Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0436

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М-ийн шүүхэд гаргасан “Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Н.М-ийг төрийн албанаас халах тухай” тушаал, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20191/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.М-ийг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно” 22.1.3-д “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд төрийн албанаас хална гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, шүүхээс түүний бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0031 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд “...Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20191/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон тул...” нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.М-ийг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.М-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч Н.М-ээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, шүүхээс түүний бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.

Энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ баримтлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарах боловч тухайн этгээдийн гаргасан зөрчлийг үгүйсгэсэн, зөрчил гараагүй болохыг нотолсон нотолгоо биш юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар зохицуулсан ба Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах үндэслэлд зайлшгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн байхыг ойлгохгүй.

Ийнхүү Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул “...Н.М-ийг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг шийтгэл хүчин төгөлдөр болсон тохиолдолд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан төрийн албанаас халах үндэслэл үүссэн” гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Дээрхээс гадна нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20191/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлалыг гаргасан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцож төрийн жинхэнэ албанаас халагдах үндэслэл бүрдсэн болохыг мэдсэн байх тул маргаан бүхий актуудыг хариуцагч сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийлгүйгээр гаргасан гэх нэхэмжлэлд тусгасан тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА