодолдоод эхэлсэн. Ингээд бид 2 зодолдож байгаад би газарт халтираад унатал тэр залуу миний дээрээс хацар луу хэд хэдэн удаа цохиход Таванбаяр ирж салгаад уг залуугийн нүүр болон цээж хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Ингээд би босч ирээд Таванбаярыг холдуулахад тэр залуу миний гар луу цохихоор нь би нүүрэн тус газарт нь цохиж хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Заяа ирж бид хоёрыг салгасан. Заяа уг залууг салгах гэтэл цамцаа тайлж шидээд гарахгүй байхаар нь Заяа гараас нь хөтөлж гаргасан...” /хх-49-50/,

Ц.Таванбаярын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Батболд, Мөнх-Орчлон нартай найз охиныхоо ажилладаг “Ди” бааранд орой 18 цагийн үед уулзсан. Бид 3 уулзаад жаахан дуулж байгаад тус бүр нэг нэг лааз пиво уусан. Тэгээд Мөнх-Орчлон найз охинтойгоо уулзана гээд явсан. Тэгж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн ба 1 нь гараад явчихсан. Үлдсэн согтуу залуу нь ширээ сандал түлхээд нураасан. Энэ үед манай найз охин Заяа текний араас “болиоч, энэ чинь албан газар, аятайхан үйлчлүүлээч” гэхээр нь би очоод “хөөе залуу аятайхан үйлчлүүлээч” гэтэл тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ, би мэдэж байна” гээд босч ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би тэр залууг заамдаад хацар луу нь нэг удаа цохиход зөрүүлээд миний хацар луу цохисон. Энэ үеп Батболд ирээд хохирогчийн нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Энэ үед би салгах гэтэл Батболд нөгөө залууг цохих гэж байгаад намайг цохиж хамраас цус гаргасан. Тэгснээ нөгөө согтуу залууг “миний найзын хамраас цус гаргалаа” гээд нүүрэн тус газарт нь цохиж байсан. Дараа нь цонхны дэргэд очоод нүүр болон цээж рүү нь цохиж байхаар нь би “Батболдоо наад залуугийнхаа цусыг арч” гэхэд Батболд цусыг нь арчих гэтэл хохирогч түүн рүү дайраад байсан болохоор Батболд тэр залууг дахин зодсон. Ингэж байгаад салахаар нь би хохирогчийг баарнаас гаргах гэтэл халтираад цээжээрээ газарт уначихаад дээш харах үед нь Батболд ирээд цээжин дээр нь дэвсэхээр нь би очиж салгаад баарнаас гаргасан...” /хх-53-55/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.Баттулгын биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд зовхи ба гадна булан, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, тохой, зүүн дал, зүүн цавины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүү цээж, зүүн бугалга, шуу баруун далны цус хуралт, зулгаралт, нурууны хугаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16116 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-33/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13-14/, хохирлын баримтууд /хх-75-78/, амбулаторийн түр карт, шинжилгээний хуудас /хх-106-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.  

Шүүхээс  хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, Ц.Таванбаяр, Б.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, тэдний гэм бурууд тохирсон байна.

 Иймээс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

 Харин ялтан Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан, нотлох баримтаар тогтоогдсон хохирол төлөгдсөн, хохирогч Д.Баттулга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт ирүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс тэдэнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэв. 

Иймд ялтан Б.Батболд, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нараас “... хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:  “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Таванбаяр, Б.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

           2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг нэн даруй сулласугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН