Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 01153

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/01153

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Эрдэнэт хүнс ХК

           Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 60-13 тоотод оршин суух Монгол овогт Совдын Энхзул /ГК:87030166/

            Бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Батаагийн Ганбаатар /ФБ:59080311/

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Дашдоржийн Энхтуяа /ФМ:63052062 /

            Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-12 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг, хариуцагч С.Энхзул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ганбаатар, Д.Энхтуяа, гэрч Г.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Эрдэнэт хүнс ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус компанид дэлгүүрийн няраваар ажиллаж байсан Д.Энхтүвшин нь 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа 10 835 157 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд 1999 оны 07 дугаар сарын 14-ний шүүх хуралдаанаар Д.Энхтүвшингээс 3 185 430 төгрөг гаргуулан  Эрдэнэт хүнс  ХК-д олгох тухай  тогтоол гарсан болно. Иргэн Д.Энхтүвшин шүүхийн шийдвэртэй 3 185 430 төгрөгийг барагдуулах тооцоонд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-12 тоот хаягт байрлах хашааны газрыг өгөх саналыг Орхон аймгийн ШШГАлбанд гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч н.Гантуяа гүйцэтгэх ажиллагаа явуулж уг хашааны газрыг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн болно. Гэвч иргэн Д.Энхтүвшин болон түүний нөхөр Г.Бямбасан нар бүртгэлийн газарт уг газрын шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй байсан байдлыг ашиглан 2013 онд бусдад дамжуулан  худалдаж хууль бусаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000247276 дугаарын гэрчилгээг гаргуулж улмаар уг газрыг чөлөөлөх шаардлага тавьж манай байгууллагыг хохироож байна. Иймд газар өмчлөх эрхийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч С.Энхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Энхзул нь 2013 оны 10 дугаар сарын 16-нд Аралдий овогтой Энхтулгаас Рашаант баг 23-12 тоот хашааг худалдан авсан. Иймд Энхтүвшин Эрдэнэт хүнс ХК-н хоорондын өрийн асуудлыг би мэдэхгүй. Бүх зүйлийг хуулийн дагуу л авсан. Энхтүвшин гэдэг хүнийг таних ч үгүй би А.Энхтуяа гэдэг хүнээс л энэ хашааг худалдаж авсан. Энэ хашааны талаар гурван ч удаа шүүхийн шийдвэр гарч албадан нүүлгэх болсон. Харин энэ айл нүүхгүй байгаа. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ганбаатар, Д.Энхтуяа нь  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Д.Энхтуяа би 1981 оноос 2013 онд Эрдэнэт хүнс ХК-д ажиллаж байсан бөгөөд 1998 оноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах 23-12 тоотод манай гэр бүл одоог хүртэл 18 жил тасралтгүй амьдарч байна. Анх энэ газар нь Эрдэнэт хүнс ХК-ийн өрөндөө авсан газар гээд хашаагүй хоосон газар байсан бөгөөд бид хашаа болон байшин барьж, өдийг хүртэл харж хандаж амьдарч ирсэн. Гэтэл гэнэт энэ газрын эзэн гээд С.Энхзул гэдэг эмэгтэй гарч ирсэн бөгөөд одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид энэ газрыг өөд нь татаж, ямар ч хөлс мөнгө авалгүйгээр харж хандаж байснаас гадна өөрсдийн хөрөнгөөр байшин барьсан. 18 жилийн турш санаа тавьж, нэг ч удаа эргэж тойрч байгаагүй хүн гэнэт энэ газрын эзэн гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд өөр амьдрах газар, орох орон байхгүй бөгөөд С.Энхзул гэдэг хүнийг тус газрын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нь олон жил энэ газрыг харж хандан, амьдарч ирсэн бидний эрхийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Эрдэнэт хүнс ХК нь хариуцагч С.Энхзулд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-12 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч С.Энхзул уг газрыг хуулийн дагуу авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай байгууллагын ажилтан байсан Д.Энхтүвшин нь 1996 оноос 1997 онд ажиллаж байх хугацаандаа 10 835 157 төгрөгийн дутагдал гаргасан, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Д.Энхтүвшингээс 3 185 430 төгрөг гаргуулан манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Д.Энхтүвшин нь өр төлбөрөө барагдуулах тооцоонд Рашаант баг 23-12 тоотод байрлах газрыг өгөх саналыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд гаргасан. Тухайн үед Шийдвэр гүйцэтгэгч Г.Гантуяа гүйцэтгэх ажиллагааг явуулж  байсан. Гэвч бүртгэлийн газарт шилжилт хөдөлгөөн хийгээгүйгээс уг газар бусдад шилжсэн байх тул уг газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч С.Энхзул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие уг газрыг хуулийн дагуу худалдаж авсан. Энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Б.Ганбаатар, Д.Энхтуяа нар  уг газар дээр 1998 оноос одоог хүртэл 18 жил тасралтгүй амьдарч байгаа ба манайхыг нүүж ирэхэд хашаа ч байхгүй хоосон газар байсан. Эрдэнэт хүнс ХК манай өрөнд авсан газар та нар амьдарч бай гэж хэлсэн. Энэ бүх хугацаанд өмчлөгч гэж нэг ч хүн гарч ирээгүй байж одоо болохоор С.Энхзул миний газар гээд байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Эрдэнэт хүнс ХК-ны хүнсний дэлгүүрт няраваар ажиллаж байсан Д.Энхтүвшин нь их хэмжээний эд зүйл ашиглан шамшигдуулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор түүнийг гэм буруутай болохыг тогтоож, 3 185 430 төгрөг гаргуулан Эрдэнэт хүнс ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Засаг даргын 2003 оны 410 дугаар захирамжаар тус аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 638 м.кв газрыг Г.Бямбасанд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба тэрээр уг газраа 2005 онд Д.Энхтүвшинд олгосон итгэмжлэлийн дагуу 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр А.Энхтулгад худалджээ.

Хариуцагч С.Энхзул нь маргаж буй газрыг А.Энхтулгаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр худалдан авч, хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн уг газрыг Б.Ганбаатарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох бөгөөд хариуцагч С.Энхзулд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч ажилтан Д.Энхтүвшин нь Эрдэнэт хүнс ХК-д төлөх өр төлбөртөө өөрийн нөхөр Г.Бямбасангийн өмчлөлийн Рашаант баг 23-12 тоот 638 м.кв талбайтай газрыг өгөхөөр тохиролцож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Г.Гантуяа явуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтаар нотлогдохгүй байх төдийгүй, гэрч /тухайн үед гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байсан шийдвэр гүйцэтгэгч/  Г.Гантуяагийн мэдүүлгээр уг үйл ажиллагаа явагдсан эсэхийг нотлож чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх тул хуулинд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзлээ.

Маргаж байгаа газар нь Рашаант 23-9 тоот, Рашаант 23-12 тоот гэж байх боловч 638 м.кв талбайн хэмжээгээр, Г-2101001285 улсын бүртгэлийн дугаараар, 130100441 нэгж талбарын дугаараар тус тус тохирч байх тул Рашаант 23-9 тоот нь Рашаант 23-12 тоот мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд шаардах эрхийн үндэслэлгүй байх тул Эрдэнэт хүнс ХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                         

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Энхзулд холбогдох Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-12 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч  Эрдэнэт хүнс ХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ