Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00171

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01523 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2077 дугаар магадлалтай,

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Д.Э-т холбогдох,

57.297.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээний үүрэгт 27.780.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 9 дүгээр сараас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөө, 26б тоотод байрлах 336 м.кв 2 давхар үйлчилгээний зориулалттай талбайг Д.Э-тэй харилцан тохиролцож, 1 сарын 11.500.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Тухайн үед түрээсийн байранд ямар ч засвар хийгээгүй үйлчилгээ явуулах боломжгүй байсан тул 8 сард засвар үйлчилгээ хийж, БНХАУ-аас гал тогооны тоног төхөөрөмж болон зоогийн газар ажиллуулах бүхий л хэрэгцээт зүйлсийг худалдан авсан. Түрээсийн гэрээг байгуулахдаа өөрийн найз М.Мөнхсайханы нэр дээр байгуулж, М.Мөнхсайхан 2 давхрын талбайд PC тоглоомын газрыг ажиллуулдаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс түрээсийн гэрээгээ шинэчлэн зөвхөн нэг давхрын зоогийн газрыг ажиллуулахаар болж, би өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, сарын 5.500.000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэтэл 2015 оны 9 дүгээр capаас түрээсийн обьектын зүүн талд залгаа байрлах барилгыг нураасны улмаас манай түрээсийн байшингийн хана нимгэн учраас их хүйтэн болсон, мөн зүүн талд дахин барилга баригдахаар болж, хашаа барьсан бa уг хашаа нь манай зоогийн газрын үүдийг халхалж, явган хүн явахад төвөгтэй байдал үүсэж эхэлсэн. Энэ байдлыг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр түрээслүүлэгч Д.Э- болон түүний нөхөр Д.Наранбаярт удаа дараа хэлсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр зоогийн газрыг ажиллуулахаа больж гарахдаа агуулах сав байраа бэлдчихээд эд зүйл тоног төхөөрөмжөө авна гээд гарсан боловч 7 хоногийн дараа түрээслүүлэгчээс зоогийн газарт байгаа өөрийн хөрөнгөө авахаар очтол өгөөгүй бөгөөд миний тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг түрээсийн байртай нь хамт бусдад өндөр үнээр түрээслэж ашиг олж байна.

Иймд, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмж, зоогийн газрын зориулалтаар ашиглах бусад нэр бүхий жагсаалтад заасан эд хөрөнгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа уг тоног төхөөрөмжүүд устаж алга болсон байх магадлалтай тул үнэ болох 30.000.000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн. Мөн  2013 оны 9 дүгээр сараас түрээслэж эхлэхдээ хоосон үйлчилгээний талбайд иж бүрэн интерьер бүхий засвар үйлчилгээ хийж, сандал ширээ, буйдан, зурагт, хөргөгч гээд бүх зүйлийг шинээр авч тавьсан. Түрээсийн гэрээний 3.2-т зайлшгүй гарах жижиг урсгал засварыг болон өөрийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон гэмтлийг өөрийн зардлаар түрээслэгч засварлана гэж заасан тул өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн хөрөнгөөрөө тус үйлчилгээний зориулалттай талбайд 2013 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хугацааны хооронд засвар хийсэн барилгын материалын үнэ 16.097.000 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 11.200.000 төгрөг, нийт 57.297.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М-ийн үлдээсэн гэх тоног төхөөрөмжийн үнэлгээ нь 30.000.000 төгрөгөөр үнэлэгдэхгүй. Энэхүү үнэлгээг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй. Мөн жагсаалтын дагуу гал тогооны хэрэгслийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бөгөөд бүрэн бүтэн, тоо ёсоор байгаа эсэх нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасны дагуу Б.М-ийн эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу нийт 6 сарын төлбөрийг төлөх хүртэлх хугацаагаар саатуулан барьж байгаа. Байрны засварын мөнгө нэхэмжилж байна. 2013 оны 9 дүгээр сарын үед н.Мөнхсайхан түрээслэж байсан, засварын зардлыг засвар хийсэн этгээд шаардах эрхтэй. Зөвшөөрөлгүй хийсэн зардал биш байна. 11 сая төгрөгийн засварын зардал гарсан гэх боловч шинжээчийн дүгнэлт 3 сая төгрөг гэсэн. Ийм хэмжээний барилын материал авсан гэх боловч яг энэ барилгад зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байна. Иймд, Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

         Хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхүрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгч гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй 3 сарын хугацаа өнгөрсөн тул үргэлжлүүлэн алдагдал хүлээхгүйн тулд өөр этгээдэд түрээслэсэн. Учир нь, нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сар хүртэл гэрээнд заасан түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүй, мөн 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01 дүгээр сарын төлбөр төлөөгүй нь түрээслүүлэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж, нийт 54.280.000 төгрөгийн алдагдалд оруулаад байна. Түрээслүүлэгч түрээслэгчийг үүргээ биелүүлнэ гээд хүлээсэн боловч үүрэг гүйцэтгэгчийн зүгээс ямар нэг үр дүн гараагүй. Энэ хугацаанд түрээслүүлэгч хохирол амсаж, үргэлжлүүлэн алдагдал хүлээхгүйн тулд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 13.500.000 төгрөгөөр багасгаж, нийт 27.780.000 төгрөг гэж өөрчилж байна гэжээ.

         Нэхэмжлэгч Б.М- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Би түрээсийн төлбөрийг хувааж төлдөг байсан. Гэхдээ өрийн үлдэгдэл байхгүй. Энэ нь гэрч Д.Наранбаярын мэдүүлэг, банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн түрээсийн байрнаас гарах тухайгаа түрээслэгч талд урьдчилан мэдэгдэж, 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 10.000.000 төгрөгийг БОСА ХХК-тай харилцан тохиролцож, Д.Наранбаярын данс руу шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01523 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.Э-ээс Овен /том шарах шүүгээ 380В/ буюу 950.000 төгрөг, шарах шүүгээ /Печь/ буюу 460.000 төгрөг, төмөр хөргөгч 4-н хаалгатай буюу 1.400.000 төгрөг, буузны жигнүүр 6-н листтэй 380В буюу 260.000 төгрөг, хуушуур шарагч тогоо 220В буюу 760.000 төгрөг, төмс шарагч 2 теньтэй 2 савтай нь 120.000 төгрөг, хоол халуун баригч 800.000 төгрөг, будаа агшаагч 110.000 төгрөг, талх шарагч буюу 220.000 төгрөг, гар миксер буюу 20.000 төгрөг, газан плитка 3-н ширэмтэй буюу 300.000 төгрөг, газан плитка 6-н ширэмтэй буюу 520.000 төгрөг, тавиуртай бэлтгэлийн төмөр ширээ буюу 120.000 төгрөг, бэлтгэлийн төмөр ширээ буюу 140.000 төгрөг, жижиг граммын хэл /шинэ/ буюу 60.000 төгрөг, Төмөр хатаагч /аяга тавагны/ буюу 60.000 төгрөг, гурилын илдүүр буюу 4.000 төгрөг, хуванцар түмпэн /том/ буюу 10.000 төгрөг, никель тагтай сав буюу 200.000 төгрөг, гурилын сав буюу 50.000 төгрөг, төмөр түмпэн буюу 84.000 төгрөг, цагаан тавиур буюу 12.000 төгрөг, хогийн сав буюу 4.000 төгрөг, шалны хувин буюу 3.000 төгрөг, шүүр тосгуур буюу 4.000 төгрөг, төмс нухагч буюу 4.000 төгрөг, модон хусуур буюу 9.000 төгрөг, порц халбага буюу 18.000 төгрөг, шөлний халбага буюу 20.000 төгрөг, заазуур буюу 60.000 төгрөг, хутга буюу 8.000 төгрөг, хутга /том/ буюу 16.000 төгрөг, хайруулын тавга буюу 240.000 төгрөг, грилл хайруул буюу 30.000 төгрөг, ногоо арилгагч буюу 500 төгрөг, төмөр хавчаар буюу 2.000 төгрөг, амтлагчны сав буюу 18.000 төгрөг, хуванцар түмпэн буюу 8.000 төгрөг, будаа агшаагчны жижиг сав буюу 3.000 төгрөг, ганбанз тавиур буюу 60.000 төгрөг, шанага төмөр буюу 90.000 төгрөг, шанага хуванцар буюу 2.000 төгрөг, сандал жижиг буюу 15.000 төгрөг, агааржуулалтын систем ком буюу 500.000 төгрөг, касс машин буюу 260.000 төгрөг, ус буцалгагч том буюу 54.000 төгрөг, ундааны том хөргөгч 2 хаалгатай буюу 800.000 төгрөг, хөлдөөгч буюу 300.000 төгрөг, хувцасны шүүгээ буюу 110.000 төгрөг, түргэн буцалгагч буюу 60.000 төгрөг, сандал буюу 728.000 төгрөг, ширээ буюу 420.000 төгрөг, буйдан буюу 3.900.000 төгрөг, урт буйдантай ширээ буюу 2.500.000 төгрөг, халбага буюу 11.100 төгрөг, сэрээ буюу 20.000 төгрөг, цайны аяга буюу 10.000 төгрөг, халуун сав буюу 32.000 төгрөг, хутга буюу 80.000 төгрөг, салатны тавга буюу 40.000 төгрөг, том таваг буюу 138.000 төгрөг, шөлний том аяга буюу 84.000 төгрөг, шөлний жижиг аяга буюу 26.000 төгрөг, савх буюу 24.000 төгрөг, зурагт буюу 400.000 төгрөг, сансар кабель 25.000 төгрөг, DVR буюу 40.000 төгрөг, камер буюу 720.000 төгрөг, хогийн сав /заал/ буюу 30.000 төгрөг, уртасгагч залгуур буюу 30.000 төгрөг, камерын дэлгэц буюу 60.000 төгрөг, өлгүүр /мод/ буюу 40.000 төгрөг, суултуур буюу 90.000 төгрөг, босоо шээлтүүр буюу 60.000 төгрөг, угаалтуур буюу 80.000 төгрөг, нийт 75 нэр төрлийн эд зүйл буюу 19.946.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.350.400 төгрөгт холбогдох хэсгийг, Д.Э-ийн 27.780.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  602.385  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 257.683 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, хариуцагч Д.Э-ээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

              Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2077 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс овен буюу том шарах шүүгээ-380В /950.000 төгрөгийн үнэ бүхий/, печь буюу шарах шүүгээ /460.000 төгрөгийн үнэ бүхий/, дөрвөн хаалгатай төмөр хөргөгч /1.400.000 төгрөгийн үнэ бүхий/, 6 листтэй буузны жигнүүр-380В /260.000 төгрөгийн үнэ бүхий/, хуушуур шарагч тогоо-220В /760.000 төгрөгийн үнэ бүхий/, 2 теньтэй, 2 савтай төмс шарагч /120.000 төгрөгийн үнэ бүхий/, хоол халуун баригч /800.000 төгрөгийн үнэ бүхий/, будаа агшаагч /110.000 төгрөгийн үнэ бүхий/, талх шарагч /220.000 төгрөгийн үнэ бүхий/, гар миксер /20.000 төгрөгийн үнэ бүхий/, 3-н ширэмтэй газан плитка /300.000 төгрөгийн үнэ бүхий/, 6-н ширэмтэй газан плитка /520.000 төгрөгийн үнэ бүхий/, тавиуртай бэлтгэлийн төмөр ширээ /120.000 төгрөгийн үнэ бүхий/, бэлтгэлийн төмөр ширээ /140.000 төгрөгийн үнэ бүхий/, шинэ жижиг граммын хэл /60.000 төгрөгийн үнэ бүхий/, аяга тавагны төмөр хатаагч /60.000 төгрөгийн үнэ бүхий/, гурилын илдүүр /4.000 төгрөгийн үнэ бүхий/, хуванцар түмпэн /том-10.000 төгрөгийн үнэ бүхий/, никель тагтай сав /200.000 төгрөгийн үнэ бүхий/, гурилын сав /50.000 төгрөгийн үнэ бүхий/, төмөр түмпэн /84.000 төгрөгийн үнэ бүхий/, цагаан тавиур /12.000 төгрөгийн үнэ бүхий/, хогийн сав /4.000 төгрөгийн үнэ бүхий/, шалны хувин /3.000 төгрөгийн үнэ бүхий/, шүүр тосгуур /4.000 төгрөгийн үнэ бүхий/, төмс нухагч /4.000 төгрөгийн үнэ бүхий/, модон хусуур /9.000 төгрөгийн үнэ бүхий/, порцны халбага /18.000 төгрөгийн үнэ бүхий/, шөлний халбага /20.000 төгрөгийн үнэ бүхий/, заазуур /60.000 төгрөгийн үнэ бүхий/, хутга /8.000 төгрөгийн үнэ бүхий/, том хутга /16.000 төгрөгийн үнэ бүхий/, хайруулын тавга /240.000 төгрөгийн үнэ бүхий/, грилл хайруул /30.000 төгрөгийн үнэ бүхий/, ногоо арилгагч /500 төгрөгийн үнэ бүхий/, төмөр хавчаар /2.000 төгрөгийн үнэ бүхий/, амтлагчны сав /18.000 төгрөгийн үнэ бүхий/, хуванцар түмпэн /8.000 төгрөгийн үнэ бүхий/, будаа агшаагчны жижиг сав /3.000 төгрөгийн үнэ бүхий/, ганбанз тавиур /60.000 төгрөгийн үнэ бүхий/, төмөр шанага /90.000 төгрөгийн үнэ бүхий/, хуванцар шанага /2.000 төгрөгийн үнэ бүхий/, жижиг сандал /15.000 төгрөгийн үнэ бүхий/, агааржуулалтын ком систем /500.000 төгрөгийн үнэ бүхий/, касс машин /260.000 төгрөгийн үнэ бүхий/, том ус буцалгагч /54.000 төгрөгийн үнэ бүхий/, ундааны 2 хаалгатай том хөргөгч /800.000 төгрөгийн үнэ бүхий/, хөлдөөгч /300.000 төгрөгийн үнэ бүхий/, хувцасны шүүгээ /110.000 төгрөгийн үнэ бүхий/, түргэн буцалгагч /60.000 төгрөгийн үнэ бүхий/, сандал /728.000 төгрөгийн үнэ бүхий/, ширээ /420.000 төгрөгийн үнэ бүхий/, буйдан /3.900.000 төгрөгийн үнэ бүхий/, урт буйдантай ширээ /2.500.000 төгрөгийн үнэ бүхий/, халбага /11.100 төгрөгийн үнэ бүхий/, сэрээ /20.000 төгрөгийн үнэ бүхий/, цайны аяга /10.000 төгрөгийн үнэ бүхий/, халуун сав /32.000 төгрөгийн үнэ бүхий/, хутга /80.000 төгрөгийн үнэ бүхий/, салатны таваг /40.000 төгрөгийн үнэ бүхий/, том таваг /138.000 төгрөгийн үнэ бүхий/, шөлний том аяга /84.000 төгрөгийн үнэ бүхий/, шөлний жижиг аяга /26.000 төгрөгийн үнэ бүхий/, савх /24.000 төгрөгийн үнэ бүхий/, зурагт /400.000 төгрөгийн үнэ бүхий/, сансар кабель /25.000 төгрөгийн үнэ бүхий/, DVR /40.000 төгрөгийн үнэ бүхий/, камер /720.000 төгрөгийн үнэ бүхий/, заалны хогийн сав /30.000 төгрөгийн үнэ бүхий/, уртасгагч залгуур /30.000 төгрөгийн үнэ бүхий/, камерын дэлгэц /60.000 төгрөгийн үнэ бүхий/, модон өлгүүр /40.000 төгрөгийн үнэ бүхий/, суултуур /90.000 төгрөгийн үнэ бүхий/, босоо шээлтүүр /60.000 төгрөгийн үнэ бүхий/, угаалтуур /80.000 төгрөгийн үнэ бүхий/, нийт 75 нэр төрлийн эд зүйл, 22.412.000 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14.939.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.М-ээс түрээсийн гэрээний үүрэгт 23.130.000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-т олгож, сөрөг нэхэмжлэлээс 4.650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 257.683 гэснийг 369.740 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, нэхэмжлэгч Б.М-ээс 273.600 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-т олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396.580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

         Нэхэмжлэгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.М- нь 2013 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 13-р хороо, 3-р хороолол Ард аюушийн өргөн чөлөө 266 тоот, 336 м.кв бүхий байрыг найз Мөнхсайханы хамт түрээслэхээр болж, Б.М- нь 1 давхарыг нь бүхэлд түрээслэж, иж бүрэн засвар үйлчилгээг өөрийн мөнгөөрөө хийж /27.297.000 төгрөг/, интерьер загвараар тохижуулж, мөн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Түрээсийн гэрээг анх хийх үедээ Д.Э- болон түүний хууль ёсны нөхөр Д.Наранбаяртай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Мөн Д.Наранбаяр нь түрээсийн төлбөрийг өөрөө авдаг байсан нь тогтоогддог. Б.М- нь өөрийн нэрээр 2015 оны 02 дугаар сарын 04-нөөс сарын 5.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр, 3 жилийн хугацаатай Иргэний хуулийн 318, 318.1-д зааснаар гэрээ байгуулсан байна. Гэтэл 2015 оны 9 дүгээр сараас тус зоогийн газрын зэргэлдээ дэлгүүр барилгаа нурааснаас болж, тус зоогийн газар үйл ажиллагаа явуулах боломжгүй, маш хүйтэн мөн барилгын хашаа баригдснаас болж үйл ажиллагаанд доголдол гарч эхэлсэн байна. Үүнийгээ түрээслүүлэгч талд мэдэгдэж, түрээсийн төлбөрөө дуусгаж тооцоо хийгээд, зөвхөн тоног төхөөрөмжөө агуулах байраа олоод хэд хоногийн дараа авахаар тохиролцоод, гэрээгээ цуцалсан байна. Гэтэл удаа дараа тоног төхөөрөмжөө авах гээд түрээслүүлэгчийн хууль ёсны нөхөр Д.Наранбаяртай холбогдоход “цаг хугацаа хойшлуулсаар” байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 15-нд гэрт нь очиход Д.Э-, Д.Наранбаяр нар гэртээ байсан ба "...хэдэн төгрөгөөр үнэлж зарах юм бэ, тоног төхөөрөмжүүдийг чинь өгөхгүй” гэдгээс болж маргаан үүссэн ба тоног төхөөрөмжөө авч чадахгүй өдий хүрч байна. Д.Наранбаяр нь дээрх тоног төхөөрөмжүүдийг өөрийн зоогийн газартайгаа хамтад нь 2015 оны 12 дугаар сараас хойш давхар түрээслэж ашиг олж байгаа юм.

Магадлалд “хариуцагч түрээсийн гэрээ дуусгавар болоход нэхэмжлэгчийн эд хөрөнгө”-ийг Иргэний хуулийн 301, 301.1-д зааснаар саатуулан барьсан гэж үзсэн нь буруу бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Хариуцагч тал болох Д.Э-, Д.Наранбаяр нараас анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд, шүүхэд өгсөн нотлох баримтандаа “түрээсийн төлбөрийг байнга өөртөө авч байсан Д.Э-ийн нөхөр Д.Наранбаяр”-ын зөвхөн худалдаа хөгжлийн банкны дансанд түрээсийн төлбөр орсон мэдээллээ шүүхэд өгч, бусад банкинд түрээсийн төлбөр хүлээн авч байсан орлогоо нуусан байдаг. Энэ утгаараа үндэслэлгүйгээр төлчихсөн түрээсийн төлбөрийг Д.Мөнхдэлгэрээс дахин нэхэмжилсэн нь хэргийн материалд байгаа баримтуудаар тогтоогддог. Мөн бусад банкнаас авсан хуулганаас харахад үндэслэлгүй нэхэмжилсэн нь тогтоогддог. Түрээсийн төлбөрийг өөрийн дансандаа байнга авдаг байсан гэрч Д.Наранбаярын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гэрчээр асуугдсан тэмдэглэлд “2015 оны 11 дүгээр сараас хойших түрээсийн төлбөрийг өгөөгүй, түрээсийн төлбөрийг амаараа 4 сая төгрөг болгосон, би авсан зүйлээ хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-нд гэрт нь очиход Д.Э-, Д.Наранбаяр нар гэртээ байсан ба Д.Наранбаяр, Д.Э- нар нь “хэдэн төгрөгөөр тоног төхөөрөмжөө үнэлж зарах юм бэ, цувуулаад  мөнгийг чинь төлье, тоног төхөөрөмжүүдийг чинь өгөхгүй” гэсэн аудио, дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудаар түрээсийн ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй, бүрэн төлсөн гэдэгт хангалттай нотлогддог.

Гэтэл магадлалд зөвхөн хариуцагчийн төлбөр шилжүүлж авсан, үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн /дансны хуулгуудыг/ баримтыг үнэлж, үлдэгдэл төлбөрийг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна үзэж байна.

Мөн Б.М- миний өмгөөлөгч Б.Онолтуяа нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2/17 дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаж хариу тайлбар бичсэн албан бичгээ Ч.Цэнд шүүгчийн туслахад хүлээлгэж өгсөн байтал тус шүүх хуралд өмгөөлөгч оролцоогүй боловч өмгөөлөгчийн албан ёсоор гаргасан хариу тайлбарыг шүүх хуралд дурдаагүй, огт сонсгоогүй, авч хэлэлцээгүй өнгөрөөсөн. Гэтэл хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцсон юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 14 зүйл, 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд, магадлалыг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хангасан ”Б.М-ээс түрээсийн гэрээний үүрэгт 23.130.000 төгрөгийг гаргуулан Д.Э-т олгох” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

              Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Б.М- хариуцагч Д.Э-т холбогдуулж 30.000.000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны зориулалттай тоног төхөөрөмжийг болон  түрээсийн байрны засварын зардал 27.297.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт 27.780.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагч Д.Э-ээс 75 нэр төрлийн эд зүйл буюу 19.946.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлийн бусад шаардлага болон Д.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас 75 нэр төрлийн эд зүйл, мөн засварын зардалд 22.142.000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт 23.130.000 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үндэслэсэн байна.

            Б.М- Д.Э- нарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бичгийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн байрны нэг хэсгийг зоогийн газрын зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөрт сар бүр 5.500.000 төгрөг төлж байсныг зохигч маргаагүй  бөгөөд тухайн гэрээний  хүчин төгөлдөр байдал, үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн нөхцөл байдлын улмаас түрээслэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан үйл баримтад хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцжээ.

          Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар тухайн түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д  хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй байна.

             Нэхэмжлэгч Б.М- нь өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж байсан эд зүйлээ гаргуулах нэхэмжлэлийг анх  гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эд зүйлийн үнийг гаргуулах гэж өөрчилсөн боловч тухайн эд зүйл устаж үгүй болсон, эсхүл чанар байдал нь илтэд муудсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл эд зүйлийн үнийг хохирол хэлбэрээр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэхгүй гэж дүгнэн үнийг бус эд зүйлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шийдвэрт заасан эд хөрөнгө устсан, ашиглагдах боломжгүй бол нэхэмжлэгч  шинжээчийн тогтоосон үнээр хохирлыг төлүүлэх эрхтэй болно.

            Хариуцагч түрээсийн төлбөр дутуу төлөгдсөн гэж үзэж эд зүйлийг нэхэмжлэгчид өгөхгүй саатуулан барьсан нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг зөрчихгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь буруу биш байна.

         Нэхэмжлэгч Б.М- түрээсийн байранд түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр засвар хийснийг хариуцагч Д.Э- үгүйсгээгүй, уг зардлыг төлөхгүй байх, эсхүл түрээсийн төлбөрт суутгах зэргээр талууд өөрөөр тохиролцоогүй тул хэрэгт авагдсан  нотлох баримтын хүрээнд нийт 22.412.000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасантай нийцсэн  байна.

            Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг зөрчөөгүй байна. Түрээсийн гэрээ 2015 оны 11 дүгээр сард цуцлагдсан бөгөөд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан 5.500.000 төгрөгөөс багасгаж талууд тохиролцсон нь тогтоогдоогүй тул дутуу төлсөн 23.130.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ээс гаргуулж хариуцагч Д.Э-т олгох үндэслэлтэй.

           Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 2 дугаар сараас түрээсийн төлбөр тодорхой хэмжээгээр дутуу төлөгдөж байсан гэж өөрийн тооцооллыг гаргасныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна.

           Нэхэмжлэгч гомдолдоо “давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг танилцуулаагүй” гэжээ. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхүрэлийн гаргасан гомдлоор шийдвэрийг хянасан ба нэхэмжлэгч Б.М- тус шүүх хуралдаанд өөрөө оролцож, хариу тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдснаас үзвэл зохигчдын шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах эрхийг шүүх зөрчөөгүй гэж үзнэ.

            Иймд “сөрөг нэхэмжлэлийг хангасныг  хэрэгсэхгүй болгож, магадлалд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдол хангагдах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 273.600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ