Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1838

 

Ц.Лханаажавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00511 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Лханаажавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ариунаа,

Хариуцагч Х.Цогзолмаа нарт холбогдох,

 

Орон сууцны өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ, бүртгэл, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лхагвасүрэн,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Очирбал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лханаажавын төрсөн хүү Д.Нямбаяр нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, түүнийг амиа хорлосон явдалд түүний эхнэр Б.Ариунааг буруутган энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байсан хэдий ч ач нараа бодож, гомдол саналгүй тухай өргөдөл бичиж 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.Нямбаярын нас барсан өдрөөс хойш өв хөрөнгийг хууль ёсоор тэргүүн ээлжид өвлөх эрхтэй хүний нэг нь түүний эх Ц.Лханаажав. Энэ үед Б.Ариунаа Ц.Лханаажавд        “2 дугаар 40 мянгатын 12б байрны 41 тоот хаягт орших орон сууцыг танд өгье, та ав” гээд уг орон сууцанд амьдарч байсан өөрийн эгчийгээ гаргасан. Улмаар Ц.Лханаажавын төрсөн хүү Б.Оргойг амьдарч байсан хашаа байшингаас нь нүүлгэн тус орон сууцанд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр оруулсан. Түүнээс хойш Б.Оргой энэхүү байранд одоог хүртэл амьдарч байгаа. Гэтэл Б.Ариунаа Б.Оргойгийн амьдарч буй байрыг удахгүй зарна байрыг чөлөөл гэж хэлсэн. Ц.Лханаажав нь 80 гарсан бие эрүүл мэндийн байдал сайнгүй, зүрхний болон мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байж, тогтмол эмчилгээ сувилгаа хийлгэдэг, насны байдал зэргээс шалтгаалан байрны өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй байсан. Б.Ариунаа нь энэ байдлыг ашиглан орон сууцыг Ц.Лханаажавд өгсөн гэдгээ мартаж, өмчлөх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсныг олж мэдсэн.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Лханаажав нь уг орон сууцыг өөрийн мэдэлд авч, өөрийн хүүг суулгаж байгаа явдал нь эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан зүйл мөн тул энэ хөрөнгийг өвлөгчөөр хүлээн авсан гэсэн үг юм. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, 12б байрны 41 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004590 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өвлөгчөөр Ц.Лханаажавыг тогтоож өгнө үү.

Ц.Лханаажав нь дээрх өвлөгдсөн орон сууц буюу өвийг хүлээн авч, мэдэлдээ хадгалж байхад Б.Ариунаад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчжээ. Иймд 304 дугаартай нотариатч Х.Цогзолмаагийн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичиж олгосон Ү-2202004590 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ариунаа шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лханаажавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул Ц.Лханаажавыг эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан гэж үзэж байна. Ц.Лханаажавын төрсөн хүү Д.Оргой нь тус орон сууцанд 4 жилийн хугацаанд амьдарсан ч тухайн орон сууцыг шилжүүлж аваагүй. Анх тэднийг хүүхэд нь 24 дүгээр сургуульд сурдаг, ойрхон тул байрандаа суулгаач гэсний дагуу суулгасан. Нэхэмжлэгч орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар эзэмдэн аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Цогзолмаа шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 000067614 гэрчилгээтэй, Ү-2202004590 улсын дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 41 тоот хаягт байрлах иргэн Б.Ариунаа, нас барагч Д.Нямбаяр нарын хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцны нас барагч Д.Нямбаярт ногдох хэсгийг түүний эхнэр Б.Ариунаа, төрсөн хүүхдүүд болох Н.Манал-Эрдэнэ, Н.Нямжаргал нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй.

Иргэн Д.Нямбаяр нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч болох Б.Ариунаа, Б.Манал-Эрдэнэ, Б.Нямжаргал нар нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ бичгээр гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч Ц.Лханаажав нь нас барагч Д.Нямбаяртай хамтран амьдарч байгаагүй болох нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор нотлогдсон бөгөөд Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд Ц.Лханаажав нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн заасан тул Ц.Лханаажавын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг Б.Ариунаад олгосон.

Иймд Ц.Лханаажавын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Лханаажавыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 41 тоот 1 өрөө орон сууцыг өвөөр хүлээн авсан өвлөгчөөр тогтоож,

Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатчаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 41 тоот 1 өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн нотариатын үйлдэл, бүртгэлийг тус тус хүчингүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 528 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ариунаагаас  457 950 төгрөгийг, хариуцагч Х.Цогзолмаагаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Лханаажавд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Гэрчийн мэдүүлгийг хэргийн бусад нөхцөл байдалтай холбож үзэхгүйгээр, хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тухайлбал, гэрч Г.Отгонсүрэнгийн “хадам ээж түлхүүр өгсөн тул амьдарч байгаа” гэх мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон ба орон сууцны түлхүүр нэхэмжлэгч Ц.Лханаажавд байсан нь хариуцагч Б.Ариунаа түүний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж ойлгож, тайлбарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Гэрч А.Болдхүүгийн “Энэ Оргой ах хэцүү юмаа, манай нэг байрыг нь өгчих, Тэгээд байраа суллаад Оргой ахыг байрандаа оруулсан” гэх мэдүүлгээс үзэхэд Б.Ариунаа нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн орон сууцандаа амьдран суух, ашиглах эрхийг Д.Оргой, түүний гэр бүлийнхэнд олгосон гэх Б.Ариунаагийн тайлбар бүрэн нотлогдоно. Гэрч Г.Отгонсүрэн, А.Болдхүүгийн мэдүүлэгт Б.Ариунаа маргаан бүхий орон сууцыг Ц.Лханаажавын эзэмшилд шилжүүлсэн гэх үг, өгүүлбэр байхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Шүүх “Б.Ариунаа тухайн үед Д.Нямбаярыг амиа хорлоход хүргэсэн асуудалд шалгагдаж байсан ба энэ үедээ хадам ээжийгээ нэг өрөө байраа ав гэж хэлсэн гэх магадлал өндөр байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж өөрийн дотоод итгэлээр үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Ц.Лханаажавын ахуй амьдрал, эд хөрөнгө, эдийн засгийн байдлын талаар иргэний хэрэгт ямар ч нотлох баримтгүй байхад түүнийг хангалуун амьдралтай биш гэж шүүхээс ямар эх сурвалжид үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй ноцтой алдаа гаргасан. Нэхэмжлэгч нь орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 457 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг                 60 000 000 төгрөгийн үнийн дүнгээр тодорхойлсон байна. Шүүх хуралдааны явцад орон сууцыг бүхэлд нь өвлөх, эсхүл нас барагчийн оногдох хувийг бүхэлд нь өвлөх гэж байгаа аль нь болохыг тодруулахыг хүссэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй бөгөөд Б.Ариунаагаас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэ 50 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцыг бүхэлд нь өвлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Ц.Лханаажав нь маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаагүй, харин Д.Нямбаярын төрсөн ах Д.Оргойд амьдран суух эрх олгосон болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч эзэмдэн авч байгаагүй тул эзэмдэн авсан эсэхийг нягтлан шалгаагүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, бүртгэсэн нь хууль бус гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-д заасан хууль ёсны, үнэн зөв баримтуудыг өргөдөл гаргагчаас бүрэн гаргуулан авсны үндсэн дээр нотариатын үйлдэл хийж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Үйлчлүүлэгчийн бүрдүүлэн ирсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, бүрдүүлбэр бүрэн байгаа учир Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах үндэслэл байхгүй. Нотариатчдын танхимын өвийн бүртгэлээс шүүж үзэхэд Ц.Лханаажав ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. Ц.Лханаажав нь өв нээгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн байхад өвлөх хүсэлтээ нотариат болон эрх бүхий бусад байгууллагад гаргаагүй байсан тул өвлөхөөс татгалзсан гэж үзсэн. Маргаан бүхий орон сууцанд хэн амьдарч, хэний эзэмшилд байгааг тодорхойлох эрх нотариатчид хуулиар олгогдоогүй болно. Б.Ариунаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 41 тоот хаягт бүртгэлтэй боловч түүний иргэний үнэмлэх болон хорооны засаг даргын тодорхойлолтод Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-18 тоот гэж бичигдсэн байсан зэргийг нотариатч нягтлан шалгах байсан хэмээн шүүх үзжээ. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар иргэн хэдэн ч үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцтай байх эрхтэй бөгөөд оршин суух газраа сонгох эрхтэй. Өмчилж байгаа орон сууцныхаа хаяг тус бүрээр иргэний бүртгэл хийлгэх ёстой гэсэн агуулгаар шүүх хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өмчилж байгаа орон сууцны хаяг, оршин сууж байгаа хаяг өөр байгаа явдал нь нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах эсхүл татгалзах үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Лханаажав нь хариуцагч Б.Ариунаад холбогдуулан орон сууцны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч Х.Цогзолмаад холбогдуулж өвлөх эрхийн гэрчилгээ, бүртгэл, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Нямбаяр 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, нас барагч нь нэхэмжлэгч Ц.Лханаажавын төрсөн хүү, хариуцагч Б.Ариунаагийн нөхөр бөгөөд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 41 тоотод оршин байх 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Ариунаагийн хамт бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгдөх тул маргаан бүхий орон сууцны 2 өмчлөгчтэй байгаа тохиолдолд өвийн зүйл нь талийгч Д.Нямбаярт ногдох хэсэг болох юм. Гэтэл шүүх уг орон сууцны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Б.Ариунаагийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид өвийн журмаар шилжүүлсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатч Х.Цогзолмаад холбогдуулж маргаан бүхий орон сууны өмчлөх эрхийн өвлөгдөх хэсгийг өвийн журмаар Б.Ариунаа, түүний хүүхдүүдэд өвлүүлэхээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Үүнээс бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, ямар бүртгэлд, хэзээ бүртгэгдсэн бүртгэл гэдэг нь тодорхойгүй байна

 

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариунаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА