Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2020/0031

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Н.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Н.Мийг төрийн албанаас халах тухай” тушаал, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мь, түүний  өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Би 2003 онд Баяннуур сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилогдон сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдах хүртэл тасралтгүй тогтвор суурьшилтай 17 дахь жилдээ ажиллаж байсан. Төрийн албанд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга “өгсөн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй”  гэх шалтаг тоочиж намайг ажлаас халсан явдалд гомдолтой байна.

Надад гаргасан зөрчил байхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа гүйцэтгэж байсан. Маргаан бүхий тушаалаас үзэхэд намайг чухам ямар үндэслэлээр ажлаас халах болсон шалтгаанаа огт дурдаж бичээгүй байна. Тодруулбал, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам тэдгээрт нийцүүлэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна.”, 1.3.1-т  “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн.”, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлсийг зөрчсөн.”, 1.3.3-т “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй”, 1.3.4-т “төрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журмыг зөрчсөн.” гэж заасан. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа намайг дээрх журмын аль хэсгийг зөрчсөн болохыг тушаалдаа тодорхой бичээгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаал хууль зүйн хувьд үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Миний бие 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нагац ах нас барсан шалтгаанаар цалинтай чөлөө аваад явсан үед 02 дугаар сарын 20-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэдгийг сонссон. Засаг даргын Тамгын газрын дарга өөрөө надад гардуулж өгөөгүй. Мөн өмнө нь гаргасан тушаалыг дахиж өөрчилсөн нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн 07 дугаар тушаалын талаар надад огт танилцуулж, мэдэгдээгүй. Би шүүхээс хавтаст хэрэгтэй танилцахад мэдсэн. Тийм учраас 05 болон 07 дугаар тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Анхандаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн.

2019 онд хувийн маргаанаас болж эрүүгийн хэрэгт холбогдож байсан. Сүүлд энэ үндэслэлээр 07 дугаар тушаалыг гаргасан байна. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн учраас энэ төрийн албанаас халах үндэслэл болохгүй. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлд зааснаар захиргааны акттай холбогдсон шийдвэр гаргах ажиллагаанд урьдчилсан нөхцөлийг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно. Гэтэл хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга нууцаар яаруу сандруу байдлаар миний хуулиар олгогдсон эрхийг зөрчин байж маргаан бүхий шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.”, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2-т “Төрийн албаны тухай хуулийн 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана.” гэж тус тус заасны дагуу ийнхүү маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд шууд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Н.Мендгүлийг төрийн албанаас халах тухай”, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлалаар Н.Мийг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон тул Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл болно гэдгийг үндэслэж, Төрийн албаны зөвлөлөөс Н.Мийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн албан тушаалаас нь халж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлэх талаар албан бичиг ирүүлсэн юм. Үүнийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тушаалаар Н.Мийг төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/453 албан бичгээр Н.Мийг төрийн албанаас халах тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн эрхийн акт гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх талаар албан бичиг ирүүлснийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” гэсэн 07 тоот тушаал гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан. Нэхэмжлэгчийн тус шүүхэд 2020 оны 03 дугаар  сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлээс үзэхэд, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй гэжээ. Захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажил олгогчоос 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 05 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг баримтлаад “Н.Мийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж шийдвэр гаргасан.  Шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, маргаантай явж байхад ажил олгогчоос төрийн албанаас халах тухай 05 дугаар тушаалыг өөрчилсөн байдлаар шинээр акт гаргасан. Хариуцагчаас “Н.Мь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн чиглэл удирдамжийн дагуу тушаал гаргасан, ял шийтгүүлсэн учраас төрийн албанаас халагдах ёстой.” гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд ирүүлсэн  байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалын 1 дүгээр заалтын холбогдох хэсгийг уншиж танилцахад, Н.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байх хугацаа гэдэг ойлголт байхгүй болсон. Мөн нөхцөл байдлыг буруу тогтоосон. Анх үүрэг даалгавар биелүүлээгүй гэж чөлөөлөөд, дараа нь ял шийтгүүлсэн гэж тушаалын үндэслэлийг өөрчилж байгаа. Үйл баримтын хувьд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халсан шалтгаан нь нэг өөр зорилготой. Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн байна. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчоос дахиж тушаал гаргасан. Ажлаас чөлөөлсөн үндэслэл чухам аль нь юм бэ гэдэг нь эргэлзээтэй. Эхлээд өөр үндэслэлээр халаад, дараа нь дахиж өөр үндэслэлээр тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй хууль бус гэж үзэж байна. Мөн  захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийг тодорхойлж оролцуулаад тайлбар гаргах боломжоор хангах ёстой. Энэ боломжийг олгохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Процессын шинжтэй алдаа гарсан. Тийм учраас энэ маргаан бүхий актууд хүчингүй болох ёстой. Захиргааны ерөнхий хуульд энэ талаарх зохицуулалтыг 14-51 дүгээр зүйлд зохицуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар маш тодорхой заасан байгаа. Тухайн үед үүрэг даалгавар биелүүлээгүй гэж ажлаас халсан гэж байгаа. Хэрэв тухайн үед энэ асуудлыг хэлсэн бол миний үйлчлүүлэгч нотлох баримт тайлбараа гаргаж өгөөд явах байсан.  Н.М өөрөө Төрийн албаны зөвлөлд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд нь Төрийн албаны зөвлөлөөс үндсэн гол маргааныг хянахгүйгээр энэ хүн ял шийтгүүлсэн байна, энэ асуудлыг шийдвэрлэ гэснийг үндэслэн шинээр акт гаргаж байгаа нь өөрөө хуульд нийцээгүй, процессын шинжтэй алдаа гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нэхэмжлэгч Н.Мийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримтлан төрийн албанаас халсан байх ба 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” тушаалаар дээрх 05 дугаар тушаалын үндэслэх хэсэгт баримталсан Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь заалтыг 47 дугаар зүйлийн 47.1.2  дэх заалт болгож өөрчилж, тушаалын 1 дэх заалтад “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон тул” гэх нэмэлтийг оруулжээ.

Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгохыг хүссэн  үндэслэлээ “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3  дахь хэсгийг баримталсан. Шүүхэд хандаж маргаж байх хугацаанд 05 дугаар тушаалын үндэслэлийг  өөрчилсөн 07 дугаартай шинэ тушаал гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс ирсэн чиглэлийн дагуу Н.М нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн үндэслэлээр төрийн албанаас халсан гэх агуулгатай тайлбарыг хариуцагч шүүхэд ирүүлсэн. Анх үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас  чөлөөлөөд, дараа нь ял шийтгүүлсэн гэж 5 дугаар тушаалын үндэслэлийг өөрчилснөөр аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь эргэлзээтэй. Мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Н.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн учраас энэ нь төрийн албанаас халах үндэслэл болохгүй.” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагчаас уг шийдвэрүүдийг гаргах болсон үндэслэлийг  “...хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор Н.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл болно.” гэдгийг үндэслэж Төрийн албаны зөвлөлөөс Н.Мийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн албан тушаалаас нь халж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлэх талаар албан бичиг ирүүлсэн.  Үүний дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалаар Н.Мийг төрийн албанаас халах шийдвэр гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/453 дугаар албан бичгээр 2020 оны 05 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариу ирүүлэх гэснийг үндэслэн “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” 07 дугаар тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Мийг “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэл тогтоолоор бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлалын тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд  шийтгэх тогтоолоор Н.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг хэвээр баталж, шүүгдэгчийн хувьд гаргасан Н.Мийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэн Т.Күмисханаас гаргасан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчөөр шүүхээр ял шийтгүүлсэн хүн ажиллаж байгаа талаарх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Н.Мийг гэмт хэрэг үйлдэж  гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үйл баримттай холбогдуулж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол” төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл болохыг дурдаж 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/148 дугаар албан бичгээр Н.Мийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаалаас нь халах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор хариу ирүүлэхийг  Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мадениетэд мэдэгдсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас халсан 05 дугаартай тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан байх ба уг тушаалын үндэслэлийг нэхэмжлэгчээс гаргасан гомдлоор хянаж үзээд Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/453 дугаартай албан бичгээр ...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол” төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл болохыг дахин дурдаж, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бодит нөхцөл байдлыг тодорхой заана .” гэж тус тус зааснаар Н.Мийг  төрийн албанаас халсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай тушаалыг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад дахин мэдэгдсэн байна. Ингэснээр хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай “ 07 дугаартай тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалд дээрх байдлаар нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.

Төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаал нь хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол” төрийн жинхэнэ албан хаагчийг  47.1-д зааснаар тус албан тушаалаас нь халах үндэслэл болох бөгөөд Н.Мь нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон байна. Нэхэмжлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон үндэслэлээр түүнийг  анх төрийн албанаас халсан гэх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан үйл баримтууд хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалаар  нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа  төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан нь буруу боловч тушаалын үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасантай нийцүүлж 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” 07 дугаар тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын  хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.” гэсэн зохицуулалттай нийцсэн байна.

Түүнчлэн уг 07 дугаар тушаалын холбогдох хэсгээр 05 дугаар тушаалын 1 дэх заалтад “Баян-Өлгий аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ДШМ/0022 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон тул” гэх нэмэлт үндэслэл  оруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэсэнтэй нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, ял шийтгүүлээгүй учраас энэ нь төрийн албанаас халах үндэслэл болохгүй гэх маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь  заалтаар тухайн төрийн жинхэнэ албан хаагч ял шийтгүүлсэн байхыг шаардаагүй байх ба “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол” гэж заасан тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэл тогтоолоор Н.Мийг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон, уг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд түүнийг Төрийн албаны 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан төрийн албанаас халах үндэслэл үүссэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийг захиргааны чөлөөтэй байсан хугацаанд ажлаас халсан,  маргаан бүхий захиргааны актыг гаргах үед Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар  мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж маргасан боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд ажиллах эрхийг сэргээх боломжгүй, учир нь түүнийг төрийн албанаас халах  хуульд заасан үндэслэл нэгэнт үүссэн, шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон  Н.М нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон үйл баримт үгүйсгэгдэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Н.Мийг төрийн албанаас халах тухай” тушаал, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мийн шүүхэд гаргасан “Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Н.Мийг төрийн албанаас халах тухай” тушаал, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.РИЗА