Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00185

 

 

 

 

 

 

 

                               П.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1205 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Батзоригтод холбогдох

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгийг 327.850 төгрөгөөр тогтоолгох, хүүхдэд авсан эд зүйлсийн үнийн 50 хувь болох 682.750 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Тэгшжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Тэгшжаргал нь 2014 оны 04 дүгээр сард А.Батзоригтой танилцан түүнээс хойш найзууд болж, дотносон үерхэж дотно харьцаатай болсон. Тухайн үед А.Батзориг нь чамд хайртай, хүүхэдтэй болъё, гэрлэе гэх мэтээр санал тавьж, танилцсанаас хойш 1 жил болсны дараа хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд миний бие гэртээ ганцаараа байдаг, бид нэг байранд амьдардаг байсан болохоор А.Батзориг нь манайхаар байнга орж гарч, байнга манайд хонодог болсон. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын эхээр өглөө гэрээсээ нэг хүүхэн хөтлөөд гараад ирсэн миний урд явсаар байгаад би ажил руугаа ороод залгатал утсаа авахгүй байхаар нь ажил руу нь залгатал 14 хоногийн өмнөөс эхлээд энэ хүүхэнтэй үерхэж байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш миний бие ганцаараа ажлаа хийж, хүүхдээ төрүүлсэн ба охины нэг сарын хэрэглээнд дунджаар 655 700 төгрөгний нэмэгдэл хоол, живх, хүүхдийн хэрэглэдэг бүхий л зүйл шаардлагатай болж байгаа тул нэг сарын тэтгэлэг А.Батзоригоос дээрх хүүхдийн хэрэглээний 50 хувийг буюу 327 850 төгрөг гаргуулна. Мөн хүүхдийг төрсөнөөс хойш өнөөг хүртэл 10 нэр төрлийн эд зүйлсийг худалдан авсан ба нийт 1 365 500 төгрөг болсон байна. Иймээс А.Батзоригоос хүүхдэд нэг удаа худалдан авсан зүйлсийн үнийн 50 хувь болох 682 750 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сар бүр 327 850 төгрөгийн тэтгэлгийг гаргуулан охин Т.Уянга болон надад олгуулж өгнө үү, охин Т.Уянгын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Батзориг нь иргэн П.Тэгшжаргалтай 2014 оны 05 дугаар сард Эрдэнэт хивсний нягтлан бодогч Д.Ганчимэг нэг газар хамт ажилладаг эмэгтэйгээр дамжуулан анх танилцаж байсан. Таарч тохирохгүй байдлаас болоод хоёр тийшээ салсан. Миний хувьд эцэг тогтоолгох шинэжилгээг хийлгэх хүсэлтэй байна. Тэгшжаргал өөрөө ч удаа дараа шинжилгээ очиж хийлгэх болсон. Охинтой болсон гэж хэлж байснаас нэрийг нь ч хэлж байгаагүй. Хүүхэд маань мөн бол хүүхдийн тэтгэвэр өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1205 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Т.Уянгын төрсөн эцэг нь Авирмэдийн Батзориг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т.Уянгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг А.Батзоригоор тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хариуцагч А.Батзоригоос 303 379 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тэгшжаргалд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20 940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 96 292 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, 9 752 төгрөг гаргуулан П.Тэгшжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Гэр бүлийн тухай хуулийн 21 р зүйлийн 21.1, 25 р зүйлийн 25.2 заалтыг баримтлан А.Батзоригоос 303379 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Уянгад Гэр бүлийн тухай хуулийн 38 р заалт болон 40 р заалтыг үндэслэн тэжээн тэтгэх үүрэг үүсэж байгаа билээ. Гэтэл хүүхдэд авч зарцуулсан гэх эд зүйлийн үнийн 50 хувийг төлүүлэх нэхэмжилсэн шаардлага нь тэжээн тэтгэх үүрэгт хамааралгүй шаардлага гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 38 р заалтад хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гээд уг хуулийн 40 р зүйл заалтад тэжээн тэтгэх хувь хэмжээг тогтоож өгсөн. Гэтэл хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан гэх 303379 төгрөгний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 р заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Т.Уянгын төрсөн эцэг болохыг уг шийдвэрээр тогтоосон билээ.

Иймд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.30 ны өдрийн 142 \ШШ2016\01205 тоот шийдвэрийн 3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Тэгшжаргал эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг 327.850 төгрөг гаргуулах, хүүхдэд худалдан авсан эд зүйлийн үнийн тавин хувь буюу 682.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Т.Уянгын төрсөн эцэг нь А.Батжаргал мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр нэхэмжлэгчид олгож тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч А.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдэд худалдан авсан эд зүйлийн үнээс 682750 төгрөг төлөхгүй гэж маргасан ба шүүх Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21,5, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хариуцагчаас 303379 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүүхдэд худалдан авсан эд зүйлийн үнээс 682.750 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч П.Тэгшжаргал нь шүүхэд гаргасан дээрх шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 303379 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн асуудалд хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй ба хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1205 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүүхдэд худалдан авсан эд зүйлийн үнээс 682750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.752 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ