Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0444

 

“Мм” ХХК-ийн гомдолтой

                 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч улсын байцаагч А.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Мм” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0066789 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Мм” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Мм” ХХК-ийн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо: “...зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаас харахад 2006 онд батлагдсан “Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага М№ 1804:2006 стандарт” авагдсан байна. Гэтэл тус стандарт нь 2013 онд MNS 1804:20061 болж 2013 онд нэмэлт өөрчлөлт  орсон бөгөөд зөрчлийг нэмэлт ороогүй өмнөх хувилбарын стандартаар шалгаж, хавтаст хэрэгт баримтжуулсан байна. Шүүх хурлын үед шинэчилсэн стандартыг гаргаж, хавтаст хэрэгт авагдсан болно. ... 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн бүтээгдэхүүнээс дээж авсан актад актыг хүлээн авч танилцсан ажилтан нь Чанар, эрүүл ахуйн албаны дарга Х.Б гэж тусгасан байна. Х.Б-т холбогдогч болох “Мм” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлийг гүйцэтгэх захирлаас олгоогүй, эрхгүй ажилтан байсан. Тиймээс дээрх “Бүтээгдэхүүнээс дээж авах акт” болон 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Лабораторид дээж өгсөн тэмдэглэл" нь нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу бэхжүүлэгдээгүй баримт гэж үзэж байна. ... Шинжээч Ж.Ө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн энэ гадны биет нь үйлдвэрлэлийн эсвэл, хэрэглээний аль шатанд орсныг тодорхойлох боломжтой юу гэсэн асуултад хариулахдаа “Шууд тодорхойлох боломжгүй” гэсэн хариултыг өгч байсан. Мөн шинжээчийн зүгээс шүүхийн шинжилгээний хуульд заасанчлан ямар эрх үүрэгтэйг сайн мэдэхгүй, сануулаагүй, надад улсын байцаагчийн зүгээс шинжилгээ хийхтэй холбоотой асуулт ирээгүй, шинжилгээ хийх хугацааг тогтоож өгөөгүй, шинжилгээний дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу ямар шаардлага хангасан байх талаар сайн мэдэхгүй ... гэсэн тайлбарыг өгч байсан. Гэтэл шүүгч уг тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр давтан шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан ч “Мм” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/132 тоот албан хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч 2020 оны 04 дүгээр 21-ний өдрийн тогтоолоор улсын байцаагч нь хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Хүсэлтийг хүлээн аваагүй талаар үндэслэлийг тогтоолд дурдаагүй, ямар шалтгаанаар хүлээн аваагүйгээ ч заагаагүй байсан болно. Энэ нь хэргийг бодитойгоор шийдвэрлүүлэх оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон тул шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж мэдүүлэг авсны дараа шийдвэрлэхээр болсон. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд давтан шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан ч шинжээч Ж.Ө дээжийг өөрийн лабораторийн журмын дагуу устгасан тул шинжилгээ хийлгэх боломжгүй болсон.

... 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хэв загвар дээж авсан тэмдэглэлд “...мөн иргэнээс ирүүлсэн гомдлын бүтээгдэхүүний хаяг шошго үйлдвэрлэсэн хугацаа цувралыг хайчилж хаясан байсан тул үйлдвэрлэсэн хугацаа, цувралаар нь тогтоож харьцуулсан дээж шинжилгээнд хамруулах боломжгүй байсан болно" гэж тусгасан байсан ч зөвхөн тухайн хэрэглэгчийн ирүүлсэн дээжийн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, бүрэн үнэлээгүй. Гомдол гаргасан хэрэглэгчийн дээж нь үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шарж болгосон мах гэж тэмдэглэсэн байна. Гэтэл огноо тодорхойгүй зүйлд шинжилгээ хийсэн хариуг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь тал бүрээс нь бодитой шийдвэрлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Байцаагчийн зүгээс огноог тодруулах талаар тодорхой ажиллагаа хийгээгүй.

... Хамгийн гол нь улсын байцаагчийн зүгээс болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээний сорилтын хуудсанд гадны биет үйлдвэрлэлийн болон хэрэглээний аль шатанд орсон талаар баталж нотлоогүй. Хэрэглэгчээс гомдлоор ирүүлсэн дээж нь огноо, цувралын дугааргүй байсан бөгөөд үүнийг тодруулах арга хэмжээ аваагүй. Шүүх хуралдаанд “Мм” ХХК-ийн ерөнхий технологич Л.Э, технологич Б.Ү, чанар, эрүүл ахуйн албаны ажилтан М.О нар гэрчээр оролцож, тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчинд тамхи орох нөхцөл бололцоо байхгүй талаарх мэдүүлэг, тайлбарыг өгсөн ч шүүх нотлох баримтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар шийдвэрт тусгаагүй. Зөвхөн хариуцагчийн тайлбар, түүнд хамаарах Э.Н-ийн мэдүүлгийг үнэлсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг дурдсаар байхад шүүхийн шийдвэрт "... гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдгээр тайлбарууд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ... Тиймээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу гараагүй дүгнэлт зэргийг сайтар шалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг засаж, шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Гомдол гаргагч “Мм” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Н” ногоотой котлет гэх нэрийн бүтээгдэхүүнээс тамхины иш гарч ирсэн, гадны механик бохирдолтой, бүтээгдэхүүний гадаргууд татсан тамхины иш наалдаж, тамхины үнэр шингэсэн болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораторийн Нян судлалын лабораторийн 20-796 дугаартай шинжилгээний дүнгээр тогтоосон, энэ нь “Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн техникийн ерөнхий шаардлага” MNS 1804:20061 стандартын 5 дугаар зүйлийн 5.2-т “Нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц амттай, гадны элдэв амтгүй байна”, “Нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц үнэртэй, гадны элдэв үнэргүй байна” гэж заасанд нийцээгүй.

Тиймээс хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн маргаан бүхий актаар “Мм” ХХК-д 3 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гомдол гаргагч “Мм” ХХК-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй болохыг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй гэх гомдлын тухайд,

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д зааснаар шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй бөгөөд хариуцагч улсын байцаагч нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүтээгдэхүүнээс дээж авахдаа “Мм” ХХК-ийн ажилтан Х.Б-ийг байлцуулан, актыг танилцуулж, хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон, дээж авах явцтай холбогдуулан шалгуулагчаас санал гомдол, шаардлага гаргаагүй атлаа “... эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгоогүй этгээдийг байлцуулсан” хэмээн маргаж буйг хүлээн авах боломжгүй учир нь Х.Б нь тухайн компанийн Чанар, эрүүл ахуйн албаны даргын ажлыг гүйцэтгэдэг, гомдол ирүүлсэн тухай мэдээллийг компанийн гүйцэтгэх захиралд мэдэгдсэнээр Х.Б бүтээгдэхүүнээс дээж авах ажиллагаанд оролцсон байна.

2. Маргаан бүхий энэ тохиолдлын хувьд дахин шинжилгээ хийх нь ач холбогдолгүй, анх авсан дээжид хийсэн шинжилгээний үр дүнгээр зөрчил тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэхээргүй байна. Учир нь хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд гадны ямар нэг биет илрэх ёсгүй, элдэв үнэр, амтгүй байх байх ёстой бөгөөд “тамхины иш” илэрсэн бүтээгдэхүүнээс өөр буюу тухайн өдөр хамт худалдаалагдаж байсан бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэснээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, өөр бүтээгдэхүүнээс тамхины иш гарч ирээгүй тохиолдолд тухайн зөрчлийг үгүйсгэх, тамхины иш гарч ирээгүйд тооцогдох үндэслэл болохгүй юм.

3.  Зөрчлийн хэргийн материалд 2013 оны нэмэлт өөрчлөлт ороогүй “Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн техникийн ерөнхий шаардлага” MNS 1804:2006 стандарт авагдсан байх боловч зөрчлийг тогтоох үндэслэл болсон тус стандартын 5 дугаар зүйлийн 5.2-т “Нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц амттай, гадны элдэв амтгүй байна”, “Нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц үнэртэй, гадны элдэв үнэргүй байна” гэсэн заалт нь 2013 онд нэмэлт өөрчлөлт ороход өөрчлөгдөөгүй,  MNS 1804:20061 стандартад тухайн агуулгаараа тусгагдсан байна.

Дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Мм” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН