Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 20

 

 

 

           

 

 

 

 

 

С.Батцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт  оршин суух, Булгадар овогт Сүхээгийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Батцэцэг, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газарт бичээчийн ажилд орсон. Нийтлэг үйлчилгээний албаны даргын санаачилгаар бүтцийн өөрчлөлт хийж, нэг л бичиг хэргийн ажилтантай байна гэж эрхлэгчийг үлдээж, намайг бичээчийн ажлаас чөлөөлсөн. 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэнэт тушаал гаргасан ба урьдчилж надтай ярилцаж мэдэгдээгүй. Гэвч удалгүй миний оронд өөр хүн ажилд авсан байна. Тухайн иргэн одоо архивчийн ажил хийж байгаа бөгөөд би бичээчээр ажиллаж байхдаа архивчийн ажлыг бас хариуцаж, нууцын 40 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан. Засаг даргын захирамжаар бичээчийн орон тоог байхгүй болгож, Засаг даргын тамгын газрын архивч гэсэн орон тоо болгож тухайн ажилдаа М.Уянга гэдэг шинэ хүнийг авч ажиллуулж байна. М.Уянга бол архивч нэрийн дор яг л миний хуучин хийдэг байсан ажлыг хийж байгаа тул би тухайн ажилдаа буцаан томилогдох үндэслэлтэй. Иймд одоо бичээчийн ажил гэж байхгүй болсон байгаа тул намайг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивчийн ажилд тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “ Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дүгээр “Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог тогтоосон бөгөөд уг захирамжаар Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бичээчийн орон тоо хасагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь архивчийн ажилд орно гэдэг шаардлага гаргаж байгаа боловч тухайн ажлын байранд түүнийг томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Бичээчийн орон тоонд ажиллаж байсан хүнийг архивчаар томилох боломжгүй. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Засаг даргын Тамгын газрын архивчийн ажилд тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "…дээрх захирамжуудын хавсралтуудаас үзэхэд Нийтлэг үйлчилгээний албаны ажилчдын орон тоог хассан эсхүл цөөрүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд харин ч орон тоог нэмж тогтоосон байна." гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 15.1.1-д "хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "Орон тоо хасагдсан" гэдэгт тодорхой ажил, албан тушаалын ажпын байр үгүй болсныг ойлговол зохино." хэмээн тайлбарласан байна. Гэтэл шүүх Нийтлэг үйлчилгээний алба 24 орон тоотой ажиллаж байгаад 31 орон тоотой болсон нь харин ч орон тоог нэмж тогтоосон байна гэж дүгнэж байгаа явдал нь тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсон гэдэгт анхаарал хандуулахгүйгээр тооны өсөлтөд ач холбогдол өгч байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрхзүйн харилцааг зөв тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Батцэцэг нь “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын бичээчийн  ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  болсон анхан шатны шүүх хуралдааны явцад “Архивчаар тогтоолгох” гэж өөрчилсөн байхад тус өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулан өгч, хариуцагчийн тайлбар өгөх, шинээр нотлох баримт гаргаж  мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзлээ.  

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд бичээчээр ажиллаж байсан С.Батцэцэгийг  Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар бичээчийн орон тоо хасагдсан үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч бичээчийн болон архивчийн ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл зэргийг тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл орон тоо нэмэгдсэн, хасагдсан, цөөрүүлсэн, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн зэргийн аль нь болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй ба талуудын хөдөлмөрийн эрхзүйн харилцаанаас үүссэн маргааны агуулгыг бүрэн гүйцэд тодорхойлсны эцэст маргааныг шийдвэрлэх байжээ.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийнс 41.1.3-т зааснаар  чөлөөлөгдсөн болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс  аймгийн Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК  

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН