Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 153/2017/00241/И |
Дугаар | 001/ХТ2018/00189 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/00189
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00329 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,
Х Б-ны Ховд салбарт холбогдох,
Тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х Б-ны Ховд салбарын захирлын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар Х Б-ны Ховд салбарын Булган тооцооны төвд теллерээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргаж байгаагүй, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Х Б-ны Ховд салбарын захирал /зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр/-ийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй.
Иймд, Х Б-ны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Х Б-ны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б- нь Х Б-ны Ховд салбарын Булган тооцооны төвд ахлах теллерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ц.Б- нь ажлын байрны давуу талыг ашиглаж, харилцагчийг банкинд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийн нууцыг бусдад задруулсан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тул нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/78 дугаар тушаал хуульд нийцэж гарсан гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00329 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х Б-ны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Шагиа овогт Цэдэнбалын Болортуяаг Х Б-ны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х Б-ны Ховд салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.465.408 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х Б-ны Ховд салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Х Б-ны Ховд салбараас улсын тэмдэгтийн хураамж нийт 124.597 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаар магадлалаар, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч Х Б-ны Ховд салбарт холбогдуулан гаргасан Х Б-ны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 124.597 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ, “Анхан шатны шүүх “Ц.Б- нь сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч түүнд сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан уг тушаалыг гаргаагүй байна”. гэсэн дүгнэлт хийж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.465.408 төгрөгийг Х Б-ны Ховд салбараас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Х Б-ны 1800-1917 гомдлын утсанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Хажидмаа гэдэг хүн “танай орон нутгийн салбараас мэдээлэл алдагдаад байна” гэх гомдлын дагуу Х Б-ны Зайны аудитын газраас шалгаж үзэхэд “Ц.Б- нь 5026598640 тоот данс эзэмшигч харилцагч Б.Хажидмаагийн хувийн мэдээллийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 12 минутанд лавласан байх бөгөөд харилцагчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээд иргэн Д.Мөнхцэцэг гэдэг хүнд задруулсан болох нь тус банкны Зайны аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 50/07/13 тоот дүгнэлт, Ц.Б-гийн “манай тооцооны төвд теллерээр ажиллаж байсан Д.Мөнхцэцэг залгаад Хажидмаа гэсэн хүний гэрийн хаягийг нь хэлээд өгөөч би мөнгө авах ёстой гээд гуйхаар нь хэлээд өгчихсөн миний буруу болсон байна” гэх өргөдөл зэрэг нотлох баримтуудаар топгоогдсон байна.
Ц.Б-гийн энэхүү үйлдэл нь ажил олгогч Х Б-наас ажилтан Ц.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т нэрлэн заасан “ноцтой зөрчил” байна. Ийм учраас Х Б-ны Ховд салбарын зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/78 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон Ц.Б-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй байна.” гэжээ. Х Б-ны захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х Б-ны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалт болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллер Ц.Б-д “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулж Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, Ц.Б- нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Ц.Б-гийн зөрчлийг шалгаж тогтоосон “Аудитын дүгнэлт”-д “Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллер Ц.Б-гийн гаргасан зөрчил нь Х Б-ны ХНБ-ын “Мэдээллийн нууцлал”-тай хэсэг, Нууцын журамын 2.2, 3.2 дахь заалт БПАТЖ-ын 02-01-01 дэх заалтуудийг зөрчсөн байна.” гэжээ.
Ц.Б-гийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ гэж хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Х Б-ны Ховд салбарын зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр нь салбарын захирлыг орлох эрхтэй болох нь хэрэгт авагдсан Ховд салбарын захирал Ч.Төрбатын ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна” гэж М.Оюундэлгэрийг Х Б-ны ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй албан тушаалтан гэж үзсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар М.Оюундэлгэрт ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй. М.Оюундэлгэр нь Х Б-ны Ховд салбарын захирлыг орлох эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр нь банкинд ямар ажил үүрэг гүйцэтгэдэг нь болохыг нотлох баримтаар нотлоогүй, салбарын захирал Ч.Төрбатад чөлөө олгосонтой холбогдуулан ажил үүргийг нь зохицуулах, холбогдох арга хэмжээ авахыг Орон нутгийн Иргэдийн банкны захирал Ж.Товуудоржид үүрэг болгосон ба салбарын захирал Ч.Төрбатын ажил үүргийг хариуцах, зохицуулах эрхийг Зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэрт олгоогүй байдаг.
Хөдөлмөрийн тухай хуульд “Ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй болохыг хуульчилжээ. Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллер Ц.Б-д “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулж Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Х Б-ны захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд болох Зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлон баримтуудад хууль зүйн үнднслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Б- Х Б-ны Ховд салбарт холбогдуулан тус салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн магадлалд заасан үндэслэлийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Ц.Б- Х Б-ны Ховд салбарын Булган тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 тоот тушаалаар ажлаасаа халагджээ.
Ажил олгогч Ц.Б-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х Б-ны дотоод журмын 9.2.3, банкны ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.10, 5.7.1, 5.7.2, 5.7.3-т заасныг баримталж, ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банкинд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр дансны мэдээллийг лавласан, нууц мэдээллийг бусдад задруулсан үйлдэл буюу ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заасан байна.
Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ноцтойд тооцогдох зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ба тухайн ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчилд шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй бол ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.
Ц.Б- өмнө нь Х Б-инд ажиллаж байсан Д.Мөнхцэцэгийн гуйлтаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус банкны харилцагч Б.Хажидмаагийн дансны мэдээллээс гэрийн хаягийг авч өгсөн үйлдэл гаргасан, энэ талаар харилцагчаас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр банкинд гомдол гаргасан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
Хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-т “банкны эрх ашиг, сонирхол, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх болон ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, ...эрхэлсэн ажлын давуу талаа ...хувийн ашиг сонирхолд ашигласан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхийг заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б-гийн гаргасан зөрчил нь энэхүү үйлдэлд хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
Ц.Б-г ажлаас халсан Б/78 тоот тушаалыг Х Б-ны Ховд салбарын зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр гаргасныг анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд биш гэж үзэж, үүнийг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Тус салбарын захирал Ч.Төрбат 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан, захирлын эзгүйд зээлийн багц хариуцсан менежер орлон ажиллах эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул эрхгүй этгээд шийдвэр гаргаж Ц.Б-г ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ