Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 18

 

Д.Л-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Анармөнх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911 02034 0923 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж,1998 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, /РД: .........../;

 Д.Л нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-тай “архи нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар баруун нүдийг нь хуруугаараа дарах, хоолойг нь боох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л-д  500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-д  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Л тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй байсан боловч прокуророос нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүх хүлээн авсныг эс зөвшөөрч байна. Би гэр бүлдээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй, эхнэр сахарын өвчний улмаас ажил хийж, орлого олох боломжгүй байдаг. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүх хүлээж авалгүй 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, давхар миний ар гэрийнхнийг амьжиргааны эх үүсвэргүй болгож шийтгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд миний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 400 нэгжээр торгох ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Д.Л-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Л нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-тай “Архи нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар баруун нүдийг нь хуруугаараа дарах, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч  Б.Б-н “... Доогий нь манай эгчийн найзыг дахиад асуусан бөгөөд би мэдэхгүй гэж хэлэхэд Доогий миний баруун гар талд сууж байсан ба зүүн гараараа хүзүүдэж аваад хойш дараад баруун гарынхаа нэг хурууг миний баруун нүд рүү хийгээд дараад байсан. ... машинаас буугаад ирэхэд Доогий нь миний хүзүүнээс боогоод авсан бөгөөд буцааж машин руугаа суулгах гээд түлхээд байсан. ...” /хх 10-11/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Б-н биед баруун нүдний алимны салстын урагдал, цус харвалт, хүзүүний баруун ар доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 9151 дугаартай дүгнэлт /хх 26/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Л-н хохирогч Б.Б-н баруун нүдийг нь хуруугаараа дарах, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстын урагдал, цус харвалт, хүзүүний баруун ар доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй шүүхээс уг зүйл, хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

  Шүүгдэгч Д.Л-с “...Надад оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 400.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.Л нь ажил хөдөлмөр эрхэлж, торгох ялыг биелүүлж чадах эсэх талаар үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмнө нь 4 удаа ял шийтгүүлсэн түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, шүүгдэгч Д.Л-д  анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэн гэж үзэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.