Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 01309

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01309

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 4 дүгээр баг шүүхийн цагаан байранд оршин суух, Боржигон овогт Баянсангийн Батням /ФА:78021918/

Хариуцагч: Найдвар-Од Аудит ХХК

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоот 2 өрөө байрыг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээг 67 100 000 гэж бодсон чинь дүгнэлт дээрээ 71 600 400 гэж бичсэн юм байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 39 000 000 төгрөг төлөх шүүгчийн захирамжийн дагуу төлөлт хийж явж байгаад 2 жил төлөөгүй юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулна гээд үнэлгээ хийлгэсэн. Монгол банк 80 000 000 төгрөгөөр үнэлээд байхад “Найдвар-Од Аудит” ХХК нь уг орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн ханш 80 000  000 төгрөг байхад 71 600 400 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Зурагтаар яваад байгаа зартай тохирохгүй байна. Тухайн үед зарын дагуу зарагдаж байсан байрнууд 80 000 000 төгрөгийн ханштай байсан. Иймд “Найдвар-Од Аудит” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, өмнөх хуралдаанд үл хөдлөх хөрөнгө зуучлалын ОСЗА-с байрны үнийн талаархи мэдээлэл гаргуулахаар хойшлуулсан боловч захирал нь өвчтэй гээд баримт гаргаж өгсөнгүй, иймд уг бичгийг гаргуулан авах хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан хүсэлтдээ манай байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Манай байгууллагын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот үнэлгээний тайлангаар уг орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 51/5 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг үнэлүүлэх шинжээч томилсон тогтоолын дагуу уг байрыг 57 800 000 төгрөгөөр тухайн үед үнэлж байсан. Тэр үед бол засваргүй байсан. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51/02 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ хийхэд бага зэрэг засвар хийсэн байсан. Ингээд бид Монгол Улсын хууль, заавар журам, стандартыг үндэслэн  үнэ тогтоосон. 2014 оны эхний хагас жилээс өмнө бол орон сууцны үнэ нэг хэсэг өссөн байсан. Уг байрыг манай компани 71 600 400 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид тулсан үнэ гэж үзэж байна. 2015 онд бол орон сууцны үнэ маш их буурсан. Харин ч уг байрыг өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Үнэлгээг тогтоохдоо  Монгол Улсын хууль, заавар журам, стандарт, мөн Засгийн газрын 336 тоот тогтоолыг бид ханш уналттай барьж хийдэг ба зах зээлийн үнэлгээг 80 хувьд нь хүргэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батням нь Найдвар-Од Аудит ХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Батням нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Монгол банк манай байрыг 80 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан, мөн тэр үед байрны зах зээлийн үнэ 80 000 000 төгрөгт хүрч байхад хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Хариуцагч Найдвар-Од Аудит ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бид Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандартыг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолын дагуу дүгнэлтээ гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба Найдвар-Од Аудит ХХК-д  Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоотод байрлах 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахыг 15/51/02 тоот тогтоолоор үүрэг болгосон байна.

Дээрхи тогтоолын дагуу Найдвар –Од  Аудит ХХК нь хөрөнгийн үнэлгээг 71 600 400 төгрөгөөр тогтоосон болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна. /хх 25-29/

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 37.2.2-д төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгч Б.Батням ...Монгол банк 80 000 000 төгрөгөөр үнэлээд байхад Найдвар-Од Аудит ХХК уг орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн, тухайн үеийн зах зээлийн ханш 80 000 000 төгрөг байхад ийнхүү үнэлсэн нь үндэслэлгүй байна. Зурагтаар яваад байгаа зартай тохирохгүй байна. Тухайн үед зарын дагуу зарагдаж байсан байрнууд 80 000 000 төгрөгийн ханштай байсан гэж тайлбарласан.

            Хариуцагч Найдвар-Од Аудит ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон тогтоолын дагуу дүгнэлт гаргасан гэж мэтгэлцдэг.

Дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээдийн хуульд заасан журмын дагуу томилсон шинжээчийн буюу Найдвар-Од Аудит ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, “...тухайн үед 2 өрөө байр 80 000 000 төгрөгийн ханштай зарагдаж байсан, Монгол банк 80 000 000 төгрөгөөр үнэлсэн гэсэн” тайлбараа нотлож чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх харгалзан хуралдааныг хойшлуулсан боловч нэхэмжлэгч Б.Батням нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг болон 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, уг үүргээ биелүүлэх боломжийг шүүх олгосоор байтал үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Үнэлгээ хийх аргачилалын хүрээнд зах зээлийн үнэлгээнд суурьлан, хөрөнгийн элэгдэлийн тооцоо, байршил зэрэг олон үзүүлэлтийг харж үнэлгээг гаргасан гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүх үгүйсгэх боломжгүй байх тул Б.Батнямын нэхэмжлэлтэй Найдвар-Од Аудит ХХК-д холбогдох 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай 71 600 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгчийн үнэлгээтэй холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Батнямын нэхэмжлэлтэй, Найдвар-Од Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батнямын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ