Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 01205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2016/01205

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон 102-55 тоотод оршин суух Олхонууд овогт Пүрэвийн Тэгшжаргал /ДЗ:81020609/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон 102-19 тоотод оршин суух Дагнан овогт Авирмэдийн Батзориг /ФБ:82050712/

            Хүүхдийн тэтгэлэгийг 327 850 төгрөгөөр тогтоолгох, хүүхдэд авсан эд зүйлсийн үнийн 50 хувь болох 682 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Тэгшжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний бие П.Тэгшжаргал нь 2014 оны 04 дүгээр сард А.Батзоригтой танилцан түүнээс хойш найзууд болж, дотносон үерхэж дотно харьцаатай болсон. Тухайн үед А.Батзориг нь чамд хайртай, хүүхэдтэй болъё, гэрлэе гэх мэтээр санал тавьж, танилцсанаас хойш 1 жил болсоны дараа хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд миний бие гэртээ ганцаараа байдаг, бид нэг байранд амьдардаг байсан болохоор А.Батзориг нь манайхаар байнга орж гарч, байнга манайд хонодог болсон. Тэгээд 2015 оны 04 дүгээр сард манай төрсөн ах Говь-Алтай аймгаас ирж манайд байж байтал А.Батзориг согтуу утсаар яриад ахтай танилцая гэхээр нь согтуу байж хэрэггүй, дараа болъё гэтэл хаалга нүдэж байгаад явсан. Үүнээс хойш үе үе согтуу ирээд хаалга нүдээд байхаар нь би тайлаагүй. Тэгээд жирэмсэн болсоноо мэдээд залгахад утсаа авахаа больсон. Үүнээс хойш муудалцаж эхэлсэн ба байнга л согтуу ирээд байхаар нь хаалгаа тайлж өгөөгүй. Энэ үедээ би ажил ихтэй бие өвдөөд байсан болохоор нь түүнтэй уулзаж чадахгүй байсан ба надад эм тариа дөхүүлж өгч байсан. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын эхээр өглөө гэрээсээ нэг хүүхэн хөтлөөд гараад ирсэн миний урд явсаар байгаад би ажил руугаа ороод залгатал утсаа авахгүй байхаар нь ажил руу нь залгатал 14 хоногийн өмнөөс эхлээд энэ хүүхэнтэй үерхэж байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш миний бие ганцаараа ажлаа хийж, хүүхдээ төрүүлсэн ба А.Батзориг нь охин Т.Уянга биднийг асрах, тэжээн тэтгэх бус харин эсэргээрээ Дэлгэрмаа гэх хүүхэнтэй хөтлөлцөж намайг тавлаж байгаа мэт байдал гаргаж байгаа нь жирэмсэн байсан, нялх хүүхэдтэй ганц бие эмэгтэй миний хувьд хүндээр тусч байсан ба интернетэд үнэн байдлыг бичсэний төлөө түүний найз хүүхэн гэх Дэлгэрмаа нь танил байж магадгүй прокурор гэх Бүжинлхамаар дамжуулан надад Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна. Гэтэл А.Батзориг нь үүнийг мэдээгүй царайлан цаагуураа Дэлгэрмааг өмөөрөн өөрөө охин Т.Уянгын эцэг биш гэж төрсөн охин болон намайг дорд үзэж байгаад гомдолтой байна. Миний хувьд охиноо ганцаараа өсгөх гэж багагүй зовж байгаа ба А.Батзоригийг намайг охиноо өсгөхөд туслах байх гэж бодсон ч хүний ёсонд байхгүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Миний бие охин өсгөхөд ганцаардаж байна. Өөрөө хүүхдээ асрах шаардлагатай байх тул ажилдаа орох боломжгүй байгаагаас шалтгаалан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Охины нэг сарын хэрэглээнд дунджаар 655 700 төгрөгний нэмэгдэл хоол, живх, хүүхдийн хэрэглэдэг бүхий л зүйл шаардлагатай болж байгаа тул нэг сарын тэтгэлэг А.Батзоригоос дээрх хүүхдийн хэрэглээний 50 хувийг буюу 327 850 төгрөг гаргуулна. Мөн хүүхдийг төрсөнөөс хойш өнөөг хүртэл 10 нэр төрлийн эд зүйлсийг худалдан авсан ба нийт 1 365 500 төгрөг болсон байна. Хүүхдийн эцэг эх хоёр хүүхдээ адилхан тэжээн тэтгэх, асран хүмүүжүүлэх үүрэгтэй тул үүний талыг нь нэхэмжилнэ. Иймээс А.Батзоригоос хүүхдэд нэг удаа худалдан авсан зүйлсийн үнийн 50 хувь болох 682 750 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сар бүр 327 850 төгрөгийн тэтгэлгийг гаргуулан охин Т.Уянга болон надад олгуулж өгнө үү, охин Т.Уянгын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Батзориг нь иргэн П.Тэгшжаргалтай 2014 оны 05 дугаар сард Эрдэнэт хивсний нягтлан бодогч Д.Ганчимэг нэг газар хамт ажилладаг эмэгтэйгээр дамжуулан анх танилцаж байсан. Ингээд төд удалгүй утсаар ойр зуурын юм ярьдаг болсон. Ингээд энгийн бүсгүй байна гэж бодоод дотносох санаатай нэг удаа уулзсан. 2014 оны 07 дугаар сарын 15-нд ангийн уулзалтанд Булган аймаг яваад иртэл надтай өөрийн өмч мэт аашилж 10 жилийн хүүхнүүд сайхан байна уу гоё байна уу гээд аашаа гаргаад эхэлсэн. Энэ үеэс дотносож үерхээ ч үгүй байж ийм ааш гаргаж байгаа юм чинь цаашид бид дотносож үерхэх шаардлагагүй юм байна гэж бодсон. Ингээд би уулзахгүй болсноо хэлэхэд араас элдэв мессеж бичиж, шөнө 3-4 удаа залгадаг болсон. Утсаа авахгүй байх тусам залгаж утасны цэнэг дуусахаар түр больдог болсон. Ийм байдлаас гарах гэж дахин 2-3 удаа уулзсан. Хамгийн сүүлд 2015 оны татварын хөнгөлөлт дууссаны дараа мөн элдвээр хэлж, ажлын утас руу элдэв үг хэлэх болсон тул энэ байдлыг таслан зогсоох санаатай уулзсан. Уг уулзалтын дараа түүнтэй ямар нэгэн холбоотой байхыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Энэ үед мөн Тэгшжаргал өөр хүнтэй үерхэж байгаа найз залуутай болсон гэсэн. Ингээд хэсэг чимээгүй байснаа дахин мессеж бичиж эхэлсэн. Элдвээр хэлж ярьдаг байснаа би хүүхэдтэй болсон. Чиний хүүхэд гэж хэлсэн. Ингээд би түүнтэй уулзахгүй байтал мессеж бичиж энэ чиний хүүхэд биш, найз залуугийн маань хүүхэд, чам шиг архичин хүүхэд хийж чадахгүй гэж доромжилж эхэлсэн. Ийм байдалтай надруу үргэлж утсаар элдэвлэх болсон. Ингээд би 2015 оны 06 дугаар сараас эхлэн өөр хүнтэй дотно харьцаатай болсноос хойш элдэв юм хэлэх нь нэмэгдэж сүүлдээ найз бүсгүй рүү маань элдэвлэх болсон. Найз бүсгүй Д.Дэлгэрмаа аргаа бараад цагдаад өгсөн гэвч доромжлох нэр төрийг гутаах нь хэрээс хэтэрсэн. Ажлын газрын хамт олныг маань хүртэл дайрч доромжилж байгаа. Нэг болохоор миний хүүхэд гэдэг нөгөө болохоор найз залуугийн маань хүүхэд гэдэг. Энэ бүх байдлын учир олддоггүй. Иймээс эцэг тогтоолгох шинэжилгээг хийлгэх хүсэлтэй байна. Тэгшжаргал өөрөө ч удаа дараа шинжилгээ очиж хийлгэх болсон. Охинтой болсон гэж хэлж байснаас нэрийг нь ч хэлж байгаагүй. Хүүхэд маань мөн бол хүүхдийн тэтгэвэр өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулах нь зүйтэй. Хүүхдэд авсан эд зүйлсийг П.Тэгшжаргал өөрөө авсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын  шаардлага хангахгүй баримт байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч болон түүний найз бүсгүйн ар гэр, ах дүүд нь хандаж утсаар захидал бичихээ болиочээ, хөгшин настай эхийг нь хүртэл энэ хэрүүлдээ хольж хутгахаа боль эдгээр хүмүүс энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг дахин дахин хэлээрэй гэж надад захисан тул энэ үгийг дамжуулан хэлж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч П.Тэгшжаргал нь хариуцагч А.Батзоригт холбогдуулан Т.Уянгын эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгийг 327 850 төгрөгөөр тогтоолгох, хүүхдэд авсан эд зүйлсийн үнийн тал хувь болох 682 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч А.Батзориг тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлнө, хүүхдэд авсан эд зүйлсийг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2014 онд танилцан, дотно харилцаатай болсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Т.Уянга төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь 6101002245 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар, Мөнхсүндрэл өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Баянцагаан багийн засаг даргын тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.

            Хариуцагч А.Батзориг охин Т.Уянгын төрсөн эцэг мөн эсэхэд эргэлзэж мэтгэлцэж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4319 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Батзориг нь Т.Уянгын биологийн эцэг байх боломжтой, магадлалыг тооцож үзэхэд 99,99 хувь гэсэн байх тул шүүх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Т.Уянгын төрсөн эцэг нь А.Батзориг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь А.Батзориг Т.Уянгын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг бичгээр илэрхийлээгүй боловч шүүхийн мэтгэлцээнд уг хүсэлтийг дэмжиж оролцсон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг А.Батзоригоос тэтгэлэг гаргуулан охин Т.Уянгыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч хүүхдийн хэрэглээнд худалдан авсан эд зүйлсийн 50 хувь болох 682 750 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч авсан эд зүйлсийг нотлох баримтын хүрээнд шүүх үнэлж /606 758 төгрөгийн тал хувь/ 303 379 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч П.Тэгшжаргал нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулж өгөх үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба 682 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 20 940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас 96 292 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, 9 752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тэгшжаргалд олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Т.Уянгын төрсөн эцэг нь Авирмэдийн Батзориг мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  Т.Уянгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг А.Батзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хариуцагч А.Батзоригоос 303 379 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тэгшжаргалд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20 940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 96 292 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, 9 752 төгрөг гаргуулан П.Тэгшжаргалд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ