Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 01177

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2016/01177

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-51 тоотод оршин суух Жаран овогт Сүхийн Ариунболор /ФБ:79101406/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-61 тоотод оршин суух Ханхайчууд овогт Хишигдаваагийн Нэргүй/ ФБ:63011969/

            1 017 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ариунболор, хариуцагчийн өмгөөлөгч С.Ванчиг /089/, гэрч Ж.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ариунболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Х.Нэргүй нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 750 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 580 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Х.Нэргүй нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй миний бие түүнтэй уулзаж хоёр удаагийн зээлийн гэрээний дагуу тооцоо гаргасан. Энэ тооцоогоор 1 850 000 төгрөг болж байгаа гэдгээ танилцуулсан, тэр зөвшөөрч сүүлд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж гарын үсгээ зурсан. С.Ариунболор би зээлдэгч Х.Нэргүйгээс 1.2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлдсэн  өдөр зээлдсэн 750 000  төгрөг, 5 сар 14 хоног /164 хоног/-ийн хүү 410 000 төгрөг, нийт 1 160 000төгрөг, 2. 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлдсэн 580 000 төгрөг, 3 сар 16 хоног /106 хоног/-ийн хүү 205 000 төгрөг, нийт 785 000 төгрөг, хоёр удаагийн зээлдсэн мөнгөний тооцоо нийлээд бүгд 1 945 000 төгрөг болж байна. Х.Нэргүй нь 2015 оны 09 дүгээр сард 928 000 төгрөг өгсөн. Одоо 1 017 000 төгрөгийг төлөх ёстой. Миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно. Иймд Х.Нэргүйгээс 1 017 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Нэргүй 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ариунболорын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С.Ариунболорын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын хооронд 6 удаа аман хэлцлээр хийж, 1 340 000 төгрөг авсан байгаа. Энэ тухай өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж байсан . Үүнийг тодруулбал: 2014 оны 10 сарын 16-нд 140 000 төгрөг, 2014 оны 10 сарын 28-нд 100 000 төгрөг, 2014 оны 10 сарын 30-нд 139 000 төгрөг, 2014 оны 11 сарын 23-нд 450 000 төгрөг, 2012 оны 12 сарын 03-нд 200 000 төгрөг, 2014 оны 12 сарын 10-нд 311 000 төгрөг нийт 1 300 000 төгрөг болж байна. Энэхүү авсан мөнгийг буцааж өгөхдөө тэмдэглэлийн дэвтэр дээр байнга С.Ариунболороор гарын үсг зуруулж байсан баримт эхээрээ байгаа. Үүнийг тооцоход 1 836 000 төгрөг өгсөн нь үнэн болно. 1 836 000 төгрөгийг өгч авалцаж байсан баримтыг хавсаргасан. Ийм учир С.Ариунболорт мөнгө төлөх ёсгүй гэж бодож байгаа. Тухайн үед хүү тохирч албан ёсны гэрээ хийгээгүй. Сүүлд нь зээлийн гэрээ хийсэн үүнийг гэрчлэх гэрч Ж.Дуламсүрэнг хуралд оролцуулах хүсэлтээ гаргах болно гэжээ.

Хариуцагч Х.Нэргүй 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  С.Ариунболорын нэхэмжлэл болон хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. С.Ариунболороос 2014 оны 09 дүгээр сарын 13-нд анх 100 000 төгрөг зээлж авсанаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 8 удаа 1 540 000 төгрөг зээлсэн байна. Би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр түүнээс авсан болон өгсөн мөнгөө тэмдэглэж байсныг С.Ариунболороор цаг тухайнд нь гарын үсэг зуруулж байсан баримтыг үндэслэж, тооцоо хийхэд 1 540 000 төгрөгийг 2 144 900 төгрөг болгон буцаан төлсөн байна. С.Ариунболороос 580 000 төгрөг болон 750 000 төгрөгийг хэзээ ч авч байгаагүйгээс гадна мөнгө авч өгөлцөхдөө, бичгээр нэг ч удаа гэрээ хийж байгаагүй. 2015 оны 06 сарын 17-нд юу ч бичээгүй зээлийн гэрээний маягт дээр гарын үсэг зурж өгөөч гэж гуйхад яах гэж байгаа юм бэ гэхэд Ж.Дуламсүрэн бид хоёрт энэ танд ямар ч хамаагүй, надад хэрэгтэй байна, олон хүнд зээл гаргасан болж харагдах хэрэгтэй байна тэгвэл би Хадгаламж зээлийн хоршооноос бага хүүтэй их мөнгө хүнд зээлэх гэсэн юм гэхээр нь гарын үсэг зураад өгсөн. Дараа нь гарын үсгийг ашиглавал хариуцахгүй гэдгээ ч хэлсэн.  Үүнийг Ж.Дуламсүрэн хамт байсан учир мэдэж байгаа. Мөн Ариунболор нь 2015 оны 03 дугаар сарын 01-нд 580 000 төгрөг, 2015 оны 01 сарын 03-нд 750 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлэв гэсэн бичигт гарын үсэг зуруулсан болохоос ийм мөнгө төгрөг тухайн үед авч өгөлцөөгүй юм. Харин зээлсэн мөнгөний 580 000 би 750 000 төгрөгийг Дуламсүрэн төлөх юм гэж ярьж байсныг ашиглан ийм бичиг гарын үсэг зуруулсан юм. Хамгийн сүүлд буюу 2015 оны 09 сарын 04-нд С.Ариунболор намайг дагуулаад 4-8-4 тоотод оршин суугч Нямгэрэл гэж хүн дээр очиж 1 000 000 төгрөг надаар зээл авахуулаад 927 000 төгрөгийг өөрөө авсанаар бид хоёрын дундын мөнгө төгрөгийн тооцоо дуусч гарын үсэг зуралцсан болно. Тиймээс С.Ариунболорт ямар нэгэн мөнгө өгөх асуудал байхгүй болно. Тайлбарт Нямгэрэлээс авсан зээлийн гэрээг хавсаргав гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч С.Ариунболор нь хариуцагч Х.Нэргүйд холбогдуулан 1 017 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Х.Нэргүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 750 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 580 000 төгрөгийг тус тус 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хожим 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлдүүлсэн  мөнгө хүүтэйгээ нийлээд 1 160 000 төгрөг, 2015 оны 03  дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлсэн мөнгө хүүтэйгээ 785 000 төгрөг болсон. Х.Нэргүй 2015 оны 09 дүгээр сард 928 000 төгрөг төлсөн тул одоо 1 017 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: С.Ариунболороос 2014 оноос эхлэн нийт 8 удаагийн үйлдлээр 1 540 000 төгрөг зээлсэн. Буцаагаад 2 144 900 төгрөг өгсөн. Бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаж байгаагүй. Өгсөн, авсан мөнгөө тооцож гарын үсэг зуруулж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр 927 000 төгрөг өгснөөр бидний хоорондын тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 750 000 төгрөг болон 03 дугаар сарын 01-нд 580 000 төгрөгийг тус бүр 10 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт /хх-4/ болон нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч Х.Нэргүй дээрхи мөнгөнүүдийг аваагүй гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байх нотлох баримтаар Нэргүй эгч 2015 оны 03 дугаар сарын 01-нд 580 000 сарын 10 хувийн хүүтэй зээлэв Х.Нэргүй, Нэргүй эгч 2015 оны 01 дүгээр сарын 03-нд 750 000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлэв. Х.Нэргүй гэж гарын үсэг зурсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х.Нэргүй гарын үсэг зурсан гэж тодорхойлсон байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй байна.

            Мөн хариуцагч Х.Нэргүй нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 927 000 төгрөгийг С.Ариунболорт өгч тооцоо дууссан,  750 000 төгрөгийг Ж.Дуламсүрэн хариуцах ёстой гэсэн тайлбаруудаас дүгнэвэл дээрхи зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, зохигчдын хооронд дээрхи мөнгөнөөс гадна ажлын газрын хамт олонд нь зээлдүүлдэг байсан мөнгийг өгч авалцдаг байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

            Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч С.Ариунболор нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, Х.Нэргүй нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буюу нэхэмжлэгчээс шаардсан хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан байх ба талууд зээлийн гэрээнд хугацаа тогтоогоогүй тул нэхэмжлэгчийн мөнгө өгөөд нэг сарын дараагаас мөнгөө шаардаж эхэлсэн гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагчаас 2 сарын хүүг тооцож гаргуулахаар шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох боломжтой байдаг тул 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 927 000 төгрөг төлж тооцоо хаасан тухай баримтаар хүү тооцож авсаныг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.

            2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 750 000 төгрөгийг Ж.Дуламсүрэн төлнө гэж хариуцагч тайлбарлаж байх боловч дээрхи мөнгийг нэхэмжлэгч нь Ж.Дуламсүрэнд өгөөгүй болох нь гэрч Ж.Дуламсүрэнгийн мэдүүлгээр батлагддаг.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тухайн өдөр 1 850 000 төгрөгийг зээлдэгчид өгөөгүй, дүр эсгэж хийсэн гэрээ болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул уг гэрээг үнэлээгүй болно.

            Иймд хариуцагч Х.Нэргүйгээс үндсэн мөнгө 750 000 төгрөг, хүү 150 000 төгрөг /2 сар/, 750 000+150 000-142 000 /2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр илүү авсан мөнгийг хасвал/ нийт  758 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ариунболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 259 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Хариуцагч Х.Нэргүй нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэгч С.Ариунболор хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг гаргасан тул шүүх зохигчдын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 042 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Х.Нэргүйгээс 22 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ариунболорт олгохоор шийдвэрлэв. 

 

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                         

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Нэргүйгээс 758 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ариунболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 259 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 042 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Х.Нэргүйгээс 22 742 төгрөг гаруулан нэхэмжлэгч С.Ариунболорт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ