Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

 

 

 

 

О.Энхбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Энх-Оюун,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Г.Золзаяагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр О.Энхбаатарт холбогдох эрүүгийн 2016 2601 2719 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүст овгийн Отгонсамбуугийн Энхбаатар, 1999 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-20-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП99060776/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ О.Энхбаатар нь “куртик түллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галын шилээвэр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, өөрийн төрсөн дүү О.Энхчимэг, О.Алтанзаяа, О.Энхсайхан, О.Энхбаяр нарыг хүч хэрэглэн зодож, О.Энхчимэг, О.Алтанзаяа нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулан, гарыг нь өргүүлэх, алгадах мэтээр авирлан, О.Энхгэрэлийг хашгирч загнан, айлгаж догшин авирлаж танхайрсан,

Мөн өөрийн дүү О.Энхчимэг, О.Алтанзаяа, О.Энхзаяа, О.Энхбаяр, О.Энхгэрэл нарыг 2015 оноос хойш ямар нэг шалтаг шалтгаангүйгээр байнга зодож, бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад байлгаж тарчлаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: О.Энхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс яллагдагч О.Энхбаатарт холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн талаар

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6)-д иргэн Д.Ганцэцэгээс мэдээлсэн гэж бүртгэсэн байх боловч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөлд “ээж Ганцэцэг, эгч Гантөр” гэж хүн тус бүрийн нэрээр өргөдлийг гаргасан. Түүнчлэн яллагдагчийн эх Ганцэцэгийн гаргасан гэх өргөдлийн гарын үсэг, түүнээс тайлбар авсан тухай тэмдэглэлд зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу гомдол мэдээлэл хэн гаргасныг зөв тогтоох шаардлагатай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу насанд хүрээгүй хохирогчоор О.Энхбаяр, О.Энхсайхан, О.Алтанзаяа, О.Энхчимэг нарыг, тэдний хууль ёсны төлөөлөгчөөр гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын албаны мэргэжилтэн гэх Б.Байгалмааг тогтоож, байцаалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сурган хүмүүжүүлэгчээр Ж.Батдэлгэр гэх хүнийг тус тус оролцуулж тэмдэглэл хөтөлсөн байна. 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх Б.Байгалмааг ямар учраас оролцуулах болсон талаар баримтгүй, өөрөөр хэлбэл хуульд зааснаар төрсөн эх, садангийн хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжгүй, зайлшгүй хүүхдийн байгууллагын ажилтныг тогтоох болсон үндэслэл тодорхой бус, сурган хүмүүжүүлэгч гэх Ж.Батдэлгэр нь сурган хүмүүжүүлэгч мөн эсэх асуудлыг тогтоогоогүй, тэдний холбогдох бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг хууль ёсны шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүйд хүргэсэн.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг” гэрч гэж заасан байхад насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр (хавтаст хэргийн 62) тогтоогдсон Д.Ганцэцэгээс 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан (хавтаст хэргийн 35) нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн. Нөгөө талаас гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл өгсөн гэх Д.Ганцэцэгийг насанд хүрээгүй сэжигтэн яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг”, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт “шинжээч”-ээс тус тус байцаалт авч тэмдэглэл хөтөлж болно гэж хуульчилсан байхад насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганцэцэгээс байцаалт авч тэмдэглэл үйлдсэн (хавтаст хэргийн 147) байгааг анхаарах нь зүйтэй.

4. Насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяаг байцаасан (хавтаст хэргийн 29 дэх талд авагдсан) тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгч гэх Б.Байгалмаагаар гарын үсэг зуруулаагүй, мөн хохирогч О.Алтанзаяа нь байцаалтыг үнэн зөв болохыг батлаагүй, байцаалтын тэмдэглэлийн хуудас бүрт гарын үсэг зурна гэсэн хуулийн шаардлагыг мөрдөн байцаагч хангаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 202 дугаар зүйлийн 202.6 дахь хэсэгт тус тус заасан ажиллагааг хийгээгүй.

5. Насанд хүрээгүй хохирогч О.Энхчимэгийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг (хавтаст хэргийн 134) байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт танилцуулалгүй түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

6. Насанд хүрээгүй яллагдагч О.Энхбаатарт холбогдох хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 16126, 16330, 16329, 16331, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 61, 193, 190, 194, 192 дүгнэлтүүд тус тус гарсан байх бөгөөд яллагдагч О.Энхбаатарт шинжээчийн 190, 193, 192, 194 дугаар дүгнэлтүүдийг танилцуулж бусад дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлд заасны дагуу танилцуулаагүй байгаа нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.12 дахь заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн.

7. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчид сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмж сонсгох тогтоол (хавтаст хэргийн 114) үйлдсэн боловч байцаалтыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр авсан, өөрөөр хэлбэл ял өөрчлөн сонсгохоос өмнө байцаалт авсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан ял өөрчлөн сонсгон нэн даруй байцаалт авах хуулийн заалтыг баримтлаагүй ноцтой зөрчил гаргасан.

Түүнчлэн мөрдөн байцаагчийн дээрх тогтоолоор ял өөрчлөн сонсгон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдах ёстой байхад мөрдөн байцаалтын бүх ажиллагааг хийж дууссан гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт мэдэгдэж танилцуулан тэмдэглэл үйлдсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

8. О.Энхбаатарын сэжигтнээр тооцох тогтоол, тэмдэглэлд (хавтаст хэргийн 77-80 дахь талд) сурган хүмүүжүүлэгчээр О.Бямбацэрэнг, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлд (хавтаст хэргийн 81) сурган хүмүүжүүлэгчээр Б.Буянтогтохыг, яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлд (хавтаст хэргийн 88, 145) сурган хүмүүжүүлэгчээр насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаа, сурган хүмүүжүүлэгч Ж.Батдэлгэр гэх хүмүүсийг тус тус оролцуулсан байх бөгөөд хэрхэн, ямар үндэслэлээр сурган хүмүүжүүлэгчийг өөрчлөх болсон үндэслэл шалтгаан нөхцлийн талаар хэрэгт авагдсан баримтгүй.

Мөн О.Энхбаатарын 2017 оны 2 дугаар сарын 17, мөн оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгт харилцан эсрэг сонирхолтой байж болохуйц этгээдийг сурган хүмүүжүүлэгчээр оролцуулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хууль ёсны төлөөлөгч, ...сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгана” гэж, мөн зүйлийн 145.3 дахь хэсэгт “байцаалтад оролцож байгаа хүмүүс насанд хүрээгүй гэрчид асуулт тавьж болно...” гэж тус тус хуульчилсан байхад дээрх хүмүүсийг яллагдагчийн байцаалтад сурган хүмүүжүүлэгчээр оролцуулсан нь ойлгомжгүй.

Иймд насанд хүрээгүй сэжигтэн яллагдагчийн байцаалтад суусан оролцогч мөн хуулийн 371 дүгээр зүйлийн 371.2 дахь хэсэгт “насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад байлцсан сурган хүмүүжүүлэгч нь...сэжигтэн, яллагдагчид асуулт тавих эрхтэй” гэж хуульчилсантай мөн адил ноцтой зөрчилдсөн. 

9. О.Энхбаатарыг яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр татсан тогтоолд (хавтаст хэргийн 83) “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, өөрийн төрсөн дүү О.Энхчимэг, О.Энхсайхан, О.Алтанзаяа нарыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед галын шилээгүүр төмрөөр зодож О.Энхчимэг, О.Алтанзаяа нарын биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгон яллагдагчаар татсугай” гэж, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмж сонсгох 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолд (хавтаст хэргийн 144) “... өөрийн гэртээ “куртик түллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан төрсөн дүү О.Энхчимэг, О.Алтанзаяа, О.Энхсайхан, О.Энхбаяр, О.Энхгэрэл нарыг айлган догшин авирлан танхайрсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, мөн 2015 оноос хойш насанд хүрээгүй О.Энхчимэг, О.Алтанзаяа, О.Энхсайхан, О.Энхбаяр, О.Энхгэрэл нарыг байнга гарыг нь өргүүлж зогсоох төмөр болон гараараа зодох мэтээр харгис хэрцгий хандсан, хашгирч загнаж догшин авирлан танхайрсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах үндэслэл тогтоогдож байх тул Бүст овогт Отгонсамбуугийн Энхбаатарт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ялыг хэвээр үлдээж, шинээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ял нэмж сонсгосон болно...” гэж,

ял өөрчлөн сонсгох тухай Прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолд “насанд хүрээгүй яллагдагч О.Энхбаатар нь өөрийн гэртээ “куртик түллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галын шилээгүүр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, өөрийн төрсөн дүү О.Энхчимэг, О.Алтанзаяа, О.Энхсайхан, О.Энхбаяр нарыг хүч хэрэглэн зодож, О.Энхчимэгийн бие махбодид “баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, О.Алтанзаяагийн бие махбодид “зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан, гарыг нь өргүүлэх, алгадах мэтээр авирлан, О.Энхгэрэлийг хашхирч загнан, айлгаж догшин авирлаж танхайрсан,

Мөн өөрийн төрсөн дүү О.Энхчимэг, О.Алтанзаяа, О.Энхсайхан, О.Энхбаяр, О.Энхгэрэл нарыг 2015 оноос хойш ямар нэг шалтаг шалтгаангүйгээр байнга зодож, бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад байлгаж тарчлаасан гэж” тус тус дурджээ.

Дээрх 2017 оны 58 дугаар “ял өөрчлөн сонсгосон” тогтоолыг үндэслэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр татсан тогтоол болон сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмж сонсгох 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчилтэй байхад прокурорын 2017 оны 58 дугаар тогтоолоор ял өөрчлөн сонсгосон нь алдаатай болсон. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар хэрэг нь жинхэнэ бодит байдал урьд сонсгосон ялаас өөрчлөгдсөн байхад яллагдагчаас нэн даруй байцаалт аваагүй. Нөгөө талаас сэжигтэн, яллагдагчийн өгсөн мэдүүлэг бусад баримтаар нотлогдон тогтоогдоно гэж хуульчилсантай зөрчилдсөн буюу прокуророос ял сонсгосон тогтоолыг хүчингүй болгож байгаа нь байцаалт тэмдэглэл мөн адил хүчингүй болно.

Бусад асуудлаар:

1. Ял өөрчлөн сонсгох тухай 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын 58 дугаар тогтоолын 2 дахь заалтад  “шинээр ял өөрчлөн сонсгосон талаар насанд хүрээгүй яллагдагч О.Энхбаатар болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ганцэцэг, өмгөөлөгч Л.Батаа нарт мэдэгдсүгэй” гэсэн байх боловч хэрхэн яаж мэдэгдсэн талаар баримтгүй.

2. Насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгч нарын төрсний гэрчилгээний хуулбарыг хэрэгт хийсэн байх боловч хуулбарыг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас баталгаажуулаагүй байх тул тэдний төрсний бүртгэлийн лавлагааг холбогдох эрх бүхий байгууллагаас дахин гаргуулан авч хэрэгт хавсаргах.

3. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу “Бямба” гарагт насанд хүрээгүй О.Энхгэрэлийг хохирогчоор тооцож, тэмдэглэл үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяа, О.Энхсайхан, О.Энхбаяр нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан, насанд хүрээгүй сэжигтэн яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганцэцэгийг байцааж тэмдэглэл үйлдсэн, өөрөөр хэлбэл ямар хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж дээрх байцаан шийтгэх ажиллагааг ажлын бус, амралтын өдөр явуулсан нь тодорхойгүй буюу дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзнэ.

4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх боловч хэргийн газрын үзлэг хийн бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийг хавтаст хэргийн 153-158 дугаар талд хавсаргасан.

5. О.Энхбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан байх боловч түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тогтоолыг хавтаст хэргийн 82 дахь талд хавсаргасан. Яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл хавтаст хэргийн 83-87 дахь талд авагдаж, түүнд Б.Буянтогтох гэх сурган хүмүүжүүлэгчийг оролцуулсан байх боловч сурган хүмүүжүүлэгчийн баримтыг хавтаст хэргийн 112 дахь талд хавсаргасан.

6. Насанд хүрээгүй О.Алтанзаяа, О.Энхбаяр, О.Энхсайхан, О.Энхчимэг нарыг хохирогчоор тогтоосон баримтыг хавтаст хэргийн 22, 25, 28, 32 талд тус тус авсан байх боловч тэдний нас тоолсон баримтыг хавтаст хэргийн 125, 129, 133, 136 дахь талд хавсаргасан байна. Түүнчлэн дээрх хохирогч нарын сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх тогтоол хавтаст хэргийн 52-55 дахь талд үйлдсэн байх боловч тэдний Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, танилцуулсан тухай тэмдэглэлийг хавтаст хэргийн 126-128, 130-132, 134-135, 137-139 дахь талд хавсаргасан зөрчлүүд байгааг зөвтгөх шаардлагатай гэж үзнэ.

Иймд шалгаж тогтоовол зохих дээрх асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хуульд заасны дагуу зөв явуулах нь хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Золзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд: Шүүгчийн захирамжид:

            1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд иргэн Д.Ганцэцэгээс мэдээлсэн гэж бүртгэсэн байх боловч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөлд “ээж Ганцэцэг, эгч Гантөр” гэж хүн тус бүрийн нэрээр өргөдлийг гаргасан. Түүнчлэн яллагдагчийн эх Ганцэцэгийн гаргасан гэх өргөдлийг гарын үсэг, түүнээс тайлбар авсан тухай тэмдэглэлд зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу гомдол, мэдээлэл гаргагчийг зөв тогтоох шаардлагатай” гэжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд иргэн Д.Ганцэцэгээс мэдээлсэн гэж бүртгэсэн. Мөн гомдол, мэдээлэл гаргагч Д.Ганцэцэг нь цагдаагийн байгууллагад тайлбар өгч, тухайн тэмдэглэлтэй танилцан “үнэн зөв” гэж бичиж, гарын үсэг зурсан байгаа нь гаргасан гомдлоо баталж байгаа хэлбэр бөгөөд түүний өгсөн тайлбарт үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан байна. Иймд дахин гомдол, мэдээлэл хэн гаргасан, өргөдөлд зурсан гарын үсэг хэнийх болохыг тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

1.2. “Насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяаг байцаасан тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгч гэх Б.Байгалмаагаар гарын үсэг зуруулаагүй, мөн хохирогч О.Алтанзаяа нь байцаалтыг үнэн зөв болохыг батлаагүй, байцаалтын тэмдэглэлийн хуудас бүрт гарын үсэг зурна гэсэн хуулийн шаардлагыг мөрдөн байцаагч хангаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 202 дугаар зүйлийн 202.6 дахь хэсэгт тус тус заасан ажиллагааг хийгээгүй” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяаг байцаахдаа хууль ёсны төлөөлөгчөөр гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын албаны мэргэжилтэн Б.Байгалмааг оролцуулан түүнд байцаалт, тэмдэглэлийг танилцуулж хавтаст хэргийн 29, 31 дүгээр талд гарын үсэг зуруулсан.

Мөн насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяа нь хавтаст хэргийн 29-31 дүгээр талд авагдсан “насанд хүрээгүй хохирогчийг байцаасан” тэмдэглэлийн эхэнд буюу 29 дүгээр талд мөн тэмдэглэлийн төгсгөлд буюу 31 дүгээр талд тэмдэглэлтэй танилцаад “үнэн зөв” гэж бичиж, гарын үсгээ тус тус зурсан байгаа нь тухайн байцаалтыг үнэн зөв болохыг баталсан хэлбэр юм.

Шүүгч захирамжийн дээрх заалтыг бичихдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн ба тухайн асуудалд огт хамааралгүй заалт буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 202 дугаар зүйлийн 202.6 дахь хэсэгт тус тус заасныг баримталсан байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт “Мэдүүлгийг нэгдүгээр бие дээр тавьсан асуулт, хариултын дагуу үгчлэн бичнэ” гэж, харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 202 дугаар зүйлийн 202.6 дахь хэсэгт “тэмдэглэлд яллагдагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, түүнчлэн байцаалтад оролцсон бусад хүмүүс гарын үсэг зурах ба хэд хэдэн хуудастай бол яллагдагч хуудасны нүүр бүрт гарын үсэг зурна” гэж заасан байх бөгөөд дээрх заалтууд нь тухайн асуудалд огт хамааралгүй заалтууд байна.

2.1 Төрсний гэрчилгээний хуулбар нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх бөгөөд түүнийг заавал эрх бүхий албан тушаалтнаас баталгаажуулах, нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргаснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэсэн хуулийн заалт байхгүй юм. Иймд насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгч нарын төрсний бүртгэлийн лавлагааг дахин гаргуулан авч хэрэгт хавсаргах нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

2.2 “2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу “Бямба” гарагт насанд хүрээгүй хохирогч О.Энхгэрэлийг хохирогчоор тооцож, тэмдэглэл үйлдсэн. Насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяа О.Энхсайхан, О.Энхбаяр нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан,

Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганцэцэгийг байцааж, тэмдэглэл үйлдсэн, өөрөөр хэлбэл ямар хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж дээрх байцаан шийтгэх ажиллагааг ажлын бус амралтын өдөр явуулсан нь тодорхойгүй буюу дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2 cap байна” гэж заасан байдаг ба байцаан шийтгэх ажиллагаа тасралтгүй явагдах хуульд амралтын өдрийг хэргийн хугацаанаас хасаж тооцдоггүй. Мөн хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт “Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг нэг удаа байцаахдаа 2 цаг, өдөрт 4 цагаас хэтрүүлж болохгүй ба 2 цагаас илүү байцаах тохиолдолд завсарлана” гэсэн заалт байдгаас өөрөөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаалтын ажиллагааг амралтын өдрөөр явуулж болохгүй гэсэн заалт байхгүй байна. Иймд дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2.3 “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 7-9 дүгээр талд
авагдсан байх боловч хэргийн газрын үзлэг хийн бэхжүүлж авсан гэрэл зургийн
үзүүлэлтийг хавтаст хэргийн 153-158 дугаар талд хавсаргасан.

2.4 О.Энхбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан байх боловч түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тогтоолыг хавтаст хэргийн 82 дугаар талд хавсаргасан.

2.5 Яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл хавтаст хэргийн 83-87 дугаар талд авагдаж түүнд Б.Буянтогтох гэх сурган хүмүүжүүлэгчийг оролцуулсан байх боловч сурган хүмүүжүүлэгчийн баримтыг хавтаст хэргийн 112 дугаар талд хавсаргасан.

2.6 Насанд хүрээгүй хохирогч О.Алтанзаяа, О.Энхбаяр, О.Энхсайхан, О.Энхчимэг нарыг хохирогчоор тогтоосон баримтыг хавтаст хэргийн 22, 25, 28, 32 дугаар талд тус тус авсан байх боловч тэдний нас тоолсон баримтыг хавтаст хэргийн 125, 129, 133, 136 дугаар талд хавсаргасан байна.

Түүнчлэн дээрх хохирогч нарын сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх тогтоол хавтаст хэргийн 52-55 дугаар талд үйлдсэн байх боловч тэдний Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт. танилцуулсан тухай тэмдэглэлийг хавтаст хэргийн 126-128, 130-132, 134-135, 137-139 дугаар талд хавсаргасан зөрчлүүд байгааг зөвтгөх шаардлагатай” гэжээ.

Гэвч дээрх баримтууд нь хавтаст хэргийн хаана, хэрхэн үдэгдсэн байх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь дээрх бичгийн баримтууд бүгд хэрэгт авагдсан ба дэс дараалал зөрчсөн гэж үзвэл шүүхийн шатанд зөвтгөх, өөрөөр хэлбэл нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Иймд шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулах саналтай байна, О.Энхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

О.Энхбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтууд үндэслэлтэй байна.

 

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “1, 2 дахь заалт”, “бусад асуудлаар” гэсэн хэсгийн “2, 3, 4, 5, 6” дугаарт заасан заалтууд үндэслэлгүй байх тул уг заалтуудыг хэрэгсэхгүй болгож, прокурор Г.Золзаяагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “3-9 дэх заалт”, “бусад асуудлаар” гэсэн хэсгийн 1 дэх заалтад дурдсан үндэслэлүүдээр О.Энхбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “3-9” дэх заалтууд, “бусад асуудлаар” гэсэн хэсгийн “1” дэх заалтыг тус тус хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “1, 2” дахь заалт, “бусад асуудлаар” гэсэн хэсгийн “2-6” дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

            2. Хэрэг Сонгинохайрхан дүүргийн Прокурорт очтол О.Энхбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ