Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 421

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: З.А гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А , түүний өмгөөлөгч З.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.У, П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.А , өмгөөлөгч З.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нягтлан бодох бүртгэлийн бакалавр, магистр зэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын тасаг, Татвар хураалтын тасаг, Хяналт шалгалтын тасаг, Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасаг, Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтэс, Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтэс, Мэдээлэл, статистикийн хэлтэс, Эрсдэлийн удирдлагын газарт Татварын улсын байцаагчаар нийт 15 жил ажилласан.

З.А намайг Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Татварын улсын ахлах байцаагчаар, Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/645 дугаар тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байтал Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар уг үүрэгт ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 

Гэтэл  Татварын  ерөнхий  газрын  даргын  2016  оны  11  дүгээр  сарын  28-ны өдрийн Б/207 дугаар “Албан тушаалаас чөлөөлж, Төв аймгийн татварын хэлтсийн мэдэлд шилжүүлэх тухай” тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Төв аймгийн татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн. Миний бие Татварын улсын ахлах байцаагчийн эрхтэй, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах ёстой.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвч”-ийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгүүд гарч, Гааль, татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газар нэртэй болж өөрчлөгдсөн ч гэсэн миний эрхэлж байсан ажил, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүрэг хэвээр үргэлжлээд явж байна.

Түүнээс гадна миний бие 2016 оны ээлжийн амралтаа биеэр эдлээгүй байсан. Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Хэлтсийн албан хаагчдын 2016 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан боловч ээлжийн амралтаа биеэр эдлээгүй талаар цагийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажилтан ээлжийн амралтаа эдэлж байх үед түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байх ёстой. 

Гэтэл хууль тогтоомжийн дагуу томилогдсон ажил, албан үүргээ гүйцэтгэж байсан, түүнчлэн ээлжийн амралтаа эдэлж байхад Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлж, уг хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн бөгөөд тушаалд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам баримталсан боловч Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүйг хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, П.Ундармаа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлээр агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 6.3-т агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгасан.

Үүний дагуу Гааль, татварын газар татан буугдсанаар дээрх байгууллага эрх хэмжээгүй болж Татварын ерөнхий газар байгуулагдсан. Ажиллаж байсан ажилтан, албан хаагчдыг чөлөөлж тухайн чиг үүргийн ажилд нь томилохын тулд холбогдох хуулийн шаардлагыг хангах зохицуулалттай. З.А гийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Гааль татварын ерөнхий газрын даргын Б/714 дугаар тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар “... сул орон тоо...” гарч албан үүрэгт томилогдоогүй гэсэн үг юм.

Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.З-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана”, 271.4-т “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасны дагуу тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилдог.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1536 дугаар албан бичигт “...Төв аймгийн татварын хэлтсийн даргаар Дашзэвгийн Батсайханыг томилуулах саналыг уламжилж байна...” гэсэн байна. Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа З.А г Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар мөн өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, “Хөдөлмөрийн дотоод журам”- ын 4 дүгээр зүйлийн 4.9.1, 4.10.3, 4.10.4, 4.12-т заасны дагуу дараагийн албан тушаалд томилогдтол Төв аймгийн Татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн. 

Мөн З.А шүүхэд гаргасан нотлох баримтуудаар “...би ээлжийн амралтаа эдлээгүй, энэ тухайгаа Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Батдоржид утсаар мэдэгдсэн” гэх боловч баримтаас харахад ээлжийн амралтын хуваарийн дагуу биш өөрт эрх олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд тушаал гарган түүнийгээ З.А г чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрх шилжүүлэн тушаал гаргаж өөртөө ээлжийн амралт эдлэх зөвшөөрлийн хуудас олгосон зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн гэсэн гомдол үндэслэлгүй, З.А гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч З.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.А нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч З.А анх 1994 оны 7 дугаар сарын 09-нөөс Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар , 2008 оны 5 дугаар сарын 05-наас Үндэсний Татварын ерөнхий газрын Татвар хураалт үйлчилгээний хэлтэс, Эрсдэлийн удирдлагын газарт тус тус Татварын улсын байцаагчаар  ажиллаж байсан байна.

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.А нь Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн Газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/645 дугаар  тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар дэвшин томилогдон ажиллаж байжээ.  

Маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/207 дугаар  тушаалын 1 дэх заалтаар  “...Төв аймгийн Татварын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч З.А г мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймгийн Татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлж”, 2 дахь заалтаар “З.А гийн сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг албан тушаалд томилогдох хүртэл хэвээр олгохыг Төв аймгийн Татварын хэлтэст зөвшөөрч” шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулж Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар тус тус өөрчлөн байгуулагдаж, 3 дахь заалтаар Гааль, Татварын ерөнхий газрыг татан буулгажээ.

Улмаар Улсын Их Хурлаас “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, тус газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж тус тус өөрчлөн байгуулагдсантай холбогдуулж Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаанд Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр  тушаалаар З.А г Төв аймгийн Татварын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр мөн өдрөөс томилжээ. 

Ингээд Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр  тушаалаар “Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг зөвшөөрч, татварын байгууллагын нийт орон тооны дээд хязгаарыг 1823 байхаар тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тушаалыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/03 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар аймгийн Татварын хэлтсийн бүтцийг Захиргааны, Татвар төлөгчтэй харилцах, Татварын орлогын, Татварын хяналт шалгалтын, Эрсдэл, статистикийн (5) тасагтай байхаар баталсан бөгөөд харин Төв аймгийн Татварын хэлтсийн орон тоог одоо хүртэл эцэслэн батлаагүй болох нь Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03/1380 дугаар  албан бичгээр ирүүлсэн тайлбар болон дээрх тушаалаар тус тус тогтоогдож байна.

Өмнөх Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоо батлах тухай” А/195 дугаар  тушаалын 20 дугаар хавсралтаар Төв аймгийн Татварын хэлтсийн бүтэц нь Захиргаа хууль эрх зүйн, Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх, Орлогын, Татварын хяналт шалгалтын, Статистик, эрсдэлийн удирдлагын зэрэг (5) тасагтай, нийт 50 орон тоотой (үүнд дарга 1, албан хаагч 49) батлагдан ажиллаж байжээ. 

Мөн түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  шинэчлэн баталсан аймгийн Татварын хэлтсийн даргын “Ажлын байрны тодорхойлолт”-ыг өмнө мөрдөж байсан Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-той харьцуулан үзэхэд аймгийн Татварын хэлтсийн даргын ажлын байр, албан тушаалын ангилал, үндсэн чиг үүрэг буюу ажлын байрны зорилго, зорилтууд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх “Ажлын байрны тодорхойлолт”-уудаар нотлогдож байна.

Ийнхүү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар өөрчлөн байгуулагдах явцад нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төв аймгийн Татварын хэлтсийн бүтэц өөрчлөгдөөгүй, тус Хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй мөн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгч З.А г Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. 

Хариуцагчаас “Төв аймгийн Засаг даргаас 2016 оны 01/1536 дугаар албан бичгээр аймгийн Татварын хэлтсийн даргаар Д.Батсайханыг томилуулах саналыг ирүүлсэн. Үүний дагуу аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.А г чөлөөлж, Төв аймгийн Татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн” гэж тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна.

Учир нь, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаанд З.А г Төв аймгийн Татварын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх ба улмаар Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагджээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.4-д “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж хуульчлан зохицуулжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “...сул орон тоо гарсан...” гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ” гэж тайлбарласан байна.               

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан аль нэг үндэслэлээр ажлын байрны “сул орон тоо” гарсан тохиолдолд л Татварын ерөнхий газрын дарга нь тухайн аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр аймгийн Татварын хэлтсийн даргыг томилох эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

Энэ тохиолдолд Татварын ерөнхий газар өөрчлөн байгуулагдах явцад Төв аймгийн Татварын хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо гараагүй байхад аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1536 дугаар  албан бичгээр ирүүлсэн “...тус аймгийн Татварын хэлтсийн даргаар Д.Батсайханыг томилуулах” саналыг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга нь З.А г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төв аймгийн Татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн нь бодит байдалтай нийцээгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим хэрэгжээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо гараагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Д.Амгаланг Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй байжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс тайлбар, санал авах буюу сонсох ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан  “Татварын ерөнхий газрын удирдлагууд маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч З.А тай уулзаж мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт байхгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна. 

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр  тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.10-д “Татварын албаны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдөх болон бусад үндэслэлээр тухайн албан хаагчтай зөвшилцсөний үндсэн дээр Татварын алба хооронд шилжүүлэн ажиллуулах...” гэж заасан байхад захиргааны байгууллага нь З.А тай харилцан зөвшилцөлгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасны улмаас түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, үр дагавар үүсгэсэн байна. 

Иймээс захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө уг захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангах, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийгээгүй байх тул захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Хариуцагчаас “Нэхэмжлэгч З.А ээлжийн амралтаа хуваарийн дагуу эдлээгүй, ...хууль зөрчсөн үйлдэл гаргасан” гэж тайлбарлах боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэх бөгөөд уг асуудал нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул энэ үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалттай нийцээгүйн улмаас нэхэмжлэгч З.А гийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.А г Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/207 дугаар тушаалын 2 дахь заалтаар “З.А гийн сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг албан тушаалд томилогдох хүртэл хэвээр олгохыг Төв аймгийн Татварын хэлтэст зөвшөөр”-сөн бөгөөд тус Хэлтсээс нэхэмжлэгч З.А д 2017 оны 01, 02 дугаар сарын цалин хөлсийг олгосон  байх тул 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох нь зүйтэй болно.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч З.А д 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нийт 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговор (1.339.527х3) 4.018.551 төгрөгөөс хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 3.276.051 (гурван сая хоёр зуун далан зургаан мянга тавин нэг) төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ. 

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 ахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтуудыг тус тус баримтлан З.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.А г Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.А д 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нийт 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 3.276.051 (гурван сая хоёр зуун далан зургаан мянга тавин нэг) төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.А д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА