Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/917

 

2019          10          29                                    2019/ШЦТ/917

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0892/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч Т.Мандахнаран,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч Ш.Чингис, Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                           

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Б-д холбогдох эрүүгийн 1902005630227 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аутбайк Монголиа” ХХК-д гадаад харилцаа хариуцсан менежерээр ажилладаг, хэрэгт холбогдох үедээ хувиараа дуу хөгжмийн уран бүтээл хийдэг байсан, ам бүл 3, эмээ, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны          40-51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан К.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч К.Б нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 685.4 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны 40 дүгээр байрны 51 тоотод байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Басхүү, Нямаарэн нар манай гэрт ирсэн. Бид гурав өглөө нь өвс гэх зүйлийг хэрэглэсэн. 7 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хар тамхитай тэмцэх газраас хаалга тогшиж орж ирээд гэр нэгжин, баримтууд ил байсан тул хурааж авч, тэр дор  нь хэмжиж үзсэн. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ганцаараа явж бэлдэж ирсэн. Би интернетээс хайж үзэж байгаад мэдэж авсан. Олон нийтийн “Редет форум” сайт дээрээ тэр нутаг, байршилд ургадаг гэж олж тогтоож, ганцаараа явж өвс олж ирсэн. Би урьд өмнө хар тамхи хэрэглэж байгаагүй. Би одоо найз охинтойгоо хамт амьдарч байгаа, одоо найз охин маань жирэмсэн. Удахгүй төрөх гэж байгаа. Би цаашид сургуульд сурч, ажил хийж, хүүхдийнхээ төлөө ажиллаж, сурч боловсорно гэсэн бодолтой байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч К.Болор-Эрдэнийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газарт үзлэг хийж, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, гэрч Ц.Басхүү, Б.Дөлгөөн нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №4324 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №4323 дугаартай дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч К.Б нь 2019.07.23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 685.4 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны 40 дүгээр байрны 51 тоотод байрлах гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

Шүүгдэгч К.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би интернэтээс Төв аймгийн Борнуур сумын нутагт Каннабис ургамал ургадаг гэдгийг олж мэдсэн юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ээжийнхээ нэр дээр байдаг 87-48 УБИ улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Төв аймгийн Борнуур сумын нутаг руу явж  Каннабис /өвс/ ургамал түүж ирсэн. Би гэртээ ирснийхээ дараа Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж ирсэн Каннабис ургамалаа жижиг өрөөнд пиццаны хайрцаг дээр тавьж хатаагаад өөрөө хэрэглэж байсан юм. 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай найз Ц.Басхүү хувцасаа авах гэж ирсэн юм. Ц.Басхүү наадмын дараахан манайд ирээд Дархан-Уул аймагт байх гэр рүүгээ явахдаа зарим хувцсаа үлдээгээд явсан байсан юм. Ц.Басхүүг ирээд удаагүй байхад манай найз Б.Нямааран надаар хөгжим зохиолгох гэж ирсэн юм. Ц.Басхүү, Б.Нямааран бид гурав хоол хийж идчихээд Б.Нямааран шүлгээ надад үзүүлэхээр нь би шүлгэнд нь ая зохиож өгч, шөнөжин Нямаарангийн хоолойны бичлэгийг хийж байгаад унтсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өглөө босоод жижиг өрөөндөө Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж ирсэн өвснөөсөө 0.5 литрийн цэвэр усны сав ашиглан бонго хийж татаж байхад Б.Нямааран, Ц.Басхүү хоёр жижиг өрөөнд орж ирээд миний татаж байсан өвсийг харж байснаа өөрсдөө аваад хэрэглэсэн. Өвс татаж дууссаны дараа Б.Нямаарангийн дуун дээр ажиллаад сууж байхад 15 цагийн үед байх...манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь онгойлгосон чинь Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид орж ирээд Б.Нямааран, Ц.Басхүү бид гурвыг баривчилж, манай гэрт байсан өвсийг хурааж авсан. Каннабис ургамлыг цахим сайтуудаас зургийг нь харж байсан юм. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүсэн бөгөөд Дархан явах төв засмал зам дагуу байсан тариалангийн талбайн хажуугаас нэг хар уутаар дүүрэн өвс түүсэн. Тариалангийн талбайн хажуугаар ургасан ургамлууд дунд Каннабис ургамал байхыг хараад гар утсаараа интернэт орж Каннабис ургамлын зурагтай харьцуулж байгаад түүсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 33-35 тал/,

Гэрч Б.Нямээрэнгийн: “...Манай найз дууны ая хийж дуулдаг болохоор би аян дээр нь дуу бичүүлэх гэж очсон. Тэгтэл К.Б Борнуураас түүж ирсэн гээд өвс гэх зүйлийг гаргаж ирсэн. Бид нарын хөгжим хийдэг жижиг өрөөнд ил гаүар шалан дээр хар өнгийн даавуун уутан дотор өвс гэх зүйл байсан. Тэгээд К.Б хэрэглэж үзье гээд Болор-Эрдэнийн гэрээс эд мөрийн баримтаар авсан бонго гэх цэвэр усны саванд хийж хэрэглэсэн. К.Б эхэлж сороод надад өгөөд бид 3 хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 тал/,

Гэрч Ц.Басхүүгийн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өглөө Сэлбэ хотхонд байдаг К.Б-ийнд өөрийн үлдээсэн байсан хувцсаа авах зорилгоор очсон. Тэр үед намайг очиход Болор-Эрдэнийн гэрт жижиг өрөөнд нь пиццаны хайрцганд байсан. К.Б бид хоёр өдөр хоол унд хийж идээд гэрт нь хамт очсон. Харин орой Нямкаа ирсэн. Тэгээд тэр үед миний тоос шорооны харшил хөдөлсөн байсан учраас харшлаа дарах гээд уг өвснөөс нь бонгонд хийж хэрэглэсэн. Тэр үед Нямкаа бас хамт байсан ба К.Б бид гурав гурвуулаа уг өвснөөс хэрэглэсэн, өнөөдөр өглөө бид гурав уг өвснөөсөө дахиж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74/,

Гэрч Б.Дөлгөөний: “...Би сая наадмаар гэрийнхэнтэйгээ Өмнөговь аймгаар явж байгаад наадмын дараа ирсэн юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр К.Б эмээ хөдөө хөдөө явчихсан байгаа хүрээд ирээч гэхээр нь би очсон юм. Намайг К.Б-н гэрт нь ирэхэд гэрээс нь нэг сонин хурц үнэр үнэртээд байхаар нь К.Б-с юу үнэртээд байгаа юм бэ гэж асуухад нэг юм шатаачихсан юм аа, гэхээр юу шатаасан юм бэ гэж асуухад юу ч бишээ гэж хэлсэн. Би бие давхар болохоор ядраад эрт унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрсэн чинь К.Болор-Эрдэнийн найзууд гэх хоёр залуу ирчихсэн байсан. Би босоод гал тогооны өрөөнд хоол хийгээд зогсож байхад гаднаас цагдаагийн байгууллагын ажилчид орж ирээд манай найз залуу болон найзуудыг нь баривчилсан. Би ер нь анзаарч байгаагүй юм байна. Миний дэргэд ямар ч байсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 87-89 тал/,      

Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №4324 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн UR12 гэсэн бичиглэлтэй цаасан хайрган дахь ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн асаагуур, 00 цаасны тасархай, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирлогдсон тугалган цаас, тугалган цаас SAFETY MATCHES AVION гэсэн бичиглэлтэй шүдэнз, тунгалаг өнгийн хуванцар саван дахь ногоон өнгийн ургамал мэт зүйл /хуванцар саванд/, Хоггүй Улаанбаатар гэсэн бичиглэлтэй халаасны хогийн сав /ургамлын үртэс мэт зүйлтэй/, хуйлсан AV86266773, АТ35711995 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирлогдсон тугалган цаас, бичгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, тугалган цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цоорхой 0.5 литрийн хуванцар сав, түлж цоолсон нүхэнд нь байгаа АО2177404 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, хар өнгийн даавуун ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, Mix Pizza гэсэн хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 95-103 тал/,

Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №4323 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. “К.Б шээсний дээж 2019.7.30” гэж хаягласан Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 109-110 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 6-18 тал/,

Хэргийн газарт үзлэг хийж, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20-35 тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 36-37 тал/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч К.Б-н хувьд хар тамхийг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, хэрэглэж байсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч Ш.Чингис, Ц.Гансүх нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.    

Иймд шүүгдэгч К.Б-г хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч К.Б-д улсын яллагчийн зүгээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь К.Б-н хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч К.Б-н үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж буй байдал, ар гэртээ настай эмээ болон хамтран амьдрагчийн хамт амьдардаг, хамтран амьдрагч нь олон сартай жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан шүүх энэ удаад хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан мансууруулах бодисыг шүүхээс тэнссэн хугацаанд  хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч К.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтуудын хувьд хэргийн газар үзлэг хийх үеийн болон шүүгдэгч К.Б болон түүнтэй хамт байсан  Ц.Басхүү, Б.Нямаарэн нараас мансууруулах, сэтгэцэд нөлөөт  бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах үеийн дүрс бичлэг бүхий 4 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж үлдээх, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхи болон хар тамхийг татаж хэрэглэх зориулалт бүхий хэрэглэгдэхүүнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,  АО2177404 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,  AV86266773, АТ35711995 сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг тус тус Монгол Банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.Б-г хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч К.Б-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч К.Б-д анхааруулсугай.

5. Тэнсэгдсэн ялтан К.Б-д хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын харъяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч К.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдсан U12 гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай, цэнхэр өнгийн асаагуур, 00 цаасны тасархай, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирдсон тугалган цаас, базсан байдалтай тугалган цаас, SAFETY MATCHES AVION ГЭСЭН бичиглэлтэй шүдэнз, чийгтэй ногоон өнгийн нунтаг 24.2 грамм жинтэй, ургамал мэт зүйл, ямар нэг бичиглэлгүй тунгалаг гялгар ууттай, чийгтэй ногоон өнгийн гялгар уутны хамт 113.2 грамм жинтэй ургамал мэт зүйл, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ хэрэглэхэд ашигладаг бонго гэх зүйл, хар өнгийн уутны хамт 246.6 грамм жинтэй, чийгтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, тунгалаг өнгийн хуванцар савтай “Хоггүй Улаанбаатар” гэсэн бичиглэлтэй халаасны хогийн сав, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирлогдсон тугалган цаас, бичгийн цаасанд боосон, чийгтэй, ногоон өнгийн тугалган цаасны хамт 22.3 грамм жинтэй ургамал, Mixx pizza гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай чийгтэй, ногоон өнгийн гялгар торны хамт 99.9 грамм жинтэй ургамал, шар өнгийн гялгар тортой, чийгтэй, ногоон өнгийн, гялгар торны хамт 99.9 грамм жинтэй ургамал зэрэг эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи, түүнийг татах зориулалт бүхий хэрэглэгдэхүүнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг    Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,  АО2177404 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AV86266773, АТ35711995 сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг тус тус Монгол Банкинд шилжүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч К.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР