Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 795

 

           

 

 

 

 

 

 

 

    2019        09          04                                   2019/ШЦТ/795

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

хохирогч: Б.Түвшинтогтох, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ;

арван зургаан насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэнгийн өмгөөлөгч: Б.Ганбат;

иргэний нэхэмжлэгч: Д.Ганцэцэг;

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хулангийн хууль ёсны төлөөлөгч): Р.Бат-Эрдэнэ;

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй М.Маргадын хууль ёсны төлөөлөгч): Б.Наранцэцэг;

иргэний хариуцагч: Б.Батнягт;

шүүгдэгч: А.Болд, Ц.Баатарсүрэн;

шүүгдэгч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч: Ж.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адъяагийн Болд, Цэдэвдолгорын Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн 1809027231219 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 267 тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнагдсан, ял шийтгэлгүй, ХГ60011973 регистерийн дугаартай, Харлаг Жамбал овогт Адъяагийн Болд,

 

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар байрны 120 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ВЭ73082013 регистерийн дугаартай, Хорчин овогт Цэдэвдолгорын Баатарсүрэн.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Хорчин овогт Цэдэвдолгорын Баатарсүрэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалт, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ний ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дүгээр хэсгийн 2.4.6 дахь хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 1.2.1 дүгээр зүйлийн 2, 1.2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дотор нь сууж явсан үйлчлүүлэгч болох насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн, хохирогч Б.Түвшинтогтох нарын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,

яллагдагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ний ерөнхий инженер Харлаг жамбал овогт Адъяагийн Болд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 дахь заалт, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ний ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дүгээр хэсгийн 2.4.6 дахь хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 1.2.1 дүгээр зүйлийн 19, 20 дахь хэсэгт заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дотор нь сууж явсан үйлчлүүлэгч болох насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн, хохирогч Б.Түвшинтогтох нарын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Болд мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Хүний эрүүл мэнд хохирсонд маш их харамсалтай байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баатарсүрэн мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлгээ хангалттай өгсөн тул одоо нэмж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Хүний эрүүл мэнд хохирсонд маш их харамсалтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түвшинтогтох мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 13-нд парк дээр “Сансарын хөлөг” тоглоом дээр хүү Хүслэнгийн хамт суусан юм. Тухайн үед бидэнд хамгаалалтын малгай өмсгөөгүй. Тухайн тоглоом дээр суугаад нар зөв эргэж байгаад 11 цагийн байрлалд тоглоом унасан. Унахдаа доод кабинаа цохисон. Би тухайн үед хүүдээ маш их санаа зовсон. Үүнээс болж миний 2 хавирга хугарч гэмтсэн. Гэмтлээс шалтгаалж ажил хийх боломжгүй болж, 21.000.000 төгрөгийн ажлын гэрээ цуцлагдсан. Хэрэв энэ ажлыг хийсэн бол 21.000.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг бусад хүмүүст цалинд өгч үлдсэн нь миний олох байсан орлого юм. Иймд одоо өмгөөлөгчийн хөлс, замын зардал, олох байсан орлого зэрэгт нийт 23.400.000 төгрөгийг буруутай хүмүүсээс нэхэмжилж байна. Хүү Хүслэнгийн хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ цаашид эмчилгээ хийлгэвэл гарах зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэг мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 13-нд 3 охиноо дагуулаад парк орсон. Ингээд “Сансарын хөлөг” тоглоом дээр суусан. Цагаансувд бид 2-ын сууж байсан кабин дээр тоглоомын кабин унасан. Охин Цагаансувд маань ухаан алдаж унасан. Түргэний эмч ирээд аваад явсан. Эмчилгээний зардалд нийт 3 сая гаруй төгрөг авсан. Одоо үлдэгдэл 357.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хулангийн хууль ёсны төлөөлөгч): Р.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Манай ач охин Т.Хулан парк дээр “Сансарын хөлөг” тоглоом дээр тоглож байгаад гэмтсэн. Эмчилгээтэй холбоотой зардлууд төлөгдсөн. Одоо гомдол байхгүй. Гэвч хүүхдийн айдас арилахгүй байна. Одоо паркийн тасалбар худалдан авахад төлсөн 60.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй М.Маргадын хууль ёсны төлөөлөгч) Б.Наранцэцэг мэдүүлэхдээ: Энэ хэрэг явдал болох үед би Сингапур улсад ажилтай явж байсан юм. Манай нөхөр “Маргад парк дээр тоглож байгаад гэмтсэн, бид 2 эмнэлэг явж байна” гэж утсаар ярьсан. Охин маань “Мөнххүслэнгийн төрсөн өдөр болж байна, бид нар парк явж тоглоно” гэхээр нь зөвшөөрсөн юм. Би 2 өдрийн дараа Сингапураас ирсэн. Охины маань биеийн нэг тал хөхөрсөн, хөл нь доголсон байсан. Эмчилгээний төлбөрт 340.000 гаруй төгрөг авсан. Охин маань сэтгэл зүйн цочролд орсон, тухайн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс нэг ч хүн ирж уулзаагүй. Энэ байгууллага хүүхдийн эрхийг маш ноцтой зөрчсөн, үүнд уучлалт гуйх ёстой гэж үзэж байна. Одоо онгоцны нислэгийн тийз сольсоны үнэ 200 Ам.доллар буюу 484.732 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Батнягт мэдүүлэхдээ: Иргэд сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол хүлээсэнд их харамсаж байна. Манай байгууллагын зүгээс одоогийн байдлаар хохирсон хүмүүст нийт 16.398.250 төгрөгийг төлсөн байна. Нотлох баримтаар тогтоогдсон иргэний нэхэмжлэл, хохирол төлбөрүүдийг төлж барагдуулах болно. Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван зургаан насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн /1хх-ийн 52-53/, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) О.Нарангэрэл /1хх-ийн 76-77/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7931 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136/, хохирогч Б.Түвшинтогтох /1хх-ийн 58-59/, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) П.Оюунчимэг /1хх-ийн 79-80/, гэрч Б.Анх-Эрдэнэ /1хх-ийн 87-88/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7592 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 141/, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /1хх-ийн 142-143/, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Г.Цагаансувдын хууль ёсны төлөөлөгч) С.Саранбилэг /1хх-ийн 61-62/, иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэг /1хх-ийн 67-68/, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хулангийн хууль ёсны төлөөлөгч) Р.Бат-Эрдэнэ /1хх-ийн 65/, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй М.Маргадын хууль ёсны төлөөлөгч) Б.Наранцэцэг, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) П.Оюунчимэг /1хх-ийн 79-80/, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Б.Мишээлийн хууль ёсны төлөөлөгч) Д.Төмөрсүх /1хх-ийн 70-71/,иргэний хариуцагч Б.Батнягт /1хх-ийн 83-84/, гэрч С.Цогтгэрэл /1хх-ийн 91-92/, гэрч Д.Бат-Амгалан /1хх-ийн 95-97/, гэрч Б.Дарьсүрэн /1хх-ийн 98-99/ нарын мэдүүлэг, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын ахлах байцаагчийн зөвлөмж /2хх-ийн 33-35/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчдийн дүгнэлт /1хх-ийн 154-157/, шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /1хх-ийн 158-159/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-28/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 31-33/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 30/, Ц.Баатарсүрэнг ажилд авсан тухай Үндэсний соёл амралтын үндэсний хүрээлэнгийн захирлын тушаал /1хх-ийн 225/, Ц.Баатарсүрэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /2хх-ийн 38-43/, Мэргэжлийн хяналтын газар Улсын ахлах байцаагчийн актын хуулбар /2хх-ийн 36-37/, А.Болдтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /2хх-ийн 44-48/, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам /2хх-ийн 72-79/, Ц.Баатарсүрэнгийн Хөдөлмөр хамгаалал, эрүүл аюулгүй ажиллагааны мэргэшсэн гэрчилгээний хуулбарууд /Зхх-ийн 26-31/, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрийн хуулбар /Зхх-ийн 5-19/, хохирлын баримтууд /3хх-ийн 57-68, 2хх-ийн 10-31, 2хх-ийн 5-9), яллагдагч А.Болдын мэдүүлэг /1хх 176-178/, яллагдагч Ц.Баатарсүрэнгийн мэдүүлэг /1хх 183-184/, Ц.Баатарсүрэнгийн хувийн байдлын талаархи баримтууд /3хх-ийн 26-37/, А.Болдын хувийн байдлын талаархи баримтууд /3хх-ийн 38-41/, хохирол төлбөртэй холбоотой болон хохирол төлсөн баримтууд /3хх-ийн 92-147/, шинээр өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Баатарсүрэн нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн 27.3.3-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”; Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.2 “Компанийн бүх нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар гарсан хууль тогтоомж, дүрэм журам, заавар зааварчилгаа хэрхэн биелэгдэж байгаа байдлыг тогтмол шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах”, 4.1.3 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, илэрсэн аюул, осол дөхсөн тохиолдлыг бүртгэн судалж, осолд дөхсөн тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох”; Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийн 2.4.6 “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг чанд мөрдөж ажиллах”; ажлын байрны тодорхойлолтын 1.2 дугаар зүйлийн 1.2.1 дэх хэсгийн 2 “Илэрсэн аюул осол, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн ажлын байр болон шалтгаанаар нь судалж, дээрх тохиолдлуудад үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох”, 1.2.2 хэсгийн 5 “Үйлдвэрлэл үйлчилгээний бүх нэгж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэснийг тус тус биелүүлээгүйн улмаас, 

 

шүүгдэгч А.Болд нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн 27.5.3-д заасан “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах”; Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.2 “Компанийн бүх нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар гарсан хууль тогтоомж, дүрэм журам, заавар зааварчилгаа хэрхэн биелэгдэж байгаа байдлыг тогтмол шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах”, 4.1.3 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, илэрсэн аюул, осол дөхсөн тохиолдлыг бүртгэн судалж, осолд дөхсөн тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох”; Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийн 2.4.6 “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг чанд мөрдөж ажиллах”; ажлын байрны тодорхойлолтын 1.2 дугаар зүйлийн 1.2.1 дэх хэсгийн 19 “Ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хөдөлмөр хамгааллын менежерээс авч ажил эхлүүлэх”, 1.2 дугаар зүйлийн 1.2.1 дэх хэсгийн 20 “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал авулгүй ажиллагааны дүрэм, журам, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөх, ажилтнуудаар мөрдүүлэх, мөрдөгдөж буй байдалд хяналт тавих” гэснийг тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унан, уг тоглоом дээр тоглож байсан иргэн Б.Түвшинтогтох, арван зургаан насанд хүрээгүй Ч.Мөнххүслэн нар хүндэвтэр гэмтсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

арван зургаан насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэнгийн /1хх-ийн 52-53/: “...Би Мишээлийн хамт 1 кабинд суусан бөгөөд бид 2-ын эсрэг талд 1 том эрэгтэй хүн, 1 хүүхэд суусан. 2 дахь хөлөг дотор Хулан, Маргад 2 суусан байсан. Тэгээд эргэж байгаад гэнэт зогссон ба Мишээл бид хоёрын суусан “Сансарын хөлөг” тоглоом доор зогссон байсан ба эсрэг талын сансарын хөлөг дээрээс унасан...Тоглоомын ажилтан “хөлөө сайн жийгээрэй, эд зүйлээ унагавал авч чадахгүй шүү, сайн бариарай” гэж хэлсэн. Малгай харагдаж байсан боловч бид нарт өмс гэж өгөөгүй...Би 175 см өндөртэй...зүүн хөл гишгэж болохгүй, өвдөгний үе хэсгээр хөндүүртэй, духны баруун доод болон баруун гарын тохойны доод талд оёдол тавиулсан, зүүн гарын тохой хэсгээр хөхөрч няцарсан...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) О.Нарангэрэлийн /1хх-ийн 76-77/: ”...Манай охин Ч.Мөнххүслэн рүү залгаж ярихад “би “Сансарын хөлөг” тоглоом дээр тоглож байгаад унаж бэртсэн найзынхаа цусыг арчаад сууж байна” гэхээр нь 15 цагийн үед ҮСАХ-д очсон. Түргэн тусламжийн эмч ирчихсэн Ч.Мөнххүслэнгийн толгойг боогоод зогсож байсан. Ч.Мөнххүслэнгийн зүүн дунд чөмөгний булууны хугарал, зүүн шаант ясны гадна булууны үений гадаргууны доош шахагдсан хугарал гэмтэл байгааг оношилсон....Монгол Улсад үзүүлсэн эмчилгээ, шинжилгээний бүх зардал мөнгийг төлсөн учраас бид БНСУ-д очиж нарийн шинжилгээ өгөөд ирсэн. Энэ зардлыг нэхэмжилж байна...Ойролцоогоор 8 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Мөнххүслэнгийн биед “зүүн дунд чөмөгний булууны хугарал, зүүн шаант ясны гадна булууны үений гадаргуугийн доош шахагдсан хугарал, дух, баруун тохойд шарх, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт” бүхий  мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7931 дугаар шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 136/,

 

хохирогч Б.Түвшинтогтохын /1хх-ийн 58-59/: “...”Сансарын хөлөг” тоглоом дээр өөрийн хүү Хүслэнгийн хамт тоглохоор суусан. Тухайн тоглоомыг ажиллуулж байсан залуу манай хүүхдийн өндрийг хэмжээд “танай хүүхэд тоглож болох юм байна” гээд бид хоёрыг нэг кабинд орж суулгасан...Тоглоом эхлэхээс өмнө тухайн тоглоомын ажилтнаас “наана чинь байгаа хамгаалалтын малгайг өмсөж болох уу?” гэж асуухад “”хүмүүс халууцаад байна” гээд өмсдөггүй юм, хүмүүс дургүйцээд байхаар нь бид нар өмсүүлдэггүй юм” гэж хэлсэн. Тэгээд тоглоом эхлээд цагийн зүүний дагуу нар зөв хэд хэдэн удаа эргэж байгаад зогсох төдий болоод цагийн зүүний эсрэг талруу эргэж эхэлсэн ба 2 дахь эргэлтэн дээр 11 цагийн байрлалаас хүү бид хоёрын сууж байсан “Сансарын хөлөг” тоглоом доошоо унасан. Доошоо унасны дараа хүү маань гайгүй байгаа гэж хараад хаалгыг онгойлгох гэтэл түгжээтэй онгойж өгөхгүй байсан. Тэгтэл манай ах цаанаас гүйж гарч ирээд тухайн тоглоомын хаалгыг онгойлгож хүү бид хоёрыг өргөж гаргасан. Тоглоомноос гараад хүүхдээсээ “бие чинь яаж байна, толгой тархи чинь өвдөж байна уу? яаж байна?” гэхэд хүү маань “толгой өвдөж байна, хөл хөдлөхгүй байна” гээд уйлаад байсан...Гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг “Med trauma” эмнэлэгт томограф зураг авахуулаад шүүх эмнэлэг дээр очиж үзсэн эмчдээ авахуулсан зургаа өгсөн. Тэгэхэд “таны зүүн талын 2 хавирга чинь хугарсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) П.Оюунчимэгийн /1хх-ийн 79-80/ “...Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эрсдэл, тухайн гэмтлээс болж ямар нэгэн эмчилгээ сувилгаа гарвал тухайн үед нь нэхэмжлэлээ гаргана.Тухайн үед ҮСАХ-с бид нарын буцах зардал, байрлаж байсан буудлын мөнгө, хоол унааны мөнгийг өгсөн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эмчилгээний зардалд 700.000 төгрөг бусад зардалд 2.000.000 төгрөг төлсөн байдаг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Анх-Эрдэнийн /1хх-ийн 87-88/: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай төрсөн дүү Түвшинтогтох, манай ээж Оюунчимэг, эхнэр Пүрэвсүх бид 4 хүүхдүүдээ тоглуулах гэж 14 цаг өнгөрч байхад парк дээр очсон бөгөөд эхний тоглоом дээрээ хүүхдүүдээ тоглуулчихаад 2 дахь тоглоом болох “Сансарын хөлөг” гэх тоглоом дээр тоглуулах гэтэл “140 см-ээс дээш өндөртэй хүүхдүүдийг тоглуулна” гэсэн учир Түвшинтогтох хүү Хүслэнтэйгээ хамт тоглохоор суусан. Харин манай хүүхдүүдийн өндөр нь хүрээгүй учраас тус тоглоомын хажуу талд нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ үзүүлж байсан хүн дээр очоод хүүхдийнхээ нүүрэн дзэр зураг зуруулж байгаад эргээд хартал Түвшинтогтох, Хүслэн хоёрын сууж байсан кабин 11 цагийн байрлалтай байхад тулгуур төмөр нь тасарч доошоо унахдаа 6 цагийн байрлалд байсан нөгөө кабинаа мөргөөд газарт унахад нь би очоод кабины хаалгыг онгойлгож хүмүүсийг гаргасан...Миний харснаар бол хамгаалах бүсийг нь чангалж байсан болохоос биш хамгаалалтын малгай огт өмсгөөгүй...тулгуур төмөр нь гагнаасаараа салж хугарч унасан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Түвшинтогтохын биед “зүүн талд 11, 12-р хавирганы хугарал, баруун
тохойд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх
боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т
зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр
зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7592 дугаар шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 141/,

 

дээрх дүгнэлтийг гарагасан шинжээч эмч Б.Долгормаагийн /1хх-ийн 142-143/: “...Б.Түвшинтогтохын биед учирсан хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хугарлын түвшинд хүрч үйлчилсний улмаас буюу тухайн хэсэг газарт цохих, цохигдох, тэр хэсгээр мохоо гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой....тухайн гэмтлийг авсны дараа хугарлын түвшинд, өвдөх амьсгал авахад өвдөх тэмтрэхэд тухайн хүнд өвдөлт өгөх шинж тэмдэг илэрнэ...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Г.Цагаансувдын хууль ёсны төлөөлөгч) С.Саранбилэгийн /1хх-ийн 61-62/: “...Д.Ганцэцэг залгаж “Г.Цагаансувд бид 2 “Сансарын хөлөг” тоглоом дээр тоглож байтал дээрээс юм унаас гэмтлийн эмнэлэг рүү явж байна. Цагаансувд ухаангүй байна” гэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очсон...Г.Цагаансувд нь 2004 онд төрсөн. 160 орчим см өндөр нуруутай...Миний тооцоолсноор хоёр сая гаран төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд мөнгийг шилжүүлсэн байдаг. Нарийн тооцоог нь хэлж мэдэхгүй байна...Би зээ охин Г.Цагаансувдыг Солонгос улсруу авч яваад бүрэн шинжилгээнд оруулмаар байна. Солонгос улсад очиж шинжилгээнд оруулах бүх зардлыг гаргуулж авмаар байна. Тухайн зардалд хэдэн төгрөг шаардлагатай талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн /1хх-ийн 67-68/: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гурван охины хамт ҮСАХ-д очиж тоглосон. Тэгээд тоглож байгаад 14 цагийн үед том охин Г.Цагаансувдын хамт “Сансарын хөлөг” тоглоом дээр тоглосон. Тэгээд тоглож байтал тоглоом гэнэт зогсоод бид хоёрын сууж байсан тоглоом дээрээс маш хүчтэй зүйл унаж бид нарын тоглоомыг мөргөсөн. Энэ үед охин бид нар хоорондоо мөргөлдөж зүүн бугалга, зүүн хөлөө төмрөнд цохиж гэмтсэн. Тэгтэл бид нарыг хүмүүс тухайн тоглоом дотроос татаж гаргасан. Тоглоом дотроос гараад хартал нөгөө талын “Сансарын хөлөг” тоглоомын гар нь хугарч бид нарын сууж байсан тоглоом дээрээс унасан байсан...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Төлбөрийг төлсөн. 2018 оны 07 дугаар сард “Гурван ачлал” сувилалд хэвтэж эмчлүүлэх зардлыг төлсөн. Өөр ямар нэгэн төлбөр барагдуулаагүй...гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хулангийн хууль ёсны төлөөлөгч) Р.Бат-Эрдэний /1хх-ийн 65/: “...Манай ач охин Т.Хулан ангийнхаа хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд очиж тоглохоор найз нартайгаа явсан. Тэгтэл 2 дахь тоглоом дээрээ суугаад тоглож байтал дээрээс нь юм нурж орж ирээд юм мөргөсөн гэж ярьсан...толгой хүзүү нь хөшиж өвдөж байна. Мөн алхаж гишгэхэд баруун хөл нь гишгэж болохгүй байна гэсээр ирсэн. Тухайн өдөр худалдаж авсан билет тасалбарын 60.000 төгрөгийг буцааж өгөөгүй гэсэн. Тухайн мөнгийг нэхэмжилж байна..Тухайн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний мөнгийг өгсөн байсан. Бид нарын зүгээс дахиж эмнэлэгт үзүүлээгүй. Нэхэмжлэх зүйл үгүй...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй М.Маргадын хууль ёсны төлөөлөгч) Б.Наранцэцэгийн “...2018 оны 06 дугаар 13-ны өдөр манай нөхөр утсаар залгаад “Маргад ҮСАХ-д тоглож байгаад “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас гэмтэж бэртсэн байна. Бид 2 одоо гэмтлийн эмнэлэг дээр байна” гэж хэлсэн…Эмчилгээ сувилгааны зардалд 340.500 төгрөг болсон. Мөн хүүхэд гэмтсэн тул харах хүн байхгүй байсан учраас Сингапур улсад хийж байсан ажлаа цуцлаад онгоцоор ирэх билетээ өөрчилж мөнгө төлсөн учраас тухайн мөнгийг нэхэмжилж байна. Яг хэдэн төгрөгийн зөрүү мөнгө өгсөн талаар одоогоор мэдэхгүй байна, лавлагаа аваад өгье...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) П.Оюунчимэгийн /1хх-ийн 79-80/ “...Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эрсдэл, тухайн гэмтлээс болж ямар нэгэн эмчилгээ сувилгаа гарвал тухайн үед нь нэхэмжлэлээ гаргана.Тухайн үед ҮСАХ-с бид нарын буцах зардал, байрлаж байсан буудлын мөнгө, хоол унааны мөнгийг өгсөн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эмчилгээний зардалд 700.000 төгрөг бусад зардалд 2.000.000 төгрөг төлсөн байдаг...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Б.Мишээлийн хууль ёсны төлөөлөгч) Д.Төмөрсүхийн /1хх-ийн 70-71/: “...MRI болон томографийн зураг авахуулсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Тухайн мөнгө 45.000 төгрөг болсон. Өөр мөнгө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

иргэний хариуцагч Б.Батнягтын /1хх-ийн 83-84/: “...Манай байгууллагын ерөнхий инженерээр А.Болд, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн ажилтнаар Ц.Баатарсүрэн гэж хүмүүс ажилладаг юм. Тухайн хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Ерөнхий инженер А.Болд 20 гаран жил, Ц.Баатарсүрэн 7-8 жил ажиллаж байгаа манай байгууллагын туршлагатай ажилчид юм...Манай байгууллагаас Цагаансувд, Ганцэцэг нарт 3.342.650 төгрөг, Хүслэн, Түвшинтогтох нарт 3.489.200 төгрөг, Хуланд 652.000 төгрөг, Мөнххүслэнд 8.023.900 төгрөгийн эмчилгээ сувилгаа бусад шаардлагатай байгаа гэх хохирол мөнгийг төлж барагдуулсан. Цаашид энэ асуудалтай холбогдож гарсан бодит зардлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Цогтгэрэлийн /1хх-ийн 91-92/: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим ажлын өрөөндөө байж байтал гаднаас нэг хүүхэд орж ирээд “тоглоомноос хүүхдүүд уначихлаа туслаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь араас нь гүйгээд “Сансарын хөлөг” тоглоом дээр очиход уг тоглоомны 1 кабин доош унасан байдалтай байсан ба унасан кабины хажууд 2 эмэгтэй хүүхэд цус алдаж гэмтсэн байдалтай сууж байхаар нь эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн. Тусламжийг үзүүлээд дуусч байхад өөр нэг хүүхэд ухаан алдсан байгаа гэж хажууд зогсож байгаа хүн хэлсэн. Тэгэхээр нь би ухаан алдсан хүүхдийн амин үзүүлэлтийг шалгаж, анхан шатны тусламж үзүүлж 103 төвийн эмчид хүлээлгэж өгсөн. Тус хүүхдүүдээс гадна гэмтсэн 4 хүүхэд байсан. 2 эмэгтэй хүүхэд нь оффис дотор нөгөө хоёр нь паркийн машинтай ГССҮТ рүү явсан...” гэх мэдүүлгээр /1хх 91-92/

 

гэрч Д.Бат-Амгалангийн /1хх-ийн 95-97/: “...Ерөнхий инженер Болд нь тоглоомуудыг шалгаад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан бол тогтоох ёстой...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дарьсүрэнгийн /1хх-ийн 98-99/: “...Би 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 10:00 цагт ажил дээрээ ирж хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн ажилтан Ц.Баатарсүрэнгээс зааварчилгаа авч дэвтэр дээр гарын үсэг зурж ажилдаа гарсан. Өдөр 15:30 цагийн үед “Сансарын хөлөг” нэртэй тоглоомыг ажиллуулж байх үед чанга дуу чимээ гарч би тоглоомыг зогсоосон. Ажлын өрөөнөөс гарах үед уг тоглоомын 2 кабин дээр байрласан кабин нь унасан. Унахдаа доор байрласан кабинаа цохиж унасан. Би унасан кабин руу очиход дотор нь 16-18 орчим насны 2 эмэгтэй хүүхэд байсан. Нэг охины толгой орчим цус болсон нөгөө охины хөл хөдөлж болохгүй байна гэж байсан. Доор байрлах кабинд нь мөн 16-18 насны 2 хүүхэд байсан...” гэх мэдүүлгээр,

 

“...5. “Техникийн бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа “Сансарын хөлөг” тоглоомын гар (сум)-д гагнуур хийсэн газарт зэврэлтээс хамгаалах будаг түрхлэг хийж, өнгө үзэмжийг сайжруулах”...” хэмээн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын ахлах байцаагчийн зөвлөмж явуулж байснаар /2хх-ийн 33-35/,

 

“...”Сансарын хөлөг” тоглоом ажиллаж байх үед гар (сум)-ны үндсэн ферм (холбоос шилбэнүүд) хугарснаас үүдэн тухайн осол болсон...”Сансарын хөлөг” тоглоомын гар (сум)-ны үндсэн ферм металл хийцийн хэсэгт ан цав гарч, зэврэлт үүссэн, фермд хийсэн гагнуур нь шаардлага хангаагүйгээс ашиглалтын үеийн ачааллыг даахгүй хугарч осол гарах шалтгаан болсон байна... хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтан Ц.Баатарсүрэнгийн ажлын байрны тодорхойлолтод “Үйлдвэрлэл үйлчилгээний бүх нэгж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах”, ерөнхий инженер А.Болдын ажлын байрны тодорхойлолтод  “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журам, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөх, ажилтнуудаар мөрдүүлэх, мөрдөгдөж буй байдалд хяналт тавих”, “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам болон бусад байгууллагын дүрэм журмыг нийт хэлтсийн ажилтнууддаа мөрдлөгө болгох” гэж тус тус заасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “.Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана” гэсний дагуу дээрх ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа болон тухайн тоглоомын (“Сансарын хөлөг”) аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй байсан байна...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн 27.3.3-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”-ыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ц.Баатарсүрэн,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн 27.5.3-д заасан “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах”-ыг ерөнхий инженер А.Болд биелүүлэх үүрэгтэй байсан...” гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр /1хх-ийн 154-157/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгийн /1хх-ийн 158-159/: “...”Сансарын хөлөг” тоглоомонд үзлэг шалгалтыг хийх явцад “Сансарын хөлөг” тоглоомын аль нэг талын сум буюу гаранд гагнуур хийсэн, зэврэлтэй, гагнуур хийсэн байдал нь хуучин байсан учраас тухайн газрын ХАБЭА-н инженер Ц.Баатарсүрэн, ерөнхий инженер А.Болд нарт “тухайн металл хийцэд чанарын шалгалт хий, ан цав эвдрэл гэмтэл байвал хүчитгэл (ан цав гарсан байвал тухайн хэсэг дээр металл тавьж гагнах) хий, зэврэлтээс хамгаалах үүднээс гадаргууг будах” талаар зөвлөгөө өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-092/190 дугаартай албан бичгийн 5 дугаар заалтад мөн адил дурдсан байгаа...Манай улсад Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгаа тоглоомуудыг аюулгүй ашиглах талаар ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байхгүй. Манай байгууллагын зүгээс тухайн тоглоомуудыг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн техникийн бичиг баримтыг үндэслэн аюулгүй ажиллагааг нь шалгадаг. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтаар “Сансарын хөлөг” тоглоом нь үйлдвэрлэгчээс гаргаж өгсөн техникийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай албан бичгийг хүргүүлсэн...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгээр “Сансарын хөлөг тоглоомын rap (сум) хэсэгт ан цав гарсан зүйл ажиглагдаагүй. Урд өмнө ан цав гараад сум хэсгийг хүчитгэж нэмэлт металл тавьж гагнасан байсан. Тухайн гагнасан хэсэг нь хуучирч муудсан, зэвэрсэн байсан учраас дахин шалгаж, хүчитгэл хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар албан бичиг хүргүүлсэн...Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ерөнхий инженер А.Болд, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Ц.Баатарсүрэн болон өөр хоёр засварчин байсан. Тухайн 2 засварчин нь шат зөөх, үзлэг хийх явцад шаардлагатай багаж хэрэгсэл ойртуулах зэргээр тусалж явсан...Үзлэг шалгалтаар “Сансарын хөлөг” тоглоомын гар (сум) хэсэгт хүчитгэсэн, металл гадаргуу тавьж гагнасан хэсгээр хугарсан байсан. Энэ нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэг шалгалтаар илэрсэн хэсгээр хугарсан гэсэн үг юм...” гэх мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-28/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 31-33/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 30/, Ц.Баатарсүрэнг ажилд авсан тухай Үндэсний соёл амралтын үндэсний хүрээлэнгийн захирлын тушаал /1хх-ийн 225/, Ц.Баатарсүрэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /2хх-ийн 38-43/, Мэргэжлийн хяналтын газар Улсын ахлах байцаагчийн актын хуулбар /2хх-ийн 36-37/, А.Болдтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /2хх-ийн 44-48/, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам /2хх-ийн 72-79/, Ц.Баатарсүрэнгийн Хөдөлмөр хамгаалал, эрүүл аюулгүй ажиллагааны мэргэшсэн гэрчилгээний хуулбарууд /Зхх-ийн 26-31/, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрийн хуулбар /Зхх-ийн 5-19/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Болд, Ц.Баатарсүрэн нар нь мэргэжлийн байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдсэний дагуу ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд “Сансарын хөлөг” тоглоомын үүсч болох аюулыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хамтран ажиллаагүй, уг тоглоомоор үйлчлүүлж буй иргэдийн тоглож байгаад үүсэх эрсдлийн тохиолдолд үнэлгээ хийгээгүй, үүнээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны биелэлтийг хангуулаагүй, энэ талаар ямар нэг арга хэмжээ аваагүйгээс ”Сансарын хөлөг” тоглоом ажиллаж байх үед гар (сум)-ны үндсэн ферм (холбоос шилбэнүүд) хугарч унан хоёр хүн хүндэвтэр гэмтсэн үр дагаварт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

Гэвч А.Болд, Ц.Баатарсүрэн нарын үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч А.Болд, Ц.Баатарсүрэн нар нь дээрх гэмт хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул  уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-иас гэм хорын нөхөн төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 16.398.250 төгрөгийг төлжээ.

 

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх учиртай.

 

Хохирогч Б.Түвшигнтогтохын хувьд тэрээр “Их материал” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийт 21.000.000 төгрөгийн “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь 3 дугаар хавтас хэргийн 57-67 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Түвшинтогтох нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтсэний улмаас дээрх “ажил гүйцэтгэх” гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. Ийм учраас хохирогчийн олох байсан орлого гэх 19.200.000 (1.800.000 төгрөг хасагдсан) нэхэмжлэлийг иргэний хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Мөн Б.Түвшинтогтох гэмт хэргийн улмаас “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах”, замын зардал гаргах зэрэг үр дагаварт хүрсэн тул дээрх бүгдийг гэмт хэргийн хор уршигт тооцож 2.400.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ч.Мөнххүслэнгийн тухайд тэрээр БНСУ-д нийт 11.200.932 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудаар,  иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн 357.000 төгрөгийн (2хх-ийн 10-31), иргэний нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн 484.732 төгрөгийн (2хх-ийн 5, 9) баримттай нөхөн төлбөрүүд тогтоогдож байх тул дээрх мөнгийг мөн иргэний хариуцагчаас гаргуулан тэдэнд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Г.Цагаансувдын хууль ёсны төлөөлөгч) С.Саранбилэг, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хулангийн хууль ёсны төлөөлөгч) Р.Бат-Эрдэнэ (нэхэмжилсэн 60.000 төгрөг нь Ч.Мөнххүслэнд олгогдслн), иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Т.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч) П.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч (арван зургаан насанд хүрээгүй Б.Мишээлийн хууль ёсны төлөөлөгч) Д.Төмөрсүх нарт төлөх төлбөргүй болно.

 

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой асуудал үүсвэл баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний хариуцагч байгууллага нь гэмт хэргийн улмаас бусдад нөхөн төлсөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харлаг Жамбал овогт Адъяагийн Болдыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Хорчин овогт Цэдэвдолгорын Баатарсүрэнг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч А.Болд, Ц.Баатарсүрэн нарт Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгүй.

 

          3. Шүүгдэгч А.Болд, Ц.Баатарсүрэн нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар иргэний хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-иас (Б.Батнягт) нийт 33.642.664 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Түвшинтогтоход 21.600.000 төгрөг, хохирогч Ч.Мөнххүслэнд 11.200.932 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэгт 357.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Наранцэцэгт 484.732 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч, шүүгдэгч нар нь нь иргэний нэхэмжлэгч С.Саранбилэг, иргэний нэхэмжлэгч  Р.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч  П.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч  Д.Төмөрсүх нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой асуудал үүсвэл баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Иргэний хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК (Б.Батнягт) гэмт хэргийн улмаас бусдад нөхөн төлсөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Болд, Ц.Баатарсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Болд, Ц.Баатарсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ