Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1222

 

 

 

 

 

                                   

А.Б, Ц.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор Г.Цогтгэрэл,

хохирогч Б.Түвшинтогтох,

шүүгдэгч А.Б, Ц.Б,

шүүгдэгч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Батмөнх,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

                      

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/795 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Б.Батнягтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, Ц.Бнарт холбогдох 1809027231219 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                                       

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Ц.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалт, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дүгээр хэсгийн 2.4.6 дахь хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 1.2.1 дүгээр зүйлийн 2, 1.2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дотор нь сууж явсан үйлчлүүлэгч болох насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн, хохирогч Б.Түвшинтогтох нарын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ерөнхий инженер А.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 дахь заалт, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дүгээр хэсгийн 2.4.6 дахь хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 1.2.1 дүгээр зүйлийн 19, 20 дахь хэсэгт заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дотор нь сууж явсан үйлчлүүлэгч болох насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн, хохирогч Б.Түвшинтогтох нарын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Б, Ц.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

            -шүүгдэгч Ц.Б хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч А.Б, Ц.Бнарт Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч А.Б, Ц.Бнар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар иргэний хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-аас (Б.Батнягт) нийт 33.642.664 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Түвшинтогтоход 21.600.000 төгрөг, хохирогч Ч.Мөнххүслэнд 11.200.932 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэгт 357.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Наранцэцэгт 484.732 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч С.Саранбилэг, иргэний нэхэмжлэгч  Р.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч  П.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч  Д.Төмөрсүх нарт төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой асуудал үүсвэл баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК (Б.Батнягт) гэмт хэргийн улмаас бусдад нөхөн төлсөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

                                                                                                                  

Иргэний хариуцагч Б.Батнягт давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хулээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх учиртай. Хохирогч Б.Түвшинтогтохын хувьд тэрээр “Их материал” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нийт 21,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 3 дугаар хавтас хэргийн 57-67 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Б.Түвшинтогтох нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтлийнхээ улмаас дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй учраас хохирогчийн олох байсан орлого гэх 19,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Б.Түвшинтогтох гэмт хэргийн улмаас өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, замын зардал гаргах зэрэг үр дагаварт хүрсэн тул дээрх бүгдийг гэмт хэргийн хор уршигт тооцож 2,400,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.” гэж үзсэн.

Гэтэл хохирогч Б.Түвшинтогтохын мөрдөн шатгах ажиллагааны үед гэм хор учирсан гэх дараах баримт /3-р хх 57-67/-уудыг гаргаж өгсөн. Үүнд:

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон “Их материал” ХХК-ийн захирал Б.Анх-Эрдэнэ нарын хооронд БЗА-42/18 дугаар “Бурхан багшийн бадыг алтдах ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ” байгуулагдсан байдаг. Тус гэрээнд ажил гүйцэтгэгчийг төлөөлж “Их материал” ХХК-ийн ерөнхий инженер Б.Түвшинтогтох гарын үсэг зурсан.

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Их материал” ХХК-ийн захирал Баярмөнх  овогтой Анх-Эрдэнэ болон иргэн Б.Түвшинтогтох нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан.

Тус гэрээний 8 дугаар зүйл буюу нэмэлт нөхцөл хэсэгт “Ажил гүйцэтгэгчийн биеийн байдлаас шалтгаалан гэрээний үүргээс чөлөөлж урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг авав” гэсэн утга бүхий заалтыг оруулсан.

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Их материал” ХХК нь 18/36 тоот албан бичгээр “Баярмөнх овогтой Түвшинтогтох нь 2018 оны дугаар сарын 13-ны өдөр осол гарч бэртэн ажил хийх чадамжгүй болсон тул 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийн дагуу ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, өөр хүнээр хийлгэсэн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт гаргасан.

“Их материал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн буюу захирлаар хамгийн сүүлд Давшзэвэг овогтой Баярмөнхийг томилсныг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд “Их материал” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь хэн болох, хохирогч Б.Түвшинтогтох нь “Их материал” XXК-ийн ажилтан /ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл хөдөлмөрийн гэрээ байгуулах/ мөн эсэх, Ажил гүйцэтгэх гэрээнд заасан нэмэлт нөхцөлийг хэзээ, хэн оруулсан эсэх, Б.Түвшинтогтох гэрээний дагуу урьдчилгаа гэх 5,000,000 төгрөгийг ямар баримт үйлдэж авсан, хэрхэн буцааж төлсөн эсэх, “Их материал” ХХК-ийн захирал гэх Баярмөнх овогтой Анх-Эрдэнэ, ерөнхий инженер, ажил гүйцэтгэгч Баярмөнх овогтой Түвшинтогтох нар нь ямар хамааралтай эсэх зэрэг нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй эргэлзээтэй байна.

Мөн шүүх хуралдаан дээр хохирогч Б.Түвшинтогтох “Бурхан багшийн бадыг алтдах ажлыг би хүмүүсийг сургаж хийж гүйцэтгэсэн, нийт ажлын хөлснөөс 1,800,000 төгрөгийг ажил гүйцэтгэсэн хүнд өгсөн” гэх агуулга бүхий тайлбар мэдүүлсэн.

Мөн улсын яллагчийн зүгээс хохирогч Б.Түвшинтогтоход гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй гэх олох байсан орлогыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн. 

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Түвшинтогтохоос эрүүгийн хавтас хэрэгт өгсөн дээрх баримтууд, шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэрэг нь манай байгууллагыг түүнд гэм хор учруулсан гэдгийг бүрэн нотлохгүй байтал анхан шатны шүүх иргэний хариуцагчаас гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/795 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон 39.6 дугаар зүйлд зааснаар “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул хохирогч Б.Түвшинтогтоход учирсан гэм хортой холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Түвшинтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гарсан тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний эцэг болох Дашзэвэг овогтой Баярмөнх нь анх энэ компанийг үүсгэн байгуулсан. Манай аав 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр элэгний хорт хавдар гэх өвчнөөр бурхан болсон. Тухайн үед өв нээх жилийн хугацаа бүрдээгүй байсан учраас манай том ах Анх-Эрдэнэ гэрээн дээр гарын үсэг зурж ,батлуулаад гэрээгээ хийсэн. Би аавын компанид барилгын инженерээр ажилладаг. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй, ерөнхийдөө гэр бүлийн компани гэдэг утгаараа манай ээж хүртэл нягтлангийн ажил хийдэг. Тухайн өдөр буюу 5 дугаар сарын 25-нд энэ ажлыг аваад гэрээ хийж гүйцэтгэх нийт үнийн дүн нь 45.000.000 төгрөгийн өртөгтэй ажил байсан. Үнэт металл алтаар бурхан багшийн суурийн хэсгийг алтдах ажил байсан. Би урьд нь бурхан багшийн их биеийг алтдаж байсан туршлагатай болохоор тухайн үед ах бид 2 хоорондоо тохиролцоод ах хэлэхдээ “за хоёулаа 45.000.000 төгрөгөөс гарах зардлуудаа хасаад 41.000.000 төгрөг үлдэнэ. Үүнээсээ 21.000.000 төгрөгөөр чи ажлаа аваад хий, үлдсэн 20.000.000 төгрөгөөр татвараа төлөөд би авъя” гэсэн. Тухайн үед гэрээ хийсэн шалтгаан нь улсын ажил болохоор 3 жилийн баталгаа өгдөг. Чи өөрөө гүйцэтгэх учраас дараа нь ямар нэгэн асуудал гарвал баталгааныхаа хугацаанд өөрийнхөө зардлаар засаарай гэсний үндсэн дээр 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ хийгээд 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ирээд хамт ажиллах байсан бурхан урлаач хүнтэй уулзсан. Хүүхдүүдийн амралт эхэлсэн байсан тул дүүгээ дагуулж ирээд парк дээр тоглуулаад буцаад Эрдэнэт рүү ажил гүйцэтгэхээр явах байсан хугацаанд ийм зүйл болсон. Үүнээс болж миний 2 хавирга хугарч, удаан хугацаагаар хөдлөх ямар ч боломжгүй болсон. Бадийн хэсэг 2 метрийн өндөртэй, байнгын хэвтэж, сууж, босож байж тэр ажлыг гүйцэтгэдэг. 4:4 см хэмжээтэй жижиг алтыг 170 см квадрат газарт наах ёстой байсан учир миний хувьд яагаад ч гүйцэтгэх боломжгүй байсан...” гэв.

 

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тайлбар байхгүй...” гэв. 

Шүүгдэгч Ц.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тайлбар байхгүй...” гэв. 

 

Шүүгдэгч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хохирогч Б.Түвшинтогтохын гаргаж өгсөн баримтуудыг үнэлэхдээ харилцан зөрүүтэй байсан баримтуудыг огт анхаарч үзэлгүйгээр шууд дүгнэлт хийгээд гаргах үндэслэлтэй байна гэж үзсэн. Бид гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Анх бурхан багшийн бадийг алтдах ажлын гэрээ байгуулахдаа хохирогч Б.Түвшинтогтох энэ компанийн ерөнхий инженер гэдэг албан тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байсан. Прокурорт гаргаж өгсөн 3 дугаар хавтас хэргийн 57 дугаар хуудсанд байгаа баримт дээр нийгмийн даатгалын хуулбар гэж байсан боловч яг гаргаж өгсөн баримт дээр байхгүй байгаад байдаг. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байсан бол Б.Түвшинтогтох нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаж байсан эсэх нь тодорхой болох юм. Гэтэл хохирогч анхан шатны шүүхэд тайлбарлаагүй тайлбараа сая хийлээ. Сая гэр бүлийн компани гэж тодорхой хэллээ. Ажил гүйцэтгэх гэрээг өөрийн төрсөн ахтай байгуулсан байдаг. Тэр гэрээг байгуулах эрхтэй этгээдийг Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад Дашзэвэг овогтой Баярмөнх гээд өөр хүний нэр байдаг. Үүнээс дүгнэхэд, ажил гүйцэтгэх гэрээ үнэн бодитой байгуулсан юм уу, ажил гүйцэтгэх урьдчилгаа 5.000.000 төгрөгийг хохирогч хэнээс аваад, буцаагаад ямар байдлаар өгсөн юм гэдэг нь ямар ч тодорхойгүй байгаа. Хэрвээ хохирогч ямар нэгэн байдлаар ажлыг гүйцэтгэх боломжгүй гээд нэмэлт гэрээ байгуулж байгаа бол энэ 2 тусдаа гэрээ байгуулах байтал зүгээр гэрээн дээрээ энэ хүн гүйцэтгэх боломжгүй байлаа гээд бичсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ байгуулагдаад байгаа гэрээнүүдэд шүүх дүгнэлт хийхэд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Шүүх өөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх тул энэ журмаар нотлох баримтаа бүрэн бүрдүүлсний дараа нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул энэ хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Гэрээтэй холбоотой 19.200.000 төгрөгийг гаргуулах талаар гомдож байгаа юм байна. Анхан шатны шүүх хурал дээр улсын яллагчаар орж дүгнэлт гаргахдаа яг энэ асуудлыг няцаах байр суурьтай оролцож байсан. Хохирогч Б.Түвшинтогтох өөрийн ахтайгаа хийсэн гэрээний талаар тайлбарлалаа. Гэрээний үүрэг хангагдаагүй байгаа нөхцөлийг л хангуулах гээд байгаа тайлбарыг хэлдэг. Гэхдээ хэргийн нөхцөл байдлыг харахаар хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримтуудыг харахаар гэрээ байгуулагдаж, гэрээ байгуулагдсан хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүйн улмаас хор уршиг учирсан болон  хохирогчоос ямар нэгэн зардал гараагүй байгаа. Зүгээр гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан байгаа.  Тэгэхээр үүнийг заавал олгуулахаар шийдвэрлэнэ гэсэн заалт байхгүй.  Мөн цаашид гарах зардал буюу гэм хор, хохирол учирснаас гарах үр дагаврыг шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт нээлттэй үлдээсэн байгаа. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын иргэний хариуцагч Б.Батнягтаас гаргуулах заалтыг өөрчлүүлэх, тодруулбал зөвхөн гэрээнээс үүдсэн 19.200.000 төгрөгийг өөрчлүүлэх саналтай байна. Харин замын зардал, өмгөөлөгчийн зардал гэдэг бол гэмт хэргийн улмаас шууд учирсан хор уршиг мөн. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан бол замын зардал, өмгөөлөгчийн зардал гаргахгүй байсан. Энэ хүний халааснаас гарсан бодит зардал хор уршиг байж байгаа учраас үүнийг олгох нь зүйтэй. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж чадаагүй байгаа. Хэрвээ энэ гэрээ байгуулагдсан гэж үзэхэд тодорхой хэмжээнд хохирогчийн зүгээс бараа материал авчихсан, тодорхой хэмжээнд зардал гаргачихсан бол шууд хор уршигт тооцоод шүүх шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл хэргийн нөхцөл байдалд зөвхөн гэрээ хийгдээд, цуцлагдсан байж байгаа. Тэгэхээр үүнийг цааш баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 заалтад өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв. 

                       

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Ц.Бнь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтад заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан: ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах ...чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлд заасан ”Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны хүлээх үүрэг”-ийн 4.1.2-т “компаний бүх нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар гарсан хууль тогтоолж, дүрэм журам, заавар зааварчилгаа хэрхэн биелэгдэж байгаа байдлыг тогтмол шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авах”, 4.1.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирлага төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, илэрсэн аюул, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн судалж, осолд дөхсөн тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох”, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ажилтны хүлээх үүргийн 2.4.6-д “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг чанд мөрдөж ажиллах”, ажлын байрны тодорхойлолтын 1.2 дугаар зүйлийн 1.2.1 дэх заалтад заасан ажлын чиг үүргийн 2-т “Илэрсэн аюул осол, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн ажлын байр болон шалтгаанаар нь судалж, дээрх тохиолдлуудад үнэлгээ хийх, урьдчилсан сэргийлэх тогтолцоог бий болгох”, 1.2.2 дугаар заалтад заасан удирдах болон нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах заалтын 5-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэнд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дотор нь сууж явсан үйлчлүүлэгч болох насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн, хохирогч Б.Түвшинтогтох нарыг гэмтээж, бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж, хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ерөнхий инженер А.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 дахь заалтад “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан: ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах ...чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын 4.1 дүгээр зүйлд заасан ”Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны хүлээх үүрэг”-ийн 4.1.2-т “компаний бүх нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар гарсан хууль тогтоолж, дүрэм журам, заавар зааварчилгаа хэрхэн биелэгдэж байгаа байдлыг тогтмол шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авах”, 4.1.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирлага төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, илэрсэн аюул, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн судалж, осолд дөхсөн тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох”, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ажилтны хүлээх үүргийн 2.4.6-д “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг чанд мөрдөж ажиллах”, ажлын байрны тодорхойлолтын 1.2 дугаар зүйлийн 1.2.1 дэх заалтад заасан ажлын чиг үүргийн 19-д “Ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгаалалын зааварчилгааг хөдөлмөр хамгаалалын менежерээс авч ажил эхлүүлэх”, 20-д “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журам, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөх, ажилтнуудаар мөрдүүлэх, мөрдөгдөж буй байдалд хяналт тавих” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ний “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дотор нь сууж явсан үйлчлүүлэгч болох насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэн, хохирогч Б.Түвшинтогтох нарыг гэмтээж, бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж, хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнххүслэнгийн “...Би Мишээлийн хамт 1 кабинд суусан бөгөөд бид хоёрын эсрэг талд 1 том эрэгтэй хүн, 1 хүүхэд суусан. 2 дахь хөлөг дотор Хулан, Маргад 2 суусан байсан. Тэгээд эргэж байгаад гэнэт зогссон ба Мишээл бид хоёрын суусан “Сансарын хөлөг” тоглоом доор зогссон байсан ба эсрэг талын сансарын хөлөг дээрээс унасан...Тоглоомын ажилтан “хөлөө сайн жийгээрэй, эд зүйлээ унагавал авч чадахгүй шүү, сайн бариарай” гэж хэлсэн. ...зүүн хөл гишгэж болохгүй, өвдөгний үе хэсгээр хөндүүртэй, духны баруун доод болон баруун гарын тохойны доод талд оёдол тавиулсан, зүүн гарын тохой хэсгээр хөхөрч няцарсан...” /1 хх 52-53/,

 

хохирогч Б.Түвшинтогтохын “...Сансарын хөлөг тоглоом дээр өөрийн хүү Хүслэнгийн хамт тоглохоор суусан. Тухайн тоглоомыг ажиллуулж байсан залуу манай хүүхдийн өндрийг хэмжээд “танай хүүхэд тоглож болох юм байна” гээд бид хоёрыг нэг кабинд орж суулгасан. ...Тэгээд тоглоом эхлээд цагийн зүүний дагуу нар зөв хэд хэдэн удаа эргэж байгаад зогсох төдий болоод цагийн зүүний эсрэг талруу эргэж эхэлсэн ба 2 дахь эргэлтэн дээр 11 цагийн байрлалаас хүү бид хоёрын сууж байсан “Сансарын хөлөг” тоглоом доошоо унасан. ...Тоглоомноос гараад хүүхдээсээ “бие чинь яаж байна, толгой тархи чинь өвдөж байна уу? яаж байна?” гэхэд хүү маань “толгой өвдөж байна, хөл хөдлөхгүй байна” гээд уйлаад байсан...Гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг “Med trauma” эмнэлэгт томограф зураг авахуулаад шүүх эмнэлэг дээр очиж үзсэн эмчдээ авахуулсан зургаа өгсөн. Тэгэхэд “таны зүүн талын 2 хавирга чинь хугарсан байна” гэж хэлсэн...” /1 хх 58-59/,

 гэрч Б.Анх-Эрдэнийн “...хүүхдүүдээ тоглуулчихаад 2 дахь тоглоом болох “Сансарын хөлөг” гэх тоглоом дээр тоглуулах гэтэл “140 см-ээс дээш өндөртэй хүүхдүүдийг тоглуулна” гэсэн учир Түвшинтогтох хүү Хүслэнтэйгээ хамт тоглохоор суусан. ...Түвшинтогтох, Хүслэн хоёрын сууж байсан кабин 11 цагийн байрлалтай байхад тулгуур төмөр нь тасарч доошоо унахдаа 6 цагийн байрлалд байсан нөгөө кабинаа мөргөөд газарт унахад нь би очоод кабины хаалгыг онгойлгож хүмүүсийг гаргасан. ...тулгуур төмөр нь гагнаасаараа салж хугарч унасан...” /1 хх 87-88/,

 

иргэний нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн “...том охин Г.Цагаансувдын хамт “Сансарын хөлөг” тоглоом дээр тоглосон. Тэгээд тоглож байтал тоглоом гэнэт зогсоод бид хоёрын сууж байсан тоглоом дээрээс маш хүчтэй зүйл унаж бид нарын тоглоомыг мөргөсөн. Энэ үед охин бид нар хоорондоо мөргөлдөж зүүн бугалга, зүүн хөлөө төмрөнд цохиж гэмтсэн...” /1 хх 67-68/,

 

гэрч С.Цогтгэрэлийн “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 50 минутын үед ажлын өрөөндөө байж байтал гаднаас нэг хүүхэд орж ирээд “тоглоомноос хүүхдүүд уначихлаа туслаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь араас нь гүйгээд “Сансарын хөлөг” тоглоом дээр очиход уг тоглоомны 1 кабин доош унасан байдалтай байсан ба унасан кабины хажууд 2 эмэгтэй хүүхэд цус алдаж гэмтсэн байдалтай сууж байхаар нь эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн. Тусламжийг үзүүлээд дуусч байхад өөр нэг хүүхэд ухаан алдсан байгаа гэж хажууд зогсож байгаа хүн хэлсэн. Тэгэхээр нь би ухаан алдсан хүүхдийн амин үзүүлэлтийг шалгаж, анхан шатны тусламж үзүүлж 103 төвийн эмчид хүлээлгэж өгсөн. Тус хүүхдүүдээс гадна гэмтсэн 4 хүүхэд байсан. ...” /1 хх 91-92/,

 

гэрч Д.Бат-Амгалангийн “...Ерөнхий инженер Болд нь тоглоомуудыг шалгаад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан бол тогтоох ёстой...” /1 хх 95-97/,

 

гэрч Б.Дарьсүрэнгийн “...Өдөр 15:30 цагийн үед “Сансарын хөлөг” нэртэй тоглоомыг ажиллуулж байх үед чанга дуу чимээ гарч би тоглоомыг зогсоосон. Ажлын өрөөнөөс гарах үед уг тоглоомын 2 кабин дээр байрласан кабин нь унасан. Унахдаа доор байрласан кабинаа цохиж унасан. Би унасан кабин руу очиход дотор нь 16-18 орчим насны 2 эмэгтэй хүүхэд байсан. Нэг охины толгой орчим цус болсон нөгөө охины хөл хөдөлж болохгүй байна гэж байсан. Доор байрлах кабинд нь мөн 16-18 насны 2 хүүхэд байсан...” /1 хх 98-99/,

 

шинжээч эмч Б.Долгормаагийн “...Б.Түвшинтогтохын биед учирсан хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хугарлын түвшинд хүрч үйлчилсний улмаас буюу тухайн хэсэг газарт цохих, цохигдох, тэр хэсгээр мохоо гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой....тухайн гэмтлийг авсны дараа хугарлын түвшинд, өвдөх амьсгал авахад өвдөх тэмтрэхэд тухайн хүнд өвдөлт өгөх шинж тэмдэг илэрнэ...” /1 хх 142-143/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгийн “...Сансарын хөлөг тоглоомонд үзлэг шалгалтыг хийх явцад “Сансарын хөлөг” тоглоомын аль нэг талын сум буюу гаранд гагнуур хийсэн, зэврэлтэй, гагнуур хийсэн байдал нь хуучин байсан учраас тухайн газрын ХАБЭА-н инженер Ц.Баатарсүрэн, ерөнхий инженер А.Б нарт “тухайн металл хийцэд чанарын шалгалт хий, ан цав эвдрэл гэмтэл байвал хүчитгэл (ан цав гарсан байвал тухайн хэсэг дээр металл тавьж гагнах) хий, зэврэлтээс хамгаалах үүднээс гадаргууг будах” талаар зөвлөгөө өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-092/190 дугаартай албан бичгийн 5 дугаар заалтад мөн адил дурдсан байгаа...Манай улсад Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгаа тоглоомуудыг аюулгүй ашиглах талаар ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байхгүй. Манай байгууллагын зүгээс тухайн тоглоомуудыг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн техникийн бичиг баримтыг үндэслэн аюулгүй ажиллагааг нь шалгадаг. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтаар “Сансарын хөлөг” тоглоом нь үйлдвэрлэгчээс гаргаж өгсөн техникийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай албан бичгийг хүргүүлсэн...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгээр “Сансарын хөлөг тоглоомын rap (сум) хэсэгт ан цав гарсан зүйл ажиглагдаагүй. Урд өмнө ан цав гараад сум хэсгийг хүчитгэж нэмэлт металл тавьж гагнасан байсан. Тухайн гагнасан хэсэг нь хуучирч муудсан, зэвэрсэн байсан учраас дахин шалгаж, хүчитгэл хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар албан бичиг хүргүүлсэн...Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ерөнхий инженер А.Б, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Ц.Бболон өөр хоёр засварчин байсан. Тухайн 2 засварчин нь шат зөөх, үзлэг хийх явцад шаардлагатай багаж хэрэгсэл ойртуулах зэргээр тусалж явсан...Үзлэг шалгалтаар “Сансарын хөлөг” тоглоомын гар (сум) хэсэгт хүчитгэсэн, металл гадаргуу тавьж гагнасан хэсгээр хугарсан байсан. Энэ нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэг шалгалтаар илэрсэн хэсгээр хугарсан гэсэн үг юм...” /1 хх 158-159/ гэх мэдүүлгээд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7931 дугаартай “...Ч.Мөнххүслэнгийн биед “зүүн дунд чөмөгний булууны хугарал, зүүн шаант ясны гадна булууны үений гадаргуугийн доош шахагдсан хугарал, дух, баруун тохойд шарх, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт” бүхий  мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 136/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7592 дугаартай “...Б.Түвшинтогтохын биед “зүүн талд 11, 12-р хавирганы хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1 хх 141/,

 

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын ахлах байцаагчийн “...Техникийн бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа “Сансарын хөлөг” тоглоомын гар (сум)-д гагнуур хийсэн газарт зэврэлтээс хамгаалах будаг түрхлэг хийж, өнгө үзэмжийг сайжруулах...” гэсэн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” зөвлөмж /2 хх 33-35/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “...Сансарын хөлөг тоглоом ажиллаж байх үед гар (сум)-ны үндсэн ферм (холбоос шилбэнүүд) хугарснаас үүдэн тухайн осол болсон...”Сансарын хөлөг” тоглоомын гар (сум)-ны үндсэн ферм металл хийцийн хэсэгт ан цав гарч, зэврэлт үүссэн, фермд хийсэн гагнуур нь шаардлага хангаагүйгээс ашиглалтын үеийн ачааллыг даахгүй хугарч осол гарах шалтгаан болсон байна. ... хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтан Ц.Баатарсүрэнгийн ажлын байрны тодорхойлолтод “Үйлдвэрлэл үйлчилгээний бүх нэгж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах”, ерөнхий инженер А.Бын ажлын байрны тодорхойлолтод “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журам, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөх, ажилтнуудаар мөрдүүлэх, мөрдөгдөж буй байдалд хяналт тавих”, “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам болон бусад байгууллагын дүрэм журмыг нийт хэлтсийн ажилтнууддаа мөрдлөгө болгох” гэж тус тус заасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “.Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана” гэсний дагуу дээрх ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа болон тухайн тоглоомын (“Сансарын хөлөг”) аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй байсан байна...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн 27.3.3-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”-ыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ц.Баатарсүрэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн 27.5.3-д заасан “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах”-ыг ерөнхий инженер А.Б биелүүлэх үүрэгтэй байсан...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 154-157/,

 

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 19-28/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 31-33/, Мэргэжлийн хяналтын газар Улсын ахлах байцаагчийн актын хуулбар /2 хх 36-37/, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам /2 хх 72-79/, хөдөлмөрийн гэрээ /2 хх 38-45/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахйн ажилтны ажлын байрны тдорхойлолт /2 хх 41-43/, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрийн хуулбар /3 хх 5-19/ зэрэг хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.Б, Ц.Бнарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс тэднийг “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нарын тухайн гэмт хэргийг үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс тоолоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа” 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дуусчээ.

 

Иймд шүүгдэгч А.Б, Ц.Бнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг тус гэмт хэргийнх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Иргэний хариуцагч Б.Батнягт “...шийтгэх тогтоолоос ...хохирогч Б.Түвшинтогтоход учирсан гэм хортой холбогдох хэсгийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан гаргасан хохирлын заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Анхан шатны шүүхээс хохирогч Б.Түвшинтогтохын хохиролд иргэний хариуцагчаас нэхэмжилсэн “Их материал” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 21,000,000 төгрөгийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /3 хх 57-67/-г дүгнэж, хохирогчийн олох байсан орлого гэх 19,200,000 (1.800.000 төгрөг хасагдсан) төгрөгийг Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Учир нь, хохирогч Б.Түвшинтогтохын гаргаж өгсөн “Их материал” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан дан ганц “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хохирогч Б.Түвшинтогтохыг 19,200,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг гэрээнээс олох байсан орлогыг тодорхойлохдоо холбогдох бусад зарлагыг хасахгүйгээр тодорхойлох боломжгүй төдийгүй Б.Түвшинтогтох нь тус гэрээтэй холбоотой нотлох баримтуудаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич гаргаж, иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад дээрх 19,200,000 төгрөгийн хохирлыг хасч, зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ДШМ/795 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...иргэний хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-иас (Б.Батнягт) нийт 33.642.664 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Түвшинтогтоход 21.600.000 төгрөг, ...” гэснийг “...иргэний хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-иас (Б.Батнягт) нийт 14,442,664 /арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Түвшинтогтоход 2,400,000 төгрөг, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

              ШҮҮГЧ                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

              ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ