Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1838

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00511 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.*******,

Хариуцагч Х.******* нарт холбогдох,

 

Орон сууцны өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ, бүртгэл, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лхагвасүрэн,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******ын төрсөн хүү Д.******* нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, түүнийг амиа хорлосон явдалд түүний эхнэр Б.*******г буруутган энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байсан хэдий ч ач нараа бодож, гомдол саналгүй тухай өргөдөл бичиж 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.*******ын нас барсан өдрөөс хойш өв хөрөнгийг хууль ёсоор тэргүүн ээлжид өвлөх эрхтэй хүний нэг нь түүний эх Ц.*******. Энэ үед Б.******* Ц.*******д        “2 дугаар 40 мянгатын ******* байрны ******* хаягт орших орон сууцыг танд өгье, та ав” гээд уг орон сууцанд амьдарч байсан өөрийн эгчийгээ гаргасан. Улмаар Ц.*******ын төрсөн хүү Б.*******г амьдарч байсан хашаа байшингаас нь нүүлгэн тус орон сууцанд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр оруулсан. Түүнээс хойш Б.******* энэхүү байранд одоог хүртэл амьдарч байгаа. Гэтэл Б.******* Б.*******гийн амьдарч буй байрыг удахгүй зарна байрыг чөлөөл гэж хэлсэн. Ц.******* нь 80 гарсан бие эрүүл мэндийн байдал сайнгүй, зүрхний болон мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байж, тогтмол эмчилгээ сувилгаа хийлгэдэг, насны байдал зэргээс шалтгаалан байрны өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй байсан. Б.******* нь энэ байдлыг ашиглан орон сууцыг Ц.*******д өгсөн гэдгээ мартаж, өмчлөх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсныг олж мэдсэн.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.******* нь уг орон сууцыг өөрийн мэдэлд авч, өөрийн хүүг суулгаж байгаа явдал нь эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан зүйл мөн тул энэ хөрөнгийг өвлөгчөөр хүлээн авсан гэсэн үг юм. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, ******* байрны ******* хаягт орших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өвлөгчөөр Ц.*******ыг тогтоож өгнө үү.

Ц.******* нь дээрх өвлөгдсөн орон сууц буюу өвийг хүлээн авч, мэдэлдээ хадгалж байхад Б.*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчжээ. Иймд 304 дугаартай нотариатч Х.*******гийн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичиж олгосон ******* дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 0тай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул Ц.*******ыг эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан гэж үзэж байна. Ц.*******ын төрсөн хүү Д.******* нь тус орон сууцанд 4 жилийн хугацаанд амьдарсан ч тухайн орон сууцыг шилжүүлж аваагүй. Анх тэднийг хүүхэд нь сургуульд сурдаг, ойрхон тул байрандаа суулгаач гэсний дагуу суулгасан. Нэхэмжлэгч орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар эзэмдэн аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.******* шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээтэй, ******* улсын дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын байрны ******* хаягт байрлах иргэн Б.*******, нас барагч Д.******* нарын хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцны нас барагч Д.*******т ногдох хэсгийг түүний эхнэр Б.*******, төрсөн хүүхдүүд болох Н., Н. нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй.

Иргэн Д.******* нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч болох Б.*******, Б., Б. нар нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ бичгээр гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч Ц.******* нь нас барагч Д.*******тай хамтран амьдарч байгаагүй болох нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор нотлогдсон бөгөөд Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд Ц.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн заасан тул Ц.*******ын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг Б.*******д олгосон.

Иймд Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.*******ыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын байрны ******* 1 өрөө орон сууцыг өвөөр хүлээн авсан өвлөгчөөр тогтоож,

Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатчаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын байрны ******* 1 өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн нотариатын үйлдэл, бүртгэлийг тус тус хүчингүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 528 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*******гаас  457 950 төгрөгийг, хариуцагч Х.*******гаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Гэрчийн мэдүүлгийг хэргийн бусад нөхцөл байдалтай холбож үзэхгүйгээр, хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тухайлбал, гэрч Г.гийн “хадам ээж түлхүүр өгсөн тул амьдарч байгаа” гэх мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон ба орон сууцны түлхүүр нэхэмжлэгч Ц.*******д байсан нь хариуцагч Б.******* түүний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж ойлгож, тайлбарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Гэрч А.гийн “Энэ ******* ах хэцүү юмаа, манай нэг байрыг нь өгчих, Тэгээд байраа суллаад ******* ахыг байрандаа оруулсан” гэх мэдүүлгээс үзэхэд Б.******* нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн орон сууцандаа амьдран суух, ашиглах эрхийг Д.*******, түүний гэр бүлийнхэнд олгосон гэх Б.*******гийн тайлбар бүрэн нотлогдоно. Гэрч Г., А.гийн мэдүүлэгт Б.******* маргаан бүхий орон сууцыг Ц.*******ын эзэмшилд шилжүүлсэн гэх үг, өгүүлбэр байхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Шүүх “Б.******* тухайн үед Д.*******ыг амиа хорлоход хүргэсэн асуудалд шалгагдаж байсан ба энэ үедээ хадам ээжийгээ нэг өрөө байраа ав гэж хэлсэн гэх магадлал өндөр байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж өөрийн дотоод итгэлээр үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Ц.*******ын ахуй амьдрал, эд хөрөнгө, эдийн засгийн байдлын талаар иргэний хэрэгт ямар ч нотлох баримтгүй байхад түүнийг хангалуун амьдралтай биш гэж шүүхээс ямар эх сурвалжид үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй ноцтой алдаа гаргасан. Нэхэмжлэгч нь орон сууцны өвлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 457 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг                 60 000 000 төгрөгийн үнийн дүнгээр тодорхойлсон байна. Шүүх хуралдааны явцад орон сууцыг бүхэлд нь өвлөх, эсхүл нас барагчийн оногдох хувийг бүхэлд нь өвлөх гэж байгаа аль нь болохыг тодруулахыг хүссэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй бөгөөд Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэ 50 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцыг бүхэлд нь өвлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Ц.******* нь маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаагүй, харин Д.*******ын төрсөн ах Д.*******д амьдран суух эрх олгосон болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч эзэмдэн авч байгаагүй тул эзэмдэн авсан эсэхийг нягтлан шалгаагүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, бүртгэсэн нь хууль бус гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-д заасан хууль ёсны, үнэн зөв баримтуудыг өргөдөл гаргагчаас бүрэн гаргуулан авсны үндсэн дээр нотариатын үйлдэл хийж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Үйлчлүүлэгчийн бүрдүүлэн ирсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, бүрдүүлбэр бүрэн байгаа учир Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах үндэслэл байхгүй. Нотариатчдын танхимын өвийн бүртгэлээс шүүж үзэхэд Ц.******* ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. Ц.******* нь өв нээгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн байхад өвлөх хүсэлтээ нотариат болон эрх бүхий бусад байгууллагад гаргаагүй байсан тул өвлөхөөс татгалзсан гэж үзсэн. Маргаан бүхий орон сууцанд хэн амьдарч, хэний эзэмшилд байгааг тодорхойлох эрх нотариатчид хуулиар олгогдоогүй болно. Б.******* Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын байрны ******* хаягт бүртгэлтэй боловч түүний иргэний үнэмлэх болон хорооны засаг даргын тодорхойлолтод Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, гэж бичигдсэн байсан зэргийг нотариатч нягтлан шалгах байсан хэмээн шүүх үзжээ. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар иргэн хэдэн ч үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцтай байх эрхтэй бөгөөд оршин суух газраа сонгох эрхтэй. Өмчилж байгаа орон сууцныхаа хаяг тус бүрээр иргэний бүртгэл хийлгэх ёстой гэсэн агуулгаар шүүх хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өмчилж байгаа орон сууцны хаяг, оршин сууж байгаа хаяг өөр байгаа явдал нь нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах эсхүл татгалзах үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан орон сууцны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч Х.*******д холбогдуулж өвлөх эрхийн гэрчилгээ, бүртгэл, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Д.******* 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, нас барагч нь нэхэмжлэгч Ц.*******ын төрсөн хүү, хариуцагч Б.*******гийн нөхөр бөгөөд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын байрны *******од оршин байх 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.*******гийн хамт бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгдөх тул маргаан бүхий орон сууцны 2 өмчлөгчтэй байгаа тохиолдолд өвийн зүйл нь талийгч Д.*******т ногдох хэсэг болох юм. Гэтэл шүүх уг орон сууцны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Б.*******гийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид өвийн журмаар шилжүүлсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатч Х.*******д холбогдуулж маргаан бүхий орон сууны өмчлөх эрхийн өвлөгдөх хэсгийг өвийн журмаар Б.*******, түүний хүүхдүүдэд өвлүүлэхээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Үүнээс бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, ямар бүртгэлд, хэзээ бүртгэгдсэн бүртгэл гэдэг нь тодорхойгүй байна

 

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА