Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 867

 

Г.Солонгын  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Солонго,

Хариуцагч “Тунжөү” ХХК-д холбогдох,

 

4 553 306 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

5 727 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Лю Лян Хуй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Жаргалан хотхонд баригдаж байгаа 96-н айлын орон сууцанд захиалга авч байна гэсэн зарын дагуу “Тунжөү” ХХК-тай очиж уулзахад манай байр 1 м.кв нь 850 000 төгрөгөөр захиалга авч байгаа, төрийн албан хаагчдын 6 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж болох юм. Урьдчилгаа 10 хувь төлөөд байрандаа орж болно гэсэн. Миний бие 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээл аваад тус компанийн Төрийн банк дахь 3400037617 тоод дансанд 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байрны урьдчилгаа төлбөр болох 3 500 000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Г.Сэлэнгээр дамжуулж шилжүүлсэн.

Мөнгө шилжүүлсний дараа тус компаниас ярьж байрандаа орж болно гэснээр 2013 оны 08 дугаар сард орон сууцандаа орсон ба орон сууцны зээл хөөцөлдөх болоход тус байрыг Улсын комисс хүлээж аваагүй байсан. Компаниас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан барих гэрээг байгуулахдаа компанийн зүгээс орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 250 000 төгрөгөөр гэрээгээ хийнэ гэж санал тавьсан. Өмнө нь 1 м.кв талбайг 850 000 төгрөгөөр тохирч надаар урьдчилгаа төлбөр төлүүлж байрандаа оруулчихаад яагаад 1 м.кв-ын үнээ өсгөж байгаа юм бэ гэхэд улсаас 6 хувийн хүүтэй орон сууцыг батлахгүй болсон учраас үнээ нэмж байна гэсэн тайлбар хэлсэн. Тэд намайг 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг тулган шаардаж гэрээ байгуулсан. Мөн намайг урьдчилгаа 30 хувь төлөх шаардлагатай байна чи өмнө нь 10 хувь төлсөн, зөрүү 20 хувь нэмж төлж 8 хувийн зээлд хамрагдаж болно гэж хэлж, манайх 30 хувь төлсөн орлогын баримт бичиж өгье, чи зээлд хамрагд гэж 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 347 500 төгрөгийн орлогын баримт бичиж өгсөн. Өмнө нь амаар тохиролцсон орон сууцны үнэ буюу 1 м.кв талбайг 850 000 төгрөгөөр тооцоход орон сууцны үнэ 35 000 000 төгрөг болж байсан болохоор надад боломжийн байсан. Гэтэл компани амаар тохиролцсоноо зөрчиж, орон сууцны 1 м.кв-ын үнээ өсгөж 1 250 000 төгрөг болгосноор орон сууцны үнэ 47 825 000 төгрөг болсон.

Миний бие компанийн ажилчдын хэлсэн үгээр явж зээлд хамрагдахаар зээл хөөцөлдсөн боловч орон сууцны үнэ өндөр байсан учир миний цалингийн хэмжээ нь зээлийг эргэн төлөх нөхцөлгүй болж зээл авах боломж бүрдээгүй. Тус компани орон сууцныхаа 1 м.кв-ын үнийг 850 000 төгрөгөөр тохирч орон сууцандаа оруулчихаад байранд ороод амьдарсны дараа орон сууцны м.кв-ын үнийг өсгөж намайг орон сууц авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Компани намайг анхнаасаа хуурч мэхэлсэн, боломжгүй байдлыг надад тулгаж гэрээ хийсэн, мөн хуурамчаар 30 хувь төлсөн баримт хийж өгч зээл авахуулахыг оролдсон. Би банкнаас зээл авах боломжгүй байна гэж гэрээгээ цуцлъя гэхэд чи манай орон сууцанд амьдарсан тул орон сууцанд суусан хугацааны чинь төлбөрт суутгасан гэж хариулт өгсөн. Би 2016 оны 07 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэсэн үндэслэлээр буцаагдсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаа буцааж аваад дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Тунжөү" ХХК-иас орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 3 500 000 төгрөгийг, миний цалингийн зээлийн хүүд 1 053 306 төгрөгийн хамт, нийт 4 553 306 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч "Тунжөү" ХХК-ийн төлөөлөгч Лю Лян Хуа, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Солонготой орон сууц захиалан бариулах гэрээг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулж 1 м.кв талбайг 1 250 000 төгрөгөөр буюу 38.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны нийт үнэ 47 825 000 төгрөгийг тооцож өгөхөөр тохиролцсон байна. Уг тохиролцоо нь гэрээний 1.1, 3.1 дэх заалтаар нотлогдоно. Г.Солонготой 1 м.кв талбайг 850 000 төгрөгөөр тооцно гэсэн гэрээ хэлцэл огт хийж байгаагүй бөгөөд байрны мөнгийг зээл аваад төлчихнө хэмээн Сэлэнгэ аймаг Мандал сумын Жаргалан хотхоны 96-н айлын орон сууцны 4-р орцны 1 давхарт байрлах 73 тоот 2 өрөө орон сууцанд 2013 оны 3 дугаар сард орж, 2014 оны 10 дугаар сард 1 жил, 6 cap буюу 18 cap амьдарсан атлаа байрны үлдэгдэл төлбөр мөнгийг огт төлөөгүй. Уг байранд 18 cap амьдрахдаа шинэ орон сууцны обойг урж, хуучруулж, ариун цэврийн өрөөний эд зүйл, шал, хана, зэргийг муутгаж дахин засварлах аргагүй байдалд оруулж хохироосон. Засварын үйлчилгээг хийлгэнэ.

Мөн нэхэмжлэлд байрны урьдчилгаанд төлсөн 3 500 000 төгрөгийг төлөх гэж цалингийн зээл авсан, түүний хүүд 1 053 306 төгрөг төлсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч Г.Солонго нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн 95 дугаартай шийдвэрт Г.Солонго нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээлд 4 710 077 төгрөг авч уг цалингийн зээлээ төлөхөөр 4 000 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Үүнээс байр захиалахаас өмнө буюу огт өөр зориулалтаар цалингийн зээл авсан нь батлагддаг тул хүүгийн мөнгийг төлөх үндэсгүй.

“Tyн Жөү” ХХК-ийн түрээсийн журмын дагуу байрыг сард 200 000 төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд Г.Солонгийн тус байранд амьдарсан 18 сарын түрээсэнд 3 600 000 төгрөг авах, засварт 5 200 000 төгрөг зарцуулагдах тооцоотой байсан тул түүний урьдчилгаанд төлсөн 3 500 000 төгрөгийг тооцож авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид урьдчилгаа төлбөрөө төлсөн болохоор нь байрны түлхүүрийг өгсөн. Дараа нь төлбөрөө төлөхийг удаа шаардсан, мөн төлөхгүй бол байр суллаж өгөхийг шаардаж байсан. Байрны түлхүүрийг өгөх болон буцааж авахдаа баримт үйлдээгүй. Мөн нэхэмжлэгч нь 850 000 төгрөгөөр гэрээ хийсэн гэдгээ нотлохгүй байна. Хэрэв гэрээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол анхнаасаа орон сууцанд орохгүй байсан. Энэ нь байранд Г.Солонго 18 сар амьдарсан болох нь ашиглалтын төлбөр төлсөн баримтаар тогтоогддог. Банкны ажилтан тул 3 сарын дотор төлбөрөө төлнө гэсэн боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн түрээсийн журам байгаа. Үүгээр байрандаа орсон хүн мөнгөө төлж чадахгүй бол түрээс төлөхөөр тохиролцсон байгаа гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ли Лян Хуа, өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Солонго нь “Тунжөү” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдсан 96-н айлын Жаргалан хотхоны 4-р орцны 1 дүгээр давхарын 73 тоот 38.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг байрны урьдчилгаа төлбөрт 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3 500 000 төгрөгийг шилжүүлэн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байрандаа орж амьдарсан. Байрны 1 м.кв талбайг 1 250 000 төгрөгөөр авахаар тохиролцож төлбөрийг банкнаас зээл аваад 3 сарын дотор бүрэн төлнө гэж тохиролцсон. “Тунжөү” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээл авсан баримтдаа гурван сарын дотор төлнө гэдгээ баталгаажуулж өөрийнхөө гараар бичиг үйлдэж өгсөн.

Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 25-ны дотор байрны төлбөр төлөөгүйгээс гадна 2014 оны 09 дүгээр cap хүртэл бүтэн 8 сарын хугацаанд байрны үлдэгдэл төлбөр болох 44 325 000 төгрөгийг төлөөгүй тул орон сууц захиалан бариулах гэрээний 5.1.3 дахь заалтаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувиар буюу хоногт 8 865 төгрөгөөр 8 сарын хугацаанд 240 хоногт алданги бодоход нийт 2 127 600 төгрөгийг “Тунжөү” ХХК-д төлөхөөр байна. Мөн “Тунжөү” ХХК-ийн түрээсийн журмын дагуу 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 18 cap байранд амьдарсан хугацаанд cap тутамд 200 000 төгрөгийн түрээс төлөх үүрэгтэй.

Г.Солонго нь байрыг худалдаж авна хэмээн тохиролцож шинэ байранд орж, 18 cap амьдрахдаа ханын обой, шал, тааз, нойлын болон бусад өрөөний хаалганы цоож, эд зүйлсийг эвдлэн гэмтээж, муутган засвар хийхээс аргагүй байдалд оруулж хохироосон болно. Дээрх байдлаар Г.Солонго алдангид 2 127 600, түрээсэнд 3 600 000 төгрөг, нийт 5 727 600 төгрөгийг “Тунжөү” ХХК-д төлөхөөс урьдчилгаанд төлсөн байсан 3 500 000 төгрөгийг суутган 2 227 600 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Г.Солонгоос 2 227 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г. Солонго сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие орон сууцыг захиалан худалдаж авах гэж гэрээ хийсэн. Гэтэл энэ компанийн ажилчдын арга залинд мэхлэгдэж орсон байна гэдгээ ойлгосон. Мөн би тус орон сууцны урьдчилгаанд төлсөн 3 500 000 төгрөгийг төлөх гэж цалингийн зээл авч төлсөн бөгөөд цалингийн зээлийн хүүнд 1 053 306 төгрөг төлж цалингийн зээлийн хүүгээр давхар хохирч явна. Байрыг авах болон хүлээлгэн өгөхөд ямар нэг баримт дээр гарын үсэг зураагүй. Би түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Тунжөү" ХХК-иас 3 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Солонгод, нэхэмжлэгч Г.Солонгоос 2 400 000 төгрөг гаргуулж, хариуцагч "Тунжөү" ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 053 306 төгрөгт холбогдох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 327 600 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 87 803 төгрөг, хариуцагчийн 50 630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 53 350 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэгчийг 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 9 дүгээр cap хүртэл уг орон сууцанд амьдарсан гэж тайлбарласан боловч нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж дурдан нэхэмжлэгч 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 8 дугаар cap хүртэл амьдарсан гэж тайлбарласан, хариуцагч орон сууцыг сарын 200 000 төгрөгөөр түрээсэлдэг гэсэн нь Т.Хадбаатартай байгуулсан түрээсийн гэрээгээр нотлогдож байна гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн амьдарсан 18 сарын хугацаанд сарын 200 000 төгрөгөөр бодож нэхэмжилсэн 3 600 000 төгрөгнөөс 1 200 000 төгрөгийг хасч шийдсэнийг хүлээн  зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, “Тунжөү” ХХК-ийн түрээсийн журам, маргаан бүхий байрыг Т.Хадбаатарт түрээсэлсэн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээ, маргаан бүхий байранд амьдарч байх хугацааны ахуйн хэрэглээний 2014 оны 10 cap хүртэлх төлбөрийн баримт, Г.Солонгын дүү Г.Сэлэнгээс байрны урьдчилгаа төлбөрт 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөг төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Мөн нэхэмжлэгч Г.Солонго нь маргаан бүхий орон сууцанд 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр орсноос хойш уг орон сууцыг өөр хүнд түрээслэх боломжгүй болсон. Мөн 2014 оны 8 дугаар сард байрнаас гарсан гэдэг боловч эд зүйлээ үлдээж явснаас болоод 10 дугаар сар хүртэл түрээсэлж чадаагүй нь Т.Хадбаатартай байгуулсан гэрээгээр нотлогдоно. Шүүх хуралдаанд гэрчээр Т.Хадбаатар, Р.Мөнхтуул нарыг оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй нь хууль зөрчсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Г.Солонго нь хариуцагч “Тунжөү” ХХК-д холбогдуулан 4 553 306 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, 5 727 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “Тунжөү” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу нэхэмжлэгч Г.Солонго нь 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авсан гэдгийг гэрч Р.Мөнхтуул, Т.Хадбаатар нар мэдэх тул гэрчээр асуулгах, мөн орон сууцны эвдрэл хохирлын хэмжээг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 595 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх 53-59/

            Шүүх хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан үндэслэл тодорхойгүй, уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэхгүй ба хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг шүүх хангаагүй, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн орон сууцанд орсон хугацааг тогтоох боломжгүй, уг үйл баримтыг тогтоолгүйгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.          

            Иймд Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ