Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1826

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00582 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* нь нутаг нэгт *******той 2014 онд танилцаж хамтарч ажиллахаар болж улмаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яаралтай мөнгөний хэрэг болоод 6 000 000 төгрөг зээлээч гэхээр нь түүнд итгээд 6 000 000 төгрөг зээлсэн. Дараа нь дахин барилгын ажил гүйцэтгэж хамтран ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түүний хамт ажиллаж байсан ажилтан нь эмнэлэгт хэвтэж мэс заслын хагалгаанд орох боллоо 4 000 000 төгрөг зээлээч гэхээр нь 4 000 000 төгрөг зээлсэн. Дээрх 10 000 000 төгрөгийг зээлэх үед хажууд орчуулагч н.Буянхишиг байсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөн барилгын ажил эхлүүлэхэд 20 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр өөрөөр нь гарын үсэг зуруулаад мөн л өгөөд явуулсан. Гэтэл тэр ажилч хийсэн юм байхгүй надаас зээлсэн дээрх нийт 30 000 000 төгрөгөө өгөлгүй өнөөдрийг хүртэл зугтаж нэг ч төгрөг түүнээс гаргуулж авч чадаагүй тул *******оос 30 000 000 төгрөгийг, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлслөн ажиллуулсны хөлс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар нь Шангри ла барилгын ажилд хамтран ажиллаж байсан нь үнэн. Энэ ажлын хүрээнд барилгын ажил гүйцэтгэх хөлс, бараа материал зэрэгт мөнгө төгрөг өгч, авах асуудал байсан. Түүнээс биш зээл тооцооны үүрэг үүсээгүй. Зээлийн гэрээ гэх бичиглэл нь огнооны хувьд дараалал алдагдсан, гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол энд зээл өгч байгаа гэсэн ойлголт огт төрөхгүй байна. Харин барилгын ажилд хамтран ажиллах үүднээс 20 000 000 төгрөг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн      315 450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийн нэг хуудас дээр бичсэн "2014 ******* барилгын ажлын хөлс төлсөн баримт" гэх зүйлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна. Тус баримт дээрх жагсаалт нь цаг хугацааны дараалал алдагдсан, зүгээр л дэвтрийн нэг тасархай хуудас дээр бичсэн зүйл байх тул үүнийг үнэлж мөнгө авсан, өгсөн гэх үйл баримтыг тогтоох боломжгүй юм. Хэрэв энэ хуудсыг дэвтрээс нь урж, салгаж аваагүй, дэвтэртэй нь хамт нотлох баримтаар гаргаж өгсөн, түүнчлэн хариуцагч *******д өгсөн мөнгөө цаг хугацааных нь дарааллаар жагсаалт хөтөлж байсан юм бол cap, өдрийн хувьд дараалал нь алдагдаагүй тийм баримтыг л нотлох баримтын хэмжээнд үнэлж болох байсан.

Мөн гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д өгсөн мөнгөний зориулалтын талаар тодорхой мэдүүлэг өгч чадаагүй, өөрөөр хэлбэл зээл өгсөн гэж нотолж чадаагүй байхад 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсхэгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *******ы нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу өгсөн 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан гэж татгалзсан.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 101 400 000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй, уг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Хэргийн 7-8 дахь талд авагдсан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээл               6 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээл 4 000 000 төгрөгийг авсан гэх ******* барилгын ажлын хөлс төлсөн гэх баримтад буй гарын үсгийг хариуцагч зураагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан хэдий ч энэ талаар шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзсэн байх тул шүүх уг баримтыг гэрчийн мэдүүлгүүдтэй харьцуулан үзэж талуудын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч тал ******* барилгын ажлын хөлс төлсөн гэх баримтыг эх хувиар, орчуулгын хамт шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгосон гэх байдал хэргийн баримт болон гэрчийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул шүүх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон зөв байна.

Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлсон болон хуваарилалтыг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлах байсныг 56.1 гэж буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж, “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА