Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00018

 

У.Энхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0134/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Ялтан: У.Энхбаяр,

Ялтны өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Хохирогч: П.Уламбаяр,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 22-ны  өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолтой У.Энхбаярт холбогдох 201722000194 дугаартай эрүүгийн хэргийг ялтан болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Донгоо овогт Уламбаярын Энхбаяр, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РБ88093018/.

У.Энхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Бараан өвөр гэх газарт байрлах гэртээ төрсөн эцэг П.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь галын хайчаар нэг удаа цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 22-ны  өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Донгоо Уламбаярын Энхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Уламбаярын Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Энхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч У.Энхбаярын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн 201722000194 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгаж, шийдвэрлэжээ.

Ялтан У.Энхбаяр, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй, Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэлгүй буруу шийдвэр гаргасан.

Хохирогч П.Уламбаяр нь шүүхийн өмнөх шатанд болон шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтанд “... бид хоёр давхралдаж унасан. Гэхдээ шалан дээр унасан, шал маань өндөр зуухан дээр байдаг модоор хийсэн шал юм. У.Энхбаяр миний дээрээс давхралдаад унасан” гэж мэдүүлсэн.

Мөн Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар дүгнэлтэнд “тархины няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн байх бөгөөд уг гэмтэл зөвхөн галын хайчаар цохиход учрах боломжтой эсэх, өөр хүчин зүйлийн нөлөө байсан эсэхийг асууж тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүх эмнэлгийн шинжээчээс уг гэмтэл дараа аваар осолд орох үед хүндрэл учирч болох боломжтой эсэхийг асуулгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт нь чухам ямар санаатай үйлдэл байсан, болгоомжгүй үйлдэл байсан эсэх талаар нарийн тогтоож шалгаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. У.Энхбаяр нь хавтаст хэрэгт болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ “Би бол галын хайчаар цохисон. Гэхдээ тухайн үед аав зүгээр байсан. Цусаа арилгаад дараа нь бид хоёр адуу тамгалж, ямаа самнасан зүгээр байсан” гэсэн байх тул уг хэргийн газарт зуухан доор ямар шал байсан, мөргөж унагах боломжтой эсэхийг шалгаагүй байна. Гэм буруугийн сэдэлт болон У.Энхбаяр нь бусдын эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна, духыг хайчаар цохиж хүнд гэмтэл учруулах сэдэлт байсан эсэх, ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс ялгагдах онцлогийг тодорхойлон хэргийг шийдвэрлээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад сэдэлтийн хувьд шууд санаатай хүнд гэмтэл учруулсан нь эргэлзээтэй, харин Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлд заасан гэм буруугийн хайхрамжгүй хандсан буюу давхралдаж унах үед хүнд гэмтэл учруулахыг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдээгүй, уг үйлдлийг хийсэн мэт харагдаж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсвэл нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж гомдолд дурдагдсан асуудлуудыг шалгуулж өгнө үү гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан ”шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

У.Энхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Бараан өвөр гэх газарт байрлах гэртээ төрсөн эцэг П.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь галын хайчаар нэг удаа цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг їйлдсэн болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт, хэргийн газар болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх У.Энхбаярт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, хорих ял эдлэх дэглэмийг мөн хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Ялтан У.Энхбаяр түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар нь “...мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Иймд ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Ялтан У.Энхбаяр, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 126 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

            ШҮҮГЧИД                                                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                                               Н.БАЯРХҮҮ