Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00683

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залуучуудын хороо, 25-38 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, ОЭ86010561 регистрийн дугаартай, Булгадар овогтой Сүхээгийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

        Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Батцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /2002/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газарт бичээчийн ажилд орсон. Өмнө нь ажиллаж байсан Лхагва Улаанбаатар хотруу шилжиж, оронд нь орсон юм. Удалгүй Засаг дарга, Тамгын газрын дарга гэх мэт дарга нар солигдож хамтран ажиллаад удаагүй байтал Нийтлэг үйлчилгээний албаны даргын санаачилгаар “Бүтцийн өөрчлөлт хийж байна. Нэг л бичиг хэргийн ажилтантай байна” гэж эрхлэгчийг үлдээж, “Бичээчийг чөлөөлж байна” гээд намайг чөлөөлсөн. 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэнэт тушаал гаргасан ба урьдчилж надтай ярилцаж мэдэгдээгүй. Гэвч удалгүй миний оронд хүн авсан байна. Тухайн иргэн одоо архивчийн ажил хийж байгаа бөгөөд би бичээчээр ажиллаж байхдаа архивчийн ажлыг бас хариуцан, нууцын 40 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан. Би дөнгөж ажил хөдөлмөр хийж эхэлж байсан бөгөөд өөрийгөө архивч, бичээчийн ажилд тэнцэхгүй гэж үзэхгүй байна. Засаг даргын захирамжаар бичээчийн орон тоог байхгүй болгож “Засаг даргын Тамгын  газрын архивч” гэсэн орон тоо болгож тухайн ажилдаа М.Уянга гэдэг шинэ хүнийг авч ажиллуулж байна. М.Уянга бол архивч нэрийн дор яг л миний хуучин хийдэг байсан ажлыг хийж байгаа тул би тухайн ажилдаа буцаан томилогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд одоо бичээчийн ажил гэж байхгүй болсон байгаа тул намайг “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивч”-ийн ажилд тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ. 

            Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Сүхээгийн Батцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дүгээр “Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог тогтоосон бөгөөд уг захирамжаар Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бичээчийн орон тоо хасагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь архивчийн ажилд орно гэдэг шаардлага гаргаж байгаа боловч тухайн ажлын байранд түүний томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Бичээчийн орон тоонд ажиллаж байсан хүнийг архивчаар томилох боломжгүй. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Батцэцэг нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны бичээчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны “Засаг даргын Тамгын газрын архивч”-ийн ажилд тогтоолгох тухай” шаардлага гаргажээ.

            Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Батцэцэгийг тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/459 тоот захирамжийг тус тус үндэслэжээ.

            Уг тушаалаас үзэхэд С.Батцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлүүдийн аль үндэслэлд хамааруулан ажлаас чөлөөлсөн болохоо тодорхой дурдаагүй, мөн зүйлийн 40.5-д заасны дагуу дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтан С.Батцэцэгт нэг сарын өмнө мэдэгдээгүй байна.

            С.Батцэцэгийг Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/459 тоот тушаалын 2 дугаар хавсралтад Нийтлэг үйлчилгээний албанд “Бичээч” гэх орон тоо дурдагдаагүй байх боловч “Засаг даргын Тамгын газрын архивч-1”, “Архивын ажилчин-2” хэмээн архивчийн 3 орон тоог бий болгожээ.

            Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/559 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаас үзэхэд одоогийн Нийтлэг үйлчилгээний алба буюу “Санхүү, аж ахуйн алба” нийт 24 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар тогтоосон байжээ. Гэтэл мөн Засаг даргын 2016 оны А/459 тоот захирамжийн 2 дугаар хавсартаар Нийтлэг үйлчилгээний алба нийт 31 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар байна.

            Өөрөөр хэлбэл, дээрх захирамжуудын хавсралтуудаас үзэхэд Нийтлэг үйлчилгээний албаны ажилчдын орон тоог “хассан”, эсхүл “цөөрүүлсэн” үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд харин ч орон тоог нэмж тогтоосон байна.

            Иймд хариуцагчийн “Бичээчийн орон тоо хасагдсан” гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн “Бичээчийн орон тоо байхгүй болсон тул Засаг даргын Тамгын газрын архивчийн ажилд тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлтэй, мөн хариуцагчийн гаргасан шийдвэр нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны “Засаг даргын Тамгын газрын архивч”-ийн  ажилд тогтоож шийдвэрлэлээ.  

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Батцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны “Засаг даргын Тамгын газрын архивч”-ийн  ажилд тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА