Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01274

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр             Дугаар 142/ШЗ2016/01274                           Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 27-17 тоотод оршин суух Ирхэд овогт Горхийн Баянцэцэг /БА:88070701/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 27-17 тоотод оршин суух Бух овогт Ядамын Дагвадорж /ОС:88120214/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, монгол гэрээ гаргуулан авах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Баянцэцэг, хариуцагч Я.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баянцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Баянцэцэг нь нөхөр Я.Дагвадоржтой 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 01 дүгээр сарын 17-нд охин Д.Дэлгэрцэцэг, 2013 оны 08 дугаар сарын 12-нд охин Д.Ижилцэцэг нар төрсөн. Манай нөхрийн хувьд байнга архи ууж, архи уусан үедээ агсан согтуу тавьж, гэр орныхоо өнгөтэй өөдтэй гэснээ зарж үрж архи уудаг, мөн удаа дараа намайг зодож, хэл амаар доромжилж, миний хувьд байнга сэтгэл санааны дарамтанд байх болсон. 2014 онд намайг зодож, миний зүүн талын хөмсгийг зад цохисон, мөн зүүн талын хавирга маань хугарч байсан. Хөл, гар маань байнга өвддөг болсон. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэлд байдаг. Хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сарын 30-ны шөнө ажлаасаа бууж, гэртээ ирэх үед намайг зодож, хутга, шөвөг авч дайрч, элдвээр доромжилсон, улмаар би худлаа хэлж гарч зугтан, эргэж орохоосоо айж, айлын хашаанд гадаа хоносон. Маргааш өглөө нь өрхийн эмчид үзүүлэхэд зүүн талын хавирга хугарсан, зүүн талын гарын бугуйн яс цуурсан байна гэсэн. Миний хувьд 2 охиноо бодож өнөөдрийг хүртэл тэсэж, амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй, сэтгэл байхгүй болсон. Би 2 охиноо өөрөө хүний дайтай аваад явж чадна. Иймээс гэрлэлтээ цуцлуулмаар байна. Насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний одоо амьдарч байгаа гэрийг би өөрөө цалингийн зээлээр 1 300 000 төгрөгөөр авсан, одоо сар бүр 130 000 төгрөгийг цалингаасаа төлдөг, иймд гэрээ бид 3 авмаар байна. Зах зээлийн үнэлгээ 1 500 000- 1 800 000 төгрөгийн хооронд үнэлэгднэ. 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойш гэртээ харьж чадахгүй айлаар амьдарч байгаа гэв.

            Хариуцагч Я.Дагвадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие эхнэр болох Горхи овогтой Баянцэцэгтэй 2010 оны 10 дугаар сард гэр бүл болж 2016 оны 07 дугаар сар хүртэл 2 охины хамт амьдарсан. Гэр бүлийн маргаанаас болж одоо хүртэл тусдаа амьдарч байна. Намайг байнгын ядуу ажилгүй гэж дандаа дарамталдаг ажил хийе гэхээр чиний ажил хийнэ гэж юу байдгийн 2 охиноо цэцэрлэгт нь зөөгөөд гэртээ байж бай гэж хэлдэг мөртлөө ажилгүй гэж 5 төгрөгний орлогогүй гээд байнгын үгэлж, доромжилж сүүлийн 2 жил гэртээ ч зөв ярьж чадахаа байсан юм. Өөрөөс нь асуухаар чамд ямар хамаатай юм дуугүй бай гээд байдаг. Би байнгын архи дарс ууж цохиж нүддэггүй дарамталсан юм байхгүй. Гэр орныхоо эд зүйлсийг зарсан ч юм байхгүй. Хутга, шөвөг барьж эхнэрээ айлгаж сүрдүүлсэн юм байхгүй. 2010 онд амьдарч байгаа гэрээ эхнэрийн цалингийн зээлээр 1 300 000 төгрөгөөр авсан боловч би төлж дуусгасан. Манай гэр 1 800 000 төгрөгөөр үнэлэгдэх яс мод сайтай гэр байгаа. 2012 онд том охин, 2013 онд бага охин төрж эхнэр гэртээ байсан. Одоо төлөгдөж байгаа 130 000 төгрөг төлж байгаа нь гэртээ хамаагүй юм. Дараагийн авсан цалингийн зээл одоо төлөгдөөд дуусч байгаа. Мөн миний ах эгч нарыг хүртэл гуйлгачингаар нь дуудаад танайхан юутай юм, танайхан юу юм гэж муухай үгсээр доромжилж тэр бүү хэл намайг өнчин өрөөсөн аав, ээжгүй гуйлгачин гэж дууддаг. Өөдөөс нь юм хэлэхэд би чамайг бодвол аав, ээжтэйгээ өссөн ээж аавтай хүн гээд байдаг. Жаахан юм болохоор л ээж аав руугаа явна гээд хорон хорон үгээр надруу дайраад байдаг. Би өөрөө өнчин өрөөсөн өссөн болохоор тэр зовлонг 2 охиндоо амсуулмааргүй байгаа тул гэр бүл эхнэр хүүхдээсээ салмааргүй байна. Энэ гурваас минь өөр надад тулж түшээд байх хүн байхгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Баянцэцэг нь хариуцагч Я.Дагвадоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, амьдарч байсан монгол гэрээ авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэг. Гэр бүл цуцлах, хүүхдийн асрамжийн талаар:

Зохигчид 2010 онд  танилцан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болон гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-89 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид гэр бүл болсноос хойш хоорондын үл ойлголцлын улмаас  байнгийн хэрүүл маргаантай байх болсон төдийгүй, нэхэмжлэгч Г.Баянцэцэг нь хүчирхийлэл дарамтанд өртөж байсан болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон Гэсэр билэг эмнэлгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн рентгэн зураг, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Я.Дагвадорж буруугаа ойлгон гэмшиж байгаа дахин эхнэртээ гар хүрэхгүй, хоёр охиноо өнчрүүлэхгүй хэмээн эвлэрэх хүсэлт  гаргасны дагуу шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч амжилтгүй болсон хариуцагчаас хүчирхийлэл үйлдсэн, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах хүсэлтээ дэмжиж байгаа нөхцөл байдлыг  харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэрлэгчдийн дундаас 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Дагвадоржийн Дэлгэрцэцэг, 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Дагвадоржийн Ижилцэцэг нар төрсөн бөгөөд одоо эрүүл өсөж торниж байгаа болох нь Орхон аймгийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, Үйлс бадрах өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Наран багийн Засаг даргын тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна.

Зохигчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаж байх бөгөөд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хариуцагчийн хүчирхийлэл үйлдсэн байдал, ёс суртахууны хүмүүжил, бага насны хүүхдийн асаргаа, эхийн халамж анхаарал, ажил хөдөлмөр эрхлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан охин Д.Дэлгэрцэцэг, Д.Ижилцэцэг нарыг эх Г.Баянцэцэгийн асрамжинд үлдээхээр  шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу эцэг Я.Дагвадоржоор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид анхаарвал зохино.

Хоёр: Эд хөрөнгийн маргааны талаар:

Нэхэмжлэгч өөрийн мөнгөөр авсан гэх монгол гэрийг хүүхдүүдийн хамтаар авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч гэрээ өгөхгүй гэж мэтгэлцэж байна.

Маргаан бүхий монгол гэрийг зохигчид 1 300 000 төгрөгөөр гэр бүл болохдоо худалдаж авсан, одоогийн зах зээлийн ханш 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй  талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн монгол гэрийг Г.Баянцэцэг, Д.Дэлгэрцэцэг, Д.Ижилцэцэг нарын өмчлөлд үлдээж, гэр бүлийн нэг гишүүнд оногдох хувийг 450 000 төгрөгөөр тооцож Г.Баянцэцэгээс 450 000 төгрөг гаргуулан Я.Дагвадоржид олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Дагвадоржоос  70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баянцэцэгт олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 52 184 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Ирхэд овогт  Горхийн Баянцэцэг, Бух овогт Ядамын Дагвадорж нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Дэлгэрцэцэг, 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Ижилцэцэг нарыг эх Г.Баянцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Д.Дэлгэрцэцэг, Д.Ижилцэцэг нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.Дагвадоржоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  монгол гэрийг Г.Баянцэцэг, Д.Дэлгэрцэцэг, Д.Ижилцэцэг нарын өмчлөлд үлдээж, Г.Баянцэцэгээс 450 000 төгрөг гаргуулан Я.Дагвадоржид олгосугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Баянцэцэгийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Дагвадоржоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баянцэцэгт, 52 184 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ