Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 262

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бт холбогдох эрүүгийн 201705000182 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, О.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч О.Б нь 2014 оны 11 дүгээр сард супермаркетийн сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4707000 төгрөг залилсан,

Баянхонгор аймгийн төвд супермаркетийн сүлжээ дэлгүүр байгуулж их хэмжээний ашиг олно танд өөрийн “Гулз кофе” ХХК-ийн 40 хувийг өгнө гэж итгүүлж зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Эаас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би 2014 онд Хангулз холдинг компанийг байгуулсан. Би хэрэгт нэр дурдагдаж байгаахүмүүсээс нэгийг нь надад туслаач гэж гуйж байгаагүй. Монгол орон даяар компанийнхаа үйл ажиллагааг танилцуулсан. Хүмүүсээс 15.000 төгрөгийг бүртгэлийн хураамж авсан гэдэг асуудал нь уг компанид бүртгүүлэхдээ заавал 15.000 төгрөгийг төлж ордоггүй, хүмүүс өөрсдөө хүсвэл төлдөг мөнгө байгаа. Хүмүүсийн өөрсдийнхөн цалин болон нэмүүн өртгөөс гарсан цалингаас 15.000 төгрөгийг авч болдог болгож анхнаасаа системчилсэн байдаг. 15,000 төгрөгөөр бүртгүүлсэн хүмүүст манай компаний оюуны өмчөөр баталгаажсан 1 ширхэг карт маркетингийн гарын авлага болгон 2 ширхэг номыг өгдөг. Тэр номыг Баянхонгор аймгийн хүмүүст тарааж өгсөн. Хангулз холдинг компаний хамгийн гол санаа нь Номин холдинг ХХК нь хэрэглэгч нартаа 10 хувийг нь буцаан өгдөг бол тэр 10 хувийн бонусыг зөвхөн өөрөөсөө авах биш өөр бусад хүмүүсийн хэрэглээгээр өөртөө хувь авах боломжтой байна гэсэн санаанаас үндэслэн маркетинг боловсруулж 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компаний программын системийн М гэдэг залуу хийж өгсөн. Би Баянхонгор аймагт сургалт хийхдээ бүх зардал мөнгийг өөрөө гаргаад билет тарааж компанийнхаа танилцуулгыг хийж байсан. Би аймагт байх хугацаанд гарсан хоол, буудал, унааны мөнгө бүх зүйлийг өөрөөсөө гаргаж байсан. Би нэг аймагт 1000 гишүүнтэй болбол дэлгүүр байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Би Баянхонгор аймагт ирж сургалт хийгээд Энхбатаар гэдэг ахтай уулзаж ярилцсан. Манай компани нь тухайн үед Улаанбаатар хот болон Завхан аймагт дэлгүүрийн үйл ажиллагаа явагдаж байсан. Хүмүүс авсан хэрэглээгээрээ цалин аваад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Э ах эхнэртэйгээ ирж надтай хамтарч ажиллах талаар уулзсан, би уулзаж ярилцаж байгаад 50000000 төгрөгийг зээлэх талаар ярьсан.

Д.Э ахаас 50000000 төгрөгийг зээлэхдээ Хангулз холдинг компанийн дараагийн охин компани болох Гулз кафе байгуулахаар болоод үүнийг байгуулах талаараа Д.Э ахад танилцуулж мөнгө зээлсэн байдаг. Уг зээлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байгаа. Би Баянхонгор аймгийн хүмүүсийг залилах талаар огт бодоогүй, би айл өрхийг өөрийн гэсэн орлоготой болгох гэж хичээж байсан гэв.

Шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2015 оны 04 дүгээр сард Баянхонгор аймаг ирж “Хангулз холдинг” ХХК-ийн маркетинг болон цаашдын зорилго, төлөвлөгөөний талаар сургалт хийсэн. Тэр үед сургалтанд Д.Э, эхнэрийн хамт элссэн байсан бөгөөд сургалтын дараа Д.Э нь эхнэрийн хамт дуудаж уулзаад би чамтай хамтарч бизнес хиймээр байна гэж санал тавьж би өөрийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулаад мөн цаашид хийхээр төлөвлөж байгаа “Гулз кафе” буюу интернэт үйлчилгээ үзүүлдэг кафений талаар хэлсэн. Би надад 50000000 төгрөг хэрэгтэй та боломжтой бол мөнгө зээлж чадах уу гэхэд тэрээр 50000000 төгрөгийг 2 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй, нэг хоногийн алдангийг зээлсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож өгөхөөр зээлийн гэрээ байгуулж нотиратаар батлуулж Д.Э нь “Хангулз холдинг” ХХК-ийн Голомт банкны дансанд хийсэн. Тухайн үед “Хангулз холдинг” ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан болохоор мөнгийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан. Тэгээд зээлсэн мөнгөний буцааж төлөх хугацаа болж би Д.Э руу утсаар ярьж таны мөнгийг буцааж төлөх хугацаа болсон одоогоор мөнгийг өгөх боломжгүй байна, өөр бусад хүмүүстэй хамтарч ажиллахаар хөөцөлдөөд хөрөнгө оруулалт хойшлогдоод байна гэж хэлэхэд тэрээр мөнгө чинь бүтсэний дараа би мөнгөө авъя, мөн хамтарч ажиллъя гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш миний хөрөнгө оруулалт бүтэхгүй байсаар байгаад 2016 оны намар Д.Э бид хоёр Улаанбаатарт уулзаад 50000000 төгрөг, түүний алданги нэмэгдээд нийт 70000000 төгрөгийг 3 сарын хугацаатай буцааж өгөхөөр дахин гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тэгээд одоог хүртэл уг мөнгийг өгч чадаагүй байгаа. Би түүнд ирээдүйд байгуулахаар төлөвлөж байгаа “Гулз кафе” ХХК-ний 40 хувийг өгнө гэж гээд “Хангулз холдинг ” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар Д.Эаас мөнгө зээлсэн.... гэх мэдүүлэг /146-147, 168-170/

Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн

... О.Б нь 2015 оны 04 дүгээр сард Баянхонгор аймагт хүнсний сүлжээ дэлгүүр ажиллуулна гээд сургалт зохион байгуулж сургалтанд эхнэр бид хоёр суусан. Тэгээд уг сургалтын дараа О.Б нь эхнэр бид хоёртой уулзаад та хоёр олон жил дэлгүүр ажиллуулсан хамтарч ажилламаар байна гэсэн санал тавиад тэрээр Завхан аймагт хүнсний дэлгүүр ажиллуулдаг дэлгүүрийн бараа татах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна, та мөнгө байвал зээлдүүлээч гэсэн. Тэгээд О.Б нь 2 хоноод их хэмжээний мөнгө орж ирнэ гэхээр таниас зээлсэн мөнгийг чинь 1 нугалаад өгнө гэж хэлсэн. Би түүнд итгээд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа талаар асуухад 50000000 төгрөг зээлчих, би 100 сая болгоод өгнө, мөн би Баянхонгор аймагт “Гулз кафе” гээд сүлжээ дэлгүүр нээнэ тэгэхээрээ танд 40 хувийг нь өгнө, итгэхгүй бол та надтай нотариатаар гэрээ байгуулчих гэхээр би зээлийн гэрээ байгуулж мөнгийг өөрийн данснаас түүний “Хангулз холдинг” ХХК-ийн дансруу шилжүүлсэн. Тэгээд түүнээс өдийг болтол миний мөнгийг өгөхгүй залилж байна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ О.Баас 50015000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ одоо О.Бын иргэдээс 15000 төгрөг авсан хэрэг нь тусгаарлагдаж байгаатай холбоотойгоор 15000 нэхэмжлэхгүй, 50000000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний амьдралынхаа туршид цуглуулсан мөнгийг О.Б итгэл эвдэж залилж аваад одоог хүртэл өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-94, 7-р хх-ийн 227-228 /

Хохирогч Ш.Огийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2014 оны 11 дүгээр сард “Хангулз холдинг” ХХК-ийн захирал О.Бын төлөөлөгч гээд Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Ш.О, Л.Б, П.Н, Г.Л, А, Н, Б, С.У миний бие гээд нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч бид нар элссэн. Х.Д, Л.Б, П.Н, Г.Л миний бие 5 хүн үйл ажиллагаанд зардал гаргасан. Хүүхдийн тэмүүжин театрт сургалт хийхэд 50.000 төгрөг, тээвэрчин зочид буудлын 5 сарын түрээсийн мөнгө 210.000 төгрөг, сургалтын материал бэлдэхэд 30000 төгрөг, захирал О.Быг хүлээн авахад 100.000 төгрөг, оффис тохижилтийн 70000 төгрөг, бүртгэлийн 15.000 төгрөг гээд нийт 1045000 төгрөгийн зардал гарсан. Миний хувьд гарсан зардлаасаа буцааж аваагүй. Харин Л.Б гарсан зардлаасаа 1.000.000 төгрөгийг буцааж авсан,бусад нь гарсан зардлаасаа буцааж аваагүй. Миний хувьд өөрөөсөө гарсан 1045000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 217-218 /

Хохирогч Х.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2014 оны 11 дүгээр сард “Хангулз холдинг” ХХК-ийн захирал О.Бын төлөөлөгч гээд Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Ш.О, Л.Б, П.Н, Г.Л, А, Н, Б, С.У миний бие нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч бид нар элссэн. Түүнээс Ш.О, Л.Б, П.Н, Г.Л миний бие гээд 5 хүн үйл ажиллагаанд зардал гаргасан. Хүүхдийн тэмүүжин театрт сургалт хийхэд 50.000 төгрөг, Тээвэрчин зочид буудлын 5 сарын түрээсийн мөнгө 210.000 төгрөг, сургалтын материал бэлтгэхэд 30.000 төгрөг, захирал О.Быг хүлээн авахад 100.000 төгрөг, оффис тохижилтийн 70.000 төгрөг, бүртгэлийн 15.000 төгрөг гээд нийт 495.000 төгрөгийн зардал гарсан. Миний хувьд гарсан зардлаасаа буцааж аваагүй. Харин Л.Б гарсан зардлаасаа 1.000.000 төгрөгийг буцааж авсан гэж байсан. Бусад нь гарсан зардлаасаа буцааж аваагүй. Миний хувьд өөрөөсөө гарсан 495.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 219-220 /

Хохирогч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2014 оны 11 дүгээр сард Хангулз холдинг ХХК- ны захирал О.Бын төлөөлөгч гээд Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Х.Д, Ш.О, П.Н, Г.Л, А, Н, Б, С.У миний бие нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч бид нар элссэн. Түүнээс Х.Д, Ш.О, П.Н, Г.Л миний бие 5 хүн үйл ажиллагаанд зардал гаргасан. Хүүхдийн тэмүүжин театрт сургалт хийхэд 300.000 төгрөг, Тээвэрчин зочид буудлын 1 сарын түрээсийн мөнгө 40.000 төгрөг, сургалтын материал бэлтгэхэд 300.000 төгрөг, захирал О.Быг хүлээн авахад 100.000 төгрөг, 9 хүний бүртгэлийн 15.000 төгрөг буюу 135.000 төгрөг, 3000 төгрөгийн сургалтын билет 20 ширхэг 60.000 төгрөг нийт 935.000 төгрөгийн зардал гарсан. Би хувиасаа 1.000.000 төгрөг өгсөн нийт 1.935.000 төгрөг болж байгаа юм. Түүнээс хувиасаа өгсөн 1.000.000 төгрөгийг буцааж авсан. Миний хувьд өөрөөсөө гарсан 935.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 221-222 /

Хохирогч Г.Лийн мөрдөн байцаалтанд өгсөн

... “2014 оны 11 дүгээр сард Хангулз холдинг ХХК-ний захирал О.Бын төлөөлөгч гээд Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Ш.О, Л.Б, П.Н, Х.Д, А, Н, Б, С.У миний бие нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч бид нар элссэн. Түүнээс Ш.О, Л.Б, П.Н, Х.Д миний бие гээд 5 хүн үйл ажиллагаанд зардал гаргасан. Тээвэрчин зочид буудлын түрээсийн төлбөр 132.000 төгрөг, захирал О.Быг ирэхэд нь түүний хоол, унд, байрны зардал, сургалтын ороход нь шаардлагатай тараах материал гээд 320.000 төгрөг, бүртгэлийн хураамжийн 15.000 төгрөг нийт 467.000 төгрөгийн зардал гаргасан. Би гаргасан зардлаа буцааж аваагүй. Миний хувьд өөрөөсөө гарсан 467.000 төгрөгийн зардлыг нэхэмжпэх болно ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 223-224 /

Хохирогч П.Нын мөрдөн байцаалтанд өгсөн

... 2014 оны 11 дүгээр сард Хангулз холдинг ХХК-ний захирал О.Бын төлөөлөгч гээд Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургууль дээр Ш.О, Л.Б, Г.Л, Х.Д, А, Н, Б, С.У миний бие гээд нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч бид нар элссэн. Түүнээс Ш. О, Л.Б, Г.Л, Х.Д миний бие 5 хүн үйл ажиллагаанд зардал гаргасан. Хөгжимт драмын театрт болсон сургалтанд 50.000 төгрөг, Тэмүүжин театрт болсон сургалтанд 300.000 төгрөг, захирал О.Быг ирэхэд нь түүний хоол, унд, байрны зардал 100.000 төгрөг, сургалтын материал хэвлүүлэхэд 300.000 төгрөг, бүртгэлийн хураамжийн 15.000 төгрөг нийт 765.000 төгрөгийн зардал гаргасан. Би гаргасан зардлаа буцааж аваагүй. Миний хувьд өөрөөсөө гарсан 765.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно .... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 225-226 /

Гэрч Ч.Мн мөрдөн байцаалтанд өгсөн

... 2014 оны 04 дүгээр сард О.Б надтай уулзаад олон үет сүлжээний марктенгтай дэлгүүрийн урамшууллын систем хийлгэх хэрэгтэй байна гэхээр нь мөнгөө аваад ирвэл хийгээд өгнө гэхэд хийлгэхээр болж 2014 оны 06-07 дугаар сард ажлаа эхэлж 2014 оны 09 сард ажлаа дуусгаж хүлээлгэн өгсөн. Би энэ программыг би өөрөө зохиогоогүй зөвхөн тэдний боловсруулсан аргачлалын дагуу ажилладаг байдлаар хийж өгсөн ... гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 102-103 /

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн

...Манай ээжийн төрсөн дүү Б.А нь надтай уулзаад Баянхонгор аймагт сүлжээний том дэлгүүр орж ирэх гэж байгаа уг сүлжээнд элсчих юм бол их ашигтай гэсэн болохоор чамайг бүртгүүлчихсэн, одоо Есөн-Эрдэнэ зах дээр сургалт нь болох гэж байна чи сургалтанд нь суугаадах гэж хэлэхээр нь сургалт ороход сургалтыг нэг эрэгтэй хүн орсон бөгөөд тухайн үед өөрийгөө танилцуулсан нэрийг нь санахгүй байна. Сургалтаар Хангулз холдинг ХХК-ниас Баянхонгор аймагт сүлжээний том дэлгүүр оруулж ирэх гэж байгаа, уг сүлжээнд элчих юм бол хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийгээд худалдан авсан дүнгээгээр ашиг бодогддог, мөн доороо хүн элсүүлэх ёстой гэсэн зүйл хэлсэн. Тэгээд тэр сургалтаас 10 гаран хоногийн дараа тухайн хүнтэй нь утсаар холбогдож очиход надад миний нэртэй хөх өнгийн виза карт, гарын авлага гэх зүйл өгсөн түүнээс хойш чимээгүй болчихсон. Би одоо холбогдсон хүнийхээ нэр, утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Виза, карт гарын авлага нь надад байж байгаад алга болчихсон ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 234-235 /

Хохиорогч Д.Эын шүүгдэгч О.Бын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгийг Голомт банкны 1415100071 тоот дансанд шилжүүлсэн баримтын хуулбар /4-р хх-ийн 80-81/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 1-2, 4-р хх-ийн 01-02 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 59-62, 4-р хх-ийн 74-78/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 6, 4-р хх-ийн 5/, бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 64-93, 4-р хх-ийн 47-73/, О.Бын хувийн байдлын талаарх Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1017 дугаар тодорхойлолт /2-р хх-ийн 201/, мэргэжлийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 203/, дипломын хуулбар /2-р хх-ийн 204-207/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 2-р хх-ийн 200 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 199/, депозит дансны хуулгууд /2-р хх-ийн 212-250, 3-р хх-ийн 1-7, 10-16/, шүүгдэгч О.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3-р хх-ийн 18/, “Хангулз холдинг” ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа /3-р хх-ийн 21-24/, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Э, шүүгдэгч О.Бын нарын байгуулсан зээлийн гэрээний хуулбар /4-р хх-ийн 36-40/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЗ2019/02269 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч О.Б нь 2014 оны 11 дүгээр сард супермаркетийн сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4707000 төгрөг залилсан,

Баянхонгор аймгийн төвд супермаркетийн сүлжээ дэлгүүр байгуулж их хэмжээний ашиг олно танд өөрийн “Гулз кофе” ХХК-ийн 40 хувийг өгнө гэж итгүүлж зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Эаас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч О.Бын ...Д.Э бид 50000000 төгрөгийг 2 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй, нэг хоногийн алдангийг зээлсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож өгөхөөр зээлийн гэрээ байгуулж нотиратаар батлуулсан..,би түүнд ирээдүйд байгуулахаар төлөвлөж байгаа “Гулз кафе” ХХК-ийн 40 хувийг өгнө гэж, “Хангулз холдинг ” ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулахаар Д.Эаас мөнгө зээлсэн.... гэх мэдүүлэг /146-147, 168-170/  

Хохирогч Д.Эын ... О.Б нь 2 хоноод их хэмжээний мөнгө орж ирнэ, таниас зээлсэн мөнгийг чинь 1 нугалаад өгнө 50000000 төгрөг зээлчих, би 100000000 төгрөг болгоод өгнө, мөн би Баянхонгор аймагт “Гулз кафе” гээд сүлжээ дэлгүүр нээнэ танд 40 хувийг нь өгнө, итгэхгүй бол та надтай нотариатаар гэрээ байгуулчих гэхээр би зээлийн гэрээ байгуулж мөнгийг өөрийн данснаас түүний “Хангулз холдинг” ХХК-ийн дансруу шилжүүлсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-94, 7-р хх-ийн 227-228 /

Хохирогч Ш.Он ... 2014 оны 11 дүгээр сард “Хангулз холдинг” ХХК-ийн захирал О.Бын төлөөлөгч гээд Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Ш.О, Л.Б, П.Н, Г.Л, А, Н, Б, С.У миний бие гээд нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч бид нар элссэн..., 5 хүн үйл ажиллагаанд зардал гаргасан,... сургалт хийхэд 50.000 төгрөг, тээвэрчин зочид буудлын 5 сарын түрээсийн мөнгө 210.000 төгрөг, сургалтын материал бэлдэхэд 30.000 төгрөг, захирал О.Быг хүлээн авахад 100.000 төгрөг, оффис тохижилтийн 70.000 төгрөг, бүртгэлийн 15.000 төгрөг гээд нийт 1045000 төгрөгийн зардал гарсан. Миний хувьд гарсан зардлаасаа буцааж аваагүй. Миний хувьд өөрөөсөө гарсан 1045000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 217-218 /

Хохирогч Х.Дгийн ... 5 хүн нэгдэж өөрсдөөсөө зардлаа гаргаж байр түрээсэлж сургалт зохион байгуулаад бүртгэлээ хийсэн.... сургалт хийхэд 50.000 төгрөг, тээвэрчин зочид буудлын 5 сарын түрээсийн мөнгө 210.000 төгрөг, сургалтын материал бэлтгэхэд 30.000 төгрөг, захирал О.Быг хүлээн авахад 100.000 төгрөг, оффис тохижилтийн 70.000 төгрөг, бүртгэлийн 15.000 төгрөг нийт 495.000 төгрөгийн зардал гарсан..., өөрөөсөө гарсан 495.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 219-220 /

Хохирогч Л.Бгийн ... хувиасаа өгсөн 1.000.000 төгрөгийг буцааж авсан, үлдэгдэл 935.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно ... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 221-222 /

Хохирогч Г.Лийн ... би гаргасан зардлаа буцааж аваагүй,...467.000 төгрөгийн зардлыг нэхэмжпэх болно ... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 223-224 /

Хохирогч П.Нын... би гаргасан зардлаа буцааж аваагүй...,765.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно .... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 225-226 /

Гэрч Ч.Мгийн ... 2014 оны 04 дүгээр сард О.Б нь олон үет сүлжээний марктенгтай дэлгүүрийн урамшууллын систем хийлгэхээр болсон,...энэ программыг би өөрөө зохиогоогүй зөвхөн тэдний боловсруулсан аргачлалын дагуу ажилладаг байдлаар хийж өгсөн ... гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 102-103/

Гэрч Б.Бгийн ... сургалтаар Хангулз холдинг ХХК-иас Баянхонгор аймагт сүлжээний том дэлгүүр оруулж ирэх гэж байгаа, уг сүлжээнд элсэх юм бол хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийгээд худалдан авсан дүнгээр ашиг бодогддог, мөн доороо хүн элсүүлэх ёстой гэсэн зүйл хэлсэн..., сургалтаас хөх өнгийн виза карт, гарын авлага гэх зүйл өгсөн..., түүнээс хойш чимээгүй болчихсон.... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 234-235 / зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтаар гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийбаяр, Д.Уранчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээ... шүүгдэгч О.Б нь залилах гэмт хэргийг үйлдээгүй, тухайн хэрэг нь эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, иргэд хоорондоо байгуулж, нотариатаар батлуулсан буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжтой энэ талаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЗ2019/02269 дугаар шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх дүгнэлтийг гаргаж мэтцэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Хохирогч нар залилуулсан талаараа мэдүүлж, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлэгт тус тус тусгагдаж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, шүүгдэгчийн үйлдэл нь хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдыг эд хөрөнгийг хуурч авах, захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээлсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөргүй хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа нь бусдыг залилсан үйл ажиллагаа буюу залилсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс О.Быг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд /3-р хх-ийн 18/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны явцад хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЗ2019/02269 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “...Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй...” гэж, гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар тогтоогдоогүй, түүнээс хохирлыг шаардах эрх үүсээгүй байхад захирамж гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

Харин шүүхээс Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатнын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЗ2019/02269 дугаартай шүүгчийн захирамжид заагдсаны дагуу шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Эт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 34650000 төгрөгийг төлж барагдуулсан, 15350000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж үзэж хохирлыг шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас нийт 53707000 төгрөгийг хохирол учруулснаас хохирогч Л.Б хохирлын 1000000 төгрөгөө авсан талаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Эын хохиролдоо 34650000 төгрөгийг авсан, үлдэгдэл 15350000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй талаар шүүхийн шатанд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч О.Баас нийт 18,397,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эт 15,350,000 төгрөг, хохирогч Ш.Од 385,000 төгрөг, хохирогч Х.Дд 495000 төгрөг, хохирогч Л.Байгальмаад 935000 төгрөг, хохирогч Г.Лд 467000 төгрөг, хохирогч П.Над 765000 төгрөгийг гаргуулж тус тус олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хохирогч Ш.О нь нийт 1045000 төгрөг нэхэмжилсэн боловч 660,000 төгрөгийг холбогдох баримт хэрэгт авагдаагүй нэхэмжилж байгаа үнийн дүнтэй зөрүүтэй байх тул шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хавтастай, хавтас дээрээ Campap гэсэн бичигтэй А4 хэмжээтэй 62 хуудастай дэвтэр 1 ширхэг, иргэдээс хүлээн авсан Хангулз холдинг гэсэн бичигтэй хөх өнгийн гишүүний карт 19 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт худгалуулж, шүүгдэгч О.Бын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Болбаярын эзэмшлийн.... 5 хантай гэр....-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Быг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Быг хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч О.Бын цагдан хоригдсон 51 хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч О.Баас 18,397,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эт 15,350,000 төгрөг, хохирогч Ш.Од 385,000 төгрөг, Х.Дд 495000 төгрөг, Л.Байгальмаад 935000 төгрөг, Г.Лд 467000 төгрөг, П.Над 765000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ш.Огийн нэхэмжилсэн 660,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч О.Бын эзэмшлийн ... 5 ханатай монгол гэр...-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хавтастай, хавтас дээрээ Campap гэсэн бичигтэй А4 хэмжээтэй 62 хуудастай дэвтэр 1 ширхэг, иргэдээс хүлээн авсан Хангулз холдинг гэсэн бичигтэй хөх өнгийн гишүүний карт 19 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч О.Бын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхыг даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргйилэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА