Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0946/З |
Дугаар | 221/МА2020/0318 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0318
2020 оны 05 сарын 13 өдөр Дугаар 221/МА2020/0318 Улаанбаатар хот
“Юиливейжейн” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч З.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ю” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан “Ю” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ------- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхэд гомдлын үндэслэлээ дараах 3 зүйлээр тодорхойлсон.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх маргаан биш /2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулах, нэмэх тухай хүсэлтэд/
Зөрчлийн хэрэг нээсэн талаар, шалгаж байгаа эсэх талаар мэдэгдээгүй, тайлбар мэдүүлэг аваагүй, эрх үүрэг танилцуулаагүй, захиргааны акт /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-3 нүүрт, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулах, нэмэх тухай хүсэлтэд/
Материаллаг хуулийг буруу хэрэглэсэн.
Гэвч шүүхийн зүгээс хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
1. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх маргаан бус:
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу ...” гэж байгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулна гэж шийтгэлийн хуудас бичсэн.
Бид дээрх хуулийн зүйл, заалт нь тухайн маргааны нөхцөл байдалд тохироогүй, хэрэглэх ёсгүй байсан хуулийг үндэслэл болгосон гэж тайлбарладаг. Учир нь тус хуульд зааснаар зөрчил нь “ил тодорхой, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” бол тус заалтыг хэрэглэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, сарын 01-ний өдөр архи согтууруулах ундаа борлуулсан, 2019 оны машины татвараа 2020 оны 03 дугаар сард төлсөн, эсвэл жолооч тээврийн хэрэгсэл барихдаа утсаар ярьж байсан, хурдны хязгаар хэтрүүлсэн зэрэг тодорхой, маргаангүй үйлдэл гаргасан тохиолдолд энэхүү хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх байсан.
Харин манай энэ тохиолдолд бид холбогдох санхүү, татварын тайлан, орлого зарлагын баримт зэрэг нь байсаар байхад, маргаантай, ил тодорхой бус байхад дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбараа бичгээр болон шүүх хуралдаан дээр хэлж тайлбарласан. Гэвч “хялбаршуулсан журмаар шийдэх” үндэслэлгүй, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэдэг манай тайлбар, үндэслэлийн талаар шүүхийн зүгээс тайлбар, дүгнэлт хийгээгүй.
2. Хариуцагч тал зөрчлийн хэрэг нээсэн буюу захиргааны акт хийгдэж байгаа талаар ерөөсөө мэдэгдээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 12-32-т зааснаар “оролцогчийн эрх”, “нотлох баримт цуглуулах”, “нөхцөл байдлыг тогтоох”, “оролцогчийг сонсох ажиллагаа” зэрэг хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж бид тайлбарладаг.
Яагаад хийгээгүй гэвэл, хариуцагч нар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10.05 мини зөрчил “илрүүлээд”, 15.10 минутад 405 тоот өрөөнд ярилцлага хийж, шийтгэлийн хуудсаа бичсэн гэж худлаа, огт болоогүй зүйлийг нөхөж бичиж нотлох баримтаар ирүүлдэг.
Энэ өдөр ерөөсөө гомдол гаргагчийн зүгээс татварын байцаагч нартай уулзаагүй, яриагүй. Манай зүгээс шүүхэд хандаж “М” ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр -------- /итгэмжлэгдсэн төлөөлөгчийн/ дугаар луу ямар дугаарууд залгасан эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргуулсан. Харамсалтай нь 2018 оны залгасан дугааруудын лавлагаа гаргах боломжгүй гэсэн хариуг “М” ХХК-аас ирүүлсэн.
Нөгөө талаас, хариуцагч нар гомдол гаргагчид зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдсэн, дуудсан, ярьсан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэн гэдэг ямар ч баримт гаргаж өгөөгүй ба үүнийг нотолдоггүй.
Хариуцагч шүүх хуралдаанд “... хэрэв баримтуудаа авч ирж өгсөн бол тэдний гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн шийтгэлийн хуудас бичих эсэхээ шийдэх байсан ...” гэж тайлбар хийдэг. Мэдээж зөрчлийн хэрэг нээсэн гэдгээ мэдэгдсэн бол гаргаж өгч, тайлбараа хийх байсан.
Бид зөвхөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ------- дугаартай “тодорхой нэг тохиолдлыг” “зохицуулсан” захиргааны акттай маргадаг. Гэвч шүүхийн зүгээс шүүх дээр огт маргаагүй 2017 оны 10 дугаар сард татварын байцаагчтай уулзсаныг “татварын улсын байцаагчийн дүгнэлт” гарсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийж, бидний мэдэж байсан хэмээдэг.
Шийтгэлийн хуудсыг шуудангаар хүлээж аваад мэдсэн.
Тиймээс шүүхийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдсэн эсэх, мэдэгдсэн эсэх, нотлох баримт цуглуулах талаар үүргээ хэрхэн биелүүлсэн зэрэгт /формаль эрх зүйн шаардлагад/ ерөөсөө дүгнэлт хийгээгүй.
3. Материаллаг хуулийг буруу хэрэглэсэн:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “... албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэлх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй ...” гэж заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Бид төлбөрийн баримт, санхүүгийн тайлан, баримт, худалдах худалдан авах гэрээ, дахин давтагдашгүй дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын баримт, мөнгө хүлээлцсэн баримт, орлого зарлагын баримт зэргийг бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн. “Д” ХХК-ийн “бодит худалдан авалт хийгдсэн” гэсэн албан бичиг, тухайн үед “Ш У х” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ засал чимэглэлийн ажилд хийж дуусгасан гэдгээ хэлж, нотлох баримтаар гаргуулж авч байсан.
Анх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт манай зүгээс ““Ю” ХХК нь 2016 оны Ш м Улаанбаатар зочид буудлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан эсэх лавлагааг тус тус гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Шүүгч хэрэгт хамааралгүй гээд хүсэлтийг хүлээж аваагүй. Тэгсэн атлаа хариуцагчийг дараа нь энэ талаар хүсэлт гаргахаар хүлээж авдаг. Нэг асуудлыг хоёр өөр байдлаар шүүхийн зүгээс шийдэж, ялгамжтай хандсан.
“Д” ХХК-ийн “бодитой худалдан авалт хийгдсэн”, “Ш У х” ХХК нь “туслан гүйцэтгэгчээр ажилласан нь үнэн” зэрэг албан бичиг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
Хавтаст хэрэгт хөдөлбөргүй, нэгэнт тогтоогдсон нэг ч нотлох баримт байхгүй байхад шүүх хэт нэг талын тайлбар, нотлох баримтыг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна.
Мөн шүүхэд гомдол гаргагч гурван үндэслэлээр маргаж байхад тодорхойлох хэсэгт зөвхөн анх гомдол гаргасан 1 дүгээр хуудсыг тэр чигээр нь хуулаад бичсэн. Бусад үндэслэл тайлбар ерөөсөө тусгагдаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлын шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу” гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэл, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, худалдан авалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байх тул энэ үндэслэлээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ------- дугаар шийтгэлийн хуудсаар татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсныг “Ю” ХХК-иас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.
1. “Ю” ХХК нь “Д” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 16 удаа бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн дүнг нэгтгэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн гэж тайлбарлан маргаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан бөгөөд “Ю” ХХК болон “Д” ХХК-ийн хоорондох худалдан авалт нь аль аль талын санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон тохиолдолд “Ю” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнээр худалдан авалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй боловч энэ тохиолдолд уг үндэслэл баримтаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч “Ю” ХХК нь “Д” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан тохиолдолд энэ нь худалдан авалтдаа тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэл болно.
Гэтэл “Д” ХХК-ийн орлогын баримтад тусгагдсан төлбөрийг “Ю” ХХК-иас тухайн худалдан авалт тус бүрт төлсөн болохыг нотлох бэлэн мөнгөний зарлагын баримт, эсхүл тус компаниас уг худалдан авалтад зарцуулагдах мөнгөн хөрөнгө гарсныг нотлох анхан шатны баримт байхгүй байна.
Нөгөө талаар, нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор ““Д” ХХК-ийн аж ахуй нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэл нь ... гэмт хэргийн шинжтэй байх боловч” хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байна.
Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргад ““Д” ХХК нь бусад аж ахуйн нэгжид бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичиж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон ... хохирлын хэмжээгээрээ гэмт хэргийн шинжийг агуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргуулан ирүүлэх, хохирлын хэмжээнд хүрэхгүй худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд холбогдох асуудлыг дотооддоо шийдвэрлэж хариуг ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн жагсаалтад гомдол гаргагч багтжээ.
Улмаар “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанаар татвар төлөх орлогоо бууруулсан гэх “Ю” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд “Д” ХХК-иас бараа, материал авсан гэх 272,727,272.73 төгрөгийн худалдан авалт нь “Ю” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар үнэн зөв болох нь тогтоогдоогүй байх тул уг зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.
2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх хангагдсан эсэх тухайд:
Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/3058 дугаар албан бичгийн дагуу хариуцагчаас “Ю” ХХК-ийн 2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 240000271 дугаар дүгнэлт гаргаж эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэж байснаас үзвэл уг татварын зөрчлийн талаар хяналт шалгалтын үргэлжилсэн үйл ажиллагаа явагдаж шийтгэлийн хуудас гарсан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “... зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэгт бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулсан.
“Ю” ХХК-ийн болон “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан, худалдан авалт хийсэн гэх дүн зөрүүгүй, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцон, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчлийн дүн буюу зөрчлийг нотлох талаар зөрчлийг хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж татвар ногдох орлогоо бууруулсан эсэх талаар энэхүү маргааныг шийдвэрлэхэд татварын хяналт шалгалтын явцад зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь анхан шатны баримтаар нотлогдож байгаа эсэхийг шалгасан байх тул зөрчлийн хэрэгт бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ю” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ