Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00167

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гантулгын нэхэмжлэлтэй,

хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Ж.Гантулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 19.571.465 төгрөг, илүү цагийн ажлын хөлс 460.800 төгрөг гаргуулах, 2015 оны 04 дүгээр сарын 15 ны өдрийн Б/29 дугаар тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж, уг тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Гантулга миний бие “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Геологи хайгуулын ангид 2008 оноос хойш тусгай тоноглолтой авто машины жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/899 тоот тушаалаар ажлаас халагдлаа. Би 2015 оны 7 дугаар сарын 3, 5, 7, 9-нд 24 цагаар тулаа хийн ажиллаж нийт 96 цаг ажилласан байсан тул илүү цагаа авах эрхтэй байсан. 2015 оны 4-р сард жолооч Бат-Ундрахтай ээлж сольж арга хэмжээ авахуулсан. Бат-Ундрах аавын бие муу байна Улаантолгой явах хэрэгтэй байна гэсэн. Би ч бас ажилтай байсан учир ээлж сольсон. Цехийн хурал дээр ерөнхий инжинер Төрмөнх 4 сард сануулагатай, одоо 2 хоног болсон тул ажлаас халах саналтай гэж санал оруулаад халуулсан байна. Илүү цаг ажилласаар байхад илүү цагийн чөлөө өгөөгүй, 7 дугаар сард 160 цаг ажиллах ёстой байснаас ажилласан цаг нь бүрэн орсон байхад ажлаас халсанд гомдолтой байна. Би мастер дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэн ажилладаг байсан. Өрөм нүүлгэж буулгаж байхад оройтож тардаг байсан. Түүний цаг ер ордоггүй. Энэ шийтгэл бодит байдалд нийцээгүй тул Б/899 тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би 10, 11 дүгээр ангид сурдаг 2 хүүтэй. Удахгүй оюутан болно. Би байрны зээлд сард 650 000 төгрөг, эхнэр цалингийн зээлд 500 000 төгрөг төлдөг. Иймд ГХА-н тусгай тоноглолтой тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Гантулга нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2015-04-15-ны өдрийн ГХА-н 5/29 тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай /2015-08-03-наас 2016-07-04 буюу одоог хүртэл/ гаргуулахыг шаардаж байна.2015-04-15-ний тушаалыг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй бөгөөд 2016-06-27-ны өдрийн хуралд уг тушаалын хуулбартай танилцаж, уг тушаал үндэслэлгүй болохыг мэдлээ. Иймд 2015 оны 07 дугаар сарын 03, 07 дугаар сарын 05, 07 дугаар сарын 07, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүргийг өглөөний 08 цагаас дараа өдрийн 08 цаг хүртэл гүйцэтгэж байсан тул хөдөлмөрийн хуулинд заасны дагуу илүү цагийн хөлс 460 800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Миний бие Гантулга нь ажпаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг 2015-09 сард шүүхэд гаргасан ба ажпаас халсан 2015-08-06-ны тушаалд 2015-40-15-ны өдөр Б/29 тушаалаар шийтгэл ногдуулсан уг тушаалыг хувийн хэргээс уншиж танилцаад /2016-06-28/ хуулийн хэлтэст гомдол гаргахад шүүхээр шийдвэрлэгдэнэ хариу өгч шийдээгүй тул тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү.Б./29 тушаалын 1 хувийг надад ер гардуулаагүй бөгөөд тушаалыг хэрэгт гаргаж өгсөн үеэс уншиж өргөдөлтэй нь танилцсан юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд хариу гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Ж.Гантулга нь 2015.07.20, 21-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул компанийн хөдөлмөрийн Дотоод журмын 8.9.10. Ж.Гантулгатай байгуулсан 22561 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.9 дэх заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.Ж.Гантулга нь 2015.04.11-ний өдөр өөрийн ажилладаг ээлжийг дур мэдэн солисон, ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан сахилгын зөрчил гаргаж 2015.04.15-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэр ХХК- Геологи хайгуулын ангийн даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн .... тоот тодорхойлолт албан бичгийн хавсралт болох 2015 оны 04 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл, цалингийн шифр, ээлжийн мастерийн тайлбар болон өмнөх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрчүүдиин мэдүүлэг зэргээр нотлогддог.Ж.Гантулгын цалингийн тооцооны хуудас.цагийн бүртгэлээс үзэхэд 2015 оны 07 сард нийт 160 цаг ажиллахаас 156 цаг ажилласан байдаг. Мөн цалингийн тооцооны хуудаст шөнийн нэмэгдэлд 25200 төгрөг авсан болох нь харагддаг тул шөнийн цагийн нэмэгдлээ аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.Ажилтан илүү цагаар ажилласан бол нөхөн амрахдаа өөрийн шууд удирдах албан тушаалтанд бичгээр хүсэлтээ гарган зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр нөхөн амрах эрхтэй. Гэтэл Ж.Гантулга нь ямар нэг зөвшөөрлийг амаар болон бичгээр аваагүй бөгөөд энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг мастер Пүрэвдоржийн мэдүүлэг, тайлбар бичгээр нотлогддог.Мөн хэрэв ажилтан эрхээ зөрчигдсөн гэж үзвэл уг асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул ажил олгогчийн гаргасан Б/29 дугаартай тушаал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасны дагуу Ж.Гантулгад Б/29 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасанд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.10, 22561 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь

үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд иргэн Ж.Гантулгын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гантулгын урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, илүү цагаар ажилласан хөлс 460 800 төгрөг гаргуулах, 2015-40-15-ны өдөр Б/29 тоот тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 19,571,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гантулгын нэхэмжпэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Ж.Гантулгыг 2015.08.03ны Б/899 тоот тушаалаар ажлаас халсан бөгөөд уг тушаалд сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл бичсэн. 2015.04.15-ны өдрийн Б/29 тушаалаар ээлж дур мэдэн сольсон, эрт буусан гэсэн шалтгаанаар 4 сарын цалинг 20 хувь хасаж шийтгэл оногдуулсан гэсэн. Гэтэл уг ташаалыг надад албан ёсоор гардуулж өгөөгүй. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тушаалын хуулбартай танилцсан. Ингэж танилцсанаар уг тушаалын үндэслэлийг уншиж, энэ тушаал нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болохыг мэдсэн. Ингээд уг тушаалд гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан. 2015.08.06-ны тушаалаар 2015.07.20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан гэсэн ба уг өдөр даргаас чөлөө авах гээд ороход чөлөө өгөөгүй бөгөөд 2015.07.03, 2015.07.05, 2015.07.07, 2015.07.09-ний өдрүүдэд 24 цагаар тулаа хийн ажилласан бөгөөд илүү цагаар ажилласан хугацаанд нөхөн амрах эрхтэй байсан.Уг амралтыг надад эдлүүлээгүй нь миний амрах эрхийг зөрчсөн асуудал юм.

Мөн тухайн өдрүүдэд замын цагдаагийн байцаагч нараас мэдүүлэг авах гэж замын цагдааг дуудсан байсан. Иймд мастер Б.Пүрэвдоржид энэ талаар хэлсэн. Намайг чөлөөгөө ав гэсэн. Гэтэл ерөнхий инженер Төрмөнх олгоогүй гаргасан. Би хуулийн дагуу амрах эрхтэй байтал намайг амруулахгүй, чөлөөл өгөхгүй байгаа нь хуулиар олгосон эрхийг минь зөрчиж улмаар ажил тасалсан гэж ажлаас халлаа.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хугацаандаа гаргаагүй гэдэг үндэслэлээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна.

Уг тушаал нь хөдөлмөрийн хууль буюу байгууллагын дотоод журамд зааснаараа надад сануулах байтал бүхэл бүтэн сарын цалингаас суутгасан нь гаргасан журмаа зөрчсөн гэж үзэж байна. 2015.08.06-ны Б/899 тоот тушаалаар намайг давтан зөрчил гаргасан гэсэн нь урьдах зөрчилд нь буруу шийтгэл оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй, мөн амрах ёстой хүнийг нөхөн амруулахгүй байгаа нь хүний эрхийг зөрчсөн асуудал юм.

Шүүх хуралд оролцсон Баярням хүртэл Гантулгын над дээр ажилласан цаг дутуу энд бичигдсэн байна гэж хэлсэн. Ж.Гантулгын ажилласан цагийн талаарх дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гаргаж тогтоогоогүй. Ажилласан хоногоос хамаарч хэд хоног амрах, хэрхэн амраасныг тодруулаагүй, энэ талаар хангалттай дүгнэлт хийгээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Гантулга нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 19.571. 465 төгрөг, илүү цагийн ажлын хөлс 460.800 төгрөг гаргуулах, 2015 оны 04 дүгээр сарын 15 ны өдрийн Б/29 дугаар тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж, уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг дутуу бүрдүүлж дүгнэлт хийсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/29 дугаар тушаалын 3 дугаар заалтанд энэхүү тушаалыг цехийн нийт ажилтнуудад 3 хоногийн дотор танилцуулахыг нэр бүхий албан тушаалтнуудад даалгасан боловч эдгээр хүмүүс тушаалыг Ж.Гантулгад танилцуулсан эсэх мөн ажил олгогч нь гаргасан шийдвэрээ ажилтанд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ үйл баримтыг тогтоосноор Ж.Гантулга нь сахилгын давтан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой юм.

Ж.Гантулгын ажилласан цагийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг бүрэн гүйцэд аваагүйгээс 7 дугаар сарын 20, 21 ний өдрүүдэд ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаанууд бүрэн гүйцэт хийгдээгүй, нэхэмжлэгч ажил тасалсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байхад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн байхад Ж.Гантулгыг сахилгын  давтан зөрчил гаргасан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх ажиллагааг бүрэн гүйцэт хийсний дараа хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Гантулга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 Б.БАТТӨР