Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 53

 

О.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЗ/439 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын эсэргүүцлээр О.Бт холбогдох эрүүгийн 201705000182 дугаар хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О.Б, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

О.Б нь 2014 оны 11 дүгээр сард супермаркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4.707.000 төгрөг залилсан,

Баянхонгор аймгийн төвд супермаркетын сүлжээ дэлгүүр байгуулж их хэмжээний ашиг олно, танд өөрийн “Гулз кафе” ХХК-ийн 40 хувийг өгнө гэж итгүүлж, зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Эаас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

...1. Шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт... Д.Эаас авсан 50.000.000 төгрөгийг Б.Тын хамт захиран зарцуулсан, ...би дэлгүүрт ажиллуулах байр түрээслэх талаар хэлээгүй, түрээсийн мөнгийг төлөхгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Дэлгэрмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт ...Хангулз холдинг ХХК-ийн захирал О.Бын төлөөлөгч Т гэх залуу Баянхонгор аймагт ирж Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургууль дээр Ш.Оюундалай, Л.Байгалмаа, Г.Лхам-Эрдэнэ, Х.Дэлгэрмаа, Амгалансүрэн, Наранцэцэг, Баярсайхан, С.Удвал миний бие нийт 9 хүнд үйл ажиллагааныхаа талаар сургалт явуулсан... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Т нь Хангулз Холдинг ХХК-ийн гишүүнчлэлтэй эрх бүхий этгээд мөн эсэх талаар тодруулаагүй, мэдүүлэг аваагүй, хохирогч нараас /байрыг хэний зөвшөөрлийн дагуу түрээслэсэн/дахин мэдүүлэг авах,

2. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №30 дугаар магадлалд ... яллагдагч О.Бт эрүүгийн 201705000154, 201805000182 дугаар хэрэгт буюу хоёр хэргийг нэгтгэн шалгах ..бичигдсэн ба 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 01 дүгээр тогтоолоор /8-р хх-ийн 01-02/ яллагдагчид О.Бт холбогдох зарим хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч О.Бт холбогдох супер маркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, элсэлтийн хураамж нэрээр 15000 төгрөгийг нийт 961 иргэнээс цуглуулж 14.415.000 төгрөг залилсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ... гэж заасан ба хэрэгт авагдсан хүснэгтээс Хангулз Холдинг ХХК-нд нийт 973 иргэн гишүүнээр элссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 160 хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан бөгөөд зарим хохирогч нарыг хохирогчоор тогтоох тухай тогтоол үйлдээгүй мэдүүлэг авсан мөн хохирогч нараас мэдүүлэг авсан боловч гарын үсэг зуруулаагүй, хохирогч нарыг бүрэн тогтоогоогүй зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Мөн яллагдагч О.Б нь Баянхонгор аймагт сүлжээ дэлгүүр бий болгоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон сургалт хийж бусдын итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, ашиглагчийн эд хөрөнгийг зориудаар авсан, хохирогч нар нь итгэсний үндсэн дээр өөрийн эд хөрөнгөө шилжүүлсэн ба залилангийн гэмт хэргийн шинжийг агуулж байхад эрүүгийн 201705000182 дугаартай хэргээс яллагдагч О.Бын холбогдох зарим хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №2018/ШЗ/244 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-нии өдрийн №244 тоот албан бичгээр шүүгдэгч О.Бт холбогдох 201705000182 тоот эрүүгийн хэргийг Прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжид заагдсан /2, 3 дахь заалт биелэгдээгүй/ ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “... гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно...” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт... энэ хуульд

заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгүүлэх, үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч О.Бт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр эсэргүүцэлдээ:

...1. Эаас 50 сая төгрөг О.Б нь зээлж авсан бөгөөд уг зээлсэн мөнгийг Б.Тын хамт захиран зарцуулсан, би дэлгүүр дэлгүүр ажиллуулах байр түрээслэх талаар хэлээгүй, түрээсийн мөнгийг төлөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт О.Б мэдүүлсэн,

Хохирогч Дэлгэрмаа нь Хангулз холдинг ХХК-ийн төлөөлөгч Т гэх залуу Баянхонгор аймагт ирж сургалт мэдээлэл явуулсан гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Т нь Хангулз Холдинг ХХК-ийн гишүүнчлэлтэй эрх бүхий этгээд мөн эсэх талаар тодруулаагүй, мэдүүлэг аваагүй, хохирогч нараас байрыг түрээслэх зөвшөөрөл хэн өгсөн талаар мэдүүлэг авах гэжээ.

Хангулз Холдинг ХХК нь нэг хүний гишүүнчлэлтэй талаар хэрэгт баримт авагдсан мөн шүүхийн хэлэлцүүлэг О.Б нь нэг хүний гишүүнчлэлтэй надаас өөр хүн мөнгө захиран зарцуулаагүй гэж мэдүүлсэн мөн Хангулз Холдинг ХХК-ийн орлого зарлагын талаарх баримтыг хэрэгт хавсаргасан зэргээр дээрх мөнгөнөөс зарлагын гүйлгээг зөвхөн О.Бын гарын үсгээр хийгддэг болох талаар хэрэгт О Б мэдүүлсэн болно.

Т гэх залуу нь О.Бын Улаанбаатар хот дахь сургалтанд суугаад энэ талаарх мэдээллийг Баянхонгор аймагт хийсэн бөгөөд Бын үйл ажиллагаанд оролцоогүй, мөнгө эахиран зарцуулаагүй. Хохирогч нар нь О.Б нь удахгүй очно байраа бэлдэж бай гэж утсаар ярьдаг байсан талаар мэдүүлсэн тул дээрх ажиллагаанууд мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн болно.

2. Хэргийг өмнө нь тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээс хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй гэсэн тул нэмэлт ажиллагааг хийхдээ өмнөх тусгаарласан хэргийг нэгтгэн шалгасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Бын “Хангулз холдинг” ХХК байгуулан 2014 оны 11 дүгээр сард супер маркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, элсэлтийн хураамж нэрээр 15.000 төгрөгийг нийт 961 иргэнээс цуглуулж 14.415.000 төгрөгийг залилсан гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2-д заасан хэргийн шинжгүй буюу яллагдагч нь гишүүн элсүүлж хураамж аваад хариуд нь виза карт, танилцуулга, ном зэрэг эд зүйл өгсөн байх тул эрүүгийн 201705000182 дугаартай хэргээс яллагдагч О.Бт холбогдох супер маркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, элсэлтийн хураамж нэрээр 15.000 төгрөгийг нийт 961 иргэнээс цуглуулж 14.415.000 төгрөгийг залилсан гэх хэргийг Прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх үндэслэлгүй гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь сургалтанд 15000 төгрөг төлж суугаад хариуд нь виза карт, танилцуулга. ном зэрэг эд зүйл өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хариу төлбөртэй үйл ажиллагаа тул 15000 төгрөг нь үйл ажиллагаа буюу иргэдэд очсон ном, танилцуулга, дэлгүүр бий болсны дараа үйлчлүүлэх карт зэргийн зардал байх тул дээрх хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй, хууль буруу хэрэглээгүй болно.

3. Хангулз холдинг ХХК-ийн бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт хавсаргасан. Уг ХХК нь О.Бын үүсгэн байгуулсан нэг хүний компани юм. Уг компани нь 2015 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй болох нь яллагдагчийн мэдүүлгээр тодорхой авагдсан. Гишүүнчлэл нь 1 хүний гишүүнчлэлтэй. Яллагдагч О.Б нь хохирогч Эаас 50 сая төгрөгийг авахдаа дангаараа гэрээ байгуулсан. Сүүлд нь зээлээ төлөхгүй удаашрахдаа дахин гэрээ байгуулсан бөгөөд энэ үед Б.Т. Б.Пүрэвням нараар хамт гарын үсэг зуруулсан талаар хэрэгт мэдүүлэг авагдсан болно.

Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 439 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамж үндэслэлгүй тул хүчингүй болгож, мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг тогтооход ач холбогдолтой байгаа гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Прокуророос О.Б нь 2014 оны 11 дүгээр сард супермаркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4.707.000 төгрөг залилсан,

Баянхонгор аймгийн төвд супермаркетын сүлжээ дэлгүүр байгуулж их хэмжээний ашиг олно, танд өөрийн “Гулз кафе” ХХК-ийн 40 хувийг өгнө гэж итгүүлж, зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Эаас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, О.Бт холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн үйл баримт болон нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байх тул прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЗ/439 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЗ/439 дүгээр захирамжийг хүчингүй болгож, О.Бт холбогдох 201705000182 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1,1-т зааснаар О.Бт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг шилжих хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА

     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                         Б. БОЛОР-ЭРДЭНЭ