Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0411

 

Иргэн А.Алтантуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч А.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, гуравдагч этгээд Я.Эрдэнэбилэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн А.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: ”Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн Я.Эрдэнэбилэгт холбогдох хэсэг, Я.Эрдэнэбилэгт олгосон 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0059403 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивлан зусланд байрлах 450 м.кв газрыг нэхэмжлэгчид А.Алтантуяад эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Янжиндуламын Эрдэнэбилэгт тус дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд дүүргийн Засаг даргын 2006 оны 84 дүгээр захирамжаар 500 м.кв газар эзэмшүүлсэн байна.

Иргэн Д.Хулганаад газар эзэмшүүлсэн гэх захирамж, хувийн хэрэг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд байхгүй байна. Мөн иргэн Д.Хулганаагаас иргэн А.Алтантуяад тус байршилд нэр шилжүүлсэн захирамж гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээх зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Гуравдагч этгээд Я.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Алтантуяа нь 2000 онд Баянгол дүүргийн Засаг дарга агсан Г.Хулганаагаас уул газрыг бусдаар зуучлуулан худалдан авсан талаараа Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр бусдаар гэрчлүүлэн мэдүүлсэн боловч өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах өргөдлийг Чингэлтэй Дүүргийн газрын албанд гаргаж байгаагүй талаарх удаа дараагийн лавлагааг дээрх шүүхээс нягтлан шалгасан.

2005 онд Я.Эрдэнэбилэг өөрийн ашиглах эрхтэй Чингэлтэй Дүүргийн 18 дугаар хороо Шадивлан зуслангийн газраа тэгшлэх зорилгоор шороо асгаад урин дулаан орохыг хүлээж байтал гэнэт миний газарт хүн байшин барих гэж байна гэж сонсоод газрын албанд мэдэгдсэн. Түүний дагуу А.Алтантуяад мэдэгдэх хуудас хүртэл өгсөн байдаг. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газар хүртэл хандаж байсан. Тэр үед ч одоо ч миний бие Говь ХХК-д ээлжийн ажил хийдэг бага насны 2 хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн хувьд олон жил хортой нөхцөлд ажилласан тул уушигны өвчтэй, савны хавдрын улмаас тасралтгүй эмнэлэгээр явж байсан төдийгүй ар гэрт гачигдал гарч нэг хэсэгтээ нь асуудлаар хөөцөлдөж чадаагүй.

Миний бие Нийслэлийн Захиргааны шүүхэд эл газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. А.Алтантуяа хаяган дээрээ байхгүй байна гэсэн хариуг БГД-ийн шүүхээс авсан тул эрэн сурвалжлуулах захирамж гаргуулан эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж байж А.Алтантуяагийн хаягийг олж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлж байгаа болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат элдэв ач холбогдолгүй зүйлээр хүртэл шинжээч томилуулан дүгнэлт гаргуулна гэх зэргээр шүүх хэргийг удаан хугацаагаар түдгэлзүүлж байгаа нь эл асуудлыг сунжруулж байгаад гомдолтой байгаа болно. А.Алтантуяа бусдын газар дээр байшин барьчихаад Солонгос яваад өсгөн үү, яасан олдоогүй удсан. Нэхэмжлэгч А.Алтантуяа түүний эцэг эх бусдын газар гэдгийг мэдсээр байж дан прүс 12 хана өрчихөөд хотын орон сууцнаас өндөр үнэлүүлчихээд, газраа авахаар ирвэл буудаж унгана гэх зэргээр заналхийлж байгаад гомдож байна. Дэндүү өргөн уудам нутагт аж төрдөг бид сул дорой нэгнээ дээрэлхэж эцэг, эхээрээ түрий барьж шүүхээр бамбай хийж миний газар эзэмших эрхийг дэндүү урт хугацаанд илтэд ноцтой хохироож байгаа тул нь асуудлыг анхаарч үзэж даруй эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Алтантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн Я.Эрдэнэбилэгт холбогдох хэсэг, Я.Эрдэнэбилэгт олгосон 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0059403 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивлан зусланд байрлах 450 м.кв газрыг нэхэмжлэгчид А.Алтантуяад эзэмшүүлж, гэрчилгээ олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-27-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг үл зөвшөөрч ЗХХШТХ-ийн 81-р зүйлийн 81.1-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн 18-р хороо Шадивланд байрлах 1864232118306 дугаартай 465 м.кв талбайтай газрыг Я.Эрдэнэбилэг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006-06-12-ны өдрийн 84-р захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон нь хэрэгт Я.Эрдэнэбилэгийн Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж газар хүссэн өргөдөл (23-24 х.х),Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007-08-03-ны өдрийн “газар албадан чөлөөлөх тухай” 143 дугаар захирамж (36 х.х), Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2007-08-03-ны өдрийн газрын “газар чөлөөлөх тухай” 5/1303 дугаар албан бичиг (37 х.х), Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн 2007-08-01-ний өдрийн 05-61/1666 дугаартай албан шаардлага (38 х.х), Баянгол дүүргийн шүүхийн 2012-11-06-ний өдрийн “А.Алтантуяаг эрэн сурвалжлах тухай” 1925 дугаар захирамж (39 х.х), Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2007-05-08,09-ны өдөр А.Алтантуяад барилгын ажлаа зогсоох талаар шаардах хуудас (55х.х), Нийслэлийн газрын албаны 2012-10-25-ны өдрийн 9/3608 дугаартай албан бичиг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014-02-20-ны өдрийн А.Алтантуяад газар чөлөөлөхийг даалгасан 2888В дүгээр шийдвэр (41-42 х,х), Я.Эрдэнэбилэгийн 2007-2016 онуудад газрын төлбөр төлсөн баримт (48х.х) Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014-01-14-ний өдрийн 15 тоот “Я.Эрдэнэбилэгийн газар дээр А.Алтантуяагийн хашаа байшин бүхэлдээ давхцуулан барьсан” гэсэн дүгнэлт (78 х.х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Я.Эрдэнэбилэг нь Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор хийсэн гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д”, “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа юм.

1.Нэхэмжлэгч А.Алтантуяа нь 2000-07-18-ны өдрийн Б/131-р шийдвэрээр 5 жилийн хугацаатай газар ашиглуулах эрхийг 2005-09-13-нд Д.Хулганаа агснаас шилжүүлэн авсан гэж маргадаг. Иргэн Д.Хулганаад газар эзэмшүүлсэн захирамж хувийн хэрэг Өмч, газрын харилцааны албанд байхгүй, энэ газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх хийгээд эл нэгж талбарын байршилд нэр шилжүүлэх хүсэлтийг өөрсдөө гаргаагүй, тийм нэр шилжсэн үйл баримт тогтоогдохгүй байхад эл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч нь газрын эрхийг шилжүүлэн авч, газар эзэмшигчийн нэр шилжүүлэх хүсэлтийг 2005 оны 9-р сард гаргасан гэх тайлбар гаргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх үйл явц нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой байх тул нэхэмжлэгчийн газар эзэмшлийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2.”Түүнчлэн нэхэмжлэгч нь “АSМЕ-МON ХХК-иар газрын байршлын кадастрын зургаа 2007-05-02-ны өдөр хийлгэсэн боловч мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна” гэсэн нь утгагүй юм. Учир нь Я.Эрдэнэбилэг нь 2006-05-03-ны өдөр энэ газрыг эзэмших хүсэлт гаргах үедээ дээрх нэгж талбарын газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан (32-34 х.х) нь нотлох баримтаар тогтоогдож байгаа, нэг газрын байршил дээр 2 эзэмшигч оруулах нь хууль зүйн талаасаа ч логикын талаасаа ч боломжгүй юм.

3.”...Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий газар нь давхцалтай, нэг газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 2016-02-02-ны өдрийн 1/187 дугаар албан бичгээр иргэний хэргийн шүүхэд хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд...” гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

А.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнийн захирамжаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016-02-02-ны өдрийн 1/187 дугаар шинжээчийн дүгнэлт нь “...Хэрвээ асуултад дурдагдсан хариуцагч А.Алтантуяагийн иргэн Д.Хулганаагаас шилжүүлэн авсан 430 дугаар бүхий газар ашиглах гэрчилгээтэй 450 м.кв талбайтай газрыг хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд байх “Асмемон” ХХК-ийн 2007-05-02-ны өдөр үйлдсэн нэгж талбарын байршлын кадастрын зургаар илэрхийлсэн газар мөн гэж үзвэл тус кадастрын зургийн солбилцпыг ашиглан WGS-84 солбилцлын тогтолцоо, UТМ тусгагт байршлыг тодорхойлбол 624 м.кв талбайтай болж байгаа ба А.Алтантуяагийн одоо эзэмшиж байгаа 633 м.кв газартай 501 м.кв талбайгаар, Я.Эрдэнэбилэгийн 18642321183608 нэгж талбарын дугаартай 465 м.кв талбайтай газартай 390 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа болно” гэжээ. Гэтэл энэ асуулт нь 2000 оны Д.Хулганаа гэдэг хүний ашиглахаар авсан газрын тойм зургийг одоогийн Я.Эрдэнэбилэгийн 18642321183608 нэгж талбарын газартай давхцаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор тавигдсан асуултад тэд “хэрвээ би шидтэн бол... гэдэгтэй агаар нэгэн” хариулсан юм.

Б.Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх асуултад 2016-03-14-ний өдрийн 2016-А/74 дугаар шинжээчийн дүгнэлтээр: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000-07-18-ны өдрийн Б/131 дүгээр захирамжаар Д.Хулганаад олгосон газрын байршлыг асуултад дурдсан хавтаст хэргийн 101 хуудасны тойм зургийг ашиглан тодорхойлох боломжгүй юм. Учир нь тус зургийн байршлыг тодорхойлох солбицол нь тодорхойгүй байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006-05-24-ний өдрийн 84-р захирамжаар Я.Эрдэнэбилэгт олгосон 18642321183608 нэгж талбарын дугаартай 465 м.кв газартай давхцуулан дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ.

Дээрх хоёр дүгнэлтийг задлан шинжилбэл:

  1. Нэхэмжлэгч     А.Алтантуяагийн     БГД-ийн     Засаг     дарга     асан Д.Хулганаагаас худалдан авсан гэх газар нь Я.Эрдэнэбилэгийн 18642321183608 нэгж талбарын газартай давхцаж байгааг нотлох баримт хэрэгт байхгүй.
  2. Шүүгч  нэг  асуудлаар  2  өөр  дүгнэлт  гарсан  байхад   “...хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн боловч мөн хуулийн 31-р зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна” гэж үзсэнд гомдолтой байгаа

Иймд Захиргааны Хэргийн Давж заалдах шатны шүүхээс хүсэх нь:

Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-27-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтыг тогтооход сөргөөр нөлөөлж, шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй байна.

Гуравдагч этгээд Я.Эрдэнэбилэгийн хувьд маргаан бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй болсон байна.

Нэхэмжлэгч А.Алтантуяа нэхэмжлэлдээ “Д.Хулганаагаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зусланд 450 м.кв газрыг 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулжээ. Үүний дагуу тухайн газрыг эзэмших хүсэлтээ 2005 оны 09 дүгээр сард төрийн захиргааны байгууллагад гарган, мөн оны 10 дугаар сард хашаа барьж, 2007 оны 05 дугаар сараас тухайн газартаа байшин барин амьдарч байгаа” гэжээ. А.Алтантуяа болон Д.Хулганаа нарын хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлсэн тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь хэрэгт авагдсан байх боловч уг гэрээ болон түүнийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар гаргаж байсан гэх хүсэлт хэрэгт авагдаагүй, үүнийг тодруулах талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, “32.5. Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч газар эзэмших тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлснээр хууль ёсоор газар эзэмших эрх нь үүсэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2005 оны 09 дүгээр сард газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх тайлбарыг үндэслэн хүсэлтээ гаргаж байсан эсэхийг шалгаж тодруулалгүйгээр “эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна”, “газар эзэмшигчийн нэр шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн” гэх зэрэг дүгнэлт хийсэн нь буруу байна. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч тухайн газраа эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргасан нь тогтоогдсоноор хариуцагчаас гуравдагч этгээдийн сүүлд гаргасан хүсэлтийг үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн эсэхийг тогтоох боломжтой байна.

Шүүхээс хийсэн үзлэгүүдэд[1] А.Алтантуяа газар эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан эсэхийг тодруулсан талаар тусгагдаагүй, шүүхээс нэхэмжлэлийн даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ямар хүсэлтийг үндэслэж даалгах шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Алтантуяа нь маргаан бүхий энэхүү газрыг шилжүүлэн авах, хүсэлтээ хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад гаргаж байсан эсэх, гаргаж байсан бол ямар хэмжээтэй, хаана байрлалтай газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан зэрэг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн  талаарх баримтуудыг цуглуулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Маргаан бүхий газрын байршил, давхцлын талаарх шинжээчийн дүгнэлтийн тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “дахин шинжилгээ хийлгэх” хүсэлт гаргасан байна. Гэтэл өмнө энэ асуудлаар иргэний хэргийн шүүхийн захирамжаар дүгнэлт гаргаж байсан шинжээчийн баг энэ захиргааны хэрэгт дүгнэлт гаргаж ирүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д заасан дахин шинжээч томилох журмыг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ