Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0335

 

2020 оны 05 сарын 20 өдөр           Дугаар 221/МА2020/0335                          Улаанбаатар хот

Б.Д-ий нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0187 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Д-ий нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0187 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-д заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн *-**********, *-********* дугаар бүртгэлд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ гаргах хүртэл 2 сарын /60 хоног/ хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын /60 хоног/ хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн *-**********, *-********* дугаар бүртгэлд холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

Тухайлбал, Хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар.

Анхан шатны шүүх нь үндэслэх хэсгийн дүгнэлтдээ нэхэмжлэгчийн “...*-**********, *-********* дугаарт салгаж бүртгэсэн бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна. Тодруулбал, шүүх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар улсын байцаагч нь улсын бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй гэж үзсэн. Гэвч энэ нь улсын байцаагчид ямар ч хязгаарлалтгүй олгосон “бүрэн эрх” бус, харин тодорхой үндэслэл бүрдсэн тохиолдолд түдгэлзүүлэх шаардлагатай. Ийнхүү түдгэлзүүлэх урьдчилсан нөхцөлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “улсын бүртгэлийг давхардуулж эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол” түдгэлзүүлэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж дээрх дүгнэлтийг хийсэн байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны актыг хүчин төгөлдөр бус байх талаар 4 үндэслэл дурдаж мэтгэлцсэн байхад шүүх тэдгээрийн зөвхөн нэгт нь эрх зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар.

Анхан шатны шүүх нь “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг давхардуулан бүртгэсэн талаар иргэний хэргийн шүүхэд маргаан үргэлжилж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй” гэсэн нь огт үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд давхардуулан бүртгэсэн маргаан огт байхгүй атал шүүх ийнхүү огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Нэгэнт ийм маргаан байхгүй тул шүүхийн “энэ нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэсэн дараагийн дүгнэлтийг үгүйсгэж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар дүгнэлтээр “... бүртгэлүүдийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн байж болзошгүй” гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн *-**********, Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг” нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.

Анхан шатны шүүх “... бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн ... захиргааны байгууллагаас эцэслэн шийдвэрлэсэн захиргааны акт гараагүй, уг дүгнэлтэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг давхардуулан бүртгэсэн талаар иргэний хэргийн шүүхэд маргаан үргэлжилж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй” гэж дүгнэн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэх боломжтой байхад талуудын маргаж буй үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “уг дүгнэлтэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг давхардуулан бүртгэсэн талаар иргэний хэргийн шүүхэд маргаан үргэлжилж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй” гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

Шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.  

Гэтэл маргаан бүхий дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж заасан нөхцөлтэй нийцсэн эсэх талаар уялдуулан тайлбарлаж, акт үндэслэлтэй эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.

Түүнчлэн, маргаан бүхий дүгнэлтэд “иргэн Д.Б, Б.Д нараас тус газарт хандан гаргасан гомдлын дагуу” хяналт шалгалт хийсэн тухай дурдсан. Гэтэл нэхэмжлэгчээс “Би гомдол гаргаагүй. Иргэн хэзээ ч өөрийн эрх ашгийг зөрчих, эрхээ түдгэлзүүлэх талаар гомдол гаргах учиргүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлсон байх тул “Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар хорооллын **А, **Б хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй” холбогдсон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ хэний гомдлыг үндэслэсэн, сонсох ажиллагаа явуулсан эсэх, “надтай худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн иргэд өөрсдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй хохирсоор байна” гэх зэрэг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ