Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолтой, А.Э холбогдох 1928001690124 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Э давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харчин овгийн А.Э

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 26 дахь километрт өөрийн эзэмшлийн 34- 28 ӨМА улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Мэндбаярын амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь А.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч А.Э согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КЮ64062075 регистрийн дугаартай, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон №7409 дугаартай B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Шүүгдэгч А.Э давж заалдах гомдолдоо: “...Миний зүгээс өөрт холбогдсон хэргээ тууштай хүлээн зөвшөөрч, хүний амь нас эрсэдсэн явдалд маш их харамсаж байгаа ба шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасган оногдуулах хуулийн заалт байдаг гэсэн учир оногдуулсан хорих ялаа багасгуулахаар гомдол гаргаж байгаа юм.

Би өөрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 1000000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч түүний ар гэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хохирол төлбөр хичнээн төгрөг гарсан, хэдийг төлөх талаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө асуухаар бид хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэх зүйлийг дахин дахин хэлдэг боловч би өөрийн боломжоор дээрх мөнгийг сайн дураараа буяны ажилд нь өгсөн.

Иймд эрхэм шүүгч та бүхэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ....ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...гэсэн заалт байгаа учир ялтан миний гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, миний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил 15 хоног болгон шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.   

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Э.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нөхцөл байдлыг хянаж үзээд өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэл, шүүхээс хийсэн дүгнэлттэй санал нэг байдаг. Э.Э хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа багасгуулахаар гомдол гаргасан. Гомдолдоо хор уршиг арилсан гэж дурдаагүй, хүний амь нас хохирсон учир хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй гэдэгтэй санал нэг байна. Тодорхой хэмжээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн. Э.Э хувийн байдлыг анхаарч үзнэ үү. Осол гарсан нөхцөл байдлыг анхаарч үзэж Эрдэнэцогтын давж заалдах гомдлыг хангаж, хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч А.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 26 дахь километрт өөрийн эзэмшлийн 34- 28 ӨМА улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7а дахь “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэж заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Мэндбаярын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48-49/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-25/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дэмчигжавын мэдүүлэг /хх-41-42/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж  анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Э согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.Э оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

А.Э үйлдэл, үр дагаврын улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар заалтын 1 дэх хэсгийг бүхэлд нь баримталж бичсэн атлаа тогтоох хэсэгт дээрх хуулийн заалтуудыг давхардуулан дахин бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Э “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Э “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5”, 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8”, 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9” гэснийг тус тус хассугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Т.БЯМБАЖАВ