Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 955

 

 

 

 

 

 

 

 

Б.У, Э.Тнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,

шүүгдэгч Э.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Э.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.У, Э.Тнарт холбогдох эрүүгийн 1902001130055 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.У нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

 

2019 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 75 дугаар байрны 307 тоот байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 6.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

 

2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 75 дугаар байрны орцонд Эрдэнэхуягийн Тэмүүлэнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэрэг,

 

Э.Тнь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в дугаар байрны орцонд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Тэмүүлэнгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт, шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Б.У, Э.Тнарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Уын баривчлагдсан 48 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уоос 200.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “60 дугаартай шавар мэт бодис 3.3 гр, 61 дугаартай шавар мэт бодис 3.3 гр, хар өнгийн нүдний шилний сав, RАW гэх улаан өнгийн бичиглэл бүхий тамхины нимгэн цаас, шүдэнзний хайрцаг, Рагlament тамхины хайрцаганд хийсэн 1 гр шавар мэт бодис“-ыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Б.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах, Э.Тэмүүлэнд урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн Б.У, Э.Тнарыг цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У, Э.Тнарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

                                              

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буюу “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн 1/11 дугаар павилионыг 2017 оноос хойш түрээслэн ажиллуудаг ба миний ээжийн ээж, аавын аав өндөр настай хүмүүс байдаг би өвөө, эмээ нартайгаа маш ойр өссөн. Тийм дээ ч архи, тамхи огт хэрэглэдэггүй. Аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд чадах чинээгээрээ тус үзүүлэхийг хүчээн ажиллаж амьдарч ирсэн. Би хар тамхи гэдэг зүйлийн талаар юу ч мэдэхгүй, хэрэглэж үзээгүй байсан ба багын найз Тулга гадаадаас ирээд хуримаа хийж уулзсан. Үүний дараа буцаж явахаар болоод Сайхнаа /Батсайхан/ Тулгын найз, Тулга бид хэд гарган өгсөн. Тэгэхэд Тулга надад хүн чам руу яриад авна гээд шүдэнзний хайрцагтай зүйл өгсөн. Намайг явахаас өмнө ирж авна гэсэн хүн ирж авч амжсангүй гээд өгснийг би хадгалж байсан ба үүнээс 2 хоногийн дараа цагдаагийн газраас хүмүүс ирэхэд тэр өдөр үнэнээ хэлээд эмээгийн гэрээс Тулгын үлдээсэн зүйлийг сайн дураараа өөрөө гаргаж өгсөн.

Тухайн үед Тулга “Marqueen” бааранд уулзаад 00-ын өрөөнд орохдоо надад жаахан зүйл имрээд урт нарийнхан болгоод мөнгөлөг цаасан дээр тавиад сороод үз гэсэн. Тэгэхээр нь сонирхоод сорж үзсэн бас тамхи шиг ороосон зүйлийг өгсөн. Тэгээд Майдарын найз Тэмүүлэнтэй таараад Тэмүүлэнтэй тамхи шиг зүйлээ хамт хувааж хэрэглэсэн. Дараа нь Тэмүүлэн надаас Тулгын үлдээсэн зүйлээс дахиж байна уу гэхэд нь би жоохон өгсөн. Цагдаад баригдахад Тэмүүлэн 200.000 төгрөгөөр зарсан гэж хэлээрэй хөгшөөн би 200.000 төгрөгөөр авсан гээд хэлсэн шүү гэхээр нь би 200.000 төгрөгөөр өгсөн гэж хэлсэн. Тэгээд дараа нь байцаалт болон шүүх хурал дээр Тэмүүлэн худалдаж аваагүй гэж үнэнгээ хэлсэн. Анх баригдаад цагдаагийн хүмүүс бид хоёрыг зодоод шөнө болтол байлгаж байгаад хорьсон. Тэгэхэд л зарсан биз дээ үнэнээ хэл гэж зодоод байсан юм. Би Тэмүүлэнд өгсөн болон Тулгын хүнд өгчихөөрэй гэсэн зүйлийг хадгалж байсан нь үнэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Батсайхан мэдүүлэхдээ миний хажууд болон найз нартайгаа уулзахад хар тамхины талаар ямар нэгэн зүйлийг ярьж байгаарай гэж үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл Бат-Энхийн биеэс гарсан “дельта 9 тетрогидроканнабинол” агууламжтай мансууруулах бодисыг би 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улсболд зарах гэж байгаа гэсэн “шавар” гэх хэрэглэсэн гэж хэлснийг гайхаад байна. Би Бат-Энхийг анх тэр өдөр л машинд таараад Дүнжингарав хүргэж өгөөд өдөр салсан. Гэтэл би Тулгатай бааранд ороход Бат-Энх байгаагүй. Машинд байхад надад Тулга юу ч өгөөгүй тэр талаар ямар ч яриа болоогүй үүнийг Батсайхан гэрчилсэн байгаа. Харин Бат-Энх хэдийд, хаана, хэнтэй, хар тамхи татаад шинжилгээгээр илэрсэн болохыг би мэдэхгүй. Би урьд өмнө нь цагдаагийн газар байтугай эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй. Хоригдож байх хугацаандаа өөрийн болчимгүй тэнэг зүйл хийсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Надад хар тамхи зарах худалдах ямар ч ойлголт байхгүй. Би худалдах зорилгоор олж авсан хадгалсан, худалдсан зүйл байхгүй гэдгээ үнэнч шударгаар илэрхийлж байна. Иймд миний зүйл ангийг худалдаалах зорилгоор хадгалсан бусдад буюу Тэмүүлэнд өгсөн хэргээр зүйл ангийг минь өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Би та бүхний итгэлийг алдахгүй. Ээж, эхнэр, эмээ, өвөөтэйгөө сайхан элэг бүтэн амьдармаар байна. Эрхэм шүүгч та бүхнийг анх удаа болчимгүй тэнэг зангаасаа алдаж эндсэн миний ялыг хөнгөлж шударга шүүхийн хүнлэг энэрэнгүй шийдвэр гаргана гэж итгэж байна. …” гэв.

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Л.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 658 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн талаар

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 35.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн тухайд: Шүүгдэгч Б.У урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй байхад гэрч Бат-Энх, Батсайхан нарын мэдүүлэг эрс зөрүүтэй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрч оролцуулах хүсэлт гаргасан байсан ба мөн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие мөн дээрх 2 гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч Дайрийжав хуралдааны явцад шаардлагатай бол шийдье гээд шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж явсаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгч ямар ч санал хүсэлт гаргаагүйгээр үйлдэгдсэн байна. Учир нь миний бие Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх гэж байгааг мэдээд, дээрх гэрч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байгаа тул мөрдөн байцаалтанд буцаалгаж, шалгуулах хүсэлт тавихад шүүх хуралдаанд оролцуулж, шийдвэрлүүлэх боломжтой гээд хүсэлтийг хангахаас татгалзсан байсан юм. Гэтэл шүүгч гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуупийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтыг зөрчсөн тухайд: 37.7 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 36.7, 2 дах хэсэгт Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 37.2.3.шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл 36.7.2.4 шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дугнэлтийг тус тус тусгахаар заажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Улсболдын өмгөөлөгч миний шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хавтас хэргээс гэсэн хэсэгт огт оруулаагүй ба өмгөөлөгчийн шүүх хуралдаанд мэтгэлцэж хэлэлцүүлсэн нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй шийтгэх тогтоолд тусгаагүй нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчлөө.

3. Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хэлэлцүүлсэн нотлох баримтын талаар гаргасан хууль зүйн дүгнэлт саналын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйл. Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхийг 30.4.1 дэх хэсэгт: “Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж заасан ба хавтас хэргийн 5 дугаар хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч ажилтай цагдаагийн ахлах дэслэгч Г.Азбилэгээс амаар гаргасан гомдол мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 50 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Гэсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл албан тушаалтан гэмт хэргийн тапаарх мэдээллийг бичгээр өгнө гэсэн боловч хэрэгт гэмт хэргийн талаар бичгээр гаргасан мэдээлэл байхгүй байгаа билээ.

4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн тухайд:

Улсболдыг Тэмүүлэнгээр дуудуулж барьж аван цагдаагийн газар авч ирэхэд Улсболд нь сайн дураараа манай эмээгийн гэрт Тулгын надад татуулж үзүүлсэн зүйл байгаа би түүнийг өгье, эмээ маань даралт их тул та нар хамт орохдоо цагдаагаас яваа гэж битгий хэлээрэй гээд хамт орж дээрх бодисыг сайн дураараа гаргаж өгсөн ба энэ нь гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн үйлдэл ба харин дээрх зүйлийг хамт орж хүлээн авч байгаа үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эд мөрийн баримт хураан авсан үйл ажиллагааг хэргийн газрын үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн болгож эрх зүйн байдлыг нь дордуулсан.

Хэргийн үзлэгийн тэмдэглэлийн 7-9 дэх мөрөнд:            Улсболд нь сайн дураараа өөрийн эмээгийн гэрт байгаа зүйлийг зааж өгч хураалгая гэсний дагуу гэж тэмдэглэснээр нотлогдож байгаа юм. Мөн хууль бус эргэлттэй холбоотой мэдээллийг Францаас Тулга гэдэг хүн оруулж ирсэн гэж анх цагдаатай учрахдаа мэдээлсэн байдаг.

Энэ нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт: Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэсэн байхад мөрдөгч дээрх тэмдэглэлийг үйлдсэнээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй гэсэн үйл баримт болгож, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж мэтгэлцсэн улсын яллагч болон шүүгч миний энэ саналд ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргийн 6-7 хуудсанд авагдсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах саналаа мөрдөгч 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргасан ба харин прокурор 25-ны өдөр 30 тоот тогтоол үйлдсэн нь цаг хугацааны хувьд зөрж байгаа тул мөрдөгчийн прокурорын зөвшөөрөлгүй хийсэн үйл ажиллагаа нь хуульд зааснаар 24 цагийн дотор прокурор шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн уг асуудал шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа талаар мэтгэлцсэн боловч шийтгэх тогтоолд мөн шүүгч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 1.4-д “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэснийг зөрчсөн тухайд:

Гэрч Бат-Энхийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх эсэх талаар:

Мөн хуулийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д болон “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 1.7 “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэдгийг үндэслзн би шүүх хуралдаанд Бат-Энхээс мэдүүлэг авахдаа: 25.1. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-д “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно." гэснийг зөрчсөн өөрөөр хэлбэл хавтас хэргийн 40 дүгээр хуудасны ар талын доороосоо 2 дахь мөрөнд Мөрдөгчөөс: Асуулт: Таны барьж хэрэглэдэг 99234774 дугаарын утас руу Улсболд өөрийнхөө утаснаас 5675469648 ulsbold 960000 гэх мессежийг илгээсэн байна гэсэн хөтөлсөн асуулт тавьж хариулт авсан байх ба энэ нь хавтас хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан Улсболдын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд 99234774 дугаарын утас руу илгээсэн ямар ч мессеж байдаггүй бөгөөд үзлэгийн тэмдэглэлд хэрэгт ач холбогдолтой ямар ч зүйл илрээгүй талаар тэмдэглэсэн эд мөрийн баримтанд үзлэг хийсэн хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн тэмдэглэлээр нотлогдоно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг үндэслэн гэрч Бат-Энх, шүүгдэгч Тэмүүлэнгийн сэжигтнээр тооцсон мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх талаар шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд саналаа хэлж, шүүх хуралдаанд дээрх байр сууринаас мэтгэлцсэн болно. Гэвч шүүгч уг саналыг шүүх шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт үүнийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон сэжигтнээр Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлгийн тухайд шүүгдэгч Тэмүүлэн болон Улсболдыг сэжигтнээр байцаахдаа өмгөөлөгчгүй байцаалт авахдаа зодож хүч хэрэглэсэн төдийгүй сайн дураараа эмээгийн гэрт байгаа зүйлээ гаргаж өгсөөр байхад нь прокурорын зөвшөөрөлгүй биеэс нь дээж авч гэрт нь үзлэг хийн шөнийн цагаар байцаалт авч хорьж мөрдөх хуульд заасан үндэслэл арилсан нөхцөлд шүүхийн зөвшөөрөлгүй шөнийн цагаар баривчилсан хүч хэрэглэсэн талаарааа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн шүүх хуралдаанд Тэмүүлэн прокурор, шүүгч, өмгөөлөгч миний асуултанд би 200.000 төгрөгөөр авсан гэж айсандаа мэдүүлсэн юмаа. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн, надад 200.000 төгрөг байгаагүй, байх үндэсгүй гэж мэдүүлсэн ба мөрдөн байцаалтанд өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ мөн би 200.000 төгрөгөөр худалдаж аваагүй, надад худалдаж авах мөнгө ч байхгүй гэдгээ мэдүүлсэн ба энэ мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт “Сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж зааснаар 200.000 төгрөг байсан түүнийгээ өгсөн гэх эх сурвалжаа зааж чадаагүй 200.000 төгрөгөөр авсан гэдэг нь хавтас хэрэгт авагдаж шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй юм. Өөөрөөр хэлбэл уг хуулийн 16.3.3 “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” юм.

Түүнчлэн мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 16.3.8 дах хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.3-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заажээ.

8. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд өмгөөлөгч миний бие Бат-Энхийн болон шүүгдэгч Тэмүүлэнгийн мэдүүлгийг уг хуулийн 16.11 дүгээр зүйлийн 16.11.1.1, 16.11.1.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх түүнчлэн Улсболд, Тэмүүлэн нар нь хар тамхи хэрэглэсэн байсныг нотлох биеэс дээж авч шээснээс мансууруулах бодис илэрсэн тухай тест, шинжээчийн дүгнэлт нь прокуророос зүйлчилсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан худалдаалсантай хамааралгүй нотлох баримт тул нотлох баримтаар шинжлэн судлахаас татгалзсан өмгөөлөгч миний гаргасан саналыг уг зүйлийн 16.11.2 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх ёстой атал шийдвэрлээгүй үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

9. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.3.дахь хэсэгт: “Мөрдөгч үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох, харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, мөрдөн шалгах нууц туршилт, нууц ажиглалт, таньж олуулах ажиллагааг нууцаар хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Учир нь гэмт хэргийн талаар Азбилэг гэдэг ахлах дэслэгч яаж мэдээлэл авсан нь тодорхойгүй хуульд зааснаар төрийн албан хаагч гомдол, мэдээллээ бичгээр гаргах байсан. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж Тэмүүлэнг барьж Тэмүүлэнгээр яриулж, Б.Уыг дуудаж гарган, ирэнгүүт нь биед нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хайж нэгжлэг үзлэг хийсэн, гэрт нь үзлэг хийсэн, таньж олуулах ажиллагаа явуулсан, биеэс нь дээж авч шинжилгээнд өгсөн энэ бүх ажиллагаанд прокурорын зүгээс ямар ч зөвшөөрөл өгсөн баримт хэрэгт байхгүй, энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн.

Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Энэ бүх давж заалдах гомдолд дурьдсан үндэслэл нотлох баримтууд, өмгөөлөгчийн санал, өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийн талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн боловч шүүхийн шийдвэрт үгүйсгэсэн үндэслэл, шийдвэрлэсэн шийдвэрээ тусгаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна.

Учир нь гэрч гэх Бат-Энх хаана хэдийд хэнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл олж хэрэглэснийг мөрдөгч шалгаагүй, хэрэглэсэн гэх 22-ны өдрөөс хойш 4 хоноход дөнгөж сороод өнгөрсөн бодис 4 хоног хүний биед байх боломжтой эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй бөгөөд гэрч Батсайханы мэдүүлгээр тэр өдөр л Улсболд, Бат-Энх нар анх Төмөр замаас Дүнжингарав хүртэл замд машин дотор уулзсан ба Бат-Энх нь өдөр Дүнжингарав хүргэж өгөөд салсан, орой бааранд Бат-Энхийг байгаагүйг мөн машин дотор ямар ч хар тамхитай холбоотой яриа болоогүйг гэрчилсэн байхад Батсайханы мэдүүлгийг, мөн Бат-Энхийн эрс зөрүүтэй мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон боловч Батсайханы мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй болно. …” гэв.

 

Шүүгдэгч Э.Тдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие өөрийн саваагүй сониуч зангаасаа болж анх удаа ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшин ухаарч буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Миний бие аав, ээж, эхнэр, дүүгийн хамт тавуулаа амьдардаг. Миний аав болох Эрдэнэхуяг нь өнчин тархины хорт хавдар тус ч хүнд хагалгаанд орсны улмаас 100% хувь хөдөлмөрийн чадвараа алдаж эмчийн хяналтан доор ээжийн асаргаанд байдаг. Миний дүү болох Оргилмаа Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 2 дугаар ангид суралцдаг. Миний эхнэр болох Сувдмаа нь 6 сартай жирэмсэн, эрхэлсэн ажилгүй гэртэй байдаг.  Би ажил хийж ам бүлээ авч явдаг. Миний энэ гэр бүлийн амьдралыг минь харгалзан үзэж, оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэж эрхэм шүүгч нараас хүсэж байна. …” гэв.

 

Шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 658 тоот шийттэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Э.Тэмүүлэнд 658 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, үйлдсэн хэргээ мөрдөн байцаах ажиллагааны шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэсэн үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтвортой өгч байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ялыг өөрчлөн тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү.

Э.Төөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Түүний хувийн байдал нь эхнэр нь 7 сартай жирэмсэн, эцэг нь тархины хорт хавдартай учир хэвтэрт байдаг. Э.ТХилийн цэргийн 327 дугаар ангид алба хаадаг бөгөөд хилийн цэргийн ангиас байнга холбоотой байдаг. Алба үүргээ сайн биелүүлж байсан. Эдгээр байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү…” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Тболон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгайлан гаргах саналгүй байна. Шүүгдэгч Б.Уын давж заалдах гомдолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөх хүсэлт гаргасан байна. Л.Мөнхтөр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд шүүгч гэрч нарыг оролцуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг явуулсан тухай дурдлаа. Энэ нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед  шүүх хуралдааны ирцийн талаар талуудаас санал хүсэлтийг авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх шийтгэх тогтоолын 9 дүгээр талд өмгөөлөгчийн санал, прокурорын дүгнэлт зэргийг няцаасан үндэслэлээ дурдсан байдаг. Гэмт хэргийн талаарх мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газраас баталсан аргачлалын дагуу гаргаж, гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Үзлэг явуулахад тухайн эд зүйлийг сайн дураараа гаргаж, өгөх боломжийг хангах талаар” хуульчилсан. Үүний дагуу үзлэгийн тэмдэглэл хийж, сайн дураар гаргаж өгөх боломжийг хангаж үүнийг гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргуулан авсан зүйлийг сайн дураар шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэж тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх үе шатыг хэлнэ. Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаад эхэлсний дараа гаргаж өгсөн асуудал нь дээрх хуулийн тайлбарт хамаарахгүй. Прокурорын зөвшөөрлийн асуудалд хойшлуулашгүй тохиолдол үүссэн. Хойшлуулашгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулах боловч тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулах прокурорын тогтоолыг гаргасан. Хүчинтэйд тооцох зөвшөөрлийн огноонд техникийн шинжтэй алдаа гарсан. Хавтас хэрэгт Э.Тэмүүлэнд 200.000 төгрөгөөр худалдсан талаар Э.Төөрөө мэдүүлсэн байдаг. Б.У мөн энэ тухай мэдүүлсэн. Дан ганц мэдүүлгээр бус өөр бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тухайн бодисыг шүүгдэгч нар хэрэглэсэн ба шээсний шинжилгээ болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Мөн хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны үед явагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тохиолдол нотлох баримтыг хасан асуудал яригдана. Гэтэл хэргийн бодит байдлыг тогтоож, хууль журамд заасны дагуу бэхжүүлж авсан баримтыг хасуулах ойлголт байхгүй. Харин үүнийг үнэлэх эсэх асуудал яригдана. Худалдаалах зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.У нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

 

2019 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 75 дугаар байрны 307 тоот байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 6.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

 

2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 75 дугаар байрны орцонд Эрдэнэхуягийн Тэмүүлэнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

 

Э.Тнь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в дугаар байрны орцонд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

 

гэрч Б.Бат-Энхийн “...2019 оны 2 дугаар сарын 21-ний орой над руу Золоо /88112375/ гэж дууддаг надтай 2010 онд АНУ-д байх үедээ хамт нэг байшинд хамт байсан залуутай Япон улсад хамт амьдарч байсан Сайхнаа гэх залуу 99243996 дугаарын утсаар надтай холбогдоод уулзах хэрэг байна гэхээр нь түүнийг гэрээс нь буюу хороололын эцсийн Говь сауны хажуу талаас очиж аваад машин дотор уулзахад манай нэг найз дээр очиж уулзъя түүнд гоё юм байгаа юм аа гээд Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд байрлах нэг байрны гадаа зааж хүргүүлсэн. Удалгүй нэг залуу гарч ирээд машинд суусан ба тухайн залуу нь Улсболд гэж байсан. Улсболд миний машинд суугаад Сайхнаатай юм ярьж байгаад надтай танилцаж надад өөрөөсөө шавар гэх нэршилтэй 3 ширхэг тусдаа гялгар уутанд ороосон мансууруулах бодисыг үзүүлээд энэ гадаад улсаас манай найзын явуулсан юм байгаа юм аа. Үүнийг гаргачих гэсэн юм /зарчих гэсэн юм/ авчих хүн байна уу гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна, хүн амьтнаас асууж сураглая гэж хэлсэн. Ингээд удалгүй машинд нэг цүнх чемодан барьсан залуу суугаад өөрийгөө Тулгаа гэж танилцуулж Франц улсад ажиллаж амьдардаг тухайн улсын иргэншилтэй гэж хэлж байсан. Ингээд тэд нарыг Дүнжингарав худалдааны төвийн урд барилгын гадаа буулгаад гэртээ харьсан. Улсболд нь өөрийнхөө зарах гэж байсан шавар гэх бодисыг 960.000 төгрөгөөр зарна хэрэв авах хүн байвал миний данс руу мөнгийг нь хийлгээрэй гэж хэлээд мөнгөн дүн болон дансны дугаарыг явуулж байсан. Миний биеэс гарсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисыг би 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улсболд, Сайхнаа нартай уулзаад машинд байх үедээ Улсболдын зарах гэж байгаа гэсэн шавар гэх бодисоос хэрэглэсэн. ...” /1-р хх 40-41/,

 

гэрч Б.Батсайханы “...Тулга гэх залуутай ирсэн байх үед нь Сэлэнгэ аймагт хэд хэдэн удаа уулзаж байсан. Тухайн үед бид нарт Франц улсаас ямар нэгэн зүйл сонирхуулахаар эд зүйл авчирсан талаар яриагүй. Түүнд шавар гэх мансууруулах бодис байсан талаар нь мэдэхгүй байна. Надад ямар нэгэн зүйл өгөөгүй. Улсболд харин хэлэхдээ Тулгаагийн өгсөн шавар гэх бодисыг гэртээ хадгалж байгаад баригдсан гэж байсан. Би Тулгааг Улсболдод шавар гэх бодисыг өгсөн талаар нь мэдэхгүй. Миний хажууд болон найз нараараа уулзахад хар тамхины талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүи. Би урьд өмнө нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Энэ зүйлийг хортой, хууль бус зүйл болох талаар зурагт хэвлэл мэдээллийн хэрэгслээс олон удаа харж сонсож байсан учраас хол байна гэж бодож явдаг. Тулгын гэр бүл нь бүгд Франц улсад амьдардаг. Одоо Тулга Франц улсад амьдарч байгаа. ...” /1-р хх 45-46/,

 

Э.Тсэжигтнээр өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр миний утсанд дугаараа нууцалсан дуудлага ирсэн. Би тэр дуудлагыг авахад “би Майдарын найз Улсболд байна, надад морок шавар байна, чи авах юм уу” гэж хэлсэн. Тэр үед би гайхаад үгүй гэж хэлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа буюу 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 99031666 дугаараас залгасан. Би чамайг сонирхож магадгүй гэсэн юм, надад морок шавар байна, чихэр шиг хэлбэртэй байна гэж хэлсэн. Тэгээд Улсболдтой уулзахаар болсон. ...Улсболд надад чүдэнзний хайрцаг гаргаж үзүүлэхэд дотор нь жижигхэн, дөрвөлжин хэлбэртэй, хар өнгөтэй шавар шиг зүйлүүд байсан. Улсболд тэрийг “морок гэдэг, 1 ширхэг нь 1.000.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй, 200.000 төгрөг байна” гэж хэлэхэд Улсболд наад мөнгөндөө ав ав гэж хэлээд нөгөө дөрвөлжин хэлбэртэй шавар шиг зүйлээс бага зэргийг тасдаж өгсөн. ...” /1-р хх 88-89/,

 

Э.Тяллагдагчаар өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний 80232385 дугаарын утас руу утсаар дугаараа нууцалж залгаад “би Майдарын найз Улсболд байна надад Морок /шавар/ байна, авах уу” гэж асуухаар нь танихгүй дугаараас залгасан учраас авахгүй гэж хариулсан. Харин түүнээс хойш 3 хоногийн дараа буюу 24-ний өдөр над руу 99031966 дугаарын утас залгаж “Улсболд байна. Майдарын найз надад Морок байна чи авах уу” гэж асуухаар нь сонирхож үзье гэж хэлээд өөртөө байсан 200.000 төгрөгөө аваад түүний хэлсэн газар болох Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд Window гэсэн бичигтэй буудлын хажуу талын 75 дугаар байрны орцонд очиж. ...шүдэнзний хайрцганд хийсэн 3-4 ширхэг гялгар уутаар ороосон шавар гэх бодисыг харуулаад 1 ширхэг нь 1.000.000 төгрөг гэдэг шүү гэхээр нь надад 200.000 төгрөг л байгаа гэж хэлэхэд наадахдаа тааруулаад ав ав гэж хэлээд нэг ширхэг шавар гэх зүйлээс тасдаж надад өгснийг авсан. ...” /1-р хх 108-109/,

 

            Э.Тяллагдагчаар дахин өгсөн “...тухайн үед Улсболд нь өөрийнхөө куртикнийхээ халааснаас цаасанд боосон бор өнгөтэй ороож бэлдсэн тамхи шиг зүйлийг гаргаж ирээд “энэ гадаадаас ирсэн манай найз үлдээсэн юм аа хоёулаа татаж үзэх үү” гэж хэлэхээр нь ямар нэгэн зүйл бодолгүйгээр тэгье гээд асааж тус бүртээ 2-3 удаа сорсон тухайн үед татаж хэрэглэхэд бие тайвширч байх шиг санагдсан ингээд тухайн тамхиа Улсболд унтраагаад буцаагаад халаасандаа хийсэн. Ингээд гэр гэртээ харихаар салж байсан. Харин маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр би Улсболд руу өдөр хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна утсаар залгаж холбогдоод “Өчигдөрийн татаж хэрэглэсэн тамхи шиг зүйлээс чинь байна уу” гэж асуухад “Байгаа Монгол цонх гэсэн бичигтэй байрны баруун талын байрны орцонд ирээд хоёр давхарт нь гараад залгачих” гэж хэлэхээр нь очоод орцонд ороод залгатал Улсболд нь дээд давхараас шатаар бууж ирээд өөрөөсөө шүдэнзний хайрцагтай зүйлийг гаргаж ирээд нээхэд дотор нь хүнсний скочоор ороосон 2-3 ширхэг хар өнгөтэй зүйл байсан ба түүнээс нэг хэсгийнх нь үзүүрээс гараараа таслаж “энийг ав” гэж хэлээд өгөхөөр нь “би энийг яаж хэрэглэх юм бэ” гэхэд Улсболд “наадахаа алгандаа ирмэж нарийхан урт болгоод тугалган цаасан дээр жижиг жижгээр нь таслаж доороос нь шатааж сорж хэрэглэдэг юм шүү” гэж хэлээд өгөхөөр нь түүнийг аваад гарсан. ...” /1-р хх 110-112/,

 

Б.Уын сэжигтнээр өгсөн “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байх үедээ буюу 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буюу сар шинийн 3-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Коликтив нэртэй баарны гаднаас үл таних таксинд сууж гэртээ хүргүүлэх үед таксины жолооч надад тамхины цаасанд ороосон зүйлийг татаж үзэх үү гэж хэлээд өгөхөөр нь согтуу байсан болохоор түүнийг татаж үзтэл болж байгаа үйл явц удааширч, жаргалтай мэдрэмж төрж эхэлсэн тэр үед нь тухайн жолооч нь ахад нь ийм зүйл байгаа Улаанбаатар хотод бол их үнэтэй шүү ахын дүү авбал аваарай гэж хэлэхээр нь шүдэнцний хайрцагт хийсэн 3 ширхэг тусдаа гялгар ууттай шавар мэт бодисыг болон тамхины цаасыг хамтад нь 500.000 төгрөгөөр тухайн таксины жолоочоос худалдан авсан. ...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр над руу Э.Тгэх залуу нь утсаар холбогдоод чамд шавар байгаа юм уу хөгшөөн надад 200.000 төгрөгөөр бага зэргийг өгчих гэж хэлэхээр нь тэг тэг гээд манай гэрийн гадаа ирж орцонд уулзаад надад бэлнээр 200.000 төгрөг өгөхөөр нь би шүдэнзний хайрцагт байсан шавар мэт бодисоос бага зэргийг тасдаж өгсөн. ...” /1-р хх 90-91/,

 

            Б.Уын яллагдагчаар дахин өгсөн “...00-ийн өрөөнд Тулгаа бид хоёр хоёулахнаа байх үед Тулгаа надад шүдэнзний хайрцагтай дотор нь хоёр ширхэг хүнсний скочоор ороосон зүйлийг өгсөн юу болох талаар нь Тулгаагаас асуугаагүй ба Тулгаа өгөхдөө маргааш нөгөөдрөөс чам руу хүн залгаж байгаад ирээд авчих байх би өөрөө өгчихье гэсэн амжсангүй гэж хэлэхээр нь “заза” гэж хэлээд авсан. Мөн тухайн үед тамхины нимгэн цаасанд ороосон тамхи шиг зүйлийг өгөөд сонирхоод үзэхгүй юу хөгшөөн гэж хэлэхээр нь аваад 00-ийн цаасанд ороож халаасандаа хийгээд тэндээсээ гэртээ харьсан. Харин маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 23-ний орой 17-18 цагийн үед Тэмүүлэн гэх залуутай андуудын ойролцоо уулзаад юм яриад алхаж байх үедээ халаасаа уудалтал Тулгаагийн надад үлдээсэн тамхины цаасанд ороосон тамхи мэт зүйл гарч ирэхээр нь “үүнийг манай найз гадаад явах үедээ үлдээсэн” гэж хэлээд сонирхож Тэмүүлэнгийн хамтаар асааж татаж хэрэглэсэн ингээд удалгүй салаад гэртээ харьж байсан. Харин маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 24-ний өглөө над руу Тэмүүлэн надруу утсаар залгаад нөгөө зүйлээс чинь жаахан байна уу гэхээр нь байна байна гэж хэлээд шүдэнзний хайрцагт байсан хүнсний скочоор ороосон зүйлээс нь гараараа бага хэмжээтэйг тасдаж Тэмүүлэнд өгч байсан. ...” /1-р хх 102-104/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 60, 61 гэж дугаар тавьж нимгэн утсаар ороосон хар бараан өнгийн шавар мэт зүйл тус бүрт дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. ...” /1-р хх 49/ гэх 1473 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн парламент тамхины хайрцаг дотор нарийн хэлбэртэй урт болгосон 3 ширхэг хар бараан өнгийн шавар мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны хэсэг тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн парламент тамхины хайрцаг дотор нарийн хэлбэртэй урт болгосон 3 ширхэг хар бараан өнгийн шавар мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны хэсэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно. ...” /1-р хх 54/ гэх 1471 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. "Батмөнхийн Улсболд", "Тэмүүлэн ТА96101210" гэж хаягласан шээсний 2 ширхэг дээж тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна. ...” /1-р хх 60-61/ гэх 1475 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 01 Бат-Эрдэнэ, Батсайхан гэж хаягласан хуванцар савтай 75 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 01 Бат-Эрдэнэ, Батсайхан гэж хаягласан хуванцар савтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. ...” /1-р хх 66/ гэх 1599 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Б.Бат-Энх 2019/2/26 9:17 гэсэн хаягтай хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. ...” /1-р хх 71/ гэх 1521 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Боржигон овгийн Батмөнхийн Улсболдыг мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт, шүүгдэгч Баянцогт овгийн Эрдэнэхуягийн Тэмүүлэнг мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У “...хар тамхи бусдад худалдаагүй, хадгалсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Л.Мөнхтөр “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Э.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Ш.Сүхээ нар “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Шүүгдэгч Б.У Э.Тэмүүлэнд сэтгэцэд нөлөөт бодис 200.000 төгрөгөөр худалдсан, Э.Тхудалдан авсан талаар мэдүүлдэг боловч сүүлдээ Э.Т“тухайн үедээ ямар нэгэн мөнгө төгрөг Улсболдод өгөөгүй Улсболд ч гэсэн надаас ямар нэгэн мөнгө төгрөг талаар асуугаагүй. ...” /1-р хх 110-112/, Б.У Би Тэмүүлэн гэх залууд 200.000 төгрөгөөр шавар гэх нэршилтэй бодисыг худалдаагүй. Харин цагдаагийн байгууллагад баригдан ирсэн байх үедээ Тэмүүлэн надтай дохио зангаагаараа ярих гээд байхаар нь сонсоогүй мөн ойлгоогүй, харин нэг өрөөнд оруулаад зогсоож байх үед Тэмүүлэн нь надад хандан 200-д нэгийг 200-д нэгийг гэж хэлээд байхаар нь мэдүүлэгтээ тэгж хэлэхээр нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө мөн тэгээд хэлчихсэн. ...” /1-р хх 102-104/ гэж мэдүүлгээсээ буцжээ.

 

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэлээр хавтаст хэрэгт байгаа яллах болон цагаатгах талын баримтуудыг үнэлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт зөв, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

 

Хавтас хэргийн 40-41 дүгээр талд авагдсан гэрч Б.Бат-Энхийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх зэргийг танилцуулж авсан тул нотлох баримтын шаардлага хангасан байна.

 

Мөн  хэргийг мөрдөн шалгах явцад шүүгдэгч Б.Уын гэрт нь үзлэг хийж сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.” гэсэн заалтын дагуу үзлэгийн явцад шүүгдэгч бодисыг зааж өгсөн байх тул сайн дураар үйлдсэн хэргээ илчилсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.У, Э.Тнарын үйлдсэн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөд бодисыг хадгалах, худалдах гэмт хэрэг нь нийгэмд учруулах аюулын хэр хэмжээ ихтэй байдаг бөгөөд тэдэнд оногдуулсан ял эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймээс шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Э.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын “оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх” талаар гаргасан гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

  

Мөн шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Л.Мөнхтөр нь “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Уын гаргасан “... зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” талаар гаргасан  гомдлыг дэмжсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Э.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ