Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00167

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01516 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2089 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Г” ХХК

          Хариуцагч: “Л” ХХК / өмнө нь “Л”ХХК байсан/-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Гэрээний үүрэгт 17.996.068 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Зургийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 36.093.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, өмгөөлөгч Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А, өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Манай компани “Л” ХХК-тай харилцан тохиролцож, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газар дээр баригдах 363 айлын “Бугат” хорооллын эскиз зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хийх, захиалагч нь ажлын хөлсөнд 114 216 050 төгрөг төлөхөөр 2015-02-12 -ны өдөр А/201504 тоот зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ерөнхий төлөвлөгөө өндөржилт, 240 айлын сууц /иж бүрэн/, 104 айлын сууцны Барилга архитектур, барилга бүтцийн зураг, гадна дулааны зураг /240 айлын зураг бүрэн, 123 айлын ачаалал тооцогдсон/, гадна цэвэр бохир, усны зураг /240 айл бүрэн/ зэрэг ажлуудыг гүйцэтгэж, 2015-05-12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээний 1.4-т гүйцэтгэгч барилгын ажлын зураг төслийг ажлын 45 хоногт хийж гүйцэтгэнэ гэж зааж, харилцан тохиролцсон боловч захиалагч талаас шалтгаалан өнөөдрийг хүртэл гэрээний хугацаа сунжирч байна. Захиалагч цахилгааны техникийн нөхцөл гараагүй, 123 айлын хэсэгт газрын захирамж нь гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил түр зогссон. Захиалагчтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр газрынх нь зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд нь гарсан 240 айлын хэсгийн зураг төслийг цахилгааны техникийн нөхцөл гарсны дараа гадна цахилгааны зураг төслийг боловсруулж, магадлалаар оруулахаар тохиролцсон. Иргэний хуулийн  344.1-д заасны дагуу гэрээний 4.1-д төлбөрийн нөхцөлийн талаар  тохиролцсон. Гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр хүргүүлж байсан бөгөөд гүйцэтгэсэн зураг төслийн үнэ 50 963 918 төгрөг болсон. Үүнээс гэрээний дагуу урьдчилгаанд 16 383 000 төгрөг, бартераар 19 710 220 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хүлээн авсан. Нийт 36 093 220 төгрөгийн санхүүжилт авсан. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068/ НӨАТ орсон дүн/ төгрөгийг олгохыг хүсэж, “Л” ХХК-д албан бичиг, тооцооны хуудсын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг төлбөр төлөөгүй. Иймд гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч,түүний төлөөлөгч,өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний  1.2-т зураг төслөө бүрэн гүйцэтгэж, магадлал хийснээр ажлын хөлсийг төлнө гэсэн. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй. Ажлын гүйцэтгэлийн 50 хувийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй байгаа. Аливаа барилгын зураг нь тухайн объектын үнэтэй харьцуулан бодит зардлаас бараг 3 дахин өндөр үнээр үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл, 1/3 нь хариуцлагын үнэ, 1/3 нь хяналтын, 1/3 нь оюуны өмч, зургийн үнэ гэж анхнаасаа үнэлгээг зохиодог. Барилгын зураг нь тухайн зураг хийсэн этгээдийн оюуны өмч байдаг учир өөр этгээд тухайн зургийг гүйцээн зурах гэсэн зохицуулалт байхгүй. Зураг батлагдаж тухайн зургаар барилга баригдаж байгаа бүх тохиолдолд зурсан этгээд байнгын хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой. Хэрэв зураг буруудаж барилга нурах болон бусад асуудал үүсвэл зураг зурсан этгээд хариуцлага хүлээдэг учир өмнөх этгээдийн өмнөөс дараагийн хүн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Хэрэв өөр этгээдээр зуруулах болбол тэр этгээд бүх зургийг өөрөө дахин зурах хуулийн шаардлага үүсдэг учир гэрээг хүчингүй болгон өөр этгээдтэй дахин шинээр гэрээ байгуулах шаардлага байгаа. Мөн баригдаж байгаа барилгад өөрчлөлт оруулах шаардлага үүсэхэд зураг хийсэн этгээдээс зөвшөөрөл авдаг. Хэрэв зургийг өөр этгээд үргэлжлүүлэн зураад барилга баригдаж эхлээд “Г" ХХК-ийн зурсан хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай болоход “Г" ХХК-иас зөвшөөрөл авах ба гэрээ хэлцэл дуусгавар болсон ч манай байгууллага “Г" ХХК-иас хараат байх болж байна. Хэрэв “Г" ХХК нь цаашид үргэлжлүүлэн зурахаас татгалзаж байгаа бол нийт зургийн үнээс хариуцлага /үнийн дүнгийн 1/3/, хяналт /үнийн дүнгийн 1/3/-нд хамаарах үнийг хасаж тооцох ёстой.  Зургийн хөлсөнд 36 093 220 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа 17 996 068 төгрөгтэй нийлээд 54 089 288 төгрөг болно. Үүнээс хариуцлага, хяналтын дүнг хасахад 18 029 762 төгрөг болох ба энэ нь зургийн оюуны өмч, ажлын хөлс болж байна. Гэтэл “Г" ХХК нь ажлын хөлснөөсөө 2 дахин их мөнгө авсан боловч дахин хяналт, хариуцлагын мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй. Зураг төсөл зохиогч магадлал хийх үүрэгтэй гэж заасан. Тус дүүргийн шүүхэд “Г” ХХК нь "Л" ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг "Л" ХХК эс зөвшөөрсөн ба 2017-03-31-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлагаа өөрчилж, “Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах" тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Маргалдагч тал өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийг гардан авсан боловч тоо болон, чанарын ямар ч үр дүн гарсангүй, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй. Иймд "ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах" болсон тул "Л" ХХК-иас гэрээний урьдчилгаа болгон өгсөн 36 093 224 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч хариу тайлбартаа: Гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай /2012 оны/ хуулийн 17.1.6-р зураг төсөл зохиогч нь боловсруулсан зураг төсөлдөө магадлал хийлгэх шаардлагатай байдаг. Ийнхүү магадлал хийлгэхэд захиалагч Барилгын тухай хуулийн 10.1.1, 15.1.1-д зааснаар газрын зөвшөөрөл, цахилгааны техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл 363 айлын зураг төсөлд газрын зөвшөөрөл, цахилгааны техникийн нөхцөл дутуу байгаа учраас магадлал хийлгэх боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэл захиалагчаас шалтгаалан саатсан. Барилгын зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн дагуу Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх зураг төслийн шаардлага, бүрдлийг хангаагүй байна. Гэтэл захиалагч цахилгааны техникийн нөхцөлийг гаргаж өгөөгүйгээс гадна 123 айлын хэсэгт газрын захирамж нь гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил зогссон. Захиалагч гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчсөнөөс 2 жилийн хугацаа өнгөрч, гүйцэтгэгч тал гэрээг цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохирсон. "Л" ХХК газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг бүрдүүлэх тухай гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болж гэрээнээс татгалзсан гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01516 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтад заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 247 930 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 067 486 төгрөгийн 338 416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 729 069 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас  гаргуулан "Л" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 20-ны өдрийн 2089 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан  "Л" ХХК-с 15 304 002 төгрөг гаргуулж “Г" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 692 066 төгрөгт холбогдох хэсгийг,  сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч "Л" ХХК-иас 234 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо:  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Давж заалдах шатны шүүх Г ХХК нь Л ХХК-д зураг төслийг хүлээлгэж өгсөн байна гэж дүгнэн магадлал гаргажээ. Хэдэн хуудас ямар зураг хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 2017.04.20-ны өдрийн шүүх хуралдаан болсон бөгөөд шүүх шийдвэрээ гаргахаар 2 цаг завсарлаад хурал хойшлуулах 05987 тоот захирамж гаргасан /хх-179/. Шүүх  нэхэмжлэгчид үйлчилж, нэхэмжлэгч талаас 5 боть зураг төслийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 36-р хуудсанд байх 2015.05.12-ны өдөр “Зураг төсөл боловсруулж, хүлээлгэж өгсөн акт” гэх 1 хуудас баримт байх бөгөөд тус ганц хуудас баримтанд хуудасны тоо 99 хуудас болж байх ажээ. Шүүх нэхэмжлэгчээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн 5 боть 449 хуудас зураг төслийг нотлох баримтаар хүлээн авч шүүх хуралдсан. Хариуцагч огт үзээгүй, хараагүй 5 боть зургийг анхан шатны шүүх үнэлээгүй ба давж заалдах шатны шүүх үнэлж шийдвэр гаргажээ. Энэ нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болохыг нотолж, ИХШХШТХ-ийн 116.2 дахь заалт ноцтой зөрчигдсөн болохыг харуулна. Үүнд: Шүүхэд өгсөн 5 боть зураг нь нэхэмжлэгч тал хариуцагчид өгч байгаа зураг юм уу эсхүл шүүхэд гарган өгч байгаа зураг юм уу гэдэг нь ойлгомжгүй. Шүүхэд өгсөн 5 боть зураг нь нийт захиалгат зургийн 50 % гэдгийг хэн нотлоод байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талын хийсэн ажилд хариуцагч тал шинжээч томилуулж хийсэн ажлын хэмжээг тогтоолгох хүсэлтийг 2017.04.20-ны өдөр гаргасан. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зураг төсөлд хийсэн хэмжээг бодитойгоор тогтоож магадлал гаргасан гэж үзэхэд эргэлзэж байна. Давж заалдах шатны шүүхийн 3 шүүгч мэргэжлийн байгууллагын хийсэн ажлын хэмжээг мэргэжлийн биш байж яаж тогтоож байгаа нь магадлалын хянавал хэсгээс харагдахгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн ажлын хийсэн хувь хэмжээг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 4 боть зургаас хараад мэргэжлийн түвшинд үнэлсэн нь шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчсөн төдийгүй, нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 25.2.2-т заагдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох гэсэн зарчмыг үгүйсгэсэн, нэхэмжлэгч өөрийн хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг өөрөө нотлоогүй байхад нотлох баримтыг буруугаар үнэлж, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлаж шийдсэн нь хариуцагч “Л” ХХК-д илтэд хохиролтой үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж эрх хязгаарласан. Маргааны зүйл нь барилгын дүнгийн хэдэн хувийг зурсан болон хүлээлгэн өгсөн талаарх маргаан юм байна. Хэргээс харахад 109 хуудас зураг өгсөн байх ба энэ нь хэдэн хувь болохыг мэдэх боломжгүй юм байна. Мөн шүүхэд 5 боть зураг гаргаж өгсөн байх ба энэ зургийг хариуцагчид өгөөгүй шүүхэд өгсөн байх ба шүүх энэ 5 боть зургийг хариуцагч талд гардуулан өгч, гардуулан өгсөн талаараа шийдвэртээ тусгах ёстой юм байна. 5 боть зураг нь анхны өгсөн гэх 109 хуудас зурагтай нийлээд хэдэн хувь болж байгааг хэн мэдээд, хэн дүгнээд байгааг ойлгохгүй байна. Барилгын зураг нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар орж батлагдаж байж барилгын зураг гэж тооцогдох ба батлагдахгүй бол зураг нь цаасны хогт тооцогдоно. Иймд ажлын хэмжээ, зөв буруу зурсан гэдэг нь тодорхойгүй хэдэн хувь гүйцэтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй үйлдэлд зургийг зөв зурсан байна, алдаагүй зурсан байна, 50%-ийн гүйцэтгэл хийгдсэн байна гэж шалгаж дүгнэн тодорхойлж шийдсэн. Анхан шатны шүүх хариуцагчийн “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, Анхан шүүх “Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна”, давж заалдах шатны шүүх “Талуудын байгуулсан гэрээгээр зураг төслийг зурж дууссаны дараа магадлалын ажил хийлгэхээр гүйцэтгэгч тал хариуцсан боловч захиалагч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс уг ажил хийгдээгүй байна” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн байна. Учир нь хариуцагч хэзээ ч нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж гомдол гаргаж байгаагүй. Учир нь ажил гүйцэтгэх хугацаа нь гэрээний 1.4-д зааснаар 45 хоног гэж заасан боловч мөн 1.4-д зааснаар “Энэхүү хугацаанд холбогдох газруудаас зөвшөөрөл авах хугацаа ороогүй болно” гэж тохирсон. Захиалагч тал ажил гүйцэтгэгчид 240 айлын хэмжээнд шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гаргаж өгсөөр байтал 240 айлын зураг дээр ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй гэж бид маргаж, ямар ч бүрэн гүйцэд зураг хүлээн аваагүй тул гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа мөнгөө нэхсэн. Давж заалдах шатны шүүх “Дээрх хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл 240 айлын орон сууцны барилгын зураг төслийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, захиалагчид анх танилцуулж байсан 109 хуудас зураг болон сүүлд шүүхэд гаргаж өгсөн 5 боть буюу 449 хуудас зураг хоорондын ялгааг шүүх олж харсангүй. 109 хуудас зураг, 449 хуудас зураг хоёрт ажлын хэдэн хувийг хийсэн болохыг тогтоох нь тусгай мэдлэг шаардах асуудал байсан тул шинжээч томилохыг анхан шатны шүүхээс хүссэн боловч хангаагүй. Иймд манай гомдлын үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Г ХХК 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Л” ХХК /гэрээ байгуулах үед хариуцагчийн оноосон нэр “Люксвүүд хаус” ХХК байсан/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 17.996.068 төгрөг шаардсан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаж, сөрөг нэхэмжлэл гарган  “... 2015 оны 02 дугаар срын 12-ны өдрийн А/201504 дугаартай гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 36.093.220 төгрөгийг гаргуулахыг шаардсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч зөвшөөрчээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй .

       Талууд хэргийн материалтай танилцсан үйл ажиллагааг баталгаажуулсан баримтаас /хх 54, 62, 70, 122/ үзвэл “нотлох баримт гаргуулах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2017/05987 дугаар захирамж гарсан, түүнээс хойш хэрэгт шинээр баримт авагдсан байх бөгөөд эдгээртэй хариуцагч танилцсан гэх баримт хэрэгт байхгүй тул  гомдлыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн тайлбараар магадлалыг хэвээр үлдээх боломжгүй байна.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэж, шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

      Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2089 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 234.500 төгрөгийг “Л” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ