Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1238

 

   Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б-

                                                       нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай    

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Д.Ж-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1089 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 1908024780742 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Харгана овгийн Д.Ж-, 2000 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          2. Дулдий овгийн Б.Н-, 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          3. Боржигин овгийн Н.А-, 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          4. Лхам овгийн Н.Б-, 1999 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 25-62 УБМ улсын дугаартай, “Honda Insight” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 5 дугаар сарын 7-ны шөнө 03-05 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8/В байрны гаднах авто зогсоолд байрлуулсан иргэн Б.Чулуунбатын эзэмшлийн 32-12 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн ХХR загварын 4 ширхэг обудыг дугуйн хамтаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          Д.Ж-, Б.Н- нар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 11-66 УБД улсын дугаартай, “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэл болон өргөгч, дорцов зэргийг ашиглаж 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Я.Билэгжаргалын эзэмшлийн 23-12 УНҮ улсын дугаартай, “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ж-, Б.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Н.А-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.Ж-, Б.Н- нарыг 1 жил 8 сарын хорих ялаар, Н.А-ыг 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.Б-г 2 жилийн хорих ялаар тус бүр шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ж-, Б.Н- нараас тус бүр 3.000.000 төгрөг, Н.А-, Н.Б- нараас тус бүр 1.750.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг өргөгч, 1 ширхэг дорцовыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...хөнгөн хийсвэр зангаасаа болж бусдад уруу татагдан анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдаг. Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Прокуророос Н.Б-д холбогдох хэргийг хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилснийг анхан шатны шүүхээс “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж” гэж хүндрүүлэн зүйлчлэхдээ үндсэн гэмт хэргийг хэдийг төгссөн буюу бусдын эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж хэдийд бүрдсэн эсэхийг анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар дээрх автомашины 4 ширхэг обуд, дугуйг тайлж, автомашины кузовоос салган авч, өөрсдийн үзэмжээр захиран зарцуулах боломжтой болсон байх буюу хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Н.Б-гийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог. Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үздэг билээ. Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй. Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно. Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байдаг. Харин ч Д.Ж- нь хүн харж, бусад нь хулгайлах гэмт хэргийг гүйцэд төгсгөсөн. Мөн хэрэгт авагдсан камерын бичлэг бүхий СиДи-г уншуулж, шинжлэн судлах явцад мөрдөгчийн “камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”-д дурдагдсан гэрэл зураг, үйл баримтуудыг бичсэн бичлэг хэрэгт авагдаагүй байсан болохыг дурдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Н.Б-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгмээс тусгаарлалгүйгээр хүмүүжих боломж олгож өгөхийг хүсье. ...” гэв.   

Шүүгдэгч Д.Ж-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Ж- тухайн гэмт хэргийг 18 настай байхдаа үйлдсэн байдаг. Тэрээр бөөрний архаг дутагдалтай. Бөөрөө солиулсан боловч биеийн онцлогт нь таараагүйгээс долоо хоногт 3-4 удаа бөөрний аппаратанд ордог байгаа. Иймээс эдгээр нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. …” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, сэм далд аргаар өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхийг үүсгэснээр төгсдөг. Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тухайн автомашиныг гэмт үйлдлээ хялбарчлах, цаг хугацааг хэмнэх зорилгоор ашигласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хяналтын дүрс бичлэг зэргээр тогтоогдсон. Энэ гэмт хэргийн тухайд автомашины дугуйг тайлж авснаар төгсөөгүй. Харин дугуйг автомашиндаа ачиж авч явснаар төгссөн гэж үзнэ. Түүнчлэн шүүгдэгч нар автомашины дугуйг тайлах гэж өргөгч, дорцов зэргийг зориуд бэлтгэж авч явсан буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд хэрэглэдэг. Шүүгдэгч Д.Ж-ийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 9 сартай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 7-ны шөнө 03-05 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8/В байрны гаднах авто зогсоолд байрлуулсан иргэн Б.Чулуунбатын эзэмшлийн 32-12 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамт хулгайлан авч, Н.А-ын жолоодон явсан буюу иргэн Э.Амгаланбаатарын эзэмшлийн 25-62 УБМ улсын дугаартай, “Honda Insight” загварын автомашинаар зөөвөрлөсөн,

            Д.Ж-, Б.Н- нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Я.Билэгжаргалын эзэмшлийн 23-12 УНҮ улсын дугаартай, “Toyota Crown” загварын автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамт хулгайлан авч, Д.Ж-ийн жолоодон явсан 11-66 УБД улсын дугаартай, “Toyota Crown” загварын автомашинаар зөөвөрлөсөн гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

1. Хохирогч Б.Чулуунбат нь “...2019 оны 5 дугаар сарын 6-ны орой 22 цаг 55 минутын үед өөрийн эзэмшлийн 32-12 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашинаа 8/В байрны гаднах зогсоол дээр тавиад гэртээ орж амарсан ба өглөө гараад иртэл автомашины доод талд өргөгч тавиад 4 ширхэг дугуйг, обудын хамтаар аваад явсан байсан... “XXR” загварын 17-той обуд, хол ойр хосолсон 10 нүхтэй ба 2017 онд фэйсбүүкээр зарын дагуу 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /1хх 31/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Э.Амгаланбаатарын “...2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн эзэмшлийн 25-62 УБМ улсын дугаартай, “Honda Insight” загварын автомашиныхаа крыло, буфер зэргийг будуулж янзлуулахаар ээжийн танил ахын кузов засварт өгсөн ба 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 22 цаг 50 минутын үед манай ээж рүү засварын газрын эзэн ах утсаар залгаад “Танай хүүхдийн автомашиныг цагдаа нар хураагаад аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би ээжийн хамт цагдаагийн хэлтэс дээр иртэл миний автомашиныг засварын ажилчид жолоодон яваад хулгай хийсэн талаар мэдсэн. ...” /1хх 53-54/,

- шүүгдэгч Б.Н-ийн “...Ж- “Одоо гараад гоё обуд хулгай хийх үү” гэж асуухад Б- зөвшөөрөөд А-ыг автомашин жолоодоод явчих гээд гуйсан. А- “Хэний автомашинаар яаж явах вэ” гэхэд Б- “Миний автомашин содон тул түүгээр явж болохгүй, гадаа байгаа “Honda Insight” загварын автомашинаар явъя” гэж хэлсэн. Тэгээд 8/В байрны зогсоол дээр 32-12 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашин байхаар нь Б- “Энэ автомашины дугуй гоё юм байна, авъя” гэж хэлсэн. Тэгээд Б- арын тээшнээс өргөгч, дорцов авч Ж-ийн хамт буугаад 4 ширхэг дугуйг тайлж аваад автомашины арын тээш, хойд суудал дээр тавиад бид нар хөдлөөд шууд Б-гийн гэрт очоод, хулгайлсан дугуйгаа хашаанд нь буулгасан. ...” /1хх 99-100, 2хх 168-172/,

- шүүгдэгч Д.Ж-ийн “...Н-ийн кузов засварын газарт байсан “Honda Insight” загварын автомашиныг А- жолоодоод ... 21 дүгээр хорооллын Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах зогсоолд байсан “Toyota Prius 20” загварын автомашины дугуйг хулгайлахаар болсон. Би хүн хараад зогсож байсан чинь Б-, Н- хоёр автомашинаасаа дорцов, өргөгч буулгаж ирээд 4 дугуйг нь тайлж аваад А-ын жолоодон явсан автомашины арын тээшинд хийсэн. ...” /1хх 107-108, 2хх 168-172/,

- шүүгдэгч Н.Б-гийн “...“Toyota Prius 20” загварын автомашины 4 дугуйг А-, Н-, Ж- бид нар тайлж аваад манай гэрийн гаражинд хийгээд явсан. ...” /1хх 115-116, 2хх 168-172/,

- шүүгдэгч Н.А-ын “...Б- “Автомашиндаа гоё дугуй олоод тавьчихвал болох гээд байна” гэсэн чинь Ж- “Одоо шууд крылог нь боочих гэж хэлээд Н-оор крылог нь боолгуулаад намайг “Чи эрүүл байна, энэ автомашиныг жолоод” гэж хэлээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд автомашиныг жолоодсон... 8/В байрны гаднах зогсоолд байсан “Toyota Prius 20” загварын автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамтаар тайлж авсан. Тэгээд хулгайлсан дугуйгаа 05 цагийн үед хашаанд буулгаж үлдээсэн. ...” /1хх 123-124, 2хх 168-172/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-4/, алдагдсан 4 ширхэг дугуйг, обудын хамт Н.Б-гаас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 6-7/, гэмт хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг харуулсан 84 дүгээр байрны гаднах хяналтын дүрс бичлэг, автомашины дугуйг тайлж авахад ашигласан өргөгч зэргийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10, 12-17/, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-25/, алдагдсан эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэлгээ /1хх 76-78, 85-87/  зэргээр давхар нотлогджээ.

2. Хохирогч Я.Билэгжаргал нь “...2019 оны 5 дугаар сарын 2-ны өглөө 05 цаг 30 минутад эхнэр Дуламсүрэн залгаад 23-12 УНҮ улсын дугаартай, “Toyota Crown” загварын автомашиныхаа 4 ширхэг дугуйг, обудын хамт хулгайд алдчихлаа гэж хэлэхээр нь би “Цагдаад мэдэгдчих” гэж хэлээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамт аваад оронд нь блок ивсэн байдалтай байсан. ...” /2хх 42-43/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- иргэний нэхэмжлэгч Т.Жавхлангийн “...кузов засвар ажиллуулдаг Н-, Ж- нар “Гайгүй 5 салаа обуд, дугуй зарна” гэхээр нь би өөрийнхөө автомашинд байсан обуд, дугуйн дээр 210.000 төгрөгийг Ж-т өгөөд худалдан авсан юм. 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр манай гэрт цагдаа нар ирээд хулгайн дугуй худалдан авсан гээд надаас мэдүүлэг авсан. ...” /2хх 45/,

- шүүгдэгч Д.Ж-ийн “...би Н-ийн ажил дээр нь очиж уулзаад “Хулгай хийх үү” гэж асуухад Н- зөвшөөрөөд миний жолоодон явсан 11-66 УБД улсын дугаартай “Toyota Crown” загварын автомашинаар явсан... 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байсан 23-12 УНҮ улсын дугаартай, “Toyota Crown” загварын автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамт тайлж аваад миний автомашинд 3 хоног тавьж байгаад танил Жавхлан ахад худалдсан. ...” /2хх 90-91, 2хх 168-172/,

- шүүгдэгч Б.Н-ийн “...Ж- надад “Хоёулаа явж гайгүй обудтай дугуй хулгай хийх үү” гэхээр нь би зөвшөөрөөд түүний 11-66 УБД улсын дугаартай “Toyota Crown” загварын автомашинаар явсан... 1-30 дугаар байрны гаднах зогсоолд байсан 23-12 УНҮ улсын дугаартай, “Toyota Crown” загварын автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамт тайлж аваад Ж-ийн автомашинд тавьсан. ...” /2хх 98-99, 2хх 168-172/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 19-20/, алдагдсан 4 ширхэг дугуйг, обудын хамт Т.Жавхлангаас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 21, 23/, автомашины дугуйг тайлж авахад ашигласан дорцовыг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /2хх 34/, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 27-30/, алдагдсан эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэлгээ /2хх 66-68, 73-75/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

Шүүгдэгч Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нар дээрх гэмт хэрэгт хамтран оролцохдоо санаа, зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруутай үйлдэл, оролцооны талаарх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Түүнчлэн алдагдсан эд зүйлсийн тоо ширхэг, овор хэмжээнээс үзвэл тэдгээрийг автомашинаар зөөж тээвэрлэхгүйгээр авч явах, хэргийн газраас холдох боломжгүй байх тул бусдыг мэдэхээс өмнө урьтаж, өөрсдийн гэмт үйлдлээ түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж явч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ж-, Б.Н-, Н.А-, Н.Б- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн байх боловч хулгайлах гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно хэмээн тодорхойлсон.

Иймээс шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “өргөгч, дорцов” зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Х.Гантулгын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-, Б.Н-, Н.А- нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх замаар учруулсан хохирлоо төлсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, үйлдэл оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар Д.Ж-, Б.Н- нарт тус бүр 1 жил 8 сарын хорих ял, Н.А-од 1 жилийн хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

 Харин шүүгдэгч Н.Б-г “...шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон...” хэмээн дүгнэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч Н.Б- нь бусдын эд хөрөнгийг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрсөн, гагцхүү гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэгслийн тухайд маргасан байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэн бусад шүүгдэгч нараас ялгамжтай ял оногдуулах үндэслэлгүй болно.

 Иймээс шүүгдэгч Н.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх замаар учруулсан хохирлоо төлсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, үйлдэл оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосны гадна, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмын үнийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд заасанд нийцжээ.

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Н.Б-гийн “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоос “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.Ж-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг хэрэглэн шүүгдэгч Д.Ж-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөхийг...” хүссэн боловч тэрээр болон түүний үйлчлүүлэгчийн зүгээс энэ тухай давж заалдах гомдол гаргаагүй тул дээрх хүсэлтийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна.    

Шүүгдэгч Д.Ж-ийн хувьд хорих ялыг биеэр эдлэхэд хориглох өвчин болон бусад шалтгаан тогтоогдвол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдав.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1089 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...зэвсэг...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д хоёр жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д нэг жилийн хугацаагаар хорих ял...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН