Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 83

 

Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж,  шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01131 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Оюунд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 505 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: О.Оюун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнгөнсүх нь иргэн О.Оюунтай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 28г үйлчилгээний зориулалттай объектын дотор засварын ажлыг хийж гүйцэтгэхээр нийт            53 529 700 төгрөгийн өртөгтэйгөөр гэрээ байгуулсан.

Үүнээс 15 000 000 төгрөг нь ажлын хөлс, 38 529 700 төгрөг материалын зардал юм.

Д.Мөнгөнсүх ажлаа 2015 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд 13 003 500 төгрөгийн сантехникийн материалыг таньдаг хүнээсээ зээлээр авч 4 давхар байшингийн сантехникийн ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэн, гадна болон дотор талын хог шороог цэвэрлэж дуусгасан.

О.Оюун нь гэрээнд заасны дагуу эхний ээлжийн ажлын хөлс 8 000 000 төгрөг, материалын зардал 13 003 500 төгрөгөө хугацаанд нь өгөөгүй тул ажлаа зогсоосон.  

Иймд О.Оюунаас ажлын хөлс 8 000 000 төгрөг, сантехникийн материалын үнэ         13 003 500 төгрөг болон гэрээний төлбөр төлөх нөхцөлийн 3-т заасны дагуу алданги         10 501 750 төгрөг, нийт 31 505 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Мөнгөнсүхтэй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө гудамж, 28г тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалт бүхий объектын дотор засварын бүх ажил /барилгын дотоод засал чимэглэл, сантехник, бохир зэрэг/-ыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн захиалагч надад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан.

Энэхүү гэрээний төлбөр төлөх нөхцөлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэлгүй гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй байхад буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дур мэдэн ажлаа хаяж яван гэрээний үүргээ зөрчсөн тул ажлын хөлс 8 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь ар гэрийн асуудал гарсан, мөнгөний хэрэгцээ байна гэх зэргээр түүний гуйлтын дагуу гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй байхад түүнд бэлэн болон бэлэн бусаар 1 300 000 төгрөгийг өгсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэх ажилд шаардагдах материалын тооцоо, үнэлгээг гарган өөрөөс энэхүү материалыг гарган ажлаа гүйцэтгэхээр тохиролцсон. Үүний дагуу гэрээний хавсралт 02-т бараа материалын тооцоог гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлээд байгаа 13 003 500 төгрөгийн үнийн дүнд сантехник болон бохирын засварын ажилд шаардагдах бүх материалын үнэ багтсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлуудаас зөвхөн паарыг суулгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хаяад явсан бөгөөд гэрээний хавсралтаар нэг бүр нь 200 000 төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг паарыг чанарын өндөр түвшинд угсарч суурилуулах ёстой байсан атал тохирсон үнэлгээ, чанарын шаардлага хангаагүй, хямд үнэтэй муу паарыг дутуу суурилуулсан байсан тул энэ тухай хэлэхэд нь маргаан гарч тэрээр ажлаа дур мэдэн хаяж явсан.

Түүнчлэн ажил хаяж явахдаа “Бамбай” ХХК-иас худалдан авсан дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, шил мэдрэгч, кабел, дуут дохио, далдлагч зэрэг нийт 2 745 000 төгрөгийн үнэ бүхий дохиолол, хамгаалалтын хэрэгсэл, хуучин байсан орос паарнуудыг зөвшөөрөлгүйгээр хулгайлан авч явсан.  

Гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд нөгөө тал гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги шаардах боломжтой бөгөөд энэ тухай гэрээнд тусгасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь өөрөө гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад дур мэдэн ажлаа хаяж явсан тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан О.Оюунаас 19 723 500 төгрөгийг гаргуулж Д.Мөнгөнсүхэд олгож, Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 781 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256 667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатын шүүх хариуцагч миний хуулиар олгогдсон дараах эрхийг зөрчсөн байна. Шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон байх ба шүүх хуралдааны товыг надад огт мэдэгдээгүй. Шүүгчийн туслах таны утас руу залгаж хэлсэн гэж худал хэлэн хэргээс өөрийнхөө гарын үсэг зурсан баримтыг үзүүлсэн. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үйлчилгээний зориулалт бүхий объектын дотор засварын бүх ажил /барилгын дотоод засал чимэглэл, сантехник, бохир зэрэг/-ыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлуудаас зөвхөн паарыг суулгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хаяад явсан бөгөөд гэрээний хавсралтаар нэг бүр нь 200 000 төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг паарыг чанарын шаардлага хангаагүй хямд үнэтэй буюу зах зээлийн ханш нь        30 000 – 40 000 төгрөгийн үнэтэй муу паарыг дутуу суурилуулж үүнийгээ нэг бүрийг нь    200 000 төгөгийн үнэтэй гэж хариуцагч намайг хуурч мэхлэн луйвардсан ба энэ тухай хэлэхэд маргаан гарч тэрээр ажлаа дур мэдэн хаяж явсан. Мөн тэрээр ажил хаяж явахдаа дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, шил мэдрэгч, кабел, дуут дохио, далдлагч зэрэг нийт 2 745 000 төгрөгийн үнэ бүхий дохиолол, хамгаалалтын хэрэгсэл, хуучин байсан орос паарнуудыг зөвшөөрөлгүйгээр хулгайлан авч явсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэсэн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудаас ямар хэмжээний ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад мөн шүүх “нэхэмжлэгч хийсэн ажлын хэмжээгээ нэг бүрчлэн гаргаж өгөөгүй” гэж дүгнэсэн атлаа мөн Иргэний хуулийн 344 дүгээр сарын 344.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчид 6 720 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа тул хэргийн зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнгөнсүх нь хариуцагч О.Оюунд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 505 250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Д.Мөнгөнсүхийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2016/05820 тоот захирамжаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13.30 цагт явуулахаар товложээ. Гэтэл шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахаас 2 хоногийн өмнө шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр утсаар хариуцагч О.Оюунд мэдэгдсэн /хх 25 дахь тал/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй байхдаа шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчсөн байна.

 

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид шүүх мэдэгдэх хуудсаар оршин суугаа хаягаар мэдэгдэхдээ баталгаат шуудан эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчижээ. Зохигчид мэдэгдэх хуудсыг утсаар дамжуулан мэдэгдэж болох боловч шаардлагатай тохиолдолд мэдэгдэх урьдчилсан нөхцөл байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Оюунаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА