Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 754

 

 

   2019        10          03                                  2019/ШЦТ/754

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Д.Л  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Л ид холбогдох эрүүгийн 1911020340923 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.Л , 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжны 1091 тоотод оршин суух,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 135 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 cap хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн  2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар.     

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Л  нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баяржаргалтай “архи нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар баруун нүдийг нь хуруугаараа дарах, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Баяржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим гэртээ унтаж байхад манай эгчийн хүүхэд гаднаас дуудаад байхаар нь гараад очтол хоёр согтуу эрэгтэй хүн манай эгчийн гэрт орчихсон манай эгчтэй уулздаг залууг сураглаад байсан ... Би эмийн сан орж даралтны эм авах гээд гартал түрүүний хоёр эрэгтэй машинд суучихсан манай хашааны гадаа зогсож байсан. Тэгээд Доогий /Д.Л / нь надад хандан гэрийн чинь үүдэнд буулгад өгье суучих гээд биеэрээ шахаад түлхээд байхаар нь машинд нь орж суусан чинь нөгөө Доогий /Д.Л / нь манай эгчийн найзыг дахиад асуусан бөгөөд би мэдэхгүй гэж хэлсэн. Тэр үед Доогий /Д.Л / нь миний баруун гар талд сууж байсан бөгөөд зүүн гараараа хүзүүдэж аваад хойш дараад баруун гарынхаа нэг хурууг миний баруун нүд рүү хийгээд дараад байсан. Би машиных нь ард нөгөө хоёр эрэгтэйгийн голд суучихсан байсан болохоор хөдөлж чадахгүй, хөдөлгөөн хоригдоод байсан. Тэр үед нь би жолооч хийж байсан махлаг эмэгтэйд хандан энэ хоёрыгоо болиул гэхэд нөгөө эмэгтэй машинаасаа бууж Доогий /Д.Л / гэгчийн сууж байсан талын хаалгыг нээхээр нь би нөгөө Доогийг /Д.Л / түлхээд хамт гадаа гарсан. Тэгээд Доогий /Д.Л / нь миний хүзүүнээс боогоод авсан бөгөөд буцааж машин руугаа суулгах гээд түлхээд байсан. Тэгсэн нөгөө хаалгаар Нацагаа гэгч нь бууж ирээд миний зүүн гарыг мушгихаар нь гараа булааж аваад хажууд байсан дэлгүүр рүү ороод эгчтэйгээ утсаар ярьтал нөгөө машинтай 3 хүн яваад өгсөн ... Нацагаа гэгч нь зодож цохиогүй ... Энэ гэмтлийг дээрх Доогий гэгч нь надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх 9-11/,

Гэрч Х.Ариунзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүрт 3 эрэгтэй хүн ороод ирчихсэн нэг ах нь лангууны алд талд нь гараад зогсчихсон нөгөө 2 ах нь наад талд нь нөгөө залуугаа гараад ир гээд уурлаад загнаад байсан. Миний ойлгосноор тэд нар муудалцсан шинжтэй лангууны ард талд байсан ахын хувцас нь шороо болчихсон, фудболк нь урагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9151 дугаар дүгнэлтэнд: “...Б.Баяржаргалын биед баруун нүдний алимны салстын урагдал, цус харвалт, хүзүүний баруун ар доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 26/,

Шүүгдэгч Д.Л  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танилыг хайж явахдаа Б.Баяржаргал гэгчтэй маргаан хийж түүний нүд болон хүзүүнд нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... Энэ гэмтлийг би түүний биед үүсгэсэн. Тухайн залуугийн нүүрэн хэсгийг гараараа самардсан бөгөөд энэ үед баруун нүдний алимны салстын урагдал үүссэн байх. Тухайн үед баруун нүднийх нь байхаа ухархайнаас цус гарч байсан. Харин нүүрэн дээр нь дараад хойшоо гэдийлгэн дарах үед машины суудалд үрэгдээд хүзүүний баруун ар доод хэсэгт зулгаралт үүссэн...” гэх мэдүүлэг /хх 32-33/,  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 62/,  шүүгдэгч Д.Л ид холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 46-60/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л  нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баяржаргалтай “архи нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар баруун нүдийг нь хуруугаараа дарах, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Баяржаргалын “...Тэгээд Доогий /Д.Л / нь миний хүзүүнээс боогоод авсан бөгөөд буцааж машин руугаа суулгах гээд түлхээд байсан...” гэх мэдүүлэг /хх 9-11/, гэрч Х.Ариунзаяагийн  “...Миний ойлгосноор тэд нар муудалцсан шинжтэй лангууны ард талд байсан ахын хувцас нь шороо болчихсон, фудболк нь урагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9151 дугаар дүгнэлт /хх 26/, шүүгдэгч Д.Л ийн “...Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танилыг хайж явахдаа Б.Баяржаргал гэгчтэй маргаан хийж түүний нүд болон хүзүүнд нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 32-33/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Л ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Баяржаргал нь хохирлын талаар баримт ирүүлээгүй тул Д.Л ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л ид 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л ид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН