Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1131

 

 

  

 

 

 

 

  

 

2016 оны 11 сарын 02 өдөр          Дугаар 181/ШШ2016/01131            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамж, 146 тоотод оршин суух, Боржигин овогт Даваасүрэнгийн Мөнгөнсүх /РД:НЭ77032274/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон, Энхтайваны өргөн чөлөө А-16 тоотод оршин суух, Чонос овогт Одгийвийн Оюун /РД:ХГ69070465/-д холбогдох,  

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,505,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д.Мөнгөнсүх нь иргэн О.Оюунтай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ЭТӨЧ гудамж, 28г үйлчилгээний зориулалттай объектын дотор засварын ажлыг хийж гүйцэтгэхээр нийт 53,529,700 төгрөгийн өртөгтэйгөөр гэрээ байгуулсан. Үүнээс 15,000,000 төгрөг нь ажлын хөлс, 38,529,700 төгрөг материалын зардал юм.

Д.Мөнгөнсүх ажлаа 2015 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд 13,003,500 төгрөгийн сангийн материалыг таньдаг хүнээсээ зээлж аван 4 давхар байшингийн сангийн ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэн гадна болон дотор талын хог шороог цэвэрлэж дуусгасан.

О.Оюун нь гэрээнд заасны дагуу эхний ээлжийн ажлын хөлс 8,000,000 төгрөг, материалын зардал 13,003,500 төгрөгөө хугацаанд нь өгөөгүй тул ажлаа зогсоосон. Гүйцэтгэгч тал сангийн материалыг таньдаг хүнээсээ зээлж авсан байсан бөгөөд энэ мөнгийг цаад хүн нь нэхээд шүүхэд хандаад байна.

Иймд О.Оюунаас ажлын хөлс 8,000,000 төгрөг, сангийн материалын үнэ 13,003,500 төгрөг болон гэрээний төлбөр төлөх нөхцлийн 3-т заасны дагуу алданги 10,501,750 төгрөг, нийт 31,505,250 төгрөгийг О.Оюунаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Д.Мөнгөнсүх нь О.Оюун надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараа үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа илэрхийлж байна. Учир нь:

Нэг. Эхний ажлын хөлс 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

О.Оюун миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Мөнгөнсүхтэй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо ЭТӨЧ гудамж, 28г тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалт бүхий объектын дотор засварын бүх ажил /Үүнд: барилгын дотоод засал чимэглэл, сан, бохир зэрэг/-ыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн захиалагч надад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээний төлбөр төлөх нөхцлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэлгүй гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй байхад буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дур мэдэн ажлаа хаяж яван гэрээний үүргээ зөрчсөн тул ажлын хөлс 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь ар гэрийн асуудал гарсан мөнгөний хэрэгцээ байна гэх зэргээр түүний хүсэлт гуйлтын дагуу гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй байхад түүнд бэлэн болон бэлэн бусаар 1,300,000 төгрөгийг өгсөн байдаг.

Хоёр. Материалын зардал 13,003,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд шаардагдах материалын тооцоо үнэлгээг гарган өөрөөс энэхүү материалыг гарган ажлаа гүйцэтгэхээр тохиролцсон. Үүний дагуу гэрээний хавсралт №02-т бараа материалын тооцоог гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлээд байгаа 13,003,500 төгрөгийн үнийн дүнд сан болон бохирын засварын ажилд шаардагдах бүх материалын үнэ багтсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлуудаас зөвхөн паарыг суулгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хаяад явсан бөгөөд гэрээний хавсралтаар нэг бүр нь 200,000 төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг паарыг чанарын өндөр түвшинд угсарч суурилуулах ёстой байсан атал тохирсон үнэлгээ, чанарын шаардлага хангаагүй хямд үнэтэй муу паарыг дутуу суурилуулсан байсан тул энэ тухай хэлэхэд нь маргаан гарч тэрээр ажлаа дур мэдэн хаяж явсан.

Түүнчлэн ажил хаяж явахдаа О.Оюун миний бие “Бамбай” ХХК-аас худалдан авсан дохиолол хөдөлгөөн мэдрэгч, шил мэдрэгч, кабел, дуут дохио, далдлагч зэрэг нийт 2,745,000 төгрөгийн үнэ бүхий дохиолол хамгаалалтын хэрэгсэл хуучин байсан орос паарнуудыг зөвшөөрөлгүйгээр хулгайлан авч явсан. Гэрээний хавсралт №02-р 200,000 төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг паар суулгахаар тохирсон боловч нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон паарыг бус хавсралтаар тохиролцсон үнийн дүнгээс хэт доогуур чанар муутай паарыг дутуу суурилуулсан тул энэхүү үнийн дүнг зөвшөөрөх боломжгүй бөгөөд миний зүгээс эдгээр дутуу суурилуулсан паарны зах зээлийн үнэ ханшийг судалж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно. Миний зүгээс зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурлан суурилуулсан паарны үнэ болон түүнийг суурилуулсан ажлын хөлсийг л гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэж байна.

Гурав. Гэрээний дагуух алданги гэх 10,501,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гэрээний дагуу алданги шаардах эрх нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд нөгөө тал гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги шаардах боломжтой бөгөөд энэ тухай гэрээнд тусгасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь өөрөө гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад дур мэдэн ажлаа хаяж явсан тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь хариуцагч О.Оюунд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,505,250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх тус шүүх хуралдааны товыг хариуцагч О.Оюунд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд ирж хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Д.Мөнгөнсүх, О.Оюун нар нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Д.Мөнгөнсүх нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ЭТӨЧ гудамж, 28г үйлчилгээний зориулалттай объектын дотор засварын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2016 оны 3 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэх, захиалагч О.Оюун нь ажлын хөлс 15,000,000 төгрөг болон материалын зардал 38,529,700 төгрөгийг хэсэгчилж буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор 8,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 20-ны дотор 3,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 20-ны дотор 3,000,000 төгрөг, үлдэх хэсгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор ажил бүрэн дууссаны дараа тус тус төлж барагдуулахаар тохирсон байна.

 

Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь объектын дотор 13,003,500 төгрөгийн материал бүхий сангийн ажлыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ба 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, гэрээг цуцласан үйл баримт тогтоогдож байна. Талууд үүнд маргаагүй.

 

Нэхэмжлэгч гэрээ цуцлах болсон үндэслэлээ ажлын хөлс 8,000,000 төгрөг, материалын зардал 13,003,500 төгрөгийг хугацаандаа өгөөгүй гэж тайлбарлаж, шаардлагаа гаргасан бол хариуцагч гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй байхад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгчийг ажлаа хаяж яван гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Талууд гэрээгээр ажлын хөлс болон урсгал засварын материалын зардал болох 53,529,700 төгрөгөөс эхний төлбөр болох 8,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор захиалагч О.Оюун нь гүйцэтгэгч Д.Мөнгөнсүхэд гаргаж өгөхөөр тохирсон байхад нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь төлбөр төлөх хугацаа болоогүй байхад хугацаандаа төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан зохицуулалтад нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх өөр бусад үндэслэл тогтоогдоогүйн дээр эхний ээлжийн төлбөр төлөх сүүлийн өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч гэрээг цуцалсан байдалд шүүх хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Гэвч нэгэнт гэрээ дуусгавар болсонд талууд маргаагүй, мөн сангийн ажил хийсэн байдлыг хариуцагч үгүйсгээгүй, хийсэн ажил нь доголдолтойг хариуцагч нотлох баримтаар нотлоогүй тул шүүх гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны ажлын хөлс болон зарцуулагдсан материалын зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь 13,003,500 төгрөгийн бараа материалыг сангийн ажлын гүйцэтгэлд ашигласан гэж Барилгын материалын захаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр авсан нийт 31 төрлийн бараа, материалын зарлагын баримтыг шүүхэд гаргасан нь талуудын гэрээгээр тохирсон “Сан, бохирын материалын түүвэр”-тэй тоо хэмжээ, загвар, үнийн хувьд тохирч байх тул шүүх хариуцагчаас материалын зардалд 13,003,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Харин талууд гэрээгээр хийгдэх ажил тус бүрийн хөлсийг тодорхой тохироогүй, нэхэмжлэгч хийсэн ажлын хэмжээгээ 1 бүрчлэн гаргаж өгөөгүй, ажлын хөлс тооцох жишиг үнэлгээний жагсаалт байхгүй тул шүүх 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 35 хоногийн ажлын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т нийцнэ гэж үзлээ.

 

Ийнхүү тооцвол Д.Мөнгөнсүхийн хийсэн ажлын хөлс 6,720,000 төгрөг /2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгх35хоног/ болж байх тул үүн дээр материалын зардал 13,003,500 төгрөгийг нэмж, нийт 19,723,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Алданги нь Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.6, гэрээний 2.3-т зааснаар захиалагч О.Оюун нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5%-тай тэнцэх хэмжээгээр гүйцэтгэгч Д.Мөнгөнсүхэд төлөх ёстой төлбөр бөгөөд манай тохиолдолд хариуцагч О.Оюун нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх алданги шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой 10,501,750 төгрөг болон ажлын хөлсний үлдэгдэл 1,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан О.Оюунаас 19,723,500 төгрөгийг гаргуулж Д.Мөнгөнсүхэд олгож, Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,781,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256,667.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА