Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 134

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шинжээч: Э.Буяннэмэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: А.Э,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох 1928001690124 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А.Э, регистрийн дугаар:,

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 26 дахь километрт өөрийн эзэмшлийн 34- 28 ӨМА улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.М-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Э-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө би хөдөөгөөс ирээд аймгаар дайраад Цогтцэций сум явсан. Замдаа талийгаачтай тааралдаад хамт явъя гэхээр нь за гээд хамт явсан. Өдөр 14 цагийн үед аймгаас гараад 20 км яваад замдаа бууж бие зассан. Тэгээд цаашаа хөдлөөд 10 км яваад дугуй хагараад хажуу тийшээ шарвасан. Үрүүлээ буцаагаад жоохон дарсан чинь тэр чигтээ замын хажуу руу ойчсон. Араас ирсэн машин цагдаа, түргэн дуудсан. 18 цагийн үед түргэний машин ирж машинаа тэнд нь орхиод эмнэлэгт ирсэн. Хохирогч шөнө өнгөрсөн. 2, 3 хоногийн дараа очиж машинаа авсан.

Шинжээч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Дүгнэлт гаргахад хэргийн газрын үзлэг, фото зураг, оролцогч нарын мэдүүлэг байх ёстой байдаг. Тэрийг үндэслэж байж дүгнэлт гаргадаг. Жолооч маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа. Тоёота Приус-10 маркийн 3428 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь хэсэгт тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Тоёота Приус-10 маркийн 3428 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шарвалтын мөрөөр хурдыг тогтоох боломжгүй. Хариулт 3 зам тээврийн осол гарахад зам замын байгууламж нөлөөлөхгүй байна. Тоёота Приус-10 маркийн 3428 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол энэ зам тээврийн ослыг гаргахгүй байх боломжтой. Зөвхөн дугуй хагарснаар зам тээврийн осол гараад байдаггүй. Энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол өдийд зам тээврийн осол гарахгүй гэж үзнэ. Яагаад гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглээд мансуураад явж байгаа тохиолдолд авхаалжлах, самбаачлах хугацаа гээд бүх юм алдагддаг. Дугуй хагарсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зам тээврийн осол гарч байгаа. Зорчигч бүс зүүгээгүй нь жолооч буруутай гэж үзнэ. Замын хөдөлгөөний дүрэмд хамгаалах бүс зүүгээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэж заасан байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би тухайн үед хөдөө гэртээ байхад талийгаачийг зам тээврийн осолд ороод эмнэлэгт ирлээ гэсэн дуудлага ирсний дагуу би аймагт ирэхэд миний дүү Д.М ухаангүй аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Би орой ирсэн талийгаач 2019 оны 07 дугаар сарын 14-ны 01 цаг 20 минутад нас барсан юм. Талийгаач Эрдэнэцогт гэдэг найзынхаа хамтаар Цогтцэций сум руу приус маркийн автомашинаар явж байгаад осолдож нас барсан. Би талийгаачийн хүүхдүүд болон эхнэртэй нь ярилцсан бидний зүгээс энэ хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 41-42-р хуудас/

Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад над руу нууцалсан дугаараас дуудлага ирсэн. Дуудлага авсан чинь манай дүү А.Э байсан. А.Э аймгаас 20 гаруй км газарт аваарт орчихлоо хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудсан юм уу гэхэд дуудсан гэж хэлсэн. Би түргэн дээр очоод ийм осол болсон байна. Танайхаас явсан юм уу гэхэд одоо явах гэж байна гэсэн. Тэгээд түргэн тусламжийн машин явсан. Би эмнэлэг дээр хүлээж байгаад ирэхгүй болохоор нь явж байгаад эргээд ирэхэд талийгаач Д.М хүлээн авахын орон дээр дусал хийлгээд хэвтэж байсан. Манай дүү А.Э гадаа сууж байсан. А.Э-той уулзахад онхолдсон гэж хэлээд их шокийн байдалтай байсан юм. Осол болохын өмнө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны 13-14 цагийн үед А.Э манайд халамцуу машинаа уначихсан ирсэн юм. Манайд ирж цай уучихаад Цогтцэций явлаа гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би амарч байгаад яв чи согтуу байна. Ийм царайтай яаж машин барьж явдаг юм бэ? Усанд ор эсвэл наад толгойгоо угаагаад яв гэж хэлсэн. Тэгсэн үгүй явлаа гээд гараад явсан юм. Тэгсэн орой нь осолд орчихсон гэж ярьсан юм. Архи уучихаараа үгэнд ордоггүй хүн байгаа юм. /хх-ийн 43-р хуудас/

Гэрч Ц.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 17 цагт жижүүрээс буугаад байж байхад 103-аас яриад аймгаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 30 км-т машин онхолдсон байна. Яваарай гэсний дагуу жолоочийн хамтаар явсан юм. Намайг тухайн дуудлаган дээр очиход Усан цэнхэр өнгийн приус маркийн автомашин онхолдсон байсан. Онхолдсон машинаас З м орчим газарт нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь нэг хүн яваад байсан. Би газар дээр нь очоод хэвтэж байгаа хүнийг үзэхэд тухайн хүн согтолттой их архи үнэртэж байсан. Биеийн байдал нь хүнд ухаантай асуултанд сул хариулж байсан. Гар нүүр хэсгээр бага зэргийн зулгаралттай байсан. Тэгээд би амин үзүүлэлт үзэхэд хэвийн байсан. Би цус тогтоох тариа, өвдөлт намдаах тариа зэргийг хийгээд насилканд бэхлээд машиндаа хийгээд аваад явсан юм. Явахдаа зам тээврийн осолд орсон байсан бас нэг хүнийг нь аваад явсан. Явж байх замд хүний бие улам муудаж байсан. Нэг удаа зүрх нь зогсоход нь судсаар адерналин гэдэг тариа хийгээд зүрхний иллэг хийсэн. Тэгж байхад ороод ирсэн. Тэгээд биеийн байдал тогтвортой болоод эхэлсэн. Эмнэлэг дээр ирээд хүлээн авахад хүлээлгэн өгсөн ийм зүйл болсон юм. Биеийн байдал болсон явдлын талаар эмч нартаа танилцуулаад буусан юм. /хх-ийн 46-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Д.М-ын цогцост хийсэн үзлэг шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн хуйх чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн голомтлог няцрал, зулайн хуйх, ясны хальсанд цус хуралт, хүзүүний 6-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, харалдаах нугасны няцрал, зүүн талд 2, 3,4,5,6, 10-р хавирганы хугарал, уруул, баруун эгэм, тохой, шуу, гуя шилбэ, зүүн шуу, гуя, тавхай, нуруу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 48-49-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота приус-10 маркийн 34-28 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; мөн дүрмийн 1.3.дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж нөлөөлөөгүй байна. Тоёота приус-10 маркийн 34-28 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 53-р хуудас/

Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд: Toyota Prius-10 маркийн 34-28 ӨМА улсын дугаартай авто машины их бие буюу кузов, урд болон арын шил, зүүн талын толь, зүүн талын урд кирлон, баруун талын хойд кирлон, урд болон хойд гупр, зүүн гар талын хоёр баруун талын хойд дугуй хагарсан, хойд тэнхлэгийн зүүн талын rap хугарсан, амортизаторын суурь ханзарч хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд ажиглагдлаа. Тухайн тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормосны систем, явах эд анги зэргүүд бүрэн ажиллагаатай эсэхийг ямар нэгэн туршилт болон суурин тоног төхөөрөмжөөр үзэж шалгах боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн гар талын хоёр баруун гар талын хойд дугуй хагарч, пиланзаараа хугарч салсан эвдрэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйнуудад үүссэн эвдрэл гэмтлийг ямар хүчин зүйл, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй юм. Уг тээврийн хэрэгсэлд үүссэн байгаа эвдрэл гэмтлүүдийн зүүн талын урд болон баруун талын арын дугуйны гэмтлээс бусад эвдрэлийг ослын үед үүссэн гэж үзэж байгаа ба зүүн талын урд болон баруун талын арын дугуйны гэмтлийг ослын өмнө, ослын үед, ослын дараа үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 55-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.88 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо /хх-ийн 25-р хуудас/

Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Мухар Шивэртийн аманд байх найз Батхишигийнд бүлээр 2 cap байсан юм. Хөдөө байхдаа Цогтцэций суманд байдаг найз Лтэй ярьсан чинь Л Цогтцэций суманд манайд ирээд байж байвал ажил олдмоор юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд хөдөөнөөс 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Даланзадгад суманд орж ирсэн юм. Даланзадгад суманд орж ирээд талийгаач Д.М-ын гэрт очсон. Д.М-ын гэр нь цоожтой байхаар нь би буцаад явж байхад 4-р сургуулийн ард талын засмал зам дээр Д.М явж таарсан юм. Талийгаачтай уулзаад би Цогтцэций явах гэж байна гэсэн чинь талийгаач би бас Цогтцэций явмаар байна манай ангижав намайг хүрээд ир гээд байдаг юм. Ханиндаа явъя гэсэн. Тэгэхээр нь өө тэг тэг ашгүй гэсэн. Талийгаач миний машинд ороод суусан. Тэгээд би доошоо эргэж эгч Шүрэнцэцэгийн гэрээр орсон. Эгч цай хийж өгсөн. Түүнийг нь уугаагүй амсчихаад гарсан юм. Эгчийн гэрт ороход талийгаач машинд сууж байсан юм. Эгчийнхээс гараад шууд Улаанбаатар хот явдаг засмал замаар зүүн тийшээ гарсан. Миний машин бензинтэй байсан учраас шууд гарсан юм. Аймгаас гараад 20 орчим километрт явж байхад талийгаач зогсоотох биеэ засъя гэсэн. Талийгаач бууж биеэ засаж ирээд халааснаас 0,5 граммын Ерөөл архи гаргаад ирсэн. Тэр архийг бид хоёр хувааж уучихаад цаашаа хөдөлсөн юм. Тэгээд 6-7 км орчим газар явж байхад зөв талын урд дугуй буудаад машин бухсан би тогтоож чадаагүй. Машин цаашаа хэд хэд өнхөрч байгаад дугуйн дээрээ зогсоход би суудал дээрээ байсан юм. Би машинаас буугаад гараад ирэхэд талийгаач машины ард уначихсан байсан. Талийгаач дээр очиход талийгаач амьсгаатай байсан. Тэгээд миний ард цагаан машин явсан. Тэр машин зогсож түргэн дуудаж өгсөн. 17 цаг өнгөрч байхад түргэн ирээд 18 цагийн өнгөрч байхад эмнэлэг дээр ирсэн юм. Тэгээд талийгаачийг сэхээнд оруулаад эмчилгээ үйлчилгээ хийсэн. Надад бас баахан дусал өвчин намдаах тариа хийгээд 23 цаг өнгөрч байх үед эгчийн гэрт хүргэж өгсөн юм. Би эгчийнд очоод байж байгаад өглөө 05 цагийн үед эмнэлэг дээр хүрээд очиход талийгаачийн хэвтэж байсан op нь хүнгүй байхаар нь асуусан чинь нас барсан гэж хэлсэн ийм зүйл болсон юм. Найзынхаа амь насыг хохироосондоо маг их харамсаж байна. /хх-ийн 64-65-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-24-р хуудас/

Хохирогчийн гаргасан тодорхойлолт / хх-ийн 134-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 26 дахь километрт өөрийн эзэмшлийн 34- 28 ӨМА улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Мын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а дахь заалтуудыг зөрчсөн болох нь: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота приус-10 маркийн 34-28 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; мөн дүрмийн 1.3.дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж нөлөөлөөгүй байна. Тоёота приус-10 маркийн 34-28 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг зам тээврийн осол гарсан байна /хх-ийн 53-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промил (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь: 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: ...багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.88 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн байна... /хх-ийн 25-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М-ын амь нас хохирсон болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Д.Мын цогцост хийсэн үзлэг шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн хуйх чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн голомтлог няцрал, зулайн хуйх, ясны хальсанд цус хуралт, хүзүүний 6-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, харалдаах нугасны няцрал, зүүн талд 2, 3,4,5,6, 10-р хавирганы хугарал, уруул, баруун эгэм, тохой, шуу, гуя шилбэ, зүүн шуу, гуя, тавхай, нуруу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ /хх-ийн 48-49-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Д тогтоогдсон ба түүний өгсөн мэдүүлэгт /хх-ийн 41-42-р хуудас/ шүүгдэгч А.Эоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй... гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээчийг оролцуулсан ба өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ...согтуурсан байдал болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй хэдий ч Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг шинжээчийн дүгнэлтэд тодорхойлоогүй, зарим зүйлийг орхигдуулсан, үүнийг хэлснээр шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулсан болно.... гэх тайлбар гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Э-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүх шүүгдэгч А.Э-ын хувийн байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно гэж заасны дагуу шүүгдэгч А.Эд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссанаас хойш эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц регистрийн дугаартай, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч А.Э-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц регистрийн дугаартай, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон дугаартай B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА