Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 124

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч:                           Г.Цолмонгэрэл

Нарийн бичгийн дарга             Б.Түвшинтуул нарыг оролцуулан

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнзгий овогт Лхагвасүрэнгийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1902003260176 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр, хүүхдэд , ээж аавын хамтаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 17-280 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т дотоод сүлжээний инженер ажилтай, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гүнзгий овогт Лхагвасүрэнгийн Мөнх-Эрдэнэ /РД:ВЮ94121713/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн ихэр болох Лхагвасүрэнгийн Мөнхжаргалын Е1870243 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                         Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн ихэр болох Лхагвасүрэнгийн Мөнхжаргалын Е1870243 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт ш үүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа ухаарч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг

2.Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 005 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Би нийт 2 удаа гадаад паспорт авсан боловч сүүлд авсаныг алга болгож эхэнд авсан гадаад паспорт пээр манай охин балаар зурчихсан байсан.  Ингээд өөрийн сүүлд авсан гадаад паспортаа олохгүй, явах болчихоод байсан болохоор 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн орчим гэрээсээ өөрийн ихэр  дүү болох Л.Мөнхжаргалын Е1870243 дугаартай паспортыг бичиг баримт хийдэг авдраас авсан. ...Тэгээд Алтанбулаг боомт дээр 21 цагийн үед очоод баримт бичгийн шалгагч дээр өөрийн ихэр дүү Л.Мөнхжаргалын Е1870243 дугаартай паспортыг үзүүлэхэд надаас ам бүл асуухаар нь би ихэр дүүтэй гэдгээ хэлсэн. Тэгэхэд баримт бичиг шалгаж байсан хүн чи байж байгаарай гээд удалгүй ахлах нь гээд нэг хүн ирээд намайг 2 давхар луу нэг өрөөнд авч орсон. Тухайн өрөөнд орж явах замдаа би ахлах гэх хүнд “би өөрийнхөө паспортыг олоогүй юм. Тэгээд яараад гарахдаа ихэр дүүгийнхээ паспортыг аваад гарчихсан юм” гэж үнэнээ хүлээсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/

3.Гэрч А.Ганчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Мөнх-Эрдэнэ нь миний төрсөн хүү байгаа юм. 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төрөх тасагт Лхагвасүрэнгийн ууган хүү болон төрсөн. Л.Мөнх-Эрдэнэ нь ихэр бөгөөд түүний ихэрийг Л.Мөнхжаргал гэдэг юм. Л.Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймагт эцэг эх дээрээ цэцэрлэгийн хүмүүжпээр хүмүүжиж байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр ангид 2002 онд элсэн суралцаж байгаад 3 дугаар ангиасаа манайх Улаанбаатар хот руу шилжээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд элсэн суралцаж 2012 онд тус сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд тухайн ондоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбооны ангид элсэж 2016 онд тус сургуулийг төгсөөд 2016 оны 08 дугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын мэдээлэл сүлжээний инженерээр одоог хүртэл ажиллаж байна. Л.Мөнх-Эрдэнэ нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ангийнхаа Дагиймаа гэж хүүхэдтэй үерхэж байгаад 2016 оноос эхлэн хамт амьдрах болсон. Л.Мөнх-Эрдэнэ нь одоо 2 настай охинтой юм. Л.Мөнх-Эрдэнэ төлөв даруу зантай, хүний үг сайн авдаг, гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж сайтай, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Л.Мөнх-Эрдэнэ архи тамхи хэрэглэдэггүй хүмүүжил сайтай. Ер нь манай хоёр ихэр хүү хүмүүжил сайтай гэж боддог. Одоо би нөхөр Лхагвасүрэн, хүү Л.Мөнх-Эрдэнэ, Л.Мөнхжаргал, бэр Дагиймаа, ач Саранчимэг нартай хамт амьдарч байна.  Л.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шиг санагдаж байна надад ажлын хүмүүс ОХУ-ын Улаан-Үүд хот руу итгэлт хамба руу явах гэж байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өглөө нөхөр Лхагвасүрэнгийн хамт гадуур гарчихсан байсан юм. Тэр хооронд ихэр Л.Мөнхжаргалынхаа гадаад паспортыг гэрийн бичиг баримт байдаг авдарнаас аваад явчихсан юм шиг байна лээ. Сүүлд энэ тухай мэдсэн. Өөрийнх нь гадаад паспорт хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

4.Гэрч  Б.Буянтогтохын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтын Монгол улсаас гарах чиглэл баримт бичиг шалгагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Баримт бичгийн шалгагчийн үүрэг нь улсын хилээр нэвтэрч байгаа хүмүүсийн баримт бичгийг шалгаж хилээр нэвтрүүлэх үүрэгтэй. Тухайн өдөр 21 цагийн орчим улсын хилээр гарах хүмүүсийн баримт бичгийг шалгаж байхад нэг эрэгтэй хүн Е1870243 дугаартай энгийн гадаад паспортыг шалгуулахаар өгсөн. Ингээд тус гадаад паспорт дээрх хүний зургийг баримт бичиг шалгуулж байгаа хүний зурагтай харьцуулахад зурган дээрх хүн зүүн хацартаа мэнгэтэй харин баримт бичиг шалгуулж байсан хүн нь мэнгэгүй байхаар сэжиг төрж гүнзгийрүүлэн иргэний бүртгэлийн сангаас Л.Мөнхжаргалын мэдээллийг шүүж үзэхэд ихэр болох нь тогтоогдсон. Тэгээд тухайн үед гадаад паспортаа шалгуулж байсан хүнээс та мэнгэтэй юу гэж асуухад сахлаа хусаж байгаад авчихсан гэх зэргээр ярихаар нь сэжиг төрсөн. Ингээд цааш нь тухайн өдрийн боомтын ээлжийн дарга, ахмад Баасанцогт хүлээлгэж өгсөн. Миний үүрэг нь зөрчил мөн эсэхийг тодруулж, ээлжийн даргад хүлээлгэж өгөх юм. Би өмнө нь Л.Мөнх-Эрдэнэ болон Л.Мөнхжаргал нарыг танихгүй. Би Л.Мөнх-Эрдэнээс Ургийн овог болон гэрээсээ хэдүүлээ вэ? Гэдэг талаар асууж тодруулсан. Тэгэхэд эхээс 2-уулаа, эгчтэй гэж хариулсан. Гэтэл улсын бүртгэлийн сангаас шүүхэд ихэр, нөгөө ихэр нь эрэгтэй болох нь тогтоогдож тухайн үед надад худал хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

5.Гэрч Ч.Мөнхзолбоогийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын 0101 дүгээр ангид цагийн хуваарийн дагуу ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр хилийн зөрчил гарсан тухай мэдээ боомтоос ирсэн. Ер нь хилийн зөрчлийн материалыг манай шалган нэвтрүүлэх тасаг дээр хянаж шалгадаг юм. Үүний дагуу хил зөрчигч болох Л.Мөнх-Эрдэнийг хилийн 0101 дүгээр ангид авч ирэхэд шалгалтын ажиллагааг явуулж хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Би Л.Мөнх-Эрдэнэ гэдэг зөрчил үйлдэгчтэй уулзаж ямар зорилгоор хил гарах гэж байсан, ямар учраас өөрийн ихэрийнхээ бичиг баримтыг ашиглах болсон, ямар ажил төрөл эрхэлдэг, гэр бүлийн байдал, ихэр нь хамт амьдардаг эсэх талаар тодруулж ярилцахад Л.Мөнх-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газарт мэдээлэл сүлжээний инженер ажилтай, ажлынхаа хүмүүстэй аялах зорилгоор явж байгаа, өөрийнхөө гадаад паспортан дээр нь хүүхэд нь эрээчээд биччихсэн болохоор хүчин төгөлдөр биш гэж бодсон гэх зэргээр ярьж байсан. Тухайн зөрчлийг баримт бичгийн шалгагч Б.Буянтогтох илрүүлсэн байсан. Ер нь хил зөрчигчийн үйлдэл нь тодорхой байсан учраас өөр зүйл асууж тодруулаагүй. Миний ажлын үндсэн үүрэг нь шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер нь Аптанбулаг, Сүхбаатар боомтонд шалган нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг шийдвэрлэх, зөрчлийг баримтжуулах гэсэн үндсэн чиг үүрэгтэй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

6.Гэрч П.Баасанцогийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчим Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын алба хаагчид хүүхдийн Дөл тэмцээнээр түрүүлсэн хүүхдүүдийг ОХУ-д аялуулахаар авч явж байна гэсэн мэдээллийг боомтын нэгдүгээр хаалганаас өгсөн. Тухайн үед би баримт бичгийн шалгагч Б.Буянтогтохын ажлын байрны хажуу талд хүнтэй юм яриад зогсож байсан чинь Б.Буянтогтох намайг дуудаад танаар нарийвчилсан шалгалт хийлгэмээр байна гэж хэлсэн. Түүний дагуу би Б.Буянтогтохын кабенд ороод иргэний бүртгэлийн мэдээллийн сантай Л.Мөнхжаргал гэсэн эзэмшигтэй паспортын мэдээллийг хайхад Л.Мөнхжаргал нь ихэр болох нь тогтоогдсон. Тэгэхээр нь Л.Мөнхжаргалын ихэр болох Мөнх-Эрдэний зургийг харьцуулахад баримт бичиг шалгуулж байгаа хүн нь Л.Мөнх-Эрдэнэ мөн байсан. Л.Мөнхжаргал нь зүүн хацартаа мэнгэтэй, харин Л.Мөнх-Эрдэнэ нь мэнгэгүй байсан. Ингээд Л.Мөнх-Эрдэнэ нь ихэр Л.Мөнхжаргалынхаа гадаад паспортаар нэвтрэх гэж байна гэдгийг мэдээд Л.Мөнхжаргал гэж хүний паспортыг үзүүлж байсан Л.Мөнх-Эрдэнийг дагуулаад ээлжийн даргын өрөөнд орсон. Тухайн үед Л.Мөнх-Эрдэнийг дагуулж явж байхдаа чамд өөр гадаад паспорт байхгүй юм уу? гэж асуухад Л.Мөнх-Эрдэнэ нь уучлаарай, энэ миний гадаад паспорт биш намайг Л.Мөнх-Эрдэнэ гэдэг юм, энэ паспорт нь миний ихэр Л.Мөнхжаргалынх байгаа юм. Миний гадаад паспортыг манай хүүхэд дээр нь эрээчиж зураад ашиглах боломжгүй болгочихсон юм гэж хэлсэн. Ингээд ээлжийн даргын өрөөнд ороод өөр хүний гадаад паспортаар нэвтэрсэн гэдгээ Л.Мөнх-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд хилийн зөрчлийг илрүүлсэн талаар хил боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, хошууч Э.Ганзоригт илтгээд 0101 дүгээр ангид зөрчлийн тухай материал бүрдүүлэх зорилгоор авчирсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

7.Гэрч Э.Ганзоригийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Хилийн 0101 дүгээр ангийн хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн албан тушаал нь хилийн боомтын аюулгүй байдал болон шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг өгөх чиглэлээр хангах, удирдлагын үүрэг гүйцэтгэдэг юм. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчим Аптанбулаг боомтын баримт бичгийн шалгагч, дэслэгч Б.Буянтогтох нь бусдын баримт бичгийг ашиглан улсын хилээр нэвтэрэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн талаар боомтын орлогч дарга, ахмад П.Баасанцог нь надад мэдэгдсэн. Ингээд удалгүй П.Баасанцог нь хилийн зөрчлийг материалжуулах зорилгоор хилийн цэргийн 0101 дүгээр ангийн байран дээр Л.Мөнх-Эрдэнэ гэж хүнийг авчирсан юм. Ингээд Л.Мөнх-Эрдэнэ гэж хүнтэй уулзаж яагаад ихэрийнхээ бичиг баримтыг ашигласан талаар асуухад Л.Мөнх-Эрдэнэ надад ихэр Л.Мөнхжаргалынхаа гадаад паспортыг ашиглаж улсын хилийг нэвтрэхийг завдсанаа хүлээн зөвшөөрч өөрийнх нь гадаад паспортан дээр хүүхэд нь эрээчиж, хүчин төгөлдөр байдал нь алдагдсан болохоор ихэрийнхээ паспортыг ашигласан гэж ярьж байсан. Ингээд тухайн зөрчлийн талаарх материалыг бүрдүүлж гарын үсэг зурсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

8.Гэрч Ц.Хосбаатарын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Аптанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын ээлжийн даргын үүрэг гүйцэтгэж байсан юм. Боомтын ээлжийн дарга нь тухайн өдөр боомтонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын хариуцах, үүрэг чиглэлээр хангаж удирдах, илрүүлсэн хилийн зөрчлийг ангийн штабт танилцуулж өгсөн чиглэлийн дагуу ажиллах үндсэн чиг үүрэгтэй байдаг юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчим ээлжийн даргын үүрэг гүйцэтгэж байхад П.Баасанцог над руу албаны холбоогоор яриад ээлжийн дарга нарын өрөөнд ороод ир гэсэн. Түүний дагуу очиход П.Баасанцог нэг эрэгтэй хүнтэй орж ирээд энэ хүн Л.Мөнхжаргал гэж хүний гадаад паспорт ашиглаж хил нэвтрэхийг завдсан. Өөрийн ихэрийнхээ паспортыг ашигласан юм шиг байна гэхээр нь П.Баасанцогтой хамт улсын бүртгэлийн сангаас Л.Мөнхжаргал, Л.Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсийн мэдээллийг харахад тухайн хүмүүс нь ихэр байх бөгөөд Л.Мөнхжаргал нь зүүн хацартаа мэнгэтэй байсан. Харин Л.Мөнх-Эрдэнэ нь мэнгэгүй байсан тиймээс Л.Мөнх- Эрдэнэ гэдэг хүн Л.Мөнхжаргал гэж ихэрийнхээ паспортыг ашигласан болохыг тогтоосон. Би тухайн үед Л.Мөнх-Эрдэнээс ямар зорилгоор ихэрийнхээ гадаад паспортыг ашиглаж хил нэвтрэхийг завдсан талаар асуухад миний гадаад паспортан дээр хүүхэд маань эрээчээд зурчихсан юм гэж байсан. Ингээд тухайн зөрчлийг шийдвэрлүүлж, хилийн зөрчлийн тухай материал бүрдүүлэхээр П.Баасанцогийн хамт хилийн 0101 дүгээр анги руу явуулсан. Тухайн зөрчлийг манай ээлжинд ажиллаж байсан баримт бичгийн шалгагч, дэслэгч Б.Буянтогтох илрүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/

9.Гэрч Л.Мөнжаргалын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ихэр ах Л.Мөнх-Эрдэнэ, манай аав Лхагвасүрэн, ээж А.Ганчимэг бид 4 хамт амьдардаг юм. Миний төрсөн ихэр ах Л.Мөнх-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн тамгын газар мэдээлэл сүлжээний мэргэжилтэн хийдэг юм. Надад Л.Мөнх-Эрдэнэ ажлынхаа хүмүүсийн хамт ОХУ-ын Улаан-Үүд хот руу ажлаар явах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө над руу утсаар яриад “чиний гадаад паспорт хаана байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “гэрт бичиг баримт байдаг авдаранд байгаа” гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ байгаагүй юм. Учир нь би христийн цуглаанд явдаг, христийн сүмийнхээ 4 дүгээр сарын 14-ний өдөр болох цуглаандаа бэлдэж 100 айлд “Амин шинэ ундарга” нэртэй христын сүм дээр хоносон юм. Тэгээд бүтэн сайны өглөө Л.Мөнх-Эрдэнэ утсаар яриад гадаад паспорт асуухаар нь хаана байгааг нь хэлчихээд утсаа тасалсан. Учир нь би цуглаантай байсан учраас утсаар яриад байж чадахгүй байсан. Миний гадаад паспортаар яах гэж байгааг нь тухайн үед тодорхой сайн мэдээгүй. Надад сүүлд нь “хил дээр очоод чиний паспортаар хил гарах гэж байгаад баригдчихсан” гэж байсан. Өөрийнх нь гадаад паспорт хаана байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Л.Мөнх-Эрдэнэ нь миний ихэр ах байгаа юм. Эхээс 2 уулаа өөр ах дүү байхгүй. Л.Мөнх-Эрдэнэ нь 2012 онд Нийслэлийн 17 дугаар дунд сургуулийн Цэцэгмаа багштай 11В ангийг надтай хамт суралцаж төгссөн. Бид хоёр нэг ангид суралцаж байсан. Л.Мөнх-Эрдэнэ 10 жилийн сургуулиа төгсөөд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн мэдээллийн сүлжээний инженер мэргэжлээр 2016 онд суралцаж төгссөн. 2016 оны 08 дугаар сард шиг санагдаж байна Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар мэдээлэл сүлжээний мэргэжилтэн, инженерээр ажилд ороод одоог хүртэл тэндээ ажиллаж байна. Л.Мөнх-Эрдэнэ нь 2 настай 1 охинтой, эхнэр нь Дагиймаа гэж хүн байгаа. Л.Мөнх-Эрдэнэ нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ямар нэгэн хорт зуршилгүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай хүн байгаа юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/

10.Гэрч Г.Энхбаярын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Л.Мөнх-Эрдэнийг танина. Л.Мөнх-Эрдэнэтэй хамт Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хамт ажилдаг юм. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллагддаг "Дөл” нэртэй цэрэг спортын тэмцээнд Чингэлтэй дүүргээ төлөөлж амжилттай оролцсон сурагчдыг ОХУ-ын Улаан-Үүд хотод аялуулж амруулах ажил зохион байгуулагдсан. Энэ хүрээнд тухайн хүүхдүүдийг хариуцан Засаг даргын тамгын газраас тодорхой тооны алба хаагчид явахаар болсон юм. Тэрэн дунд би өөрөө явж байсан юм. Мөн Л.Мөнх-Эрдэнэ явахаар болсон юм. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2 том оворын автобусаар Сэлэнгэ аймгийн Аптанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр 21 цагийн орчим очсон. Ингээд явж байсан бүрэлдэхүүн боомт дээр гадаад паспортаа шалгуулж байх үед шалгаж байсан шалгагч нар нь Л.Мөнх-Эрдэнийг түр хүлээж бай гээд бүх хүн шалгуулж дууссаны дараа шалгаад өөрийн ихэрийн гадаад паспортыг ашигласан байна, баримт бичгийн зөрчилтэй байна гэж хэлсэн. Тухайн үед бүх үйл ажиллагаа хуваарийн дагуу явж байсан болохоор Л.Мөнх-Эрдэнийг үлдээгээд цаашаа ОХУ руу явсан. Л.Мөнх-Эрдэнэ бид хоёр нэг хэлтэст ажилладаг, ажил үүргийн хувьд холбогддог болохоор ойр байдаг. Зан байдлын хувьд их төлөв даруу, өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин байгаа юм. Л.Мөнх-Эрдэнийн хувьд сурагчдыг яг хариуцаж, итгэмжлэл хийсэн зүйл байгаагүй. Өөрөө залуу хүн учраас тийм шийдвэр гаргасан. Зохион байгуулалтанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Л.Мөнх-Эрдэнийг авч явсан юм. Надад Л.Мөнх-Эрдэнэ өөрийн ихэрийн гадаад паспорттай явж байгаа талаараа огт хэлээгүй. Боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт баримт бичгээ шалгуулж, тусгаарлан шалгаж эхлэхэд нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37 дугаар хуудас/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн үйлдэлд Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж ирүүлсэн нь буруу харин шүүхээс төгссөн гэмт хэрэг гэж үзсэн болно.

Учир нь: Монгол улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Мнол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол улсын хил гэнэ” гэж, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл улсын хил гэдэг нь зөвхөн хилийн зурвас төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд гаалийн баталгаат бүс, агуулах, гаалийн хяналт шалгалтын талбай, хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтын бүс гэх зэргийг бүгдийг агуулсан ойлголт юм.

Иймд шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Монгол улсын хилийн зурваст нэвтэрч шалгалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа үйлдэл нь төгс үйлдэгдсэн гэмт үйлдэл гэж шүүхээс дүгнэн үзсэн болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна6

Шүүх шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотлобол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна.

Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 1450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.450.000 төгрөгөөр торгох ялаас доод татаж 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулав.       

Шүүгдэгч   энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэн Л.Мөнхжаргалын Е-1870243 дугаартай энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хргүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Гүнзгий овогт Лхагвасүрэнгийн Мөнх-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гүнзгий овогт Лхагвасүрэнгийн Мөнх-Эрдэнийг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан  Гүнзгий овогт Лхагвасүрэнгийн Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан Л.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэн Л.Мөнхжаргалын Е-1870243 дугаартай энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

7.Ялтан Л.Мөнх-Эрдэнэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                              Б.ЭРДЭНЭХИШИГ