Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 505

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Г.Өлзийжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор И.Ариунсанаа,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ,

ялтан Г.Өлзийжаргалын өмгөөлөгч Л.Данзанноров,   

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Өлзийжаргалд холбогдох 201525013132 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржин овогт Ганзоригийн Өлзийжаргал, 1983 оны 9 дүгээр сарын 23-нд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 47б байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙР83092306/;

 

Г.Өлзийжаргал нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Хас” банкны Их орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл болон Мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус банкны харилцагч С.Ганцэцэгийн 5001184709 тоот хадгаламжийг барьцаалан авсан 160,235,000 төгрөгийн зээл хаагдаагүй байхад чөлөөлж “Хас” банкинд онц их хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр өөрийн 5001423588 тоот хадгаламжийг барьцаалж авсан 37,975,000 төгрөгийн зээлийг төлөгдөөгүй байхад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хадгаламжийн мөнгийг өөрийн төрсөн эгч Г.Юмжирдуламын 5000975310 тоот данс руу шилжүүлэн авч “Хас” банкинд онц их хэмжээний буюу нийт 198,210,000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Өлзийжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржин овогт Ганзоригийн Өлзийжаргалыг банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар Г.Өлзийжаргалын 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Өлзийжаргалд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хас банкны дотоод аудитын тайлан /1-р хх-ийн 9-12 тал/-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Өлзийжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Өлзийжаргалаас 160,235,000 төгрөг гаргуулж хохирогч Хас банкинд олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Өлзийжаргалд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Өлзийжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс намайг банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж буруутган ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: “Хас” банкны Их орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа С.Ганцэцэгт гаргасан зээл нь банкны ямар ч хууль, журмыг зөрчөөгүй бөгөөд “Хас” банкны журамд зааснаар С.Ганцэцэгтэй гэрээ байгуулан зээл олгосон. 2014 оны эхээс “Хас” банк нь олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнууддаа зах зээлийн үнээс харьцангүй хямд өртгөөр шинэ баригдаж буй орон сууцнаас худалдан авах боломжийг санал болгож миний бие хамрагдсан билээ. Ингэхдээ 2014 оны 11 дүгээр сард өөрийн танил С.Ганцэцэг, түүний нөхөр Б.Бат-Эрдэнэ нараас харилцан тохиролцож 150,000,000 төгрөгийг хүүтэй, иргэн хоорондын зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулан зээлсэн юм. С.Ганцэцэг нь манай салбарт байршуулсан хугацаатай мөнгөн хадгаламж барьцаалж, хадгаламж барьцаалсан зээл авч надад зээлдүүлсэн. Хэдийгээр би банкны өөрийн буруутай үйлдлээс болж барьцаагүй зээлтэй болсон гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Банкны тухай хуулийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны тухай хуулийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу харилцагчтай гэрээ байгуулсан бөгөөд харилцагч өөрийн биеэр салбар дээр ирж, шаардлага хангасан бүрдүүлбэр бүрэн материал дээр үндэслэж зээл авсан. Мөн өөрийн баталгаат гарын үсэгтэй төлбөрийн даалгавар дээр үндэслэж гүйлгээг хийлгэсэн болно. Надад банкийг төлөөлж гарын үсэг зурж зээл батлах бүрэн эрх байсан. Түүнээс ямар нэг дутуу баримт, хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, харилцагчийн өмнөөс гарын үсэг зурж гүйлгээ хийгээгүй болно. С.Ганцэцэг болон бидний хэн хэн нь тухайн хугацаатай мөнгөн хадгаламжийн үндсэн данс эзэмшигч мөн бөгөөд захиран зарцуулж зээл авах эрх нь бүрэн хангагдсан байдаг. Шалгагдаж байх хугацаандаа “Хас” банкнаас хөнгөлөлттэй үнээр авсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө хаягт байрлах дөрвөн өрөө 185.07 мкв орон сууцыг 1 мкв нь 1,714,000 төгрөгөөр тооцож банкинд өгч, орон сууцны үндсэн зээлийг хааж үлдэгдэл зөрүү 37,975,000 төгрөгийн зээлийг үндсэн зээлийн алданги орсон дүнгээр 39,828,351 төгрөгийн суутгаж авсан. Дээрх хугацаанд ах, эгч, ар гэрээсээ цуглуулж авсан 3,000,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сард энэ зээл рүү төлсөн боловч банк бүх төлбөрийг үндсэн хүү, алдангид тооцож авсан байсан. Гэтэл хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ нь шүүх хурал дээр орон сууцны 1 мкв нь 1,800,000 төгрөгөөр тооцож авсан талаар мэдүүлдэг. Миний анх банкинд санал болгосон үнэ 1 мкв нь 1,800,000 төгрөгөөр банк хохиролдоо тооцож авсан бол мкв-н зөрүү болох 7,316,000 төгрөгийг хэрхэн хохиролд тооцсон нь тодорхойгүй байна. Хэдийгээр өөрийн буруутай үйлдэл байгаа хэдий ч бодит амьдрал дээр нэг ч төгрөгийг өөрийн ахуй амьдрал, хувийн хэрэгцээнд ашиглаагүй. Хүнд мэхлүүлж, өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил төрөл, хамт олон, нэр хүнд, орон байраа алдаж, бусдад төлөх өр төлбөртэй үлдэж хохирогч болсон. “Хас” банкинд өөрийн боломж чадлаараа тодорхой хэмжээний төлбөрийг барагдуулж байгаа. Цаашид ч төлбөр төлөхөө ухамсарлан ойлгож байна. “Хас” банкны гүйцэтгэх захирлын баталсан дотооддоо мөрдөгдөн хэрэгждэг дүрэм журам, заавар зөрчсөн үйлдэл гаргасан боловч энэхүү дүрэм, журмуудыг зөрчсөнөөс сахилгын арга хэмжээ тооцогдон 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ажлаасаа халагдсан. Би банкны хууль тогтоомж зөрчөөгүй юм. Анх 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Хас” банкинд теллерийн албан тушаалд ажилд орж, хэд хэдэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэгт үнэн зөв дүгнэлт өгч, хэргийг шударгаар шүүж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Г.Өлзийжаргалын өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргалаа. Учир нь:

Бидний үйлчлүүлэгч Г.Өлзийжаргалын үйлдэлд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл банкны хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй юм.

1. Шүүхээс Г.Өлзийжаргалыг банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байж тухайн гэмт хэргийн объектив тал буюу үйлдлийн шинж бүрдэх учиртай. Иймээс хууль тогтоомж зөрчсөн гэх ойлголтод юуг хамааруулан ойлгох вэ гэдэг нь чухал асуудал юм. Хэргээс харахад Г.Өлзийжаргал банкны тухай хууль тогтоомж зөрчсөн байдал нотлогддоггүй.

Банкны тухай хуулийн 2.1-д “Банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ. “Хууль тогтоомж” гэдгийг академич С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг”-ийн 568-р талд “Нийгмийн харилцааг бүхэлд нь буюу түүний аль нэгэн төрлийг зохицуулсан хууль тогтоомжийн актуудын цогц; Монгол Улсад хууль тогтоомжид Үндсэн хууль, хуулиуд, Монгол Улсын олон улсын гэрээ. Улсын их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг хамаарагдана” гэж хууль тогтоомж гэх ойлголтын хүрээг тодорхойлсон байна.

Түүнчлэн “Хууль тогтоомжийн акт” гэх ойлголтыг тайлбарлахдаа парламентаас батлан гаргасан хуулиуд. Өргөн утгаар хууль тогтоомжийн акт хэмээх ухагдахуунд төрийн хуулиуд төдийгүй, парламент /УИХ-ын тогтоолоор батлагддаг/, төрийн тэргүүн /ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг/, Засгийн газраас /засгийн газрын тогтоолоор баталдаг/ эрх зүйн хэм хэмжээний бусад акт хамаарагдана гэж тодотгосон. Дээрх байдалд дүгнэлт хийхэд “Хууль тогтоомж” гэсэн ойлголтод дүрэм, журам, заавар ордоггүй болох нь ойлгомжтой харагдаж байна. Мөн 2016 оны 5 дугаар сарын 29-нд батлагдсан, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хуулийн зорилгыг тодорхойлсон хэсэгт “Хууль тогтоомж” гэдэгт хууль болон Улсын их хурлын бусад шийдвэр л хамаарахаар зохицуулсан байх бөгөөд аль нэг хувийн хэвшлийн байгууллагын дотооддоо мөрддөг, хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг журам хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл банкны мөрддөг дүрэм журам бол Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол биш учир Г.Өлзийжаргалын үйлдсэн гэх гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэнэ.

2. Түүнчлэн “Хас” банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, зээлийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн журам, Хас банкны мөнгөн хадгаламжийн ерөнхий журам, Хас банкны иргэдэд зориулсан хадгаламж барьцаалсан зээлийн журам, Хас банкны харилцах, хадгаламжийн нягтлан бодох бүртгэлийн журам зэргийг зөрчсөн гэжээ. Гэтэл эдгээр дүрэм журмууд нь Хас банкны гүйцэтгэх захирлын баталсан гэх, Хас банкны дотоодод мөрдөгдөх, дотооддоо хяналт нь хэрэгжих, гадагшаа чиглэгдээгүй, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр юм. Дээр дурдагдсан журмуудыг зөрчсөнөөс үүсэх үр дагавар нь хөдөлмөрийн сахилгын хариуцлага л байх ёстой. Үүний дагуу ч тэрээр сахилгын арга хэмжээ тооцогдон 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хас банкны хүний нөөц хариуцсан захирлын В/1248 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан.

Харин Монгол банкны шинжээчийн дүгнэлтэд Г.Өлзийжаргалыг Банкны тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж тусгасан боловч энэ заалтад “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ” гэжээ. Гэтэл Г.Өлзийжаргал нь чухам ямар гэрээ байгуулах ёстой байсан, ямар гэрээ дутуу эсхүл огт байгуулаагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаггүй, тэрээр зохих гэрээнүүдийг журмын дагуу байгуулж хадгаламж барьцаалсан зээлийг олгосон. Хууль ёсны дагуу байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь ч 2-р хавтаст хэргийн 11, 3-р хавтаст хэргийн 17, 18 талуудад нотлох баримтаар авагдсан байгаа.

3. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлд заагдсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Харин “Хас” банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу С.Ганцэцэгээс нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Гэрээний харилцаа, үүрэг талаасаа үзвэл банкинд төлбөр төлөх үүрэг Өлзийжаргалд гэхээсээ С.Ганцэцэгт илүү хамааралтай. Барьцаа чөлөөлснөөрөө банк шууд хохироогүй харин зээл барьцаагүй болж, эрсдэлд орох нөхцөл л бий болж, банкны зээлийн эргэн төлөлтийн хугацаа л хэтэрсэн. С.Ганцэцэгтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, хууль ёсны дагуу хийгдсэн. Одоо ч түүний гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байгаа. Тэгэхээр “Хас” банк С.Ганцэцэгээс нэхэмжилж, уг хохирлыг төлсөн тохиолдолд Ганцэцэг нь Өлзийжаргалаас нэхэмжлэх асуудал үлдэх юм. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Ганцэцэгийг иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжтой байсан гэж үзэж байна.

4. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь Г.Өлзийжаргал нь 2015 оны 6 дугаар сарын 8-нд С.Ганцэцэгээр зээл авахуулж өөрөөс нь хүүтэй зээлсэн, мөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хадгаламжийг барьцаалж зээл авсан. Гэтэл шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Өлзийжаргалыг “Xac” банкны их орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс давтан үйлдлээр банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай болох нь ...тогтоогдлоо гэж дүгнэсэн атлаа 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн үйлдэл нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхад уг хуулийг хэрэглээгүй байна. Шүүх хэрвээ давтан үйлдэл гэж үзсэн бол Г.Өлзийжаргалын 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр С.Ганцэцэгийн хадгаламж барьцаалсан зээлийг чөлөөлсөн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх ёстой байсан.

Ингэснээрээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн агуулга зөрүүтэй болжээ. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан ба прокуророос “давтан үйлдлээр хууль тогтоомж зөрчсөн” гэж ялласан. Хэрэв хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн бол давтан үйлдлээр нь шийдвэрлэх, хэрэв давтан үйлдэл гэж дүгнэсэн бол тус тусдаа сэдэл үүссэн, тус тусдаа эхлэл төгсгөлтэй хоёр үйлдлийн хувьд эхний үйлдлийг нь Өршөөл үзүүлэх хуульд хамруулан шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

4. Шүүхээс Г.Өлзийжаргалыг нийт 198,210,000 төгрөгийн хохирол учруулснаас 160,235,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь ч үндэслэлгүй юм. Учир нь 6-р хавтаст хэргийн 238-244 талд байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар дүгнэлтэд /шийтгэх тогтоолд тусгагдсан/ дурдсанаар 168,878,084 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх хохирлын нийт үнийн дүнг 198,210,000 төгрөг гэж ташаа дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй байгаа юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс С.Ганцэцэгийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж дүгнэхдээ “...Г.Өлзийжаргал нь Хас банкны Их орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа харилцагч нь өөрийн мөнгөн хөрөнгөө хугацаатай хадгаламжийн данс нээлгэн хадгалуулж байхад түүний хүсэл зоригоос өөр үйлдэл буюу зээл хүсээгүй байхад нь өөрийн шунахай буюу хувийн ашиг сонирхлын үүднээс Банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн...” гэж дүгнэсэн. Гэтэл С.Ганцэцэг нь өөрийн хүсэл зоригийн илэрхийллийн дагуу Хас банктай холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, Г.Өлзийжаргалд туслах зорилгоор зээл авсан. өөрийн авсан зээлийг Г.Өлзийжаргалд дамжуулан зээлдүүлж тодорхой хэмжээний хүү ашиг болгон авах талаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл шүүхээс С.Ганцэцэгийн үйлдлийг хүсэл зоригоос өөр үйлдэл хийсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэж заажээ. Гэтэл мөрдөн байцаах ажиллагааны явцад ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Э.Оюунболд Г.Өлзийжаргалын нэр дээрх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-47б байрны 38 тоот орон сууцыг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд захиран зарцуулах эрхийг хязгаарласан талаар тусгасаар байхад, мөн мөрдөн байцаалтын явцад дээрх орон сууцыг битүүмжилсэн байтал прокурорын яллах дүгнэлтэд ч, мөн шүүхийн шийтгэх тогтоолд ч битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй мэтээр тусгасан нь хэргийн жинхэнэ байдалтай тохирохгүй байна.

6. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгад хамаарах нөхцөл байдлуудыг нэрлэн заасан ба мөн зүйл хэсэгт зааснаар “...бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг зайлшгүй тусгах ёстой байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг гаргахдаа Г.Өлзийжаргалын гэм бурууг үгүйсгэж байгаа баримтуудыг болон өмгөөлөгч нараас гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгаагүй орхигдуулсан, гагцхүү банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн байна гэх хэт Ерөнхий дүгнэлт хийн ялласан нь буруу гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэл болох ба энэ тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх ёстой.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох боломжтой байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинжүүдийг /объектив болон субъектив/ орхигдуулахгүй бичих ёстой ба энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол боловсруулах аргачлалын тухай" зөвлөмжийн 3 дахь заалтад тусгасан. Гэтэл Г.Өлзийжаргалын холбогдсон хэргийн объектив талын хамгийн гол шинж болох “хууль тогтоомж зөрчсөн” гэх байдал нь хэрхэн тогтоогдсон, ямар хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөнөөс ямар үр дагавар гарсныг тодорхойлон бичээгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Өлзийжаргалын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, тэрээр банкны хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш хохирол нэмж төлөөгүй. Банкинд учирсан хохирлыг бүрэн төлүүлэх байр суурьтай байна. Барьцаагүй болгосноор банкны хөрөнгөнд эрсдэл учруулсан...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлд заасан “Банкны тухай хууль тогтоомж зөрчих” гэдгийг агуулгаар авч үзэхээс хууль тогтоомж зөрчсөн гэх үгний хүрээнд авч үзэх боломжгүй бөгөөд “Хас” банкны дүрэм, журам зөрчсөн гэж дүгнээгүй. Мөн Банкны тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Учир нь: анхан шатны шүүх Г.Өлзийжаргалд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...” зэргийг бичээгүй нь Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ...дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн уг шийтгэх тогтоол нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан “...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг ...тодорхойлно...” гэсэн шаардлагыг ч мөн зөрчсөн байжээ. Энэ талаар бичсэн Г.Өлзийжаргалын өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Өлзийжаргалд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасныг анхаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Өлзийжаргалд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Өлзийжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

      

                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧИД                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                      Д.ОЧМАНДАХ