Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 658

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Ц.Сүхбат

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тг холбогдуулан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эх, хойд эцэг, 2 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг, 3-182 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/ Б.У.

2.Монгол Улсын  иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 000 дугаар ангид байлдагч, ам бүл 5 эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00в байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн /РД:000000/, Э.Т.  

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.У 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлхи хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 75 дугаар байрны 307 тоот байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 6.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 75 дугаар байрны орцонд Эрдэнэхуягийн Э.Тд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

Э.Т нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23в байрны орцонд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би Бат-Энхийг огт танихгүй. Сайхнаагийн найз нь юм гэсэн. Бат-Энх худлаа мэдүүлж байна. Э.Т бид хоёр мансууруулах бодис хамт хэрэглэсэн. Анх цагдаад зодуулснаасаа болоод би худлаа мэдүүлсэн юм. Надад мансууруулах бодис худалдаалах зорилго бол байгаагүй, харин хадгалж байсан нь бол үнэн. Тулгаа одоо Франц явчихсан байгаа. Тулгаа намайг хүнд өгчихээрэй гэхээр нь л тэр зүйлийг нь би аваад үлдчихсэн. Тэр хүн нь ч над руу яриагүй. Ийм л зүйл болсон. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Анх цагдаа нарт баригдаад зодуулсандаа би буруу мэдүүлэг өгсөн. Би мансууруулах бодис худалдаж аваагүй. Б.У бид хоёр хамт хэрэглэж үзсэн. Би мансууруулах бодис хадгалснаа зөвшөөрч байна. Би цэргийн албанд явахдаа ийм асуудалд холбогдсоноо хэлсэн гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 8-14/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/

Эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38/

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 189/

Б.Уын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/

Б.Уын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-31/

Эд зүйлд үзлэг хийж хүлэлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32/

Э.Тгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33-35/

 

Гэрч Б.Бат-Энх мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой над руу Золоо /88112375/ гэж дууддаг надтай 2010 онд АНУ-д байх үедээ хамт нэг байшинд хамт байсан залуутай Япон улсад хамт амьдарч байсан Сайхнаа гэх залуу 99243996 дугаарын утсаар надтай холбогдоод уулзах хэрэг байна гэхээр нь түүнийг гэрээс нь буюу хорооллын эцсийн Говь сауны хажуу талаас очиж аваад машин дотор уулзахад манай нэг найз дээр очиж уулзъя түүнд гоё юм байгаа юмаа гээд Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд байрлах нэг байрны гадаа зааж хүргүүлсэн. Удалгүй нэг залуу гарч ирээд машинд суусан ба тухайн залуу нь Б.У гэж байсан. Б.У миний машинд суугаад Сайхнаатай юм ярьж байгаад надтай танилцаж надад өөрөөсөө шавар гэх нэршилтэй 3 ширхэг тусдаа гялгар уутанд ороосон мансууруулах бодисыг үзүүлээд энэ гадаад улсаас манай найзын явуулсан юм байгаа юмаа. Үүнийг гаргачих гэсэн юмаа /зарчих гэсэн юмаа/ авчих хүн байна уу гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна хүн амьтнаас асууж сураглая гэж хэлсэн. Ингээд удалгүй машинд нэг цүнх чемодан барьсан залуу суугаад өөрийгөө Тулгаа гэж танилцуулж Франц улсад ажиллаж амьдардаг тухайн улсын иргэншилтэй гэж хэлж байсан. Ингээд тэд нарыг Дүнжингарав худалдааны төвийн урд барилгын гадаа буулгаад гэртээ харьсан. Б.У нь өөрийнхөө зарах гэж байсан шавар гэх бодисыг 960.000 төгрөгөөр зарна хэрэв авах хүн байвал миний данс руу мөнгийг нь хийлгээрэй гэж хэлээд мөнгөн дүн болон дансны дугаарыг явуулж байсан.  Миний биеэс гарсан дельта-9   тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисыг би 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.У, Сайхнаа нартай уулзаад машинд байх үедээ Б.Уын зарах гэж байгаа гэсэн шавар гэх бодисоос хэрэглэсэн.   /хх-ийн 40-41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батсайхан мөрдөн  байцаалтанд”...Тулга гэх залуутай ирсэн байх үед нь Сэлэнгэ аймагт хэд хэдэн удаа уулзаж байсан. Тухайн үед бид нарт Франц улсаас ямар нэгэн зүйл сонирхуулахаар эд зүйл авчирсан талаар яриагүй. Түүнд шавар гэх мансууруулах бодис байсан талаар нь мэдэхгүй байна. Надад ямар нэгэн зүйл өгөөгүй. Б.У харин хэлэхдээ Тулгаагийн өгсөн шавар гэх бодисыг гэртээ хадгалж байгаад баригдсан гэж байсан. Би бол Тулгааг Б.Уод шавар гэх бодисыг өгсөн талаар нь мэдэхгүй. Миний хажууд болон найз нараараа уулзахад хар тамхины талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Би урьд өмнө нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Энэ зүйлийг хортой хууль бус зүйл болох талаар зурагт хэвлэл мэдээллийн хэрэгслээс олон удаа харж сонсож байсан учраас хол байна гэж бодож явдаг. Тулгын гэр бүл нь бүгд Франц улсад амьдардаг. Одоо Тулга Франц улсад амьдарч байгаа” /хх-ийн 45-46/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1473 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд  ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 60, 61 гэж дугаар тавьж нимгэн утсаар ороосон хар бараан өнгийн шавар мэт зүйл тус бүрт дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол  нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-ийн 49/ гэсэн дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1471 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн парламент тамхины хайрцаг дотор нарийн хэлбэртэй урт болгосон 3 ширхэг хар бараан өнгийн шавар мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны хэсэг тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн парламент тамхины хайрцаг дотор нарийн хэлбэртэй урт болгосон 3 ширхэг хар бараан өнгийн шавар мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд  ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэт нөлөөт бодисын  тухай конвенцид багтдаг болно. /хх-ийн 54/ гэсэн дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1475 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд  ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Батмөнхийн Б.У”, “Э.Т ТА96101210” гэж хаягласан шээсний 2 ш дээж тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна. /хх-ийн 60-61/ гэсэн дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1599 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 01 Бат-Эрдэнэ Батсайхан гэж хаягласан хуванцар савтай 75 мл орчим шээсийг битүүмжлэн  ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 01 Бат-Эрдэнэ Батсайхан гэж хаягласан хуванцар савтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. /хх-ийн 66/ гэсэн дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1521 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Б.Бат-Энх 2019/2/26 9:17 гэсэн хаягтай хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 71/ гэсэн дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 512 дугаартай дүгнэлтэнд: Б.У нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.У нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019-02-25-ны өдөр мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. Б.У нь хэрэг хариуцах чадвартай байсан байна. Б.У нь 2019-02-25 ны өдөр баривчлагдах үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Б.У нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Б.Уод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаалдлагагүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 76-77/ гэсэн дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 513 дугаартай дүгнэлтэнд:  Э.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019-02-25-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Э.Т нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Э.Тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.Т нь          мансуурах болон сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай  гэх шинж тэмдэг үгүй байна.  /хх-ийн 80/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Э.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний утасны дугаарт дугаараа нууцалсан дугаараас залгасан. Би тэр дуудлагыг авахад “би Майдарын найз Б.У байна, надад морок шавар байна, чи авах юм уу” гэж хэлсэн. Тэр үед би гайхаад үгүй гэж хэлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа буюу 2019 оны 02-р сарын 24-ний өдөр 99031666 дугаараас залгасан. Би дуудлагыг нь авахад “Би Майдарын найз Б.У байна, чиний дугаарыг өгсөн юм, чамайг сонирхож магадгүй гэсэн юм, надад морок шавар байна, чихэр шиг хэлбэртэй байна” гэж хэлсэн. Тэгээд Б.Утой уулзахаар болсон. Би Б.Уын заасан газар нь очиход Төмөр замын Window гэсэн бичиглэлтэй зочид буудлын баруун талын 6-7 давхар, 75-р байр байсан. 75-р байрны гадна очоод Б.У руу залгахад “75-р байрны орцоор ороод 2 давхарт гараад ир” гэж хэлсэн. Би хэлснээр нь 2 давхарт гарахад Б.У дээгүүрээ нүцгэн, шоорттой орцонд гарч ирсэн. Б.У надад чүдэнзний хайрцаг гаргаж үзүүлэхэд дотор нь жижигхэн, дөрвөлжин хэлбэртэй, хар өнгөтэй шавар шиг зүйлүүд байсан. Б.У тэрийг “Морок гэдэг, 1 ширхэг нь 1.000.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй, 200.000 төгрөг байна” гэж хэлэхэд Б.У “наад мөнгөндөө ав ав” гэж хэлээд нөгөө дөрвөлжин хэлбэртэй шавар шиг зүйлээс бага зэргийг тасдаж өгсөн. Тэр үед Б.У “наадахаа эмрээд байгаарай, тэгэхээр урт болдог юм шүү, тугалган цаасан дээр жижиг жижиг хэсгээр нь тавиад хэрэглээрэй” гэж хэлсэн. Тэгээд Б.У бид 2 салсан. Би нөгөө морок гэх шавраа аваад Модны 2-т байрлах бор өнгөтэй, өндөр байрны орцонд ороод тугалган цаасанд Б.Уын хэлснээр жижигхэн таслаж тавиад шатааж утааг нь хуйлсан мөнгө дэвсгэртээр сорсон. Утааг нь сороход тайвширч байгаа мэдрэмж өгч байсан. Тэгээд үлдсэн морок шавраа аваад гэр рүүгээ явсан. Тэгсэн өнөөдөр гэрт байхад цагдаа нар ирсэн. Би морок шавар Б.Уоос авсан талаар хэнд ч хэлээгүй. Би өөрийнхөө хурааж хуримтлуулсан 200.000 төгрөгөөр уг морок гэх шаврыг авсан юм. Би уг зүйлийг мансууруулах бодистой, хууль бус зүйл гэдгийг мэдэж байсан боловч сонирхоод хэрэглэж үзэхээр худалдан авсан юм. Би Б.Уыг огт танихгүй. Б.У анх над руу залгах үедээ миний утасны дугаарыг Майдараас авсан гэсэн. Майдар бол миний сайн найз юм. Б.У Майдар 2 уулзаж байхдаа Майдар Б.Уод “манай энэ найз сонирхож магадгүй байх” гэж хэлээд миний утасны дугаарыг өгсөн байсан. Би өмнө нь өвс хэрэглэж байсан. Шавар гэх зүйлийг хэрэглэж байгаагүй. Шавар гэх зүйлийг хэрэглэж үзэх гээд сонирхоод Б.Уоос 200.000 төгрөгөөр морок шавар гэх зүйл худалдан авсан юм. Би Б.Уод 200.000 төгрөг бэлнээр өгсөн. /хх-ийн 89/  гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.У мөрдөн байцаалтанд: Би багаасаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт өсөж торниод тэндээ хувиараа худалдаа наймаа хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Би одоогоос 4 жилийн өмнөөс өөрийн гэр бүлийн хийдэг байсан ажил болох хүүхдийн тоглоомын наймааг ганцаараа хийж эхэлсэн. Энэ ажлаараа мөнгө төгрөг олж амьдралаа болгодог. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай эмээгийн гэр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 75 дугаар байрны 307 тоотоос илэрч хураагдсан шавар гэх нэршилтэй бодисыг би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу сарын шинийн 3-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Коликтив нэртэй баарны гаднаас үл таних таксинд сууж гэртээ хүргүүлэх үед таксины жолооч надад тамхины цаасанд ороосон зүйлийг татаж үзэх үү гэж хэлээд өгөхөөр нь согтуу байсан болохоор түүнийг татаж үзтэл болж байгаа үйл явц удааширч, жаргалтай мэдрэмж төрж эхэлсэн. Тэр үед нь тухайн жолооч нь ахад нь ийм зүйл байгаа Улаанбаатар хотод бол их үнэтэй шүү ахын дүү авбал аваарай гэж хэлэхээр нь шүдэнзний хайрцагт хийсэн 3 ширхэг тусдаа гялгар ууттай шавар мэт бодисыг болон тамхины цаасыг хамтад нь 500.000 төгрөгөөр тухайн таксины жолоочоос худалдан авсан. Мөнгөө өгөх үедээ бэлнээр өгсөн. Ингээд тухайн авсан шүдэнзний хайрцагтай шавар мэт бодисыг болон тамхины цаасыг нүдний шилний хайрцагт хийгээд биедээ хадгалж байгаад одоогоос 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн биедээ эмчилгээ хийлгэхээр ирээд түр оршин суух эмээгийнхээ гэрийн зочны өрөөний зурагтны дор байрлах шүүгээнд хийсэн байсан. Харин 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр над руу Э.Т гэх залуу нь утсаар холбогдоод чамд шавар байгаа юм уу хөгшөөн надад 200.000 төгрөгөнд бага зэргийг өгчихөөч гэж хэлэхээр нь тэгээ гээд манай гэрийн гадаа ирж орцонд уулзаад надад бэлнээр 200.000 төгрөг өгөхөөр нь би шүдэнзний хайрцагт байсан шавар мэт бодисноос бага зэргийг тасдаж авч өгсөн. Ингээд түүнээс хойш уулзаагүй харин өнөөдөр над руу залгаад уулзах хэрэгтэй байна гэхээр нь гарч очтол цагдаа нартай хамт явж байсан. Ингээд би цагдаа нарт гэрт шавар байгаа талаараа хэлж үзлэг хийх үед нь сайн дураараа гарган өгч хураалгасан байгаа. Тухайн хүнийг урьд өмнө нь таньж мэддэггүй харж байгаагүй хүн байсан. Тухайн хүн эрэгтэй 30-40 орчим настай. Батгатай нүүртэй халимаг үстэй хүн байсан. Би тухайн үед согтуу байсан мөн машины арын суудал дээр сууж байсан болохоор царай төрхийг нь сайн харж чадаагүй. Машины улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Verna accent маркийн цагаан өнгийн машин байх шиг байсан. Тэр хүнийг олон удаа харж байгаагүй. Улаанбаатар хотоос ирсэн хүн байж магадгүй гэж бодож байсан. /хх-ийн 90/ гэх мэдүүлэг,

дахин байцаалтаар Б.У”...эмээгийн гэрт байсан 6.6 гр жинтэй бодис нь манай найз Тулга гэх залуугийн надад үлдээсэн бодис юм...Тулгаа бид хоёр хоёулахнаа байх үед Тулгаа надад шүдэнзний хайрцагтай дотор нь хоёр ширхэг хүнсний скочоор ороосон зүйлийг өгсөн юу болох талаар  нь Тулгаагаас асуугаагүй ба Тулгаа өгөхдөө маргааш нөгөөдрөөс чам руу хүн залгаж байгаад ирээд авчих байх би өөрөө өгчихье гэсэн амжсангүй гэж хэлэхээр нь заа гэж хэлээд авсан. Мөн тухайн үед тамхины нимгэн цаасанд ороосон тамхи шиг зүйлийг өгөөд сонирхоод үзэхгүй юу хөгшөөн гэж хэлэхээр нь аваад 00 цаасанд ороож халаасандаа хийгээд тэндээсээ гэртээ харьсан...халаасаа уудалтал Тулгаагийн надад үлдээсэн тамхины цаасанд ороосон тамхи мэт зүйл  гарч ирэхээр нь үүнийг манай найз гадаад явах үедээ үлдээсэн гэж хэлээд сонирхож Э.Тгийн хамт асааж татаж  хэрэглэсэн. Ингээд удалгүй салаад гэртээ харьж байсан. Харин маргааш нь Э.Т над руу утсаар залгаад нөгөө зүйлээс чинь жаахан байна уу гэхээр нь байна байна гэж хэлээд шүдэнзний хайрцагт байсан хүнсний скочоор ороосон зүйлээс нь гараараа бага хэмжээтэйг тасдаж Э.Тд өгч байсан. /хх-ийн 103/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор  Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, Э.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 498 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 247/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.У 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолыг агууламжтай шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 75 дугаар байрны 307 тоот байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 6.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 75 дугаар байрны орцонд Эрдэнэхуягийн Э.Тд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23в байрны орцонд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Б.Бат-Энхийн“...Б.У миний машинд суугаад өөрөөсөө шавар гэх нэршилтэй 3 ширхэг тусдаа гялгар уутанд ороосон мансууруулах бодисыг үзүүлээд ...үүнийг гаргачих гэсэн юмаа /зарчих гэсэн юмаа/ авчих хүн байна уу гэж асуусан...Б.У нь өөрийнхөө зарах гэж байсан шавар гэх бодисыг 960.000 төгрөгөөр зарна хэрэв авах хүн байвал миний данс руу мөнгийг нь хийлгээрэй гэж хэлээд мөнгөн дүн болон дансны дугаарыг явуулж байсан...” /хх-ийн 40-41/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1473 дугаартай”...шинжилгээнд ирүүлсэн 60, 61 гэж дугаар тавьж нимгэн утсаар ороосон хар бараан өнгийн шавар мэт зүйл тус бүрт дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол  нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-ийн 49/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1471 дугаартай”... шинжилгээнд ирүүлсэн парламент тамхины хайрцаг дотор нарийн хэлбэртэй урт болгосон 3 ширхэг хар бараан өнгийн шавар мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд  ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэт нөлөөт бодисын  тухай конвенцид багтдаг болно. /хх-ийн 54/ гэсэн дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1475 дугаартай”... “Батмөнхийн Б.У”, “Э.Т ТА96101210” гэж хаягласан шээсний 2 ш дээж тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна. /хх-ийн 60-61/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 8-14/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/, эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 189/, Б.Уын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/, Б.Уын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-31/, эд зүйлд үзлэг хийж хүлэлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32/,  Э.Тгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33-35/,

сэжигтнээр Э.Тгийн“...Би морок шавар Б.Уоос авсан талаар хэнд ч хэлээгүй. Би өөрийнхөө хурааж хуримтлуулсан 200.000 төгрөгөөр уг морок гэх шаврыг авсан юм...”

сэжигтнээр Б.Уын ”...Э.Т ...чамд шавар байгаа юм уу хөгшөөн надад 200.000 төгрөгөнд бага зэргийг өгчихөөч гэж хэлэхээр нь тэгээ гээд манай гэрийн гадаа ирж орцонд уулзаад надад бэлнээр 200.000 төгрөг өгөхөөр нь би шүдэнзний хайрцагт байсан шавар мэт бодисноос бага зэргийг тасдаж авч өгсөн..” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.    

 

Энэ хэрэгт хамааралтай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар;

Б.Уын”...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан” үйлдэл,

Э.Тгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тус тус гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх бөгөөд дээрх үйлдлүүд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Б.Уын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан”...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг,

Э.Тгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

 

Иймд хяналтын прокуророос Б.У, Э.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж,

улсын яллагчаас нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Уыг Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гэм буруутайд,

шүүгдэгч Э.Тг Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Б.У нь делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр худалдаалж ашиг олсон болох нь тогтоогдсон байх тул Б.Уын  гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Л.Мөнхтөр “ энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд гүйцэтгэх ажлын журам зөрчсөн, хууль бус аргаар цугларсан тул гэрч Бат-Энхийн мэдүүлгийг хасаж  өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд Б.У, Э.Т нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй тул өмгөөлөгч Л.Мөнхтөрийн дээрхи санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Б.Уыг мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Э.Тг мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.У, Э.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

Өмгөөлөгч Г.Сүхээ “Э.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү”

Өмгөөлөгч Л.Мөнхтөр “Б.Уод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтүүд гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Э.Т, Б.У нарын үйлдсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг болон тэдгээрийн хувийн байдал буюу  Э.Т урьд нь ял шийтгэгдсэн, Б.У  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний 3 шинжтэйгээр үйлдсэн зэрэг байдлуудыг шүүх харгалзав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “60 дугаартай шавар мэт бодис 3.3 гр, 61 дугаартай шавар мэт бодис 3.3 гр, хар өнгийн нүдний шилний сав, RAW гэх улаан өнгийн бичиглэл бүхий тамхины нимгэн цаас, шүдэнзний хайрцаг, Parlament тамхины хайрцаганд хийсэн 1 гр шавар мэт бодис“-ыг Нийслэлийн прокурорын газраас хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтанд Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдсан байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг эд зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн  эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт,

Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 /хоёр/ жил 8 /найм/ сарын  хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Б.У, Э.Т нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Б.Уын баривчлагдсан 48 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уоос 200.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “60 дугаартай шавар мэт бодис 3.3 гр, 61 дугаартай шавар мэт бодис 3.3 гр, хар өнгийн нүдний шилний сав, RAW гэх улаан өнгийн бичиглэл бүхий тамхины нимгэн цаас, шүдэнзний хайрцаг, Parlament тамхины хайрцаганд хийсэн 1 гр шавар мэт бодис“-ыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Б.Уод урьд авсан хувийн  баталгаа гаргах,  Э.Тд урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  өөрчлөн Б.У, Э.Т нарыг цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У, Э.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         

                   

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ