Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1089

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч С.Мөнхтулга, шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Б.Н, Н.А, тэдний өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Харгана овогт Д.Ж, Дулдий овогт Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Боржигин овогт Н.А, Лхам овогтой Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02478 0742 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Харгана овогт Д.Ж, Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 110 дугаар гудамжны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** , эрүүгийн хариуцлагаа хүлээж байгаагүй.

2. Дулдий овогт Б.Н, Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 35 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** , эрүүгийн хариуцлагаа хүлээж байгаагүй.

3. Боржигин овогт Н.А, Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 5 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлагаа хүлээж байгаагүй.

4. Лхам овогт Н.Б, Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод гөрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монос хүнс" ХК-д борлуулагч, ам бүл зургаа, эцэг, эх, эмээ, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 25-62 УБМ улсын дугаартай машин механизм ашиглан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03-аас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8в байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Б. Ч эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Pruis-20” загварын автомашины ХХR загварын 4 ширхэг обудыг дугуйн хамтаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 980,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ж, Б.Н нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 11-66 УБД улсын дугаартай “Toyota Crown” загварын автомашин болон данхраад дорцов зэргийг ашиглаж, 2019 оны 5 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Я.Б 23-12 УНҮ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 25-62 УБМ улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-аас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8в байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан хохирогч Б.Чулуунбатын эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Toyota Pruis-20” загварын автомашины ХХR загварын 4 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж, бусдад 980,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ж, Б.Н нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 11-66 УБД улсын дугаартай “Toyota Crown” загварын автомашин болон данхраад дорцов зэргийг ашиглаж, 2019 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-30 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан хохирогч Я.Б-ын 23-12 УНҮ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-н шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө А, Н хоёрын авто засварын газар машинаа засуулах гээд өгсөн юм. Тэгээд хэрэг гарах өдөр авто засварын газар машинаа 19 цаг хүртэл засаж байгаад материалгүй болчихоор нь машинаа түгжээд харьсан юм. Тэгсэн 23 цагийн үед манай гэрт А ирээд материалтай болчихлоо явж чиний машиныг засъя гэхээр нь андаа орой болчихсон байна, маргааш болъё гэсэн чинь түрхүүрээ өгчих гэсэн. Тухайн үед машин дотор ажлын бараа явж байсан болохоор түлхүүрээ өгөөгүй. Тэгээд 30 минутын турш гуйгаад байхаар нь за за хамт явъя гэж хэлсэн. Засварын газар очиход Н, Ж хоёр хамт байж байсан. Тэгээд машинаа янзалж байгаад машины обуд ярьсан. Тэгсэн засварын газар байсан машиныг унаад обуд үзчихээд ирье гээд дөрвүүлээ явсан. 21 дүгээр хорооллын орчимд явж байгаад Ж бууж машины обуд харсан, А, Н бид 3 машинд сууж байсан. Тэгсэн Ж тэр обудыг очиж авъя гэсэн гэж хэлсэн. Тэгээд би буусан...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Н.А-н шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарахын өмнө Б над руу залгаж, ирээд машин янзлаад өгөөч, Н энд завгүй байна гэхээр нь би засвар дээр очсон юм. Намайг очиход материал нь дууссан, Б машинаа түгжээд явчихсан байсан. Дараа нь материалаа олчхоод Б дээр очиж машинаа янзлах уу гэсэн чинь ийм орой юу, маргааш найз нь ажилтай гээд байсан. Тэгэхээр нь түлхүүрээ өгчих бид нар янзалчихъя гэсэн чинь ард бараа байгаа гэхээр нь тэгвэл хамт явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр засвар дээр очсон. Дараа нь хоорондоо юм ярьж байгаад гарахаар болсон. Тэр үед нөгөө 3 юм уучихсан байсан бөгөөд би эрүүл байсан болохоор нь машин барьж явсан. Ерөнхийдөө Б-тай адилхан үйл явдал болсон...” гэсэн мэдүүлэг;

3. Шүүгдэгч  Б.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарах өдөр Б-н машиныг янзалж байгаад машинд нь нэг пиво байхаар нь хувааж уусан юм. Тэгсэн Ж нэг пиво авч өгсөн. Ж бид хоёр обудны хэрэгтэй байсан бөгөөд тэр талаараа ярьж байгаад Б-н машинд обуд хулгайлж хийе ярьсан юм. Тэгээд л засварын газар байсан машиныг унаж 21 дүгээр хороолол руу явсан...” гэсэн мэдүүлэг;

4. Шүүгдэгч Д.Ж-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарах өдөр Н бид хоёр засварын газар хамт байж байсан. Би А-ыг байхад нь ирээгүй, сүүлд нь ирсэн. Тухайн үед А, Б-г авч ирэх гээд явсан байсан. Тэгээд машинаа янзалж байсан чинь Б өмнөх өдөр хүмүүстэй гарсан, ганц пиво байгаа хувааж ууя гэхээр нь хувааж уусан. Дараа нь би дэлгүүрээс нэмж 1 пиво авсан. Тэгсэн Б та нар дугуй яаж хулгайлсан гэлээ хулгайлж чадах юм уу гэхээр нь чадна гэж хэлсэн. Хэрвээ асуудалгүй бүтэх юм бол тус бүр 100,000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь тэр үгэнд нь итгээд  21 дүгээр хороолол руу явсан...” гэсэн мэдүүлэг; 

5. Хохирогч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 06-ны орой 22 цаг 55 минутын үед өөрийн мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн 32-12 УБМ улсын дугаартай машинаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 8в байрны гаднах зогсоол дээр тавиад гэртээ орж амарсан ба өглөө нь манай эхнэр гараад иртэл машины доод тал нь данхраад тавиад 4 ширхэг дугуй, обудын хамтаар аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ..ХХР загварын 17-той обуд, хол ойр хосолсон 10 нүхтэй ба 2017 онд фейсбүүкээр обуд зарна гэсэн зарын дагуу обуд, дугуйг 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний машины обудыг машины тэнхлэгээр нь чулуун дээр унагаагаад зүүн галын хормой хэсгийг эвдсэн байсан ба түүнийг 80,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 31 дүгээр тал);

6. Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн эзэмшлийн “Honda insight” загварын машиныхаа урд талын крыло, урд талын купер зэргийг будуулж янзлуулахаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тойргийн хажууд байрлах ээжийн танил ахын кузов засварт өгсөн ба тухайн үедээ машины засварын мөнгө 200,000 болно гэсэн. Би машинаа засвараас авах үедээ төлбөрөө төлнө гэж тохирч машинаа өгсөн. Түүнээс хойш өдрийн цагаар машин дээрээ очиж байсан ба 2019 оны 5 дугаар сарын 07-ны орой 22 цаг 50 минутын үед манай ээж Н руу кузов засварын эзэн ах утсаар залгаад танай хүүхдийн машиныг цагдаа нар хураагаад аваад явчихсан байгаа, маргааш өглөө хамт цагдаа оръё гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ээжийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр иртэл миний машиныг засварын ажилчид унаж хулгай хийсэн талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 53-54 дүгээр тал);

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 3-4дүгээр тал), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1хх-ийн 6-7 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1хх-ийн 10 дугаар хуудас);

8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 12-17 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 18-25 дугаар тал);

9. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 461 дугаартай “...хохирлын дүн 980.000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ (1хх-ийн 76-78 дугаар хуудас), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 591 дугаартай “...25-62 УБМ улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашины үнэлгээ 7,000,000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ (1хх-ийн 85-87 дугаар тал);

10. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б “би одоо машинаа засуулчхаад гоё 4 ширхэг обуд тавьчихвал гоё болох байх” гэж ярьсан чинь Ж одоо гараад гоё обуд хулгай хийх үү гэж Б-аас асуусан чинь Б зөвшөөрөөд А-ыг машин бариад явчих гээд гуйсан. Тэгсэн чинь А хэний машинаар яаж явах гээд байгаа юм машин байхгүй шүү дээ гэсэн чинь Б миний машинаар явж болохгүй, миний машин содон. Энэ газрын гадаа байгаа. “Honda insight” загварын машинаар явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь А  яаж явж болох юм бэ, купер крылог салгасан байгаа гэсэн чинь Б крылог нь тогтоогоод явъя гэсэн. Тэгээд би тэр машины крылог боож янзлаад, А машиныг бариад Ж, Б нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын Хүүхдийн түргэн тусламжийн хажуугийн 8в байрны авто зогсоол дээр очоод 32-12 УБМ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 загварын машин байхаар нь манай найз Б энэ машины дугуй гоё дугуй байна, авъя гэж хэлсэн. Тэгээд А тэр машины ойролцоо барьж явсан машинаа зогсоосон чинь Б машины арын тээшнээс дорцов аваад араас нь Ж буугаад хамт 32-12 УБМ машины 4 дугуйны боолтыг тайлаад буцаж машиндаа суусан. Тэгээд хүн харж байгаад М данхраад авч буулгаад тэр машины жолоочийн эсрэг талыг данхраадаар өргөж доор нь чулуу ивээд хоёр дугуйг нь машины арын тээшинд хийсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр машины жолоочийн эсрэг талыг данхраадаар өргөж доор нь чулуу ивээд хоёр дугуйг нь машинаас нь салгаж аваад машины хойд суудал дээр тавиад бид нар хөдлөөд шууд Б-н гэрт Тахилтад очоод хулгай хийсэн дугуйгаа Б-н хашаанд нь буулгасан. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 99-100 дугаар тал);

11. Шүүгдэгч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...А, Н, Б бид нар Н-ийн кузов засварт байсан “Honda insight” загварын цэнхэр өнгийн машиныг А унаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах байрны авто зогсоолд байсан Приус-20 машины дугуйг хулгайлахаар болоод Б Приус-20 машины 4 дугуйны боолтуудыг тайлаад дараа нь намайг хүн хараад зогсож бай гэж хэлэхээр нь би хүн хараад зогсож байсан чинь Б, Н хоёр машинаасаа шаргал өнгийн дорцов буулгаж ирснээ машиныг данхраадаж 4 дугуйг нь тайлж аваад А-ын унаж байсан машины арын тээшинд хийсэн. Би одоо хулгай хийсэндээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 107-108 дугаар тал);

12. Шүүгдэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ж 21 дүгээр хороолол ороод ирье гэж хэлэхээр нь би А, Б, Ж нарыг дагаад цэнхэр өнгийн машинд орж суугаад 21 дүгээр хороололд явж байгаад тэдний хоорондоо ярьж байгаа ярианаас нь дугуй, обуд хулгай хийх гэж байгааг нь мэдээд, А машины дугуй хулгай хийгээд дэмий юм биш үү гэж хэлсэн чинь А зүгээр ээ, би мэдэж байна аа гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн эмнэлгийн зүүн талд авто зогсоол дээр байсан Приус-20 машины 4 дугуйг А, Н, Ж бид нар тайлж аваад манай гэрийн гараашинд хийгээд явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 115-116 дугаар тал);

13. Шүүгдэгч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ж дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй пиво авчраад тэр 3 хувааж уугаад байж байсан чинь Б машиндаа гоё дугуй олоод тавьчихвал болох гээд байна гэсэн чинь Ж одоо шууд крылог нь боочих гэж хэлээд Н-оор крылог нь боолгуулаад дууссаны дараа намайг эрүүл байна чи энэ машиныг бариад өг гэж хэлээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд машиныг бариад 2019 оны 6 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн үед 21 дүгээр хорооллын 8в байрны гадаа автомашины зогсоолд 32-12 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн машины обуд 4 дугуйг тайлж явсан юм. Тэгээд хулгай хийсэн 4 дугуйгаа 05 цагийн үед хашаанд буулгаж

үлдээгээд Н-ийн засварын газарт ирээд машинд унтсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 123-124 дүгээр хуудас);

14. Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 02-ны үүрээр би Өмнөговь аймагт явж байтал эхнэр Д  88013500 дугаараас 05 цаг 30 минутад 23-12 УНҮ улсын дугаартай машиныхаа 4 ширхэг обуд, дугуйг хулгайд алдчихлаа гэж хэлэхээр нь би тухайн асуудлаа цагдаад мэдэгдчих гэж хэлсэн. Цагдаа нар хэргийн газар ирж үзлэг хийсэн ба манай эхнэр тухайн үед гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд би орой нь 18 цагийн үед гэртээ ирэхэд машины 4 ширхэг обуд, дугуйг аваад оронд нь блок ивсэн байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 42- 43 дугаар хуудас);

15. Иргэний нэхэмжлэгч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 45-04 ОРО улсын дугаартай машиндаа эд анги нэмээд хийчих санаатай Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто кузов засвар ажиллуулдаг Н, Ж нар надад гайгүй 5 салаа обуд дугуй зарна гэхээр нь би тэр зарах гэж байсан 5 салаа обуд дугуйг нь өөрийнхөө машинд байсан “Tourer Chaser” машиныхаа обуд дугуй дээр 210,000 төгрөгийг Ж өгөөд худалдан авсан юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт цагдаа нар ирээд хулгайн дугуй худалдан авсан гээд надаас мэдүүлэг авсан. Ж, Н нараас 210,000 төгрөгөө буцааж аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 45 дугаар хуудас);

16. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 19-20 дугаар хуудас), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2хх-ийн 21, 23 дугаар хуудас), мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 27-30 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (2хх-ийн 34 дүгээр хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 35-36 дугаар хуудас);

17. Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаартай “...11-66 УБД Тоёота кроун маркийн автомашины үнэ 2,500,000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэрэг 2-ын 66-68 дугаар тал), тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 456 дугаартай “...хохирлын дүн 800,000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 73-75 дугаар хуудас);

18. Шүүгдэгч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н-ийн ажил дээр нь очиж уулзаж байгаад би машины дугуй хулгай хийх үү гэж асуусан чинь Н зөвшөөрөөд миний барьж байсан 11-66 УБД улсын дугаартай машинаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байсан 23-12 УНҮ улсын дугаартай хөх өнгийн Тоёота кроун маркийн автомашины 4 ширхэг обуд, дугуйн хамт тайлж аваад миний унаж явсан 11-66 УБД улсын дугаартай машиндаа 3 хоног тавьж байгаад танил ах Ж нэг машин авсан талаараа хэлэхээр нь та гайгүй 5 салаа обуд дугуй авах уу гэж асуухад Ж ах үзсэн. Би Ж ахад 4 обуд дугуйг 800,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь 800,000 төгрөг байхгүй чи машинд байгаа 4 дугуйн дээр зөрүү 200,000 төгрөг аваад ахдаа энэ 4 дугуйгаа өгчих гэхээр нь би зөвшөөрөөд Ж ахтай наймаа хийсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 90-91 дүгээр хуудас);

19. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ж гайгүй обуд дугуйтай нь олоод өөрийнхөө 11-63 УБД машинд тавьчих юм сан гэж хэлээд надад хоёулаа явж гайгүй обудтай дугуй хулгай хийх үү гэхээр нь би зөвшөөрөөд найз Ж-ийн 11-66 УБД улсын дугаартай машинтай шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байсан 23-12 УНҮ улсын дугаартай хөх өнгийн Тоёота кроун маркийн автомашины 4 ширхэг обуд, дугуйн хамт тайлж аваад манай засварын газарт ирээд Ж-ийн 11-66 УБД улсын дугаартай автомашинд нь тавьсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 98-99 дүгээр хуудас);

20. Шүүгдэгч Д.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 150 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 127 дугаар хуудас), Шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 154 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 130 дугаар хуудас), Шүүгдэгч Н.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 153 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 129 дүгээр хуудас), Шүүгдэгч Н.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 152 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 128 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Гантулга гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал дээр маргаан байхгүй. Харин прокурорын учрах саадыг арилгах зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг дээр хууль хэрэглээний талаар миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан камерын бичлэг болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлддэг нь тухайн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах  хялбарчлах дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглахыг ойлгодог. Энэ талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрлэсэн байдаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч Б-н үйлдэл нь хийх гэж байгаа үйлдлээ хөнгөвчилж замаар тухайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглээгүй байна. Харин хүний нүднээс далд хулгайн гэмт хэргээ төгсгөхийн тулд шүүгдэгч Ж нь хүн хараад зогсож байсан. Шүүхийн практикаас харахад машин механизм ашиглана гэдэг нь тухайн машины механизмыг хааж тавих ч юм уу, өөр хөндлөнгийн этгээд харах боломжгүй болгох ийм идэвхтэй үйлдлээр илэрдэг. Шүүгдэгч нар нь мэдүүлэг өгөхдөө гэмт хэргээ үйлдэхдээ машиныхаа дэргэд очиж дугуйгаа авч машиныхаа тээшинд хийсэн талаар мэдүүлэг хэлсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс үүнийг юу гэж үзэж байна вэ гэхээр хулгайлах гэмт хэргээ хөнгөвчлөх зорилгоор үйлдээгүй харин зөөвөрлөх үйлдлийг хулгайлсан эд зүйлээ автомашинаар ойртуулах байдлаар хялбарчилсан. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь шүүгдэгч нарыг машинаа авч тавихаас өмнө дууссан. Хулгайлах үйлдэл нь машин кузов, дискээс машины обуд дугуйн боолтыг тайлж авснаар хулгайлах гэмт хэрэг нь өөрөө төгсөнө гэж үздэг. Иймд тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчимтай нийцэх байх гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг сэм буюу нууц далд аргаар, шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлж чадсанаар төгсдөг онцлогтой.

Эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг зүйлчлэлийн онол, хууль хэрэглээний түүхэн уламжлал, гэмт халдлагад өртөж буй эрхийн онцлогоос нь хамааран хулгайлах гэмт хэрэг халдлагын зүйл буюу хулгайн эд зүйлсийг гэмт этгээд өөрийн дураар эзэмших, ашиглах, захиран зарцуулах бодит боломж бий болгосноор төгсдөг онцлогтой бөгөөд энэхүү бодит боломж хэдийд бий болох нь хэрэг тус бүрийн нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байдаг.

Гэтэл өмгөөлөгч Х.Гантулга тухайн хулгайлах гэмт хэрэг нь автомашины дугуйг тайлах үйлдэл хийгдэж дууссанаар төгсөх мэтээр тайлбарлан мэтгэлцэж буй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэг нь гэмт хэргийн хор аюулын хэр хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдон одох зэрэг зорилгыг өөртөө багтаах өргөн ойлголт юм. Учир нь, учрах саад гэдэг нь нэг талаас олон тооны, эсхүл овор хэмжээ том эд зүйлсийг авч явах буюу хор аюулын хэр хэмжээг ихэсгэхэд хүч дутаж болохуйц учрах саад, нөгөө талаас гэмт үйлдлээ түргэсгэх, эд зүйлсээ зөөвөрлөх, хэргийн газраас богино хугацаанд холдон одох буюу удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх учрах саадыг агуулдаг бөгөөд эдгээрийг бүхэлд нь учрах саадыг арилгах зорилгоор гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б-н холбогдсон хулгайлах гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар хулгайлсан обуд, дугуйгаа тээврийн хэрэгсэл ашиглан хэргийн газраас авч явсан нь гэмт хэргийн цаг хугацааг богиносгох, халдлагын зүйлсийг амар хялбар аргаар хурдан авч явахад эергээр нөлөөлсөн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж дүгнэв.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох автомашины дөрвөн ширхэг обудыг дугуйн хамт 980,000 төгрөгөөр, мөн дөрвөн ширхэг дугуйг 800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,780,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 25-62 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан, мөн гэмт хэргийг үйлдэхдээ данхраад, дорцов ашигласан байх тул учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг...машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг....машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Гэмт хэргийг зүйлчлэх ойлголт нь тодорхой гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй нийцэн тохирч байгаа эсэхийг тогтоох логик үйл ажиллагаа юм. Тодруулбал, гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг шалгах, үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гипотез хэм хэмжээг хэрэглэдэг бөгөөд гэмт хэргийг зүйлчлэхдээ хэрэглэсэн ерөнхий ангийн хэм хэмжээ бүрийг журамладаггүй, зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх хэм хэмжээг удирдлага болгодог эрүүгийн эрх зүйн онолын болон шүүхийн практикт тогтсон ойлголт бий.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан болон гэмт хэрэгт хамтран оролцсон зэрэг нөхцөл байдалд хууль тогтоогч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ялгамжтай байдлаар хуульчилсан байдаг тул дээрх нөхцөл байдалд хамаарах зүйл, хэсэг, заалтыг журамлаж зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн хэд хэдэн удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт гэмт хэрэгт тооцох нөхцөлийг хуульчилсан тул шүүх энэ зүйл, хэсгийг гэмт хэргийн зүйлчлэлд журамлан хэрэглэх шаардлагагүй гэж үзэн зөвтгөсөн бөгөөд ийнхүү зөвтгөсөн нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, хэргийн зүйлчлэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдлаар нөлөөлөхгүйг дурдах нь зүйн хэрэг.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан тул шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 02 жил 6 сар, шүүгдэгч Д.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар, шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа болно. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-62 УБМ улсын дугаартай автомашины үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч бүрээс 1.750.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хохирогч Б-ын эд зүйлийг хулгайлахдаа ашигласан 11-66 УБД улсын дугаартай автомашиныг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ж, Б.Н нараас тус бүр 1.250.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Харин 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтас хэрэгт хавсаргуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч Н.А, Б.Н нарын өмгөөлөгч Л.Батаа: “...Н.А нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй тул хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд нь харгалзан үзэж, прокурорын зүгээс оногдуулсан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хоёрны нэгээр багасгаж оногдуулж өгнө үү. Харин шүүгдэгч Н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй тул хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Иймд түүнд тухайн зүйл ангийн хамгийн доод хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хоёрны нэгээр багасгаж оногдуулж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдсэн үүрэг оролцоогоор нь шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ялыг нь ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Гантулга: “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй байна. Иймд хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Д.Ж-ийн өмгөөлөгч А.Очбадрал: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Энэ гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд тусалсан шүүгдэгч бол Д.Ж байгаа юм. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд гэвэл шүүгдэгч Д.Ж нь ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. Мөн эрүүл мэндийн хувьд бөөрний дутагдалд орсон бөгөөд 7 хоногт 3-4 удаа эмнэлэгт үзүүлж байгаа эмчийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа осолд орсон. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь хорих ялын доод хэмжээг хоёр, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулах боломжтой байна. Харин шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй юм.

Шүүгдэгч Д.Ж-ийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн аваагүй бөгөөд учир нь уг зүйл, хэсэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн бөгөөд 18 насанд хүрээгүй байсан хүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18 нас хүрсэн бөгөөд 21 насанд хүрээгүй байгаа тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.Н нарт нэг жил найман сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.А-д нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмын үнийг шүүгдэгч Д.Ж, Б.Н нараас тус бүр 3,000,000 төгрөг, шүүгдэгч Н.А, Н.Б нараас тус бүр 1,750,000 төгрөгөөр тооцон гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, нэг ширхэг данхраад, нэг ширхэг дорцовыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Харгана овогт Д.Ж, Дулдий овогт Б.Н, Боржигин овогт Н.А, Лхам овогт Н. Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.Н нарт нэг жил найман сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.А-д нэг жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д хоёр жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.Н нараас тус бүр 3,000,000 (гурван сая) төгрөг, шүүгдэгч Н.А, Н.Б нараас тус бүр 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар нэг ширхэг данхраад, нэг ширхэг дорцовыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                                                 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА