Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00166

 

 

 

 

 

 

 

 

С.Ариунболорын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1177 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Ариунболорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Нэргүйд холбогдох

“1.017.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Х.Нэргүйн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунболор, хариуцагч Х.Нэргүй, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ариунболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Нэргүй нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 750 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 580 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Х.Нэргүй нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй миний бие түүнтэй уулзаж хоёр удаагийн зээлийн гэрээний дагуу тооцоо гаргасан. Энэ тооцоогоор 1 850 000 төгрөг болж байгаа гэдгээ танилцуулсан, тэр зөвшөөрч сүүлд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж гарын үсгээ зурсан. С.Ариунболор би зээлдэгч Х.Нэргүйгээс:

1. 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлдсэн өдөр зээлдсэн 750 000 төгрөг, 5 сар 14 хоног /164 хоног/-ийн хүү 410 000 төгрөг, нийт 1 160 000 төгрөг,

2. 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлдсэн 580 000 төгрөг, 3 сар 16 хоног /106 хоног/-ийн хүү 205 000 төгрөг, нийт 785 000 төгрөг, хоёр удаагийн зээлдсэн мөнгөний тооцоо нийлээд бүгд 1 945 000 төгрөг болж байна. Х.Нэргүй нь 2015 оны 09 дүгээр сард 928 000 төгрөг өгсөн. Одоо 1 017 000 төгрөгийг төлөх ёстой. Миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно. Иймд Х.Нэргүйгээс 1 017 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ариунболороос 2014 оны 09 дүгээр сарын 13-нд анх 100 000 төгрөг зээлж авсанаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 8 удаа 1 540 000 төгрөг зээлсэн байна. Би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр түүнээс авсан болон өгсөн мөнгөө тэмдэглэж байсныг С.Ариунболороор цаг тухайнд нь гарын үсэг зуруулж байсан баримтыг үндэслэж, тооцоо хийхэд 1 540 000 төгрөгийг 2 144 900 төгрөг болгон буцаан төлсөн байна. С.Ариунболороос 580 000 төгрөг болон 750 000 төгрөгийг хэзээ ч авч байгаагүйгээс гадна мөнгө авч өгөлцөхдөө, бичгээр нэг ч удаа гэрээ хийж байгаагүй. 2015 оны 06 сарын 17-нд юу ч бичээгүй зээлийн гэрээний маягт дээр гарын үсэг зурж өгөөч гэж гуйхад яах гэж байгаа юм бэ гэхэд Ж.Дуламсүрэн бид хоёрт энэ танд ямар ч хамаагүй, надад хэрэгтэй байна, олон хүнд зээл гаргасан болж харагдах хэрэгтэй байна тэгвэл би Хадгаламж зээлийн хоршооноос бага хүүтэй их мөнгө хүнд зээлэх гэсэн юм гэхээр нь гарын үсэг зураад өгсөн. Дараа нь гарын үсгийг ашиглавал хариуцахгүй гэдгээ ч хэлсэн. Үүнийг Ж.Дуламсүрэн хамт байсан учир мэдэж байгаа. Мөн Ариунболор нь 2015 оны 03 дугаар сарын 01-нд 580 000 төгрөг, 2015 оны 01 сарын 03-нд 750 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлэв гэсэн бичигт гарын үсэг зуруулсан болохоос ийм мөнгө төгрөг тухайн үед авч өгөлцөөгүй юм. Харин зээлсэн мөнгөний 580 000 би 750 000 төгрөгийг Дуламсүрэн төлөх юм гэж ярьж байсныг ашиглан ийм бичиг гарын үсэг зуруулсан юм. Хамгийн сүүлд буюу 2015 оны 09 сарын 04-нд С.Ариунболор намайг дагуулаад 4-8-4 тоотод оршин суугч Нямгэрэл гэж хүн дээр очиж 1 000 000 төгрөг надаар зээл авахуулаад 927 000 төгрөгийг өөрөө авсанаар бид хоёрын дундын мөнгө төгрөгийн тооцоо дуусч гарын үсэг зуралцсан болно. Тиймээс С.Ариунболорт ямар нэгэн мөнгө өгөх асуудал байхгүй болно. Тайлбарт Нямгэрэлээс авсан зээлийн гэрээг хавсаргав гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1177 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Нэргүйгээс 758 000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч С.Ариунболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 259 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 042 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Х.Нэргүйгээс 22 742 төгрөг гаруулан нэхэмжлэгч С.Ариунболорт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Нэргүй давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь С.Ариунболорын нэхэмжилсэн 2015.03.01-ний 580.000 төгрөг, 2015.01.03-нд 750.000 төгрөгийг түүнээ бэлнээр авч байгаагүй юм. Харин өмнө нь авч байсан бүх мөнгийг нэгтгээд Дуламсүрэн 750.000 төгрөг, би 580.000 төгрөг төлөх талаар яриалцаж байсныг үндэслэн хэд хэдэн гэрээний зүйл дээр /энэ та нарт хамаагүй би олон зээлдэгчтэй бол зээлийн хоршооноос их мөнгө бага хувийн хүүтэй зээлэх хүмүүст зээлдэх гэсэн юм туслаач гэж гарын үсэгнүүд зуруулж авч байсан төлөхийг зөвшөөрөхгүй/ Миний авсан өгсөн мөнгөний тооцоо тэмдэглэлийн дэвтэр дээр тодорхой бичигдсэнийг ялгаж салгаад шүүхэд өгсөн байгаа. Үүнээс харахад 2014.09 дүгээр сараас цувуулан 1.540.000 төгрөг аваад 2.144.900 төгрөг болгон буцааж төлсөн. Нямгэрэлээс мөнгө зээлдүүлж өөрөө 1 сая төгрөг авахуулаад 927.000 төгрөгийг өөрөө аваад 2 хүнд хүү төлж сүүлдээ байр гэрлийн мөнгөө ч өгөх чадваргүй болсон. Оюутан хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Ариунболор нь хариуцагч Х.Нэргүйгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 1.017.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Нэргүй нь 2015.01.03-ны өдөр 750.000 төгрөгийг 10 хувь хүүтэй, 2015.03.01-ний өдөр 580.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан.

2016.06.17-ны өдөр дээрх зээлсэн зээлдүүлсэн мөнгөний нийлбэрээр зохигчид зээлийн гэрээ байгуулсан байх ба хариуцагч Х.Нэргүй нь 2015 оны 09 дүгээр сард 580.000 төгрөгөө хүүгийн хамт тооцож 927.000 төгрөгийг С.Ариунболорт төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /хх-4, хх-5, хх-12, зээлийн гэрээ, тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн баримт, анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг эх хувиар нь шүүх хурал дээр шинжлэн судалсан/ тогтоогдсон байна.

Шүүхийн 2015.03.01-ний өдөр зээлсэн 750.000 төгрөгийг хариуцагч Х.Нэргүй би аваагүй Ж.Дуламсүрэн төлнө гэж маргаж буй боловч энэ нь нотлогдоогүй, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор үүргээ биелүүлнэ гэж заасан бөгөөд талууд гэрээнд хугацаа заагаагүй тул нэхэмжлэгч мөнгөө өгөөд сарын дараа шаардаж эхэлсэн гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагчаас 2 сарын хүү тооцож гаргуулахаар шийдвэрлэв гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Х.Нэргүйгээс 2015.01.03-ны өдөр зээлсэн 750.000 төгрөгийг хүү 150.000 төгрөгийн хамт илүү төлсөн 142.000 төгрөгийг хасч 758.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагч Х.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.742 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Нэргүйн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Нэргүйн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.742 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧИД                               М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.УРАНЧИМЭГ