Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             Б.Батнямын нэхэмжлэлтэй,

хариуцагч “Найдвар Од Аудит” ХХК-д  

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1309 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.Батнямын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : “Найдвар Од Аудит” ХХК-д холбогдох,

“Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай

 Хэргийг нэхэмжлэгч Б.Батнямын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08 ны өдөр шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоот 2 өрөө байрыг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээг 67 100 000 гэж бодсон чинь дүгнэлт дээрээ 71 600 400 гэж бичсэн юм байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 39 000 000 төгрөг төлөх шүүгчийн захирамжийн дагуу төлөлт хийж явж байгаад 2 жил төлөөгүй юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулна гээд үнэлгээ хийлгэсэн. Монгол банк 80 000 000 төгрөгөөр үнэлээд байхад “Найдвар-Од Аудит” ХХК нь уг орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн ханш 80 000 000 төгрөг байхад 71 600 400 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Зурагтаар яваад байгаа зартай тохирохгүй байна. Тухайн үед зарын дагуу зарагдаж байсан байрнууд 80 000 000 төгрөгийн ханштай байсан. Иймд “Найдвар-Од Аудит” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, өмнөх хуралдаанд үл хөдлөх хөрөнгө зуучлалын ОСЗА-с байрны үнийн талаархи мэдээлэл гаргуулахаар хойшлуулсан боловч захирал нь өвчтэй гээд баримт гаргаж өгсөнгүй, иймд уг бичгийг гаргуулан авах хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу  тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан хүсэлтдээ манай байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Манай байгууллагын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот үнэлгээний тайлангаар уг орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 51/5 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг үнэлүүлэх шинжээч томилсон тогтоолын дагуу уг байрыг 57 800 000 төгрөгөөр тухайн үед үнэлж байсан. Тэр үед бол засваргүй байсан. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51/02 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ хийхэд бага зэрэг засвар хийсэн байсан. Ингээд бид Монгол Улсын хууль, заавар журам, стандартыг үндэслэн  үнэ тогтоосон. 2014 оны эхний хагас жилээс өмнө бол орон сууцны үнэ нэг хэсэг өссөн байсан. Уг байрыг манай компани 71 600 400 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид тулсан үнэ гэж үзэж байна. 2015 онд бол орон сууцны үнэ маш их буурсан. Харин ч уг байрыг өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Үнэлгээг тогтоохдоо  Монгол Улсын хууль, заавар журам, стандарт, мөн Засгийн газрын 336 тоот тогтоолыг бид ханш уналттай барьж хийдэг ба зах зээлийн үнэлгээг 80 хувьд нь хүргэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1309 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Батнямын нэхэмжлэлтэй, Найдвар-Од Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батнямын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Б.Батням давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь иргэнй Б.Батням миний нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг минь хангаж өгөөгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Батням нь хариуцагч “Найдвар Од Аудит” ХХК-д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Батнямын нэхэмжлэлтэй, Найдвар-Од Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Батням давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь иргэнй Б.Батням миний нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг минь хангаж өгөөгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02 ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

2016 оны 10 дугаар сарын 10 ны өдөр нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулах шаардлагатай байна гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна./ х/х-ийн 80 дугаар хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 21 ний өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч мөн дээрх хүсэлтийг гаргасан ба шүүх хүсэлтийг хангахаас татгалзжээ. / х/х-ийн 87 дугаар хуудас/

 Нэхэмжлэгчид нотлох баримтаа цуглуулж өгөх хангалттай хугацааг олгосоор байхад тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ  38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн байх тул нэхэмжлэгч Б.Батнямын  давж заалдсан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Батнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батнямын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Батнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР