Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00175

 

              “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1153 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Энхзулд холбогдох

“Орхон аймаг, Баян-өндөр сум, Рашаант баг, 23-12 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбат

Хариуцагч С.Энхзул

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхтуяа

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тус компанид дэлгүүрийн няраваар ажиллаж байсан Д.Энхтүвшин нь 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа 10 835 157 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд 1999 оны 07 дугаар сарын 14-ний шүүх хуралдаанаар Д.Энхтүвшингээс 3 185 430 төгрөг гаргуулан Эрдэнэт хүнс ХК-д олгох тухай тогтоол гарсан болно. Иргэн Д.Энхтүвшин шүүхийн шийдвэртэй 3 185 430 төгрөгийг барагдуулах тооцоонд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-12 тоот хаягт байрлах хашааны газрыг өгөх саналыг Орхон аймгийн ШШГАлбанд гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч н.Гантуяа гүйцэтгэх ажиллагаа явуулж уг хашааны газрыг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн болно. Гэвч иргэн Д.Энхтүвшин болон түүний нөхөр Г.Бямбасан нар бүртгэлийн газарт уг газрын шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй байсан байдлыг ашиглан 2013 онд бусдад дамжуулан  худалдаж хууль бусаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000247276 дугаарын гэрчилгээг гаргуулж улмаар уг газрыг чөлөөлөх шаардлага тавьж манай байгууллагыг хохироож байна. Иймд газар өмчлөх эрхийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Энхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Энхзул нь 2013 оны 10 дугаар сарын 16-нд Аралдий овогтой Энхтулгаас Рашаант баг 23-12 тоот хашааг худалдан авсан. Иймд Энхтүвшин Эрдэнэт хүнс ХК-н хоорондын өрийн асуудлыг би мэдэхгүй. Бүх зүйлийг хуулийн дагуу л авсан. Энхтүвшин гэдэг хүнийг таних ч үгүй би А.Энхтуяа гэдэг хүнээс л энэ хашааг худалдаж авсан. Энэ хашааны талаар гурван ч удаа шүүхийн шийдвэр гарч албадан нүүлгэх болсон. Харин энэ айл нүүхгүй байгаа. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ганбаатар, Д.Энхтуяа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Энхтуяа би 1981 оноос 2013 онд Эрдэнэт хүнс ХК-д ажиллаж байсан бөгөөд 1998 оноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах 23-12 тоотод манай гэр бүл одоог хүртэл 18 жил тасралтгүй амьдарч байна. Анх энэ газар нь Эрдэнэт хүнс ХК-ийн өрөндөө авсан газар гээд хашаагүй хоосон газар байсан бөгөөд бид хашаа болон байшин барьж, өдийг хүртэл харж хандаж амьдарч ирсэн. Гэтэл гэнэт энэ газрын эзэн гээд С.Энхзул гэдэг эмэгтэй гарч ирсэн бөгөөд одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид энэ газрыг өөд нь татаж, ямар ч хөлс мөнгө авалгүйгээр харж хандаж байснаас гадна өөрсдийн хөрөнгөөр байшин барьсан. 18 жилийн турш санаа тавьж, нэг ч удаа эргэж тойрч байгаагүй хүн гэнэт энэ газрын эзэн гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд өөр амьдрах газар, орох орон байхгүй бөгөөд С.Энхзул гэдэг хүнийг тус газрын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нь олон жил энэ газрыг харж хандан, амьдарч ирсэн бидний эрхийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1153 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Энхзулд холбогдох Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-12 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбат давж заалдсан гомдолдоо: Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Д.Энхтүвшингийн гэм буруутайг тогтоож түүнээс 3 185 430.00 төгрөг гаргуулахаар улмаар энэ мөнгийг “Эрдэнэт хүнс“ ХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тэрээр энэ төлбөртөө гэр бүлийн хэрэгцээний Орхон аймаг, Баян-Өндөр сумын Рашаант багийн 23-09 тоотод эзэмшлийн өмчлөлийн газрыг өгөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд санал болгож гүйцэтгэл хийгдэж байсан юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинээр зохион байгууллагдаж манай компанийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Гантуяа зохион байгуулалтын улмаас шинэ газар шилжин ажиллахдаа манай компанийн өр авлагын 10 орчим баримтыг яасаныг мэдэхгүй орхигдуулан хаясанаас одоо тухайн шийдвэр гүйцэтгэлийн баримт хаана байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар холбогдох газруудаас лавлагаа, тодорхойлолт гаргуулах хүсэлтийг нэг бус удаа гаргасан боловч гаргаж өгөөгүй болно. Шийдвэр гүйцэтгэгч н.Гантуяаг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан боловч тодорхой хариулт өгөхгүй, мэдэхгүй, санахгүй байна гэснээр тухайн баримт материалыг авч үлдсэн гэх манай компанийн нягтлан н.Нармандахыг энэ хэрэгт гэрчээр оролцуулж одоо тухайн гүйцэтгэлийн баримт хаана байгааг тогтоон хэрэгт нотлох баримтаар судлуулах саналыг манай өмгөөлөгч гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.22-ны өдрийн 142/ШШ2016/01153 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Эрдэнэт хүнс ХХКомпани нь Баян-Өндөр сумын Рашаант багийн 23-12 тоот газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баян-Өндөр сумын  Засаг даргын 2003 оны 410 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлуулэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Рашаант багийн 23-12 тоот газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж улмаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн № 8529 тоот гэрчилгээгээр Гунгаагийн Бямбасанг уг газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж дараа нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан гэрээний үндсэн дээр тус газрын өмчлөх эрхийг С.Энхзулд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжихээс өмнө буюу 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын шүүхийн №152 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын дагуу тус компанид төлөгдөх 3185430 төгрөгийн төлбөрт Д.Энхтүвшингийн эзэмшлийн хашаа, газрыг Шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан “ тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  маргаж буй газрыг нэхэмжлэгчид төлөгдөх төлбөрт тооцож шилжүүлсэн талаарх нотлох баримтыг гаргуулах,  тухайн үед шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Гантуяаг гэрчээр асуулгах тухай” хүсэлтийг хүлээн авч хангаж, Нармандахыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж улмаар зохигчдын хүсэлтээр нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулсан байх ба шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн журмаар төлөгдөх 3.185.430 төгрөгийн төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар Д.Энхтүвшингээс гаргуулахаар шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбатын гаргасан “шүүх гэрч асуулгах тухай хүсэлтийг хүлээн аваагүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ